Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   12 сарын 09, 2015

"Би хэрхэн ажилладаг вэ?" - Нью Медиа Группийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч А.Мэнд-Орших

“Би хэрхэн ажилладаг вэ?” булангийн ээлжит дугаарт бид Монголын цахим ертөнцөд Нью Медиа хэмээх брэндийг бий болгож, хоногшуулж чадсан А.Мэнд-Оршихыг урилаа. АНУ-д суралцаж байгаад зургаан жилийн өмнө Монголдоо буцаж ирсэн тэрбээр дижитал бүтээгдэхүүн, дижитал маркетингийн чиглэлээр бизнесээ эхлүүлж, олон чадварлаг залуусыг нэг баг болгон нэгтгэж, цөөнгүй компанийг нэгтгэсэн Нью-Медиа группийг босгосон юм. Хүн төвтэй, нийгэмд ээлтэй бизнесийг хөгжүүлэх зорилготой түүний хичээл зүтгэлийг үнэлж, B Lab олон улсын байгууллагаас ийм компаниудад олгодог B CERTIFIED CORPORATION батламжийг Нью Медиа группт хүртээж байжээ. Компаниа удирдахын зэрэгцээ А.Мэнд-Орших төрөл бүрийн нийгмийн ажилд идэвхтэй зүтгэж, хүрээлэн буй орчноо улам сайн сайхан болгохын төлөө хичээн ажилладаг.

Байршил: Улаанбаатар, Монгол
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Нью Медиа Группийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч
Сонгуульт ажил: Монголын Маркетингийн холбооны гүйцэтгэх захирал, JCI Mongolia байгууллагын Маркетинг, ПР хариуцсан хорооны захирал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бид Чадна” ТББ-ын ТУЗ-ын дарга, TEDxУлаанбаатар ТББ-ын УЗ-ын дарга
Хэрэглэдэг гар утас: iPhone 5s
Хэрэглэдэг компьютер: Macbook 12', iPad 2
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Fail Fast, Do Fast
Сошиал хаягууд: @MendOrshikh (твиттер), Mend-Orshikh Amartaivan (фэйсбүүк)

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Миний хамгийн гол баримталдаг зарчим бол аливаа зүйлийг хийх боломжтой гэж харвал шууд хийж эхлэх гэж хэлж болно. Би “хийдэг” хүн. Олон хүнээс асууж, лавлаж, онц юм хийгээгүй байж олон зүйл ярих дургүй. Мэдээж олон алдаа гаргаж, бүтэлгүйтэх нь байх ч тэр болгоноосоо суралцах нь их амттай байдаг. Байгууллага томорч, үйл ажиллагаа жигдрэхээс өмнө бүх үйл ажиллагаа нь үүсгэн байгуулагчийн шийдвэрээс шууд хамааралтай байдаг. Тийм ч учраас миний хувьд их олон алдаа гаргаж байсан. Гэхдээ аль болох хурдан алдаагаа засаж, түүнээсээ суралцахыг эрмэлздэг.

Таны хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм аппликэйшнүүд?

Байгууллага дээрх бүх ажил төслийн менежментийн Trello-оор дамждаг. Баг, төсөл бүрээс гадна шаардлагатай хувь хүмүүст зориулсан board-уудыг үүсгэсэн байдаг. Mөн Mac үйлдлийн системийн өөрийнх нь mail, calendar, to-do, note зэрэг програмуудыг нэн идэвхтэй ашигладаг. Эдгээр апп-ууд бүгд бүтээмж нэмж, цагаа зөв хуваарилахад хэрэг болдог юм. Саяхнаас Slack-ийг ашиглаж эхэлсэн. Мөн Hootsuite-ээр дамжуулж сошиал аккаунтуудаа удирддаг. Үүнээс гадна тогтмол ашигладаг Feedly, Buffer зэрэг апп-уудыг дурдаж болно.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Одоо бол таксин дотор унтах болчихоод байна. Өвөл машинаа тавьчихдаг болохоор уулзалтуудын хооронд таксигаар явдаг. Энэ хоорондоо тархиа амрааж, багахан дуг хийчихэд бүтээмж их дээшлээд байх шиг санагддаг. Ер нь өдөртөө хааяа хааяа дуг хийж, багахан нойр авах дуртай.

