Би хэрхэн ажилладаг вэ?   11 сарын 25, 2015

"Би хэрхэн ажилладаг вэ?" - Лилин күнгфүгийн сургуулийг үүсгэн байгуулагч Н.Лили

Бид энэ удаа нэгэн сонирхолтой амьдралтай бүсгүйг танилцуулж байна. Suono Lounge Karaоke-г үүсгэн байгуулж, ажиллуулдаг тэрбээр нэг сарын өмнө Монголын анхны күнгфүгийн сургуулийг нээсэн юм. Урд хөршид бизнесийн удирдлага болон Хятад соёл судлал гэсэн хос мэргэжлээр 6 жил сурч байхдаа тус улсын үндэсний тулааны урлагаар шамдан хичээллэж, сүүлдээ хятад оюутнуудад күнгфү заадаг байжээ. Үүний зэрэгцээ нийгмийн идэвх маш сайтай Лили “Цэцээ гүн” ротаракт клубийн ерөнхийлөгчөөр ажилладаг.

Байршил: Улаанбаатар
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Лилин күнгфүгийн сургуулийг үүсгэн байгуулагч, багш;
Blue Barley компанийн гүйцэтгэх захирал
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Олон ажлыг хурдтай амжуулах
Хэрэглэдэг гар утас: Blackberry Passport, Iphone 6 Plus
Хэрэглэдэг компьютер: Macbook Air 13
Сошиал хаягууд: Lili Narita (Твиттер)

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Би чин сэтгэлээсээ дуртай ажлуудаа хийдэг болохоор огтхон ч түүртдэггүй. Тийм ч учраас бага хугацаанд олон ажил амжуулдаг чаддаг болов уу. Бас тийм ч болохоор ажлуудаа чанартай хийдэг байх.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшнүүдээсээ нэрлэнэ үү?

Компьютер дээр презентац тавих шаардлага ойр ойрхон гардаг болохоор Macbook-ийн Keynote-ийг ашигладаг. Апп-ийн тухайд сүүлийн үед маш завгүй байгаа тул хэрэгтэй, сонирхолтой апп-уудыг туршиж үзэж амжихгүй л явна. Оюутан байхдаа хятад хэлний KT Dictionary гэдэг апп-ийг их ашигладаг байсан. Энд тэнд байдаггүй ханзны тайлбарууд байдаг юм. Мөн саяхан Khan Academy-гийн апп их зүгээр болохыг мэдсэн шүү. Твиттер, Фэйсбүүк бол мэдээж байгаа.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Түүний үүсгэн байгуулсан күнгфүгийн сургууль Peace Tower-ийн 12-р давхарт байрладаг. УБ-ыг зүүн ба хойд зүгт тольдсон уг байрыг гоёмсгоор засаж тохижуулжээ. Хойд талынх нь нарийхан өрөөг нөхөр нь Лилид зориулан тун аятайхан оффис өрөө болгон тохижуулж өгсөн байна. Хичээл сургуулилтгүй үед тэрбээр энэ оффистоо ротаракт клубийнхээ ажлыг голчлон хийдэг аж.

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Цагийн хуваариа маш нарийвчилж гаргадаг. Тэгээд төлөвлөгөө гаргасан л бол түүнийгээ ягштал дагахыг хичээдэг дээ.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Ажил тус бүр дээрээ дэвтэр гаргаад түүн дээрээ хөтлөөд явдаг. Олон жилийн өмнөөс ингэж хөтлөөд сурчихсан юм. Мөн дэвтэр дээрээ ажил тус бүрээр жилийн календарь гаргадаг. Гэрт ингэж хөтөлсөн 20 гаруй дэвтэр бий.

Санхүүгээ бас тусдаа дэвтэр дээр яс хөтөлнө. Төлбөрийн баримтуудаа наагаад л. Хүмүүс харчихаад “Хөөх, чи ч ёстой баяжиж байгаа юм байна даа” гээд инээгээд байдаг юм. Гэхдээ хүн болгон л орлого, зарлагаа ингэж бүртгэх хэрэгтэй гэж боддог.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Бүх л юмыг сонирхон оролддог, юм юманд эвсэлтэй шүү. Дунд сургуульд байхын л бүх хичээлдээ жигд, бүх л спортыг сонирхдог, урлагт дуртай хүүхэд байсан. Ингэж л юм юм сонирхож яваад күнгфүд дурласан байх.

Күнгфүтэй анх яаж холбогдсон, яагаад күнгфүгийн сургууль нээх болсноо ярихгүй юу?

