Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   12 сарын 13, 2015

7 хоногийн тойм: "ОНЫ ХҮН" + 1.5 градус + Хиймэл оюун ухаан

Германы канцеллор Ангела Меркел алдарт TIME сэтгүүлээс тодруулдаг "Оны Хүн"-ээр нэрлэгдлээ. TIME сэтгүүл түүний Грек зэрэг оронд нүүрлэсэн өрийн хямралыг шийдвэрлэхэд Европын холбоог тэргүүлж, далайцтай арга хэмжээ авсныг, мөн Сири болон бусад хямралтай бүс нутгийн дүрвэгсдийг Европ тивд хүлээж авахыг уриалж, эх орондоо 800 мянган цагаачийг хүлээж авахаар шийдвэрлэсэн шийдвэрийг нь онцолж 1927 оноос эхтэй энэхүү шагналыг олгожээ. Өдгөө 61 настай А.Меркел энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж буй 4 дэх эмэгтэй болж буй юм. Түүний өмнө Британы хатан хаан Элизабет, Филиппиний ерөнхийлөгч К.Акуино, Хунтайж Эдвардыг хааны титмээс нь татгалзуулж дөнгөсөн В.Симпсон нарын бүсгүйчүүд энэ шагналыг хүртэж байлаа. 2005 онд Германы анхны эмэгтэй канцеллор болсон А.Меркел энэ удаагийн шалгаруулалтанд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, тэрбумтан Д.Трамп, хүйсээ солиулан, трансжендерүүдийн хөдөлгөөний нүүр царай болсон К.Женнер, ISIS-ийн лидер А.Багдади, Uber-ийн CEO Т.Каланик, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарын өөр 7 нэр дэвшигчийг давамгайлан шилдгээр шалгарчээ.

TIME: Ангела Меркел: Эрх чөлөөт дэлхийн канцеллор
VOX: Яагаад А.Меркел Д.Трампаас илүү сонголт вэ?

Парис хотноо дэлхийн 190 орон уур амьсгалын өөрчлөлтийн төлөө нэгдэж, урд өмнө хэзээ ч байгаагүй том бөгөөд түүхэн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. НҮБ-ийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хурал цар хүрээ, ач холбогдлоороо өмнө явагдаж байсан 2009 оны Копенгаген, 2012 оны Рио Де Жанейрогийн хурлуудаас ч чухалд тооцогдож байлаа. 2 долоо хоног үргэлжилсэн хурлын үр дүнд улсууд 2100 он гэхэд дэлхийн дулаарлыг 1,5 градусаас ихгүй байлгахын төлөө зүтгэх болсон нь хамгийн онцлох үр дүн байсан юм. 6 жилийн өмнө энэ тоог 2 градус байлгана хэмээн санал нэгдээд байсан ч яг одоо улс орнуудын хэрэгжүүлж буй бодлогууд хэвээрээ үргэлжилбэл 3 градусаас илүү дулаарна гэж НҮБ-ийн шинжээчид тооцоолсон юм. Үүнээс гадна улс орон бүр өөрт тохирсон хүлэмжийн хийг бууруулах, байгаль орчинд хортой технологиос татгалзах бодлогуудыг хэрэгжүүлэх амлалтыг өгсөн бөгөөд 2050 он гэхэд нүүрс, газрын тос, газ зэрэг хүлэмжийн хийг эрчимтэйгээр ялгаруулдаг технологиос татгалзах, 5 жил тутамд үйл ажиллагаагаа дэлхий нийтэд тайлагнах зэрэг чухал заалтуудад санал нэгджээ. Дэлхий нийт энэхүү тунхагаараа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дайнд эхний гэхдээ маш чухал ялалтаа байгуулж чадлаа.

SCRIBD: COP21: Парисын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тунхаг
CNN: Яагаад COP21-ийн уулзалт бүх хүнд хамаатай вэ?

Б.Гэйтс, Ж.Ма тэргүүтэй технологийн салбарын тэрбумтнууд эрчим хүчний дэвшилтэт, шинэ технологийн төлөө хөрөнгө оруулахаар нэгдэж, Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг дөнгөж төрсөн охиныхоо ирээдүйн төлөө нийт хувьцааныхаа 99 хувийг хандивлахаа зарласан өнгөрсөн долоо хоногийн "сайн үйлстэй холбоотой шуугиан" намдаж амжаагүй байхад Силикон Валлейгийн "томчууд" ахин нэгэн ашгийн төлөө бус компанийг байгуулснаа зарлалаа. Энэ бол Теслагийн Элон Маск болон YCombinator-ийн С.Алтман нарын тэргүүлсэн "OpenAI" нэртэй хиймэл оюун ухаан шинжлэлд хөрөнгө оруулах 1 тэрбум долларын төсөл юм. Хиймэл оюун ухаан, өөрөөр хэлбэл робот судалгааны салбарт тэргүүлж буй эрдэмтдийг эгнээндээ нэгтгэсэн уг төсөлд Линкединий Р.Хоффман, Фэйсбүүкийн анхны хөрөнгө оруулагч, PayPal-ийн П.Тиел нар оролцож байгаа ажээ.