Ер нь бол өөрийгөө шахаж, завгүй байлгах нь цаг хэмнэж байна гэж боддог. Миний хувьд удирдаж, харьяалагдаж буй хэд хэдэн байгууллага, тэрэн дотор олон төрлийн баг, нэгжүүд бий. Бүгдтэй нь уулзаж, үйл ажиллагааг нь хянаж, санаа оноо солилцох хэрэг гардаг учир самбар, бал маань хамгийн сайн туслагч болдог.

Бямба гарагийг бас маш сайн ашиглахыг хичээдэг. Энэ өдөр 10, 12, 14, 16, 18 цагуудад товлосон уулзалтууд маань их үр дүнтэй болдог юм шиг санагддаг шүү. Би өөрөө гүйцэтгэлд их ач холбогдол өгдөг, хүн удирдахаас гадна өөрөө үлгэр жишээ байж, гүйцэтгэж чаддаг байх ёстой гэж үздэг юм. Өөрөө хогоо асгаж чадахгүй байж, хүнийг асга гэж хэлэх нь утгагүй. Компани удирдаж буй хүмүүст энэ бол их чухал чадвар байх.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Mac үйлдлийн системийн “Reminders” програм ашиглан хийх ажлын жагсаалтаа гаргадаг. Extended буюу нэмэлт дэлгэцэн дээрээ гаргаад, өөрт тохиромжтой байдлаар категорчилсон байдаг болохоор ашиглахад амар байдаг. Мөн Calendar-ийг бол тултал нь хэрэглэнэ шүү. Тэндээсээ шүүлт, хайлт хийхэд их амар байдаг. Evernote-ийг ч гэсэн тодорхой хүрээнд идэвхтэй ашигладаг.

Хийж байгаа ажлынхаа онцлогоос хуваалцана уу? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Миний ажиллаж буй салбар өөрөө хүнтэй тулж ажилладаг гэдгээрээ их онцлог. Манай группийн уриа ч хүн төвтэй бизнесийг дэмжинэ гэж тодорхойлогдсон байдаг. Байгууллагын дотоод харилцаа болон харилцагч нарынхаа сэтгэл ханамжийг хамгийн түрүүнд тавьж, чухалчилдаг гэсэн үг л дээ. Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөдөлгөж буй гол хүчин зүйл бол хүн өөрөө гэж боддог. Манай байгууллагын гол чиглэл болох маркетингийн зөвлөх үйлчилгээ, мэдээлэл технологийн шийдэл, бүтээлч хамт олон (creative) гээд бүгдээрээ л хүнээс их хамааралтай. Хамт олон бүрдүүлээд, жаргал зовлонгоо хуваалцаад баг болно гэдэг өөрөө удирдагч хүний хүртэж болох хамгийн гоё мэдрэмж гэж боддог.

Нөгөө талаар хүн бүрийг бүтээмжтэй, сайн ажиллуулах түлхүүрийг олно гэдэг тун амаргүй. Гэхдээ хүнээ алдах л хамгийн хүнд, хэцүү зүйл байдаг. Нэг хүнээ алдана гэдэг байгууллага асар их зардал гаргаж байна гэсэн үг л дээ. Тэр хүнийг сургаж, төлөвшүүлж, чадваржуулах гэж бараг 1-2 жил зарцуулдаг гэдэг. Түүний дараа л тухайн хувь хүний бүтээмж, сахилга бат, логик сэтгэлгээ төлөвшиж, компанидаа ашгаа өгч эхэлдэг. Гэтэл цаг нь болоогүй байхад гарна гэдэг байгууллага том хохирол хүлээж байгаа хэрэг. Хүнээ янз янзаар алддаг. Нөгөө хүн маань зөв цагтаа зөв боломжийн араас хөөж, болжмор шувуу үүрэндээ өсөж торниод нисэх шиг тохиолдлууд бол бахархам сайхан. Гэвч зарим үед тэр болжмор үнэгэнд шүүрүүлнэ. Эсвэл цаг нь болоогүй байхад нисээд газар унана.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна?

