Бид өмнөх зочин П.Баярмагнайн санал болгосончлон Сингапурт улсад элчин сайдаар томилогдоод нэг жилийн нүүр үзэх гэж байгаа ноён Т.Лхагвадоржийн ажлын арга барилыг өнөөдөр танилцуулж байна. АНУ-д уул уурхайн мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалсан тэрбээр Монголын уул уурхайн шилдэг мэргэжилтнүүдийн нэг бөгөөд энэ салбарын олон компанийг удирдан ажиллаж байсан билээ. Тухайлбал, Энержи Ресурс, Вояжер Голд, Хүннү Коул, Вульф Петролеум компаниудыг удирдаж байсан юм. Гадаадын хөрөнгө оруулагчдын дунд Жорж хэмээн танигдсан тэрбээр 2010 онд Хүннү Коул ХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байх үедээ Авсралийн хөрөнгийн биржид IPO хийх ажлыг удирдан гүйцэтгэж, 20 сая долларын хөрөнгө оруулалтыг босгосон нь монгол менежменттэй компани гадаадын хөрөнгийн зах зээл дээр амжилттай ажиллаж болдгийн жишээг тод харуулсан юм. Т.Лхагвадорж элчин сайд одоогийн албандаа томилогдох үедээ 10 орчим компанийн гүйцэтгэх удирдлагын болон ТУЗ-ийн албаа өгч, зөвхөн хувьцаа эзэмшигчийн хувиар үлджээ.

Байршил: Сингапур дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин Сайд
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Их ч бай, бага ч бай, аливаа ажилд чин сэтгэлээсээ хандах
Хэрэглэдэг гар утас: Blackberry, Iphone 6S
Хэрэглэдэг компьютер: Samsung New Series 9
Сошиал хаягууд: Lkhagvadorj G Tumur (Твиттер)

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Аливаа ажилд их, бага гэлтгүй чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй гэсэн зарчим баримталдаг. Америкт оюутан байхад турк багш маань байнга л ингэж сургадаг байсан юм. Энэ зарчим маань ажил амьдралдаа амжилт гаргахад хамгийн их нөлөөлсөн байх.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшнүүдээсээ нэрлэнэ үү?

MS Office-ийн програмууд, Viber, Whatsapp, Twitter, Uber, Iphone-ийн Calendar, GoogleMaps, Youtube зэрэг аппликэйшнүүдийг нэлээн сайн ашиглана. Uber бол яарсан үед гар утаснаасаа өөрт хамгийн ойр байгаа машиныг дууддаг учраас цаг их хэмнэдэг. Бас тооцоогоо картаар хийчихдэг учраас их амар. Жолооч маань өөр ажилтай болсон үед их хэрэг болдог. Whatsapp-ийн хувьд ихэнх хүн ашигладаг учраас шууд онлайн дуудлага хийгээд явчихад их зүгээр. Твиттерийг энэ оны 4-р сараас хойш ашиглаж байна.

Ер нь Digital Diplomacy (цахим дипломат ажиллагаа) гэж яригддаг болсон энэ цаг үед өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах гол хэрэглүүр болсон эдгээр аппуудад хүндэтгэлтэй хандаж, зөв ашиглахыг хичээдэг дээ.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Т.Лхагвадорж элчин сайдын ажлын өрөөний хана дүүрэн том цонхоор Сингапур улс маш сайхан харагддаг аж. Ажлын ширээ, уулзалтын буйдан бүхий энэ өрөөндөө тэрбээр ажлын суурин компьютер, хувийн лаптоп хоёроо зэрэгцүүлэн тавьж ажлаа хийдэг.

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Уулзалтууд, ажлуудаа нийтэд нь урьдчилан харж, ямар дарааллаар хийвэл хурдан үр дүнд хүрэхээр байна гэдгийг олж харахыг хичээдэг. Гадуур уулзалтуудтай үед бол газар зураг дээр нь хаанаас нь эхэлж явахаа товлох жишээтэй.