2007 онд Хятадад суралцахаар ирээд, хятад хэлийг ямар нэг сонирхолтой сэдвээр дамжуулан суръя гэж эрэлхийлсэн. Ингэж явахдаа шифу буюу мастер багштайгаа таарсан даа. Багш маань намайг күнгфүд дурлахад их нөлөөлсөн. Күнгфүгийн дасгал сургуулилалтаас гадна амьдралын ухаан их сургадаг, 70 настай хэрнээ 55-тай юм шиг л харагддаг хүн байдаг юм. Ер нь күнгфүд багш шавийн барилдлага их чухал. Багш маань Шандун мужийн вуданг (wudang) урсгалын цөөхөн мундаг мастеруудын нэг. Хятадын тулааны урлаг шаолин ба вуданг гэсэн хоёр үндсэн урсгалтай. Манай урсгалынхан толгой дээрээ овоолж боогоод шор модоор хатгасан үс, гутал хоёроороо бусдаас ялгардаг. Хятадад очоод хагас жилийн дараа ийнхүү багштайгаа танилцаж, таван жил хагасын турш долоо хоногийн таван өдөр 4 цагаар ууланд очиж хичээллэдэг байв. Дэвжээ маань байдаг уул энгийн хүн 1-2 цаг мацаж гарахаар өндөр ч би 20 минутанд л гарчихдаг байлаа.

Ингэж хичээллэсээр 2011 онд Хятадын Үшүгийн Холбооноос күнгфү заах эрх авч, сүүлийн жилээ хятад оюутнуудад кунфу заадаг болсон. Хятад хүнд үндэснийх нь урлагийг зааж байснаараа өөрөөрөө бахархдаг. Хятадад күнгфүгээр хичээллэгсэд нэмэгдэж байгаа ч тэр дотроо эмэгтэйчүүд багасаж байгаа өнөө үед гадаадын залуу бүсгүй өөрсдөд нь күнгфү зааж байсан нь тэдний сонирхлыг татаж, сонинд хүртэл ярилцлага өгч байсан.

Хятад кинон дээр их гардаг луутай бүжиг (Dragon dance) байдаг даа. Тэрхүү луутай бүжгийн толгойд гарах үүрэг ролийг эмэгтэй хүнийг авдаггүй юм. Харин надад "луугийн толгой болох" завшаан тохиож байлаа. Тэр үед хүмүүс “Лили энэ бүжгийг мэдэрсэн байна” гэж үнэлж байсан. Луугийн толгойгоо эхэндээ дийлэхгүй байсан ч сүүлдээ сурмаг болж билээ.

Тэгээд 2013 онд Монголдоо буцаж ирээд Цэцээ гүн ротаракт клубийнхаа шугамаар асрамжийн газар 6 сар сайн дурын ажил хийсэн юм. Ингэх явцдаа ер нь Монголын хаана ч гэсэн хүүхэдтэй ярилцаж, сайн ойлголцдог багш цөөхөн байдгийг анзаарсан. Боловсролын салбарт ийм асуудал байгааг ойлгоод, өөрийн сурсан мэдсэн зүйлээрээ дамжуулж хүүхдүүдэд төлөвшил, өсөлт хөгжилтөд эергээр нөлөөлөх том амбицтайгаар “Лилин” күнгфүгийн сургуулиа саяхан эхлүүлээд байна. Күнгфү хүнд тэсвэр тэвчээр, яс чанар суулгаж, өөртэй итгэлтэй болгодог.

Хийж байгаа ажлуудынхаа онцлогоос хуваалцана уу? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Миний хийдэг гурван ажил гурвуулаа л өвөрмөц онцлогтой. Suono лоунжийн тухайд, монгол хүмүүс нийлж цуглах үедээ дуулах дуртай болохоор цэвэрхэн, бас дэргэдээ сайхан хоол гардаг ресторантай караокетой болъё гэж шийдээд эхлүүлсэн. Ер нь үйлчилгээний энэ салбарт шинэлэг юм хийж, өөрчлөлт хийхийг зорьсон юм. Манайх шөнийн 4 цагт хаатлаа хоол гардаг цорын ганц газар. Миний хувьд зөөгч нартайгаа тулж ажиллаж, “Энэ бол үйлчилгээний ажил, тиймээс та нар бүх талаар өөрийгөө хөгжүүлдэг байх ёстой, хоол хүнс ба уух юмны талаар өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй” гэж байнга л захьдаг. Тиймдээ ч үйлчилгээнд хүмүүс ам сайтай байдаг юм. Ер нь манайх нээгдсэнээсээ хойш нэлээн амжилттай яваа. Ийм газар ажиллуулахын нэг хэцүү юм нь харин, манайхан жаахан ууж идэхээрээ муудалцчих гээд байдаг зовлонтой. Хэрүүл маргаан, зодоон цохионыг бол сүрхий зохицуулдаг болоод байна (инээв).

Күнгфүгийн хувьд, хүн болгонтой тулж ажиллах ёстой байдаг. Күнгфүгээр хичээллэсэн хүн өөрийнхөө сул тал дээр ажилладгаараа их онцлогтой. Энэ ажил маань бас надад өөрийгөө хөгжүүлэх, бодож эргэцүүлэх цаг өгдөг юм. Монгол дахь анхны күнгфүгийн сургууль болохоор суурийг нь зөв тавих ёстой гэсэн шаардлагыг өөртөө тавьж, биеэ дайчлан ажиллаж байна. Харин хүүхдүүдийн маань “Би хэзээ нисэж сурах вэ?” “Хэзээ усан дээгүүр гүйж чадах вэ? гэсэн асуултууд, эмэгтэйчүүдийн “Би хэдэн кг турах бол?” гэсэн асуулт жаахан хэцүү (инээв). Тураах нь манай сургуулийн зорилго биш ч эмэгтэйчүүдэд күнгфү их таалагдаж байгаа нь ажиглагдсан.

Сайн дурын ажил хийдэг Цэцээ гүн ротарак клуб маань олон чадварлаг, шилдэг залуучуудын нэгдэл. Тэдэнтэйгээ ажиллахаар их урамтай, эрч хүч авч, олон гоё төслүүдийг хэрэгжүүлдэг дээ.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна?

Күнгфүгийн сургууль дээрээ өдөртөө ажиллана. Долоо хоногийн 3 өдөр нь өглөө 8.30 цагаас хичээлтэй, 18 цаг гээд дуусдаг. Хичээлгүй өдрүүдэд оффистоо ротаракт клубийнхээ ажлыг хийнэ. Тэгээд орой 19 цагт Suono лоунж руугаа явдаг. Долоо хоногийн 3 өдрийн орой Suono-д бүтэн ажилладаг. Тэгэхээр ер нь хагас, сайн бүтэн гэсэн ойлголт байхгүй л болчихоод байдаг юм. Сургуулиа нээснээс хойш ер нь унтах цаг ч асар багасаад байна. Ирэх 12-р сард сургуулиа таниулах нээлттэй өдөрлөг маягийн сайхан арга хэмжээ хийхээр төлөвлөж байгаа.

Цэцээ гүн ротаракт клуб маань төлбөрийн чадваргүй хэрнээ сайн сурлагатай оюутан залууст тэтгэлэг олгох төслийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа. Уг төслийн хүрээнд бид удахгүй Морин хуурын чуулгын тоглолт зохион байгуулах гэж байна. Тоглолт зохион байгуулна гэдэг тун амаргүй ажил байдаг юм байна. Энэ ташрамд, та бүхнийг тоглолт үзээрэй гэж урья.

Үүний зэрэгцээ номын орчуулга хийж, рестораныхоо менюг шинэчлэх зорилгоор өглөөний хоол, өдрийн хоолны тухай нэлээн судалж байна. Ер нь би өглөөний хоолонд их ач холбогдол өгдөг хүн. Уудаг цайгаа хүртэл улирал улирлаар нь сольж уудаг. Цайны талаар нэлээн мэдлэгтэй. Эмээгээсээ өвлөж авсан цайны гүц, аяганд цай хандлаад, найз нөхөдтэйгээ ярьж суух сайхан байдаг.

Түүнийг Монголд шавь нартай болох үед мастер багш нь 20, 30 жил өмссөн өмсгөлөө бэлэглэжээ.

Та ажиллаж байх үедээ ямар хөгжим сонсдог вэ? Ямар төрлийн хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?

Хөгжмийн тал дээр үеийн залуусаас нэлээд өөр шүү. Уртын, ардын, нийтийн дуунуудыг их сонсдог. Норовбанзад гуай, Өвөрмонголын Урна Цахар Тугч хэмээх эмэгтэйн уран бүтээлүүд, Баясгалангийн ардын дууны CD-г онцолмоор байна. Жанцанноров гуайн зохиосон “Хайрлан дуулмаар байна” дууны Баясгалангийн дуулсан хувилбарт дуртай. Өөрөө бас уртын дуу дуулж сурах гээд нэг ном авсан гэж байгаа. 2-3 дууг нь бол дуулчихна шүү. Мөн Хятад, Төвдийн ардын дуунууд, аялгуунууд таалагддаг. Энэ төрлийн хөгжим амьдралд ойрхон, энгийн сайхан санагддаг юм.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна?

