Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   02 сарын 07, 2016

7 хоногийн тойм: #TheMongolZ-ийн ялалт + #Alphabet-ийн амжилт + #Iowa-ийн сунгаа

Х.КЛИНТОН, Т.КРУЗ НАР ЧУХАЛ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахад онцгой ач холбогдолтой Айовагийн сунгаа явагдлаа. Олон сарын турш үргэлжлэх сунгааны хамгийн эхний олон нийтийн санал хураалт гэдэг утгаараа энэ санал хураалтын дүнгээс бусад мужуудын сонгогчид бодит байдлыг харгалзах сэдэл авч, донор хөрөнгө оруулагчид болон медиагийн хандлага ч өөрчлөгддөг гэдэг. Энэ нь ч олон статистикаар батлагддаг. Ардчилсан намын сунгааны хувьд, олонхийн таамаглаж байсанчлан экс тэргүүн хатагтай Хиллари Клинтон 49,8 хувийн санал авч ялалт байгуулсан. Гэхдээ түүний өрсөлдөгч Берни Сандерс ердөө 0,2 хувиар дутуу санал авч, хүчтэй өрсөлдөөнийг үзүүлснээр өөрийгөө "басч" болохгүй өрсөлдөгч гэдгээ батлан харууллаа. Харин Бүгд найрамдах намын санал хураалт 3 хүний өрсөлдөөн дунд өрнөж, Техасын сенат, куба цагаачийн хүү Тед Круз 27,6 хувийн саналаар ялалт байгуулсан нь "тооцоолоогүй" үр дүн байлаа. Өмнөх судалгаануудад намаа тэргүүлж байсан, тэрбумтан Доналд Трамп 24,3 хувийн саналаар 2-р байрт эрэмблэгдэн, "жинхэнээсээ" хүчтэй өрсөлдөгч гэдгээ батлав. 3-р байрт Флоридагийн сенат, өөр нэг хиспаник гаралт эрхэм Марко Рубио 23,1 хувийн саналтай оржээ. Ингэснээр түүхэнд анх удаа эмэгтэй болон Латин гаралтай нэр дэвшигч Айовагийн сунгаанд ялсан тохиолдол болжээ.

NYT: Сандерс, Клинтоны хооронд тэнцүү өрсөлдөөн өрнөж, маш бага хувь зааглалаа
Washington Post: Тед Круз анхны Латин гаралтай ялагч боллоо

ТАЙВАНД ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЛОО

2-р сарын 5-6-нд шилжих шөнийн 03:57 минутанд Тайваны өмнөд хэсгийн Тайнан хотын орчимд 6,4 баллын газар хөдлөлт боллоо. Газарзүйн байрлалын хувьд газар хөдлөлтийн маш идэвхтэй бүсэд харьяалагддаг тус улсад болсон энэхүү газар хөдлөлтийн улмаас хэд хэдэн барилга, орон сууц нурж, 18 хүн одоогийн байдлаар амь насаа алдаад байна. 17 давхар орон сууцны барилга нурсан нь хамгийн их хохирол учруулсанд тооцогдож байгаа бөгөөд 200 гаруй хүнийг нурангинаас нь авраад байна. Тасралтгүй явагдсаар байгаа аврах ажиллагааны үр дүнд 400 гаруй хүнийг аварч, эмнэлэгт хүргээд байгаа ч одоог хүртэл 150 гаруй хүн ор сураггүй хэвээр байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Энэхүү газар хөдлөлтийн улмаас 160 мянган өрх цахилгаангүй болж, 400 мянган өрхийн усны нийлүүлэлт тасарчээ. Ташрамд дурьдахад 1999 онд Тайваны төв хэсэгт 7,6 баллын газар хөдлөлт болж 2000 гаруй хүн амиа алдсан үйл явдал болж байсан билээ.

BBC: Тайнанд газар хөдлөлт болж, байшингууд нуржээ
Gogo: Тайванд болсон газар хөдлөлтөд өртсөн хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байна

ALPHABET ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭ ЦЭНТЭЙ КОМПАНИ БОЛЛОО

