Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   10 сарын 28, 2015

"Би хэрхэн ажилладаг вэ?" - Bat Solution Partners компанийн ТУЗ-ийн дарга В.Ганзориг

Бид энэ удаа Дэлхийн залуу манлайлагчдын (YGL) нэг В.Ганзоригийн ажлын арга барилыг танилцуулж байна. Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Дэлхийн залуу манлайлагчдын форумд Монголоос өнөөг хүртэл 6 хүн сонгогдсон байдгийн нэг нь тэр юм. Тэрбээр саяхныг хүртэл Шунхлай группийн “Медиа групп” ХХК-ийг удирдан ажиллаж байгаад энэ 10-р сарын 1-нээс Bat Solution Partners компанийн ТУЗ-ийн даргын албыг хаших болжээ. Уншууртай, сонирхолтой блог хөтлөн, 2010 оны Монголын шилдэг бизнес блогчоор шалгарч байсан В.Ганзориг медиа салбарын хөгжил болоод оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө сэтгэлээ чилээж явдаг нэгэн.

Байршил: Монгол, Улаанбаатар хот
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Bat Solution Partners компанийн ТУЗ-ийн дарга
Сонгуульт ажил: Монголын Дауны Холбооны УЗ-ийн гишүүн, Монголын Тусгай Олимпийн Хорооны УЗ-ийн гишүүн, 2014 оны Young Global Leader буюу Дэлхийн залуу манлайлагч, IUJ буюу Японы олон улсын их сургуулийн fellow
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Хурдтайгаар, зарчимтай буюу ноён нуруутай ажиллах (integrity)
Хэрэглэдэг гар утас: Blackberry Q10 (яриа болон имэйлийн хэрэгцээнд), Samsung Note Edge (энтертэйнмент, сошиал медиа хэрэгцээнд). Мобиком, Скайтел хоёрыг зэрэг хэрэглэдгийн шалтгаан нь гадагшаа явахад Мобикомын roaming үйлчилгээ найдвартай, дотооддоо Скайтелын дата үйлчилгээг хаа ч явсан хэрэглэх боломжтой байдгийнх.
Хэрэглэдэг компьютер: Lenovo. Би ThinkPad-ийн фэн.
Сошиал хаягууд: Ganzorig Vanchig (твиттер); Ganzorig Vanchig - Vinzo (фэйсбүүк хуудас), Блог: vganzorig.blogspot.com

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Бусдыг хүчилж ажиллах дургүй. Тийм ч учраