Номын хэсгээс

"Өөрийгөө хөгжүүлье" номын хэсгээс: Хөгжлийн түлхүүр

11 сарын 21, 2015


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


23181   7




Оюутан байхдаа уншсан "Өөрийгөө хөгжүүлье" хэмээх энэ ном оюун санааны хөгжилд минь их тус хүргэсэн юм. Японд суралцагч оюутан залуусаас Монголд байгаа нэг үеийнхэн, дүү нартаа зориулан бичсэн, өдгөө ч үнэ цэнээ алдаагүй энэ номоос нэгэн өгүүллийг онцлон толилуулж байна. Та цаг гаргаад заавал уншаарай.

ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР

Эрин М.Тулгат

Монголчууд бид цуглаад суухаараа эх орны хөгжилд юу хэрэгтэй байгаа тухай эцэс төгсгөлгүй маргачихдаг. Ингэж маргах нь үр дүн муутай, учир нь ийм ерөнхий асуудалд яг тэр гэх хариулт хэзээ ч олдохгүй билээ. Хүн болгоны сонирхол ба мэргэжлийн салбараас хамаараад (эдийн засаг, улс төр, нийгэм, шинжлэх ухаан гэх мэт) хэлэх ярих, хамгийн чухалд тооцох зүйл зөрөөтэй байж таарна. Тэгэхлээр тодорхой нэг сэдэв, салбарын тухай авч үзэж ярих шаардлагатай юм. Хэдийгээр миний мэргэжил эдийн засаг боловч, би энд нийгмийн ухамсрын төлөвшлийн талаар чухалчлан бичье гэж бодлоо.

1999 онд Нобелийн шагнал хүртсэн Амартья Сэн хэмээх эдийн засагч Зүүн Азийн шинээр хөгжсөн орнуудыг судалж үзээд, тэдгээр улсын хөгжлийг түргэтгэсэн хамгийн гол хүчин зүйл нь “хүний хөгжил” байсан гэж дүгнэсэн байдаг. Хүний хөгжил гэхлээр боловсрол, эрүүл мэнд гээд л… энэ тухай хэн бүхэн гадарлана. Угаасаа боловсрол хэрэгтэй тухай хаа сайгүй ярьдаг, тэгэхлээр тийм ч шинэ зүйл биш байж магад. Гэхдээ нухацтай авч үзвэл, үнэндээ боловсрол гэдэг юманд хоёр тал байдаг юм байна л даа. Нэг нь мэдлэг чадвар. Ихэнх хүн үүнийг боловсрол гэж ойлгодог. Харин хоёр дахь нь “ёс суртахууны төлөвшил, нийгэмд биеэ зөв авч явах чадвар” юм байна. Хүний хөгжил гэхлээр бид саяхан 97% бичиг үсэгт тайлагдсан байснаа, гайгүй өндөр боловсролтойгоо санадаг. Гэтэл 97% бичиг үсэгт тайлагдсан, өндөр боловсролтой Аргентин улс хагас зуун жил хөгжсөнгүй, уруугаа дампуурав. Уул нь 20-р зууны эхэнд тэр орон “ирээдүйд цахиур хагалах орон” хэмээн найдвар төрүүлж, европын цагаачид Америк явах уу, Аргентин явах уу гэж эргэлздэг байсан гэдэг. Гэтэл түүнээс хойш Аргентин олигтой хөгжиж чадаагүйгээр барахгүй улам бүр дордож, өндөр боловсролтой иргэд нь Испани зэрэг европын орнуудад хямд ажиллах хүч болон гардаг болжээ. Залуучуудаа өсгөж боловсруулахад улсынхаа ихээхэн хөрөнгийг зарцуулчихаад, яг үр шимийг нь хүртэх үед нь ийнхүү гадаадад алдаж байгаа юм. Тэгэхлээр зөвхөн мэдлэг чадвар ба бичиг үсэгт тайлагдсан гэдгийг хүний хөгжил гэж ойлгоод, энэ биднийг хөгжилд хүргэнэ гэж тайвширч болохгүй нь.

Монголд маань яг одоо “хүний хөгжлийн” нөгөө тал буюу ёс суртахууны хэм хэмжүүр гэдэг юм нийгмээрээ алдагдчихаад байгаа билээ. Социализмын үед үзэл суртлаар хэт бөмбөгддөг байснаас болоод, тэдгээр идеологиос ангижирсан өнөө үед хүмүүс юунд итгэж, юуг дагаж мөрдөхөө мэдэхээ байчихаж. За яахав, бид “ардчилал”, “хүний эрх” зэрэг шинэ үнэт зүйлстэй болсон. Эдгээрийг дээдэлж, чөлөөт зах зээлийн замыг сонгосон Америк, Европын олон орон хөгжиж чадсан учир бид нар одоо хойноос нь дуурайн тэмүүлж байна. Харин тэдэнд байсан боловч, бидэнд байхгүй байгаа нэг юмыг энд онцлон анхааруулж дурдъя. Энэ бол нийгмийн ухамсрыг зохистойгоор жолоодож байх механизм бөгөөд дээрх орнуудад энэ үүргийг Христос шашин гүйцэтгэсэн байна. Германы их сэтгэгч Макс Вэбэрийн “Протестант номлол ба капитализмийн охь үзэл” гэдэг алдартай ном байдаг. Барууны капитализм бүрэлдэн бий болоход Протестант номлол, этик шийдвэрлэх нөлөөтэй байсан тухай энэ номонд өгүүлдэг. Үүнээс ургуулаад бодоход дан ганц чөлөөт зах зээл, капитализмийн хүчээр барууны орнууд хөгжсөн юм биш, түүнд Христос шашны номлол, хүмүүсийн итгэл үнэмшил ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Жишээ нь протестуудад маш сайхан чанарууд байдаг. Тэд цэвэрч нямбай ахуй, хөдөлмөрч зан чанар, ядуу доройчуудад туслах сэтгэл зэргийг дээдэлдэг нь шашнаар дамжсан хүмүүжил (харин япончуудад шашнаар биш, уламжлал соёлоор нь дамжин маш төстэй үзэл санаа бүрэлджээ) юм. Цэвэр зах зээлийн эдийн засагт байдаг согогтой талууд (ялангуяа төгс бус өрсөлдөөн буюу монопольчлолоос үүдэх баян хоосны хэт ялгарал, нийгмийн өмчийн үгүйдэл зэрэг “market failures”)-ыг ийм үзэл санаа нөхсөн учраас дээрх орнууд эрүүл бөгөөд тогтвортой хөгжих боломжтой байсан гэж би боддог. Яагаад Латин Америк, Арабын зэрэг бидэнтэй харьцуулахад чөлөөт зах зээлийг аль эрт сонгосон орнууд хөгжихгүй байна вэ? Ер нь хүчтэй нь хүчгүйгээ мөнхийн дарангуйлдаг, либерал үзэл санаа батжаагүй нийгмийн хөрсөн дээр Капитализм бүрэлдэн бий боллоо ч хөгжил авчирдаггүй нь харагдаж байна. Хэсэг тооны баячууд нь, эрх тушаалтнууд нь нийгмийн бүх баялаг, эрх мэдлийг атгаж, олон болсон ядуу иргэдэд нь ямар ч боломж байдаггүй, хамгийн гол нь тийм байдлаасаа тэмцэж гарах ухамсрын түвшин доройтой нийгэм урагш хөгжиж чаддаггүй ажээ.

Ингээд бодоход нийгмийн ухамсрын хувьд ямар механизм Монголд үйлчилж байгаа билээ? Цагдаа, сахилга дэг журам гэдгээр (одоогийн Монголын төр засаг үүнийг гол арга замаа болгож байх шиг) хэдий хол явах билээ? “Өөдөлж байгаа орон эмнэлэг, сургуулиа олон болгож, уруудаж байгаа орон орон шоронгоо олшруулдаг (Captain LL.Janes)” гэдэг.

