Мэдүүштэй

Мэдүүштэй вэб: Instructables.com - Юмхнаар юм хийцгээе

11 сарын 26, 2015


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


22554   3




Саяхан даа, шинээр орсон оффисдоо хямд зардлаар, бас хурдхан шиг, өөрсдийн хүсэлд нийцсэн цөөн хэдэн тавилга хийх хэрэг гарав. Мэдээж хамгийн эхлээд ямар ч эргэлзээгүй Pinterest-ээс санаа хайж эхэлсэн ч олсон санаагаа яг яаж бодит болгож, хийх билээ гэдэг дээр жаахан гацсан юм. Ингэж явсаар яг энэ асуудлыг шийдэж чадах, юмхнаар юм хийх сэдэл өгөх, өгөх өгөхдөө яг яаж хийхийг нь алхам алхмаар нь зааж өгсөн нэгэн сайтыг олсноо танилцуулж байна. Энэ бол MIT-ийн төгсөгчдийн үүсгэн байгуулж, 2011 онд алдарт Autodesk-д зарагдсан Instructables.com юм.

Яагаад зочлох хэрэгтэй вэ?

Хүн бүрт л гарын доорх материалаар хийхэд хялбар, хямдхан бас цаг авахгүй юм хийх шаардлага гардаг байх. Ажил дээрээ ч тэр, гэртээ ч тэр хийж болох ямар ч зүйлсийн санааг, хамгийн чухал нь хэрхэн хийх зааврыг энэ сайтаас авах боломжтой. Ер нь ч зардал багатай, гэхдээ чамгүй онцгой зүйлсийг санал болгож байгаа гэдэг утгаараа таны цагийг ихэд хэмнэнэ. Технологийн, гэрээ чимэглэх, бэлэгний, хувцасны, тоглоомын, хоолны гээд төрөл бүрийн санаанууд энд бий. Гар утасны апп-тай учир та хааяа шалгаж, "уран бүтээл туурвих" сэдлээ төрүүлж байхад гэмгүй. Өөрийн гараар хийж байлаа шүү дээ гээд хараад сууж байхад яаж ч "бүтэлгүйтсэн" бахдалтай шүү дээ.

Ямар онцлог давуу талуудтай вэ?

Энэ сайтын хамгийн давуу тал нь тухайн зүйлийг хийх зааврыг алхам алхмаар тайлбарлаж зааж өгдөг нь юм. Жишээ нь, хэрвээ та маш хялбархан номын тавиур хийхээр зэхэж байгаа бол ямар материал авбал зохихоос эхлээд хэрхэн хавтангаа зүсэх, яаж угсрах, холбох, хадах, бас наалт наах зэргийг танд хэлж өгнө. Хэн ч хараад ойлгож чадах зургуудаар үүнийгээ илэрхийлэхээс гадна видео бичлэг, PDF файл, слайд зэргээр зааврыг тайлбарлах нь ч бий.

Маш хялбархан сайтын бүтцийг нь ч бид онцолж байна. Нүүр хуудсан дээр та юу хиймээр байгаагаа бичихээс гадна танд санал болгосон түгээмэл хайлтын түлхүүр үгсээс ч сонголт хийх боломжтой. Мөн хамгийн их хандалттай, хамгийн их сэтгэгдэлтэй, хамгийн өндөр үнэлгээтэй бүтээлүүдийг ч үзэж, даган дууриаж хийж болно. Үүнээс гадна гишүүнээр элсэн өөрийн хийхийг хүссэн, зааврыг нь хайгаад олохгүй байгаа зүйлсээ бусад гишүүдээс асууж ч болно.

Сар бүр төрөл бүрийн тэмцээн болдог. Хэрэглэгчдийн маш идэвхтэй, тогтмол санал шүүмж, сэтгэгдлээ хуваалцдаг коммьюнити үүсгэж чадсан тэд үүнийгээ янз бүрийн шагналтай, сонирхолтой сэдвүүдийн хүрээнд зохиодог тэмцээнүүдээр улам бүр өдөөж байдаг. Өөрийн хийсэн зүйлээ хуваалцаж, бусдаас урам, бүтээлч шүүмж авахыг хүсвэл та бүхэн ч сар бүрийн тэмцээнд өөрийн бүтээлээрээ оролцох боломжтой.

Ямар сул талтай вэ?

Монгол хэрэглэгчдийн хувьд бүх контент нь англи хэл дээр байдаг нь хэлний бэрхшээл болох магадлалтай. Хэрэглэгчид өөрсдөө бүтээлээ нэмдэг учир заримдаа чанаргүй, эсвэл хуучирсан, үнэтэй ч юм уу таны хүсэл сонирхолд нийцэхгүй бүтээлүүд хайлтаар гарч ирж болно.

Unread-ийн үнэлгээ

Цаг, мөнгө, хүч хөдөлмөр хэмнэх боломжийг олгож, олон олон санааг бидэнд бэлэглэсэн энэ сайтад Unread 7 оноо өгч байна.

Та DIY буюу өөрийн гараар хийх боломжтой бүтээлүүдээ юунаас санаа авч хийдэг вэ? Хийсэн бүтээлүүдээ бидэнтэй хуваалцаж, ашигладаг сайтаа бусдадаа санал болгон, бүтээлч хэлэлцүүлэг үүсгээрэй.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.