Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   11 сарын 09, 2015

Онцлох бизнес: Тагтаа паблишинг - Хэвлэн нийтлэлийн шинэ жишиг

"Тагтаа"-гийн залуучуудыг би хэдэн жилийн өмнөөс эчнээ мэднэ. Орчуулга гэдэг хүнд хөдөлмөрт дурлаж, чанартай сайн ном уншигчдын гар дээр байнга тавьж байхаар сэтгэл шулуудсан тэднийг өөрөө бас орчуулга оролддог юм болохоор сошиал медиагаар харж ажиглаж явдаг юм. Бас миний унших дуртай "Гэрэг" сэтгүүлд тэд хоёул бичдэг. Тэгээд будаг нь ханхалсан нэг шинэ номынхоо нээлтийг удахгүй хийх гэж байгаатай нь холбогдуулан тэдний ертөнцөөр аялъя гэж шийдлээ. 

Яагаад "Тагтаа" гэж нэрлэсэн юм бэ гэж асуухад "Бид хоёрын хайртай яруу найрагчийн шүлэг тагтааны тухай сайхан үгсээр эхэлдэг юм. 'Тагтааны нисэх чимээнд тэнгэрийн орны эгэл сайхан бий...' гэсэн тэр эхний мөр нөлөөлсөн" гэж хариулах тэд хүсэл мөрөөдлийнхөө зүг хос даль болон тэмүүлэн ниссээр байна.

Бизнесийн нэр: Тагтаа паблишинг
Хаяг: Туушин зочид буудлын хойно, 11 давхар ногоон байрны 8 давхарт
Үйл ажиллагааны чиглэл: Хэвлэн нийтлэл (publishing), утга зохиол, номын вэбсайт
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2012 оны 4-р сар
Үүсгэн байгуулагчид: Ж.Тэгшзаяа, Б.Баясгалан
Ажилтны тоо: Үндсэн 5, гэрээт 4
Вэб: www.tagtaapublishing.mn, Tagtaa Publishing (фэйсбүүк хуудас)

Зүүн гар талаас: Б.Баясгалан, Ж.Тэгшзаяа

Бизнесийн санаагаа анх хэрхэн олсон бэ?

Б.Баясгалан: Бид хоёр хар багаасаа номонд шимтсэн, утга зохиолд хайртай хүмүүс. Энэ чиглэлээрээ орчуулга их хийдэг байсан. Тэгээд л гадаадын шилдэг зохиолыг монгол хэл рүү албан ёсны эрхтэй орчуулахын тулд, тэрхүү эрхийг хувь хүнд бус аж ахуйн нэгжид өгдөг тул бид “Тагтаа паблишинг”-ийг байгуулсан.

Ж.Тэгшзаяа: Товчхондоо дуртай ажлаа албан ёсоор хийж эхлэхийн тулд компаниа эхлүүлсэн гэж болно. Баясаа маань улс төрөөр, би хуулийн чиглэлээр сурч төгссөн ч дуртай зүйл рүү урваж хөрвөсөн. Би хуулийн сургуульд сурч байхдаа л ангийнхандаа орчуулагч болно гэж ярьдаг байлаа. (инээв) Гэхдээ ажил маань цэвэр бизнесийн зорилготой бус. Утга зохиол гэдэг ерөөс бидний амьдралын хэв маяг, амьдралын салшгүй хэсэг.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Хамгийн түрүүнд орчуулгын эрх авах төлбөр, дараа нь ном хэвлэлтийн зардлууд гарсан. Эдгээр зардлаа бид эхэндээ ном хэвлэл, сонин сэтгүүлийн газруудад орчуулгын ажил хийж олсон мөнгөөрөө төлдөг байлаа. Одоо бол эрхлэн гаргасан номуудынхаа ашгаар зардлаа нөхөж явдаг. Өнөө хүртэл 10-аад номын орчуулгын эрхийг аваад байна.

Хамтрагчдаа хэрхэн сонгосон бэ?

Ж.Т: Бид хоёр 2010 онд блогоор дамжуулан танилцсан юм. Тэгээд бие биедээ ном санал болгож, ном солилцож уншиж явсаар дотны найзууд болсон доо. Улмаар адилхан хүсэл мөрөөдөлтэй учраас, бас дотны сайн найзууд болохоор хамтдаа ажиллахаар шийдэж, амархан ойлголцож, энэ бизнесийг эхлүүлсэн. Нэг инээдтэй юм хэлэхэд, нэг үе би өөрийгөө бараг л утга зохиолын орчуулагч болохыг мөрөөддөг ганц хүн гэж боддог байлаа. Ойр тойронд маань энэ хүслийг маань хуваалцаж, дэмжих хүн ховор. Тэгтэл яг адилхан хүсэл мөрөөдөлтэй найзтайгаа учирсан минь маш азтай хэрэг гэж боддог.

Нөгөөдүүл маань ч гэсэн утга зохиолын халуун тогоон дотор “буцалж” явдаг, уран зохиол ажил гэхээс илүү амьдралын хэв маяг нь болсон залуус байдаг.

Танайх ямар онцлог, давуу талуудтай вэ?

Нэгт, хэн ч юу ч бичсэнээ шууд хэвлэдэг, чанартай чанаргүй зохиолууд ямар ч шүүлтүүргүй гардаг болсон өнөө цагт хэвлэн нийтлэлийн шинэ соёлыг тогтоох юм сан гэж хүсдэг юм. Хөгжилтэй орнуудад бол сайн зохиолуудыг хэвлэлийн компаниуд (publishing houses) үнэ хаялцаж аваад, зохиогчтой нь гэрээ хийж, хэвлэх, олон нийтэд түгээх, маркетинг хийх бүх асуудлыг өмнөөс нь хариуцдаг. Ингэхээр өрсөлдөөн үүсэж, зохиол бүтээлийн чанар дээшилдэг. Тиймээс бид оюуны өмчийг дээдэлдэг, түүнд захирагддаг жишиг тогтоон, ийм тогтолцоог хэвшүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьдог. Хэтдээ монгол бүтээлүүд ч дэлхийн зах зээлд гарна. Тэр үед бид оюуны өмч ярих нүүртэй байх ёстой. Оюуны өмч гэдэг зөвхөн гадаад зохиолчдод хамаатай ойлголт биш болохоор монгол зохиолчид, уншигчид маань энэ талаар сайн ойлголттой болох хэрэгтэй.

Хоёрт, бид хэвлэлийн нийтлэлийн ажлаа соён гэгээрүүлэх үйлтэй холбож хийдэг. Үүнийг манай номуудын сонголтоос харж болно. Бид орчин цагийн дэлхийн чансаатай, цаг хугацаа болоод утга зохиолын мэргэжлийн нэр хүндийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн зохиолуудыг сонгон орчуулдаг. Мөн вэбсайт ажиллуулж, сар бүр утга зохиолын үйл ажиллагаа зохион байгуулдаг. Вэбсайтаараа дамжуулан бид утга зохиол, номын талаарх мэдлэг, мэдээлэл олгох контентуудыг хүргэдэг бөгөөд Монголын утга зохиолын мэдээллийг гадаадад түгээх, дэлхийн утга зохиолд болж өрнөж буй үйл явдлыг уншигчдадаа танилцуулах зорилготой.

Сар болгоны арга хэмжээний тухайд, “9th art” урлагийн сантай хамтран зохион байгуулдаг. Зохиол бүтээлүүдийн талаар ярилцах, зохиолч, орчуулагчдыг уншигчидтай уулзуулах гэх мэт олон боломжийг олгодог болохоор хүмүүс дуртай байдаг юм. Ер нь компанийнхаа үйл ажиллагааг зөвхөн номын худалдаагаар хязгаарлахыг хүсдэггүй.

Бизнесийн алсын хараагаа юу гэж тодорхойлсон бэ?

Анзаараад байхад манайд орчуулгын утга зохиолын сонголт олон арван жилээр хоцорч байна. Дээр үеийн зохиолыг шинэ мэтээр л яриад байдаг. Тиймээс бид яг одоо ид шуугиулж байгаа зохиолчдын үнэ цэнтэй бүтээлүүдийг орчуулахыг зорьдог. Бидний хэтийн зорилго бол орчин цагийн дэлхийн утга зохиолтой хөл нийлүүлэн алхахад уншигчдад тусалж, улмаар Монголын утга зохиолын хөгжлийг хэдэн жилээр нааш нь татах явдал гэж тодорхойлж болно.

Үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Утга зохиол бол бизнес гэхээсээ илүү бидний амьдралын хэв маяг, дуртай зүйл зүйл учраас ажилдаа бүхнээ зориулдаг. Тийм болохоор илүү чансаатай, илүү сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн гараас гардаг гэдэгт эргэлзэхгүй байна.

Мөн бид байнга өөрсдийгөө хөгжүүлэхийг эрмэлздэг. Уншигчдаасаа түрүүнд алхахын тулд бид өөрсдөө байнга уншдаг байх ёстой, уран зохиолын халуун хүрээлэл дотор байх ёстой. Ер нь нүдэнд харагдахгүй ажил ихтэй дээ. Нэг зохиолчийн нэг номыг орчуулахын тулд бусад номуудыг нь заавал унших жишээтэй.

Хийж буй ажлын тань эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Б.Б: Соён гэгээрлийн ажилд зүтгэж байгаа болохоор ажлаасаа эрч хүч, урам зориг их авна. Номын сонголтын талаар хүмүүс байнга захидал бичиж, талархлаа илэрхийлдэг болохоор залуучууд маань номонд ойр байгаа юм байна, ном сонирхогчдын хүрээлэл тэлж байна гэж өөдрөг сайхнаар боддог. Тэгээд биднийг хариу бичин эргэн холбоо тогтоонгуут тэдгээр хүмүүс номын ертөнцөд улам л шимтээд, улам л идэвхжээд байх шиг санагддаг.

Хэцүү тал нь гэвэл цаг зав, хичээл зүтгэлээ зараад арайхийн номын эрх автал өөр бусад хүмүүс уг номыг албан ёсны эрхгүйгээр товчлоод ч юм уу, нэрийг нь өөрчлөөд орчуулаад тавьчихдаг. Оюуны өмчийг хүндэтгэх тал дээр манайхан тааруу байна.

Ж.Т: Миний хувьд хамгийн сайн найзтайгаа хамт, хамгийн дуртай юмаа хийдэг нь сайхан байдаг. Орчуулга гэдэг хүнд хэцүү хөдөлмөр болохоор уул овоо шиг их цаас, текст дунд стресстэх үе багагүй гарна. Гэхдээ хийж буй ажлын маань зорилго, сайн талын дэргэд сөрөг тал нь өчүүхэн.

Учирч байсан хамгийн том бэрхшээл, сургамжаасаа хуваалцана уу?

Өмнө дурдсанчлан нэг удаа бидний орчуулгын эрхийг нь авсан номыг өөр хүн зохиогчийн эрхгүй орчуулаад гаргачихсан. Тэр хүний ёс зүйгээс гадна зарим уншигчид “Яасан сүртэй юм”, “Энэ хүн ямартай ч цаг заваа зориулаад орчуулсан байна” гэсэн хандлагатай байсан нь их харамсалтай санагдсан шүү.

Хэдхэн хоногийн өмнө танайхаас “Цас” романыг эрхлэн хэвлүүлсэн. Уг номын талаар товч танилцуулахгүй юу?

Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн энэ номыг яагаад монголчууддаа хүргэхийг хүсэв гэдэгт хариулах нь зүйтэй болов уу. Даяаршлын нөлөөгөөр ихэнх хүн барууны амьдралын хэв маягийг илүүд үздэг болсон. “Цас” бол барууны соёлыг шүтсэн өнөөгийн энэ эринд хөгжилтэй орнуудтай хөл нийлүүлэн хөгжихийн зэрэгцээ өөрсдийн өв соёл, онцлогийг хадгалж үлдэх гэсэн жижиг улсуудын туулж буй бэрхшээл, үзэл санааны хуваагдал, үнэт зүйлсийн зөрчилдөөнийг тусган харуулсан зохиол юм. Ерөөс үндэстнийг үндэстэн болгож байдаг язгуур үнэт зүйлсийн талаар уншигчдыг бодоход хүргэсэн зохиол учраас монгол уншигчид маань ч гэсэн энэ талаар ултай бодож эргэцүүлээсэй гэсэндээ сонгож орчуулсан. Олон улсын уншигчдын гарт хүрмэгцээ олон тооны хэлэлцүүлэг, яриа, маргаан мэтгэлцээний бай болсон энэхүү номын нээлт энэ сарын 14-нд болно. Та бүхэн хүрэлцэн ирээрэй.