Мөн хэрэггүй юманд цаг зарцуулахгүй байхыг хичээдэг. Юм уншихдаа ч гэсэн, гол санаануудыг нь түүж ойлгохыг эрмэлзэнэ. Америкчууд бол юм бичихдээ гол санаануудаа эхлээд базаж тоймлосон байдаг. Зарим монгол хүмүүсийн бичсэн юмыг уншихаар юу хэлэх гээд байгаа нь ойлгогдохгүй, хэтэрхий нуршуу зүйлс бичсэн байх нь бий.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Хувийн дэвтэр дээрээ хөтөлдөг. Чухал ажлуудаа улаанаар будах, таван хошуу зурах, анхаарлын тэмдэг тавих, доогуур нь зурах гэх мэтээр өөрийн ойлгодог тэмдэглэгээнүүдээр онцолно. Харин уулзалтуудын хуваарийг бол манай ажилтан гаргаж, цахимаар болон хэвлэмлээр өгдөг юм. Iphone 6 хэрэглэх болсноос хойш Calendar апп-ийг ашиглаад байдаг болсон. Уулзалтаа товлоод хэдэн минутын өмнө дохио өгдөг болгон тохируулчихаар амар юм билээ.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Хүнийг сайн сонсож чаддаг. Энэ чанар маань хүмүүстэй сайн харилцаа тогтооход их тусалдаг. Уул уурхайн мэргэжилтэй учир тэр талын мэдээлэл, төслийн талаар харьцангуй богино хугацаанд ерөнхий дүгнэлт гаргаж чадна. Мэддэггүй зүйлээ мэдэмхийрч ярьдаггүй.

Хийж байгаа ажлуудынхаа онцлогоос хуваалцана уу? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Улсаа төлөөлнө гэдэг өндөр хариуцлагатай мөртлөө сайхан мэдрэмж өгдөг ажил. Нэг ч гэсэн монгол хүнд хэрэгтэй зүйл хийчих юм сан гэж боддог юм. Олон орны дипломатуудтай уулзаж ярилцаж байхад шинэ санаа, хийх зүйлийн сэдэв байнга төрнө. Тэр болгоныг хэрэгжүүлэхэд хэцүү ч ядаж хоёр орны хоорондын харилцаанд яавал илүү нааштай ахиц гаргаж болох талаар зав л гарвал бодож байдаг.

Улс төрийн болон зарим олон улсын харилцааны ньюансуудыг ойлгоход хэцүү ч байнга суралцсаар л байна. Мэргэжлийн дипломат биш хүн гээд хойш суух эрх байхгүй. Бусдаасаа асууна, ялангуяа Австралид суугаа Элчин сайд Б.Чулуунхүү надад байнга зөвлөдөг.

Энд байгаа монголчуудтайгаа нийлээд аль болох төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, хамтдаа Монгол улсынхаа нэрийг гаргахыг бодож төлөвлөж байна. Харь оронд манайхан бие биедээ тус болохоосоо гай болох нь элбэг гэдэг үзэл хаа сайгүй байдаг л даа. Гэхдээ энэ бол хувь хүний л бодол, санал нийлэх нийлэхгүй нь өөрийнх нь асуудал. Харин улсаас явуулж байгаа хүн амын тооллого, сонгуульд саналаа өгөх зэрэг ажлууд дээр гадаадад суугаа иргэд маань дэмжиж оролцдог байх нь их чухал. Бид чинь гэнэт нэг иргэнд эрүүл мэнд, амь насанд нь асуудал тохиолдлоо гэхэд хамгийн түрүүнд хандах байгууллага, гэтэл энд оршин сууж байсныг нь мэдээ ч үгүй байх нь тийм таатай зүйл биш байдаг.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна?

Саяхан зохион байгуулсан Монгол-Сингапурын бизнес уулзалтын үр дүн дээр үндэслэн цаашид хийж хэрэгжүүлэх эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны ажлуудыг боловсруулах, АСЕМ-ийн байнгын ажиллагаатай байгууллага болох АСЕФ-ын Захирагчийн албанд томилогдсон тул ирэх жилийн том арга хэмжээний бэлтгэлд идэвхтэй оролцох ажлууд байна. Сингапурт байгаа монголчуудтай илүү ойрхон тулж ажиллан, урлаг спортын арга хэмжээ зохион байгуулах, төрөл бүрийн мэдээллээр хангах сүлжээ үүсгэх гээд ер нь хийх, сайжруулах ажил их байна даа.

Таны удирдаж байсан Хүннү Коал компани Австралийн хөрөнгийн бирж дээр амжилттай IPO хийж, гадаад зах зээлээс хөрөнгө босгосон. Энэ амжилтад нөлөөлсөн гол хүчин зүйлс болон үүнээс олж авсан сургамжаасаа хуваалцана уу?