Google-ийн толгой компани Alphabet 2015 оны 4-р улирлын санхүүгийн тайлангаа зарлаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани гэсэн хэргэмийг Apple-аас албан ёсоор "булаан" авлаа. Alphabet-ийн нийт үнэлгээ 558 тэрбумд хүрсэн нь Apple-ийн 535 тэрбум доллараас давсан хэрэг болсон бөгөөд өнгөрсөн улиралд 21,3 тэрбум долларын орлоготой ажилласан нь шинжээчдийн таамаглаж байснаас давсан үзүүлэлт болсон юм. 2015 оны 2-р сард нийт зах зээлийн үнэлгээ нь 775 тэрбум долларт хүрч, рекорд тогтоож байсан Apple-ийн хувьцаа өмнөх оны мөн үеийнхээс 10 хувиар унаж, бүх цаг үеийн хамгийн дээд ханшнаасаа 30 хувиар доогуур үнэлэгдэж байна. Харин Alphabet-ийн нэг хувьцааны үнэлгээ бүх цаг үеийн хамгийн дээд ханшиндаа хүрээд байгаа юм. Alphabet-ийн гол бизнес болох хайлтын систем, гар утасны сурталчилгаа болон Youtube-ийн орлого нь энэхүү өсөлтөнд гол нөлөө үзүүлсэн бөгөөд Gmail-ийн хэрэглэгчид нийт 1 тэрбумд хүрсэн тухай энэ үеэрээ тэд мөн мэдэгджээ. Гэхдээ хөрөнгө оруулагчид одоог хүртэл Google-ээс бусад бизнест эргэлзэнгүй хандсаар байгаа. Удирдлагагүй машин бүтээх, хүний насыг уртасгах технологи олох зэрэг маш олон "туршилт"-уудаасаа тэд 3 гаруй тэрбум долларын алдагдлыг хүлээжээ. Юутай ч Google дэлхийн хамгийн үнэтэй, олон нийтийн компани боллоо.

CNN: Alphabet дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани боллоо
Alphabet: Хэвлэлийн мэдээ

ТЕХНОЛОГИЙН ЕРТӨНЦ ЗАВГҮЙ БАЙЛАА

Технологийн ертөнц энэ долоо хоногт сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн байлаа. Facebook 12 жилийн ойгоо энэ долоо хоногт тэмдэглэж, Yahoo бүтэцдээ эрс шинэчлэл хийн, нийт ажилчдынхаа 15 хувийг цомхотгоно гэдгээ зарласан. Нэгэн үе интернет орчны хамгийн том тоглогчдын нэг байсан Yahoo зарим бизнесээ зогсоож, удахгүй томоохон компаниудад зарагдаж магадгүй байдалтай болоод байна. Үүнтэй зэрэгцээд эргэн хүчээ авч буй Microsoft ухаалаг утасны үг урьдчилан таамаглагч гар бүхий апп бүтээгч Swiftkey-ийг 250 сая доллараар худалдан авч байгаагаа зарласан бол IBM Германы дизайны агентлаг Ecx.io-г өөртөө нэгтгэн, долоо хоногийн дотор дизайн, фронт-энд чиглэлээр ажилладаг 3 дахь компаниа худалдаж аван, энэ салбар луу анхаарлаа хандуулж эхлэснээ харууллаа. Ингэснээр зөвхөн он гарснаас хойш 3 салбар нээж, нийт дэлхий даяар 25 салбартай болоод буй IBM-ийн iX агентлаг "дэлхийн хамгийн том дижитал агентлаг"-т тооцогдох боллоо. Энэ оны хамгийн их хүлээлттэй байгаа технологийг эзэмшигч Magic Leap Алибаба тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас 795 сая доллар босгож, 4,5 тэрбумын үнэлгээтэй боллоо. Тус компани AR/VR буюу зохиомол хөдөлгөөнт дүрсийг өдөр тутмын амьдралд нийцүүлэх технологийг боловсруулж буй.

THE MONGOLZ ТҮҮХЭН ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

Нэр хүнд цар хүрээгээрээ цахим спортын хамгийн том тэмцээнүүдийн нэгт тооцогдох Intel Extreme Masters 2016-ийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол баг аваргалж, түүхэн амжилт тогтоолоо. Монгол залуусын дунд түгээмэл тархсан Counter Strike тоглоомын төрөлд The MongolZ баг урамтай амжилт үзүүлсээр, Хятад, Тайван, Австралийн багуудыг ээлж дараалан буулгаж авсаар Азийн тэргүүн баг болж, 30 мянган долларын эзэн болсон нь Монголын цахим спортын түүхэнд тодоор бичигдэх үйл явдал болсон юм. Тайпэй хотноо болсон тус тэмцээний финалд манай баг Австралийн Renegade багийг 16:9, 16:2-оор илт илүүрхэн ялж, дэлхийн шилдэг 16 багийн дунд зохиогдох IEM Katowice тэмцээнд оролцох эрхтэй болж байна. Сүүлийн жилүүдэд үзэгчдийн тоо нь эрс нэмэгдэхийн хэрээр шагналын сан, цар хүрээ нь хурдацтай өсч байгаа цахим спортод Монголчууд цахиур хагалж эхлэсэн нь энэ байлаа.

Eagle: The MongolZ багийг дэлхий онцолж байна
IEM: CS GO-ийн аваргууд тодорлоо

13601   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.