Тагтаа паблишинг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ?

Орчин цагийн хамгийн нөлөө бүхий зохиолчдын нэг Милан Кундерагийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” номын албан ёсны эрхийг зохиогчоос авч, одоо орчуулан гаргахаар ажиллаж байгаа. Энэ ном гарснаар Милан Кундера хэмээх зохиолчийн бүтээлээс монгол хэл рүү орчуулагдсан анхны тохиолдол болох юм. Тиймээс орчин цагийн дэлхийн хүүрнэл зохиолын нэгэн онцлох мастерыг монгол уншигчдадаа эх хэлээрээ унших анхны шанг татаж буйдаа бид ихэд олзуурхаж байгаа.

Орхан Памукийн өөр хоёр номын ажил бас явж байгаа. “Миний нэр улаан” номын орчуулга 50 хувьтай явж байгаа бол “Истанбул: Дурсамж ба хот” нэртэй дуртгал, эссений бүтээлийг нь мөн эрхлэн гаргана. Өнөө цагийн хамгийн алдартай зохиолчдын нэгийг бид ийнхүү гурван ч номоор нь монголчууддаа танилцуулах гэж буйдаа их баяртай байна. Мөн нэрт философичдын үзэл санааг хялбаршуулан танилцуулсан зурагт номон дээр ажиллаж байгаа. Гүн ухааны адармаатай, хүнд санаануудыг зугаатай, хөгжилтэй, ойлгоход амар байдлаар харуулсан уг ном маань цувралаар гарах бөгөөд уншигч залуусын сонирхлыг ихээр татаж, таашаагдах болов уу гэж найдаж байна.

Мөн өөрсдийн вэб хуудсыг идэвхтэй хөтөлсөөр байгаа. Одоогоор манай вэб хуудаснаас Монголын болон дэлхийн утга зохиолын талаарх мэдээлэл, төрөл бүрийн уран сайхны бичвэр нийтлэл, номын шүүмж, тэмдэглэл, утга зохиолын чансаатай орчуулгуудыг унших боломжтой. Бид хойшдоо вэб хуудсаа номын хорхойтнууд идэвхтэй цугларч хоорондоо харилцдаг, өөрсдийн дуртай номоо үнэлэх, номын тойм, тэмдэглэл бичих, дэлхийн болоод дотоодын ном, утга зохиолын мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах, манай нийтлэлчдийн бичвэр, нийтлэлүүдийг унших зэргээр уншигчдийн цуглан тухалдаг цахим ертөнц дэх амьд халуун орон зай болгох зорилгоор хөгжүүлэн ажиллах болно.

Хамгийн амжилттай бүтээгдэхүүнүүдээсээ нэрлэнэ үү? Нууц нь юундаа байв?

Утга зохиолын бүтээлүүдийг амжилтаар нь үнэлэх хэцүү, зөвхөн зарагдсан тоогоор нь яривал өрөөсгөл. Хэр ач холбогдолтой, хэр их хөдөлмөр шингэсэн, мэргэжлийнхнээс ямар үнэлгээ авсан зэргээр нь хэмжих болов уу.

“Орчин үеийн хятад яруу найраг” гэдэг антологио онцолъё. Манайд Хятадын яруу найраг гэхээр аль дивангарын Тан улс, Ли Бай болоод явчихдаг. Энэхүү антологиос орчин цагт урд хөгшийн маань оюун санаа хаахна явна вэ, хятад хүмүүс юунд баярлаж, юунд гутарч байна вэ гэдэг нь харагдана. Манай шилдэг орчуулагчдын нэг Нац.Энхбаяр таван жил хөдөлмөрлөж энэ бүтээлийн ард гарсан. Орчуулга нь өндөр түвшнийх, шүлгийн сонголт сайн. Хуучин цагт бол томоохон байгууллага, олон хүнтэй багаар хийх хэмжээний далайцтай энэ ажлаараа бид ихэд бахархдаг.