Нийгмийн оюун санааны хөгжил гэдэг бэлтгэл хангагдаж байж, жинхэнэ утгаараа иргэний нийгэм бүрдэж байж сая зах зээл, ардчиллын механизм эрүүл ажиллаж чадна. Ингэсэн цагт Монголын хөгжилд юу ч саад болохгүй. Хүн ам цөөтэй, цаг уурын тааламжгүй нөхцөлтэй, хоёр их гүрэнд хавчигдсан, дэд бүтэц хөгжөөгүй…эдгээр хүчин зүйлсийн аль нь ч Монголын хөгжлийг зогсоож чадахгүй. Орчин үеийн эдийн засгийн ухаанд иймэрхүү гадаад хүчин зүйлсийн ач холбогдол буурч байгаа тухай яригдаж байна. Гэхдээ би шашин, жишээ нь Протестант урсгал Монголд хэрэгтэй гэж хэлэх гэсэн юм биш ээ. Харин хүмүүсийг жаахан ч гэсэн “сайн хүн байлгах” хүч болохоос гадна, ялангуяа хямд эмнэлэг, сургууль, сүмийн үйлчилгээ гэх мэт буяны үйл ажиллагаанууд нь капитализмын ур уршгийг нөхөхөд ихээхэн үүрэгтэй байсан гэдгийг онцлоод байгаа юм. Бас итгэл үнэмшил гэдэг юм хүнд зорьсондоо хүрэх эрч хүч, урам зоригийг хайрлаж, нийгэм урагш хөгжих хөшүүрэг нь болдог. Сэтгэлээр унах, яахаа мэдэхээ болих үед өөрийн итгэл үнэмшил, дагаж мөрдөх зарчимтай хүн түүнийг харьцангуй амжилттай давж гарна. Харин тийм юм нь бүрэлдээгүй, эсвэл алдагддсан хүн бол хөл алдаж, эвгүйтвэл буруу замаар ордог. Тэгвэл Монголын нийгэм өнөөдөр хавтгайдаа яахаа мэдэхээ байжээ. Соёлын өв уламжлал нь маш ноцтой тасалдсан, социализмын үед хэт үзэл сурталдсанаас болоод одоо ухамсар гоозүйн үнэлгээнүүдийн талаар буруу ойлголт – “аллергитай” болсон, дийлэнх хэсэг нь мэрэг төлөг, хоосон төвд үсэгт итгэж тавилангаа даатгадаг болсон энэ оронд өнөөдөр нийгмийн ухамсрын чиг баримжаа туйлын хэрэгтэй байна! “Хууль зөрчсөн хүн сайхан амьдарч, хахууль өгч авалцсан хүмүүс хожиж байхад би бас ингэх нь зөв биз дээ” гэж ярьдаг болж, ийм “соёл иргэншил” дунд залуу үе өсөж торниж байна.

Монголчуудад алсыг заагч Алтангадас хэрэгтэй юм бол түүнийг хаанаас, хэрхэн бий болгох вэ? Шашнууд, янз бүрийн догмануудыг энд сурталчлаад байж таарахгүй. Энд цор ганц, хамгийн найдвартай арга зам байна. Энэ бол гэгээрэл. Боловсролтой, сэтгэлгээ нь тэлсэн хүн илүү өөрийн үзэл бодолтой, чиг баримжаатай байдаг. Гэгээрлээр дамжин Монгол орны хөрсөн дээрээс “Mongolian Dream” болох нийтлэг хүсэл тэмүүлэл, “шинэ монгол хүний” айдентити урган гарч ирнэ. Хэн нэг нь Маркс шиг өдөр шөнөгүй сууж байгаад шинэ үзэл номлол гаргаж ирэх тухайд би хэлээгүй ээ. Хэчнээн ухаантай байлаа гээд нэг номлолыг, нэг хүний үзэл санааг нийтээр дагах нь ямар аюултай гэдгийг дэлхийн түүх харуулсан. Монголын оюунлаг давхарга, юм уншиж, нүд тайлсан олон залуучууд эх орноо гэгээрүүлэх хэрэгтэй байна. Нэг хүн биш, нийт олноороо тэр “үзэл санааг” Монголын нийгэмд бүрэлдүүлэн бий болгох хэрэгтэй болов уу. Дэлхийн оюуны өв санг монгол хэл рүү олноор нь орчуулж гаргах, монголчууд маань ном уншдаг болох хэрэгтэй. Монголд өнөөдөр номын бизнес ашиггүй учраас ном хэвлэгдэхгүй, ном нь байхгүй болохоор хүмүүс улам ном уншихгүй болох сөрөг эргүүлэг нүүрлэжээ. Зарим нэг баталгаагүй эх сурвалжаар мэдээллээ бэлддэг сонингууд, ам дамжсан цуурхал ярианд итгэдэг монгол сэтгэхүй дээр өнөөдөр Монголын оюуны амьдрал явагдаж байна. Энэ бүхэн өөрчлөгдөж, олон янзын оюуны бүтээлүүдийг харьцуулж, дундаас нь өөрийн гэсэн чиг шугам, баримтлах зарчмаа олсон бие хүмүүс олноороо төрж гарвал энэ Монголын хөгжлийн түлхүүр болно гэж би боддог. Хүмүүс талх хувцсаар биш, оюун санааны баялгаар амьсгалж, амьдарч эхлэх хэрэгтэй байна!

Хамгийн сүүлд нь өөрийнхөө мэргэжилтэй холбоод хэлэхэд, эдийн засаг гэхлээр хүмүүс мөнгөний тухай шинжлэх ухаан мэтээр ойлгох нь элбэг байдаг. Үнэндээ эдийн засаг бол сонголтын тухай шинжлэх ухаан юм. Боловсролтой бөгөөд ухамсартай хүн амьдралдаа зөв сонголт хийж чаддаг, зөв сонголт хийж чаддаг хүн эргээд мөнгөтэй ч байдаг, сайхан амьдардаг. Тийм иргэдээс бүрдэх улс орон ялгаагүй хөгжиж чадна.

2003 оны 10-р сарын 22

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.