Гол хүчин зүйл бол багийн тоглолт байсан. Манай багт санаа нийлсэн, хийх ажлаа мэддэг, цөөхөн боловч чадалтай хүмүүс байсан нь амжилт олоход нөлөөлсөн. Австрали түнш Матью Вүүд маань геологич мэргэжилтэй, компани байгуулах, хөрөнгийн бирж дээр амжилттай ажиллах талаар мундаг туршлагатай хүн. Миний хувьд Монголын уул уурхайн орчныг гайгүй мэддэг учраас ажил явуулахад хаа хаанаа их дөхөм байсан л даа.

Олж авсан үнэтэй сургамж гэвэл, IPO хийнэ гэдэг нь зөвхөн мөнгө олох биш цаашид хариуцлагатай ажиллахын нэр юм билээ. Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нараа байнга мэдээллээр хангаж, болсон явдлыг тайлбарлаж, алдаа дутагдлаа нуулгүй, цаашдын арга замуудаа эрэлхийлж байх нь нэн чухал гэдгийг сайн ойлгосон.

Монголдоо гадаадын хөрөнгө оруулалт татахыг хүсдэг, зорьдог залуу бизнес эрхлэгчдэд юу гэж зөвлөх вэ?

Юуны түрүүнд, юу хийх гэж байгаагаа сайн мэдэж, маш сайн бизнес төлөвлөгөө бичих хэрэгтэй. Тэгээд зөвхөн мөнгөтэй хөрөнгөтэй бус санааг чинь үнэхээр дэмжиж байгаа, нэг зорилгын төлөө зүтгэж чадах хүмүүстэй хамтар. Явцын дунд асуудал бэрхшээл зөндөө л үүснэ. Замын бартаа, нугачаатай тааралдана гэдгийг марталгүйгээр, сэтгэлзүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Мэдээж бууж өгч болохгүй, тэвчээртэй бай. Амжилтын төлөө битгий яар. Мөн хамтрагчид, түншүүддээ хэзээ ч худлаа ярьж болохгүй гэж зөвлөх байна.

Бизнесийн салбараас төрийн албанд шилжих ажиллахад ямар байна вэ? Давуу болон сул талууд?

Төрийн албанд ажиллаж, улсаа төлөөлнө гэдэг мэдээж өндөр хариуцлагатай, сайхан ажил. Харилцагч талууд нэг нэгнийхээ юу хүсээд байгааг хурдан ойлгож, яриаг идэвхтэй өрнүүлж болдог. Цаад тал маань ч ярьж хэлж байгааг маань амархан ойлгож байна гэдэг. Өөрөөр хэлбэл, нэг талаар хурдтай ажиллах боломжтой гэсэн үг.

Хэцүү тал нь гэвэл, төрийн албаны тогтсон журмын дагуу ажиллан, дээрээс чиглэл хүсэх, хариу хүлээхэд заримдаа багагүй хугацаа өнгөрдөг, шийдвэр гаралгүй уддаг. Яахав систем, бүтцийн л асуудал л даа. Гэхдээ аль аль салбарт нь харилцаа гэдэг л хамгийн чухал юм гэдгийг анзаарсан. Хүнтэй зөв харилцаж, санаагаа зөв ойлгуулаад явбал нэг их хүндрэл учраад байхгүй дээ.

Та ажиллаж байх үедээ ямар хөгжим сонсдог вэ? Ямар төрлийн хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?

Мөрдорж гуайн зохиосон “Алтан өргөө” киноны хөгжмийг сонсох хамгийн их дуртай. За тэгээд ер нь олон төрлийн хөгжим сонирхдог доо. Сүүлийн үеийнхнээс гэвэл Coldplay, Amy Winehouse, Lana del Ray, Black Keys, хуучнаас Pink Floyd (Learning to Fly-ийг сонсоход эрч хүч нь мэдрэгддэг шүү), Paul McCartney, Pavarotti, Queen (Don’t Stop Me Now бас л их эрч хүч өгдөг), Eminem зэрэг олон урсгал, жанрын уран бүтээлчдийг сонсдог.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна?

Хэд хэдэн ном эхлүүлчихээд байгаа. Эдэн дунд Сингапуртай холбоотой 3 ном байна. Тухайн үеийн сэтгэл санааны байдлаас болж аль нэгийг нь үргэлжлүүлэн уншдаг. Сая Жон Гришам зохиолчийн Литигаторс буюу шүүхийн хуульч нарын тухай ном уншиж дууслаа. Түүний бараг бүх номыг уншдаг. Мөн Пауло Коельо их сонирхолтой бичдэг учир шимтэн уншдаг юм.