Мөн “Цас” роман маань гараад хэдхэн хонож байгаа ч гэсэн чамгүй сайн уншигдаж мэдэхээр дүр зураг харагдаж байна.

Сүүлийн үеийн залуучууд уран зохиолын ном хэр худалдан авч байна вэ? 

Өнөөгийн залуус олон хэв янз байна. Хөдөөнөөс ирээд суралцаж буй, гадаадад сурч төгссөн гэх мэт. Хобби сонирхол нь ч өөр өөр. Харин тэднийг холбож буй нэг нийтлэг зүйл бол боловсрол. Тиймдээ ч ном уншдаг залуучууд хангалттай олон бий гэж боддог. Фэйсбүүк хуудас маань одоогоор 3000 лайктай, уншигчид номын талаар хэлэлцүүлэг их өрнүүлж, маш идэвхтэй байдаг.

Номонд хорхойтой залуучууд маань ном бүтээх үйл явцад оролцох юм сан, өөрөө бүтээх юм сан гэх хандлага бас мэдэгдэхүйц ажиглагдаж байна. Бидэнд ирүүлж буй захидал сэлтээс мэдрэгддэг юм. Утга зохиолыг амьдралынхаа салшгүй хэсгээ болгосон залуус ч цөөнгүй бий болж байна. Шинэ ном гарахаар бушуухан худалдаад авчихъя, шинэ номыг шинэ дээр нь гэсэн хандлага харагдаж байгаагаас үүдэн манайд номын соёл тодорхой хэмжээгээр тогтож эхэлж байгаа юм байна гэж боддог.

Ер нь монгол уншигчдын онцлог гэхээр зүйл бий юу?

Монголчууд сонгодог зохиол ба бестселлер ном гэсэн 2 туйл рүү хэтэрхий ханараад байдаг. Өөрөөр хэлбэл нэг бол цаг хугацааны хувьд биднээс хэт алсарсан зохиол бүтээл, үгүй бол өнөө цагийн хямдхан, арилжааны номууд руу туйлшраад байна гэсэн үг. Тийм ч учраас бид орчин цагийн чансаатай зохиолуудыг уншихгүй байгаа тэр хоосон орон зайг харж, дэлхийн утга зохиолын өнөөгийн хөгжилтэй хөл нийлүүлэхэд уншигчдадаа туслахыг зорьдог юм.

Мөн зарим уншигчид номын зах зээлийг соц үетэй харьцуулаад байдаг нь өрөөсгөл санагддаг. Тэр үед ном олон шүүлтүүрээр, бодлогоор, төрийн санхүүжилтээр гардаг байсан. Өдгөө бол цөөн хэдэн хэвлэлийн компаниас (publishing house) гадна хувь хүмүүсийн хүчин чармайлт, оролдлогоор л зугуухан урагшилж байгаа. Иймээс чанартай, чанаргүй олон бүтээгдэхүүн номын зах зээл рүү цутган орох нь ойлгомжтой. Үүнийг төрийн бодлого сэлтээр хянах нэгэнт боломжгүй. Өөрсдийн гольдролоор ийн явсаар хэвлэлийн компанид түшиглэсэн хэвлэн нийтлэх хэв маяг руу аажимдаа цэгцрэн шилжих байх. Ийм цаг үед уншигчид “сайн” уншигч байснаар л оновчтой сонголтуудыг хийхээс өөр аргагүй. Тиймээс ч бид зөвхөн ном эрхлэн гаргахаас гадна номын соёл түгээх, уншигчдад мэдлэг, мэдээлэл хүртээх, хоорондоо харилцах орон зай, боломжийг бүрдүүлэхэд сэтгэл тавин ажиллахыг зорьдог юм.

Гэрэл зургийг Д.Ганзул

37639   7


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.