Нью Медиа Группийн ажиллаж буй төслүүдийг зорилтоор нь дотоодын болон гадаадын зах зээл рүү чиглэсэн гэж хоёр хувааж болно. Дотоод руу чиглэж буй бүтээгдэхүүнүүдийн гол зорилго нь тогтмол санхүүгийн урсгал бий болгоход, харин гадаадынх нь хөрөнгө оруулалт татах зорилготой. Дотоодын зах зээлд зориулж бизнесийн орчинг мэдээлэл технологийн шийдлээр дэмжин хөгжүүлэх зорилго бүхий Гэрэгэ, Эрхэт, Хишиг, Буухиа, Мазаалай, Тотго, Ханлиг зэрэг төслүүдийг санаачлан хэрэгжүүлж байна. Харин гадны зах зээлд чиглэн хоёр бүтээгдэхүүн дээр ажиллаж байгаа. Нэг нь TeamOn, харин нөгөөх нь Erxes гэдэг нэртэй, сонирхолтой бүтээгдэхүүн байгаа.

Гадны зах зээл рүү гарах тухай бараг хүн бүр ярьж байгаа нь нэг талаараа зөв зүйл. Бидний хувьд сүүлийн гурван жилийн турш энэ талаар оролдож, инкубаторууд руу материалаа явуулж, санал шүүмж хүлээн авч, улам бүр суралцсаар явна. Инстаграм хөрөнгө босгохоос өмнө яг адилхан зорилготой Peepp, цахим орчинд цахим хуудас урлах боломжтой Mogul.io гээд бүтээгдэхүүнүүд дээр ажиллаж байлаа. Монгол компанийн хувьд яг гадны зах зээл рүү чиглэсэн бүтээгдэхүүн хийхэд тогтмол мөнгөний эргэлтийн асуудал л хамгийн чухал зүйл байдаг. Бидний үеийн залуусын хувьд бизнес эрхэлнэ гэдэг өмнөх үеүдийнхээс их ялгаатай. Асар их мэдээлэл, асар их боломж дунд байгаа гэдэг утгаараа мэдлэгт суурилсан, шударга, нээлттэй, ил тод бизнес эрхлэхээс өөр арга байхгүй. Тиймдээ ч энэ үеийн залуусын баялаг хаа нэгтээ шороон дунд бус, толгойд нь байгаа гэдэгт итгэдэг. Залуучууд цаг үеийнхээ хандлагыг сайн мэдэрч байх хэрэгтэй. Бизнесийг анхнаас нь нийгмийн зорилготой, нийгэмд нөлөөлөх том зургаар нь харах их чухал. Манай компанийн үнэт зүйл ч гэсэн нийгмийн зорилготой бизнесийг хөгжүүлэх. Энэ сэтгэхүй одоогийн энтрепренерүүдийн цусанд нь байх ёстой гэж боддог.

Та ажиллаж байх үедээ ямар хөгжим сонсдог вэ? Ямар төрлийн хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?

Үнэнийг хэлэхэд би тийм ч хөгжимлөг хүн биш. Онгодоо хөгжим сонсож биш, өөрийгөө хүчилж байж оруулдаг төрлийн хүн. Гэхдээ Soundcloud дээр байнга сонсдог плэйлист бий. Киноны хөгжимд их дуртай болохоор голчлон тийм төрлийн дуунууд байгаа. Тэгэхээр мэдээж Ханс Зиммерийг дурдахгүй байхын аргагүй. За тэгээд Эминем, Жэй Зигээс эхлээд Линкин Парк хүртэл олон төрлийн дуунууд плэйлистэнд маань байдаг даа.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Хамгийн сүүлд уншсан гурван номоо онцолмоор байна. Эхнийх нь Entrepreneur’s Guide to Customer Development. Энэ ном илүү IT талдаа ч гэсэн шинэ бүтээгдэхүүн хэрхэн хөгжүүлэх, гол нь хурдан, үр дүнтэй гүйцэтгэл хийх талаар өгүүлдэг. Нөгөөх нь миний дуртай зохиогчдын нэг Даниел Пинк-ийн To Sell is Human. Борлуулалт гэж юу юм бэ? Цаг хугацааны туршид борлуулалтын тухай ойлголт хэрхэн өөрчлөгдөж байна вэ гэдгийг харуулсан сайн бүтээл. Хүний хийж буй бүх үйлдэл өөрөө борлуулалт юм байна гэдгийг ойлгосон. Сүүлийнх нь Why Work Sucks and How To Fix It гэдэг нэртэй ном. 21-р зуунд хүн гэдэг өмнөх шиг 9-18 цагийн хооронд яс суудаг “амьтан” биш болсон гэдгийг, мөн шинэ үеийн ажилчдыг хэрхэн бүтээмжтэй байлгаж, өндөр үр ашиг олох вэ гэдэг талаар өгүүлсэн ном юм. Манай компани анх байгуулагдсан цагаасаа л үр дүнд суурилсан ажлын орчинг бий болгохыг зорьж, тогтмол цагийн хуваарьгүй, бүтээмж рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байсантай энэ номын агуулга нийцэж байсан.