WSJ: Силикон Валлейгийн томчууд хиймэл оюун ухааны төсөлд 1 тэрбум долларын хөрөнгө оруулна
CNET: Хиймэл оюун ухаан, роботын ирээдүйн талаар таны мэдвэл зохих зүйлс

Дэлхийн спорт сонирхогчдын анхаарлын төвд байсан нэгэн дээд амжилт өнөөдөр тасарлаа. NBA-ийн нээлтийн 24 тоглолтдоо, нийт 28 тоглолт дараалан ялалт байгуулаад байсан Голден Стэйт Уарриорс Милоукигийн талбайд зочлон, энэ улиралд анх удаа 100 онооны босго давж чадалгүй 108:95-аар хожигдож, анхны ялагдлаа амслаа. Өнгөрсөн улирлын аваргууд яг өмнөх өдөр нь Бостоныг 2 удаа цаг сунгасны эцэст ялж, рекордоо үргэлжлүүлсэн ч 71-72 оны Лэйкэрсийн тогтоож байсан 33 дараалсан ялалтын бүх цаг үеийн дээд амжилтыг эвдэж чадсангүй. Хамгийн сонирхолтой нь Лэйкэрсийг тухайн үед зогсоосон баг нь мөн л Милоуки байсан аж. Улирлын эхний 25 тоглолтонд Алтан Мужийн дайчид өрсөлдөгчөө дунджаар 14,9 онооны зөрүүтэй хожиж, 3 онооны шидэлтийн хувь болон оруулсан тоогоороо дээд амжилтыг мөн тогтоогоод байсан. Тэд Чикагогийн тогтоож байсан NBA-ийн улирлыг хамгийн амжилттай дуусгасан 72-10 амжилтыг эвдэх бүрэн боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт Премьер лигт хамгийн олон тоглолт дараалан гоол оруулсан дээд амжилтыг шинэчлээд байсан Лестерийн довтлогч Ж.Вардигийн рекорд 11-т хүрээд тасарсан. Тэгвэл одоо NHL-ийн талбайд Чикагогийн довтлогч Патрик Кэйн 25 тоглолт дараалан оноо авч, Америк тоглогчдын хувьд түүхэн дээд амжилт тогтоогоод байна. Тэрээр энэ хоорондоо 16 гоол, 23 оновчтой дамжуулалтыг өгөөд байгаа юм. Гэхдээ тэрээр түүхэн дээд амжилтыг тогтоох хараахан болоогүй. Агуу Уэйн Грецки 1983-84 оны улиралд 51 тоглолт дараалан оноо авч, энэ хоорондоо 61 гоол, 92 оновчтой дамжуулалтыг өгч байсан удаатай.

YAHOO: Голден Стэйтийн дээд амжилт тасарч, анхны хожигдлоо амслаа
USA TODAY: Голден Стэйт Чикагогийн 72 ялалтын дээд амжилтыг эвдэж чадах уу?

Дуу хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох Грэмми наадамд нэр дэвшигчдийн нэрс албан ёсоор зарлагдлаа. 58 дахь удаагийн Грэмми наадамд хамгийн олон шагналд нэр дэвшсэн уран бүтээлч нь Америкийн реппер Кендрик Ламар боллоо. Тэрээр шилдэг цомог, шилдэг хослол зэрэг нийт 11 шагналд нэр дэвшжээ. Харин AMA болон MTV Awards-д хамгийн олон шагналд нэр дэвшиж байсан Тэйлор Свифт 7 шагналын төлөө өрсөлдөх юм. Түүний "1989" цомог энэ наадмын шилдэг цомгоор шалгарах магадлал хамгийн өндөрт тооцогдож буй. Т.Свифтээс гадна The Weeknd 7 шагналд нэр дэвшиж байгаа юм. Ташрамд дурьдахад борлуулалтаараа олон олон дээд амжилтыг эвдсээр буй Аделе болон түүний "25" цомог энэ жилийн шалгаруулалтанд өрсөлдөх боломжгүй. Учир нь Грэмми нь тухайн оны 10-р сарын 1-ээс 9-р сарын 30-ны хооронд албан ёсоор цацагдсан бүтээлүүдээс шилдгийг шалгаруулдаг юм. Тэгэхээр бид Аделийн давамгайлах нь "бараг" тодорхой Грэммийг ахин нэг жил хүлээх нь. 2016 оны Грэмми наадам 2-р сарын 15-нд явагдах билээ.

Billboard: Грэмми 2016-д нэр дэвшигчдийн жагсаалт
USATODAY: Грэмми 2016-ын онцлох нэр дэвшигчид

20203   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.