Хамгийн сүүлд яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод” номыг худалдаж авсан. АНУ-ын сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарт шинэчлэлт хийж буй Мишэл Рий гэдэг эмэгтэйн хоёр ч номыг уншиж байна. Би өөрөө боловсролын асуудалд их анхаарлаа хандуулдаг, түүнтэй ижил зорилготой болохоор суралцах зүйлс олон байна лээ. Уншихаар барахгүй Radical хэмээх номыг нь орчуулж байгаа. Мөн рестораны менюг шинэчлэх санаатай хоолны ганц хоёрыг ном уншиж судалж байна даа.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Дэндүү нээлттэй, шулуун хүн. Худлаа зан гаргаж, хоёр нүүр гаргах дургүй. Ний нуугүй хэлэхэд, энэ зан маань ажилд сайнаар ч, муугаар ч нөлөөлдөг байх. Дотны хүмүүстэй минь шулуун шударга байдал л ойртуулсан гэж боддог. Намайг сайн мэддэггүй хүмүүсийн хувьд “ямар галзуу нөхөр вэ” гэж бодогддог байж магадгүй. Гэхдээ л энэ зан чанар ажил явуулахад маш амар байдаг юм.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Өглөө 8.30-д хичээлтэй үедээ 7 цаг гэж босно. Унтах цаг бол сүүлийн үед нэлээн оройтоод л байна. Сүүлийн хэдэн долоо хоногт нэг өдөр нь лав унтахгүй явж таараад байна. Гэхдээ хүмүүст бага унтахыг зөвлөхгүй. Хятадад сурч байхдаа би өдөртөө ядаж 40 минут унтчихдаг дадалтай болчихсон байсан. Энд ч гэсэн боломж олдвол өдөртөө хэсэгхэн дугхийчихдэг. Ер нь зөвхөн унтах гэлтгүй тархиа амраах нь их чухал гэж боддог. Күнгфү бол тархийг сайн амраадаг.

Таныг ажиллаагүй үед чинь хаанаас олж болох вэ?

Би хоёр дүүтэй. Бага нь Японд, том нь энд байдаг. Зав л гарвал том дүүгийндээ очдог. Дүү маань амттай, гоё хоол хийж өгч, завсаргүй “буу хална” шүү дээ. Харин сүүлийн үед дүүгийндээ очиж завдахгүй л байна. Одоо бол утсаар ярьж байгаа. Ер нь ээж, эмээ, дүү, хадам ээж дөрөвтэйгээ өдөртөө заавал нэг ярихыг хичээдэг.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

Намайг тойрон хүрээлж байгаа хүмүүсээс эрч хүч, урам зориг авдаг. Дотны хүмүүс дотор маань “энерги сордог” хүн нэг ч байхгүй. Тэд маань намайг бүх талаар дэмждэг. Бас би ховорхон багштай. Багшдаа WeChat зааж өгөөд, сүүлийн үед байнга чаталж байгаа. Ингээд бодохоор ийм сайхан хүмүүсээр хүрээлүүлсэн би азтай хүн.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Багш маань надад олон сайхан зөвлөгөө өгсөн дөө. Гарын хоёр шавийнх нь нэг нь би. Намайг охин шигээ хайрладаг юм. Нэгэн удаа “Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, хүн гэдэг хүчтэй л зогсох ёстой. Хүчтэй байна гэдэг нь угтаа ямар байна гэсэн үг болохыг хүмүүс хэлж мэддэггүй. Хүчтэй байна гэдэг бол хийж байгаа юмаа л маш сайн мэдэж байхын нэр юм” гэж надад захиж билээ. Энэ үгийг нь би байнга санаж явдаг.

Энэ булангийн дараагийн зочноор хэнийг оруулж, ажлынх нь арга барилын талаар мэдмээр байна?

Моннис группийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад одоо Сингапурт суралцаж байгаа Д.Сайнбаярын ажлын арга барилтай танилцахыг хүсэж байна. Олон ажлыг зэрэг зэрэг амжуулдаг мундаг залуу гэж боддог.

Гэрэл зургийг Д.Ганзул

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

53962   15


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.