Би GetAbstract.com-ийн идэвхтэй хэрэглэгч. Унших ном их ч зарцуулах хугацаа бага болсон өнөө үед сонирхсон номынхоо гол санаа, эшлэл, баримтуудыг агуулсан 10-20 хуудас товчлолыг унших боломжийг энэ сайт олгодог юм. Нэг ном унших хугацаанд 10 ном уншчихаж байна гэсэн үг л дээ. Хэрвээ үнэхээр таалагдвал бүтнээр нь ч уншиж болно. Энэ сайтыг залуустаа санал болгомоор байна. 

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Би илүү дотогшоо хүн. Мэдэхгүй орчин, танихгүй хамт олон дунд чөлөөтэй, нүүрэмгий биш. Үнэхээр шаардлагатай үед бараг “буу тулгуулж” байж л хөдөлнө. Гэхдээ интроверт байхыг их давуу талтай гэж хардаг. Ийм хүмүүс өөртөө их цаг зарцуулж, өөрийгөө ойлгож, давуу талаа улам хөгжүүлж чаддаг юм шиг санагддаг. Интроверт байх нь миний хувьд өөрийгөө хөгжүүлэх гол зэвсэг юм.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Шөнө 01 цагаас өглөө 08:20-ын хооронд унтдаг. Яг 8 цаг 20 минутанд босоод 3-5 минутын дотор хувцсаа өмсөж, хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажил дээрээ ирэхэд 9 цаг болж байдаг юм. Орой бол хүүхдүүдээ унтсаны дараа л унтана. Гэртээ сууж ажиллах дуртай. Өдрийн цагт ихэнхдээ уулзалт хийж, гадуур явдаг учир шаардлагатай имэйлүүдэд шөнө хариу өгөх нь элбэг. Заримдаа ажлынхандаа унтахдаа Trello-ийн notification-оо унтрааж байгаарай гэж сануулдаг юм. (инээв)

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Би 7 хоногийн зургаан өдөр нь ямар ч завгүй, зогсолтгүй ажилладаг. Тийм учир ням гарагийг гэр бүлийнхэндээ, хүүхдүүддээ зориулдаг. Тиймээс гэрээс маань л олж болно доо.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

Миний амьдралын хамгийн эмзэг, гэхдээ бас чухал үед минь эргэлтийн цэгийг тодорхойлж нөлөөлсөн хүн бол одоо Startup Mongolia-ийн ТУЗ-ын дарга, манай компанийн зөвлөх Б.Бүүвэй ах. Би түүнтэй Бостонд танилцсан юм. Б.Бүүвэй ах надад, миний карьерт хамгийн их нөлөөлсөн Даниел Пинк, Малкольм Гладвелл, Гай Кавасаки, Сет Годин гэж дөрвөн зохиолчийн номыг уншихыг санал болгож байсан юм. Даниел Пинкийн номууд энэ компанийн соёлыг тэр чигт нь бүрдүүлсэн бол Сет Годины “permission based marketing” манай байгууллагын бүтээгдэхүүний онцлог шинжийг бий болгоход нөлөөлсөн. Үнэндээ “Үүлэн бор”-оос өөр ном дуустал нь уншиж байгаагүй би гэдэг хүн тэдгээр зохиолчдын бараг бүх номыг анхааралтай, дахин дахин уншиж, шинийг эхлүүлэх, аливааг томоор харах эрч хүч, урам зориг олж авч байлаа.

