Номын хэсгээс

"Ном унших ном" номын тухай

11 сарын 28, 2015


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


38575   2




Хүүхэд залууст зориулан "Өөрийгөө хөгжүүлье", "Мэргэжлээ зөв сонгоход тань", "Амжилтад хүрэх гал эрмэлзэл" зэрэг олон сайхан номыг эрхлэн гаргаж, оюун ухааныг нь тэтгэн хурцалсан ЭМОС клубийнхэн энэ удаа АНУ-ын нэрт сурган хүмүүжүүлэгч, зохиогч Мортимер Адлерын "How to read a book" хэмээх сонгодог бүтээлийг "Ном унших ном" нэрээр орчуулан гаргажээ. Уг номын нээлт өнөөдөр буюу 11-р сарын 28-ны 13 цагт "Интерном" номын дэлгүүрт болох бөгөөд бид тус номын нэгээхэн хэсгээс хийгээд нэр хүндтэй эрхмүүд уг номыг хэрхэн сайшаан болгоосныг толилуулж байна.

НОМЫН ТАЛААРХ САЙШААЛ ҮГС

“Чин үнэн сэтгэлээсээ хүсч, ухаангүй сонирхон уншаад хязгааргүй их баярлах шиг сайхан юм хаа байх вэ. Гэвч хамгийн чухал нь яах гэж гэдэгт оршино. Хамгийн эрхэм нь зорилго. Зорилгогүй уншина гэдэг бол булаг шанд, шалбааг балчигийг ялгахгүй амсахаар юуны өөр гэж.”

Төрийн соёрхолт зохиолч Дарма Батбаяр

“Номд шамдсан хүнд зориулсан ширээний номыг ЭМОС-ын залуучууд гаргасаар ирсэн, энэ удаад ч суралцахыг эрхэм болгосон оюутан сурагчид тун хэрэгтэй ном гаргалаа. Сайн уншигч бол сайн суралцагч, амжилтын эзэд мөн. Үнэн мэдлэгийн мөн чанарт нэвтрэх эрдмийн түлхүүрийг энэхүү ном уншигч танд гардуулж байнам.”

Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах

“Ном бол ертөнцийг харах цонх гэлцдэг. Хорвоо ертөнцийг танин мэдэж, мэдлэг оюунаа тэлэх оюун ухааны тэжээл болсон номыг хэрхэн зөв уншиж ашиглах талаар уншигч танд зөвлөх энэхүү бүтээлийг “Эмос” клубээс эрхлэн гаргасан нь Монголын ирээдүйг тээж явах залууст оюуны хөрөнгө оруулалт боллоо. Оюун ухаан, тархины фитнесс болсон номонд уг бүтээлээр багшлуулан улам шимтээрэй залуус аа!”

Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач Самандарийн Цогтбаяр

НОМЫН ОРШИЛ ХЭСГЭЭС

Ном эхлэн уншиж байгаа болон төрөл бүрийн ном уншиж мэдлэг боловсролоо дээшлүүлэн, сайн уншигч болохыг зорьсон хүмүүст энэхүү номыг зориулав.

Мэдлэг, мэдээллийг радио, телевизээс олж авах боломжтой энэ эрин үед ч гэсэн хэвлэмэл ном, хэвлэлээс эдгээрийг олж авах дадлыг өөртөө тогтоосон хүн бол жинхэнэ уншигч мөн. Хуучин цагийн сэхээтнүүд ихэвчлэн ийм уншигч байв. Мэдээж юм бүхнийг уншиж мэддэг гэсэн үг биш, радио, телевиз байгаагүй цагт нүдээр үзэж, чихээр сонсож авдаг мэдлэг, мэдээлэл тодорхой хэмжээнд байсан ч зөвхөн үүгээр оюуны хэрэгцээ нь хангагдахгүй хүмүүс бас байв. Сэхээтнүүд унших хэрэгтэй гэдгийг мэдээд зогсохгүй, ном их уншдаг байлаа.

Нөгөөтэйгүүр, өнөө цагт ном унших нь хуучинтай адилгүй болжээ. Радио, ялангуяа телевиз нь хуучин цагт хэвлэмэл номын гүйцэтгэж байсан үүргийг шилжүүлэн авах шахаж байна. Телевизийн мэдээ нь хүний нүдэнд хүрдэг бол радиог ажлаа хийнгээ сонсох боломжтой. Гэвч эдгээр шинэ мэдээллийн хэрэгсэл нь бидэнд аливаа зүйлийн тухай гүнзгий ойлгоход үнэхээр тустай эд мөн үү гэвэл учир дутагдалтай.

Өнөөгийн бид хуучинтай харьцуулбал дэлхий ертөнцийн тухай ихийг мэдэх боломжтой болсон нь азтай ч юм шиг. Гүнзгий ойлгохын тулд ихийг мэдэх нь зайлшгүй шаардлагатай бол ч маргах хэрэг алга.

Гэтэл нэгээс арав хүртэл тоо мэдэхгүй ч ямар нэг зүйлийг гүнзгий ойлгох боломжтой. Хэт их мэдээлэл нь эсрэгээрээ ойлгоход тушаа болох тохиолдол ч бий. Орчин үеийн хүмүүс мэдээллийн үерт автаж, аливаа зүйлийн үнэн төрхийг харахгүй болжээ.

Яагаад ийм байдалд хүрэв? Нэг шалтгаан нь орчин үеийн мэдээллийн хэрэгсэл хүнийг толгойгоо ажиллуулах шаардлагагүй болгож байна.

Орчин үеийн хүмүүс уураг тархиныхаа охийг цуглуулж, мэдээлэл, санал бодлын мэдлэгийн багцыг бий болгосон том нээлт хийсэн билээ. Тэрхүү мэдлэгийн багцыг бид радио, телевиз, сэтгүүлээс олж авдаг. Тэнд ойлгоход хялбараар сонгосон хэллэг, статистик, тоо баримт, материал зэрэг нь бүгд бүрдсэн байдаг тул бид зүгээр л байж байгаад үнэлэмж өгдөг. Мэдлэгийн багц нь маш сайн боловсорсон байдаг тул өөрийнхөөрөө үнэлэх ажлыг хүртэл хэрэггүй болгосноос уншигч, сонсогчид тархиа ажиллуулах шаардлагагүй болжээ. Хуурцгийг тоглуулагчид хийхийн адил мэдлэгийн багцыг өөрийнхөө толгойд шингээчихвэл дараа нь хэрэгтэй зүйлээ товч дараад л ажиллуулчихна, бодох ч шаардлагагүй...

Номын 8-9-р тал

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.