Энд ирээд нэлээд хэдэн том том хүмүүсээс гарын үсэгтэй номыг нь авсандаа их баяртай байгаа. Кишор Мабубани гээд мундаг хүн байна, Томми Ко, Малайзийн Ерөнхий сайд асан Махатир зэрэг Азийн улс төрийн бодлогын хүндтэй эрхмүүдийн гарын үсэгтэй ном авна гэдэг том хувь завшаан. Ли Куан Юү гуайн анхны Сангийн сайд байсан, Сингапурын эдийн засгийн архитект гэгддэг Го Кенг Сви гуайн бэр хадам аавынхаа тухай бичсэн номоо бас саяхан дурсгасан шүү.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Бүрэн нээлттэй биш ч, ямар ч хүнтэй аль ч сэдвээр илэн далангүй яриа өрнүүлж, хэрвээ тэр хүн ярих дуртай бол тэвчээртэй сонсдогийн ачаар нөхөрсөг харилцаа үүсгэж чаддаг.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Голдуу шөнө 1-2 цагт унтаж, өглөө 7:45-д сэрдэг.

Таныг ажиллаагүй үед чинь хаанаас олж болох вэ?

Ер нь би гэр амьтай хүн. Ажиллаагүй үед гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлнэ. Хөлбөмбөгт дуртай, тоглолт үзнэ. Ер нь хөлбөмбөгийн спортыг Монголдоо сайхан хөгжүүлэх юм сан гэж хүсдэг шүү. Бас долоо хоногт 2-3 удаа фитнест яваад байгаа. Ажил хэрэгч хүмүүст зориулсан 30-45 минутын эрчтэй, групп дасгалуудад орох дуртай.


Та хэнээс, юунаас эрч хүч, урам зориг олж авдаг вэ?

Байнга цаг гарахгүй ч хүүтэйгээ тоглохоор эрч хүч авдаг. Бас асуудлуудаа гэргийтэйгээ зөвлөсний дараа илүү санаа төрж, урам зориг ордог.

Хүмүүс бие биедээ сэтгэл гаргаад тусалж байгаа тухай уншаад их сэтгэл хөдөлдөг. Хүний нийгэм улам л бие биедээ хүйтэн болж байгаа энэ үед бяцхан ч гэсэн бие сэтгэлийн дэм өгч байгаа үйлдлүүд ирээдүйд итгэх найдварыг төрүүлж, урам хайрладаг юм.

Бас монгол хүн дэлхийн хаа нэгтээ амжилт гаргажээ гэдгийг сонсохоор бөөн баяр, өөрөө амжилт олсон юм шиг л бахархдаг. Цөөхөн хэдэн монголчууд маань бие биеэ дэмжиж, бахархахгүй бол яаж ч урагшаа ахих билээ дээ.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Эмээ маань бага байхад “Том болоод архи дарс уух хэрэг гарах л байх, харин тамхи ямар ч хэрэггүй шүү” гэж захьсан нь тархинд хадагдаад, амандаа тамхи зуулгүй өдий хүрсэн.

Ажил бизнесийн тал дээр гэвэл, эдийн засагч, нийтлэлч Жаргалсайхан ах намайг Америкт магистраа хамгаалчихаад Монголдоо буцаж ирэн, “Монголросцветмет” компанид ажилд ороод байх үед нэг сайхан зөвлөгөө өгч байсан юм. Тухайн үед “Капитал” банкны захирлаар ажиллаж байсан Жагаа ах “Орсон ажлаасаа урваж шарвалгүй дор хаяж хоёр жил зүтгээрэй. Ажил ихтэй мөртлөө хангамж бага байна гэх мэтээр бүү гол. Ажилдаа мэргэшээд гартаа оруулчихвал цаашдын үүд хаалга чинь нээгдэнэ” гэж зөвлөсөн нь их сайнаар нөлөөлсөн.

Энэ булангийн дараа дараагийн зочноор хэнийг оруулж, ажлынх нь арга барилын талаар мэдмээр байна?

Саяхан уран бүтээлийн тоглолтоо хийсэн УАДБЧ-ийн ерөнхий удирдаач Н.Буянбаатар, ГХЯ-ны Гадаад сурталчилгааны газрын дэд захирал Я.Ариунболд нарын ажлын арга барилтай танилцмаар байна.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.