Суралцаж байх хугацаандаа бизнес хийж үзээгүй байж бизнесээр сурна гэдэг утгагүй хэрэг байна гээд сургуулиа орхих шийдвэрийг өөртөө гаргах үед гэр бүлийнхэн, найз нөхөд маань үүнийг эрс эсэргүүцэж, их л үгүйсгэж, би өөрөө өөртэйгөө их зөрчилдөж байсан үе л дээ. Тэр үед Б.Бүүвэй ах надад “Чи өөртөө итгэлтэй байвал яваад болго, бүтээ (make it happen)” гэж хэлсэн. Энэ нь өнөөдрийн Нью Медиа Группийг үүсгэн байгуулах урам зоригийг өгсөн хэрэг байсан.

Би өглөө бүр хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө гурван зүйлийг заавал хэлүүлдэг. “Шинэ юм сурна”, “Суусан газраасаа шороо атгана”, “Эр хүн зоригтой бол чоно чацга алдана” гэж. Хүн өөрөө суралцъя, нэг юм ойлгочихъё, нэг шат ахья гэж бодох л юм бол таарсан хүн бүр, тохиосон мөч бүр үнэ цэнтэй болдог гэдэгт итгэдэг. Байнга суралцах, шинийг эрэлхийлэх чадварыг хүн өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй байх. Ялангуяа мэдээллийн урсгал нэмэгдэж, хүссэн хүнийхээ арга барил, ярилцлагыг сонсож, унших боломжтой болсон өнөө үед тэдгээрийг зүгээр хараад, сонирхоод өнгөрөх биш хэрэгжүүлж, хэвшүүлдэг байх нь их чухал.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Би эмээ, өвөө дээрээ өссөн хүүхэд. Тэднийхээ философиор хүмүүжиж, тэдний гар дээр хүн болсон. Өвөө маань салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн том эрдэмтэн, мундаг төлөөлөгч. Гэхдээ “A great man behind greater women” гэж үг байдагтай адил эмээ маань надад их үлгэр жишээ болдог юм. Эмээ маань надад “юу ч хийсэн, чин сэтгэлээсээ хийж бай” гэж байнга хэлдэг байсныг нь одоо ч үргэлж санаж, ажил үйлдээ хэвшил болгох гэж хичээж явдаг. Аливааг бариад авбал хийгээд л байдаг, араас нь тууштай явдаг зан чанар маань эмээгээс л улбаатай. Эмээ маань “хүний хэлснээс давуулж хийж байх” ухааныг надад суулгаж өгсөн. Бага байхад өгсөн мөнгөөр нь худгаас хагас сав ус аваад ирэхийн оронд бүр цаашаа гол руу явж, дүүрэн ус үнэгүй авч ирээд, ногоогоо усалдаг байлаа. Тэр болгонд маань эмээ маань бурам шиг үгээр урамшуулж, намайг зоригжуулж, дэмждэг байсан.

Америкт байхад энэ чанар минь надад их хэрэг болсон. Би өглөө 04 цагт босоод хоёр цаг автобусаар явж, 06-09 цагийн хооронд цэцгийн дэлгүүрт, 09-12 цагийн хооронд шоколадны үйлдвэрт ажилладаг байлаа. Дараа нь 13-16 цагийн хооронд хичээлдээ явчихаад, шөнө 00 цаг хүртэл машин тавьдаг ажил хийдэг байсан. Цэцэг арчлах, ургуулах, Беверли Хиллзийн хамгийн үнэтэй шоколадыг гараараа хийх зэрэг нарийн бөгөөд хариуцлагатай ажлуудыг би багадаа эмээгээсээ олж авсан “үнэнчээр, давуулж хийх” сэтгэлээр хийж, дарга нарынхаа итгэлийг олж, илтгэл даасан ажилтан нь болж байсан. Сүүлийн үед олон юм мэддэг хүнээс илүү өөрийгөө мэддэг хүн илүү дээр юм гэдгийг их мэдрээд байгаа.

Энэ булангийн дараа дараагийн зочноор хэнийг оруулж, ажлынх нь арга барилтай танилцмаар байна вэ?

Өмнө дурдсан Б.Бүүвэй ахыг оруулмаар байна. Энэ хүн Харвардын Бизнесийн Сургуулиас MBA зэрэг хүртсэн анхны монгол хүн. Үнэхээр энэ буланд оруулмаар эрхэм байгаа.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

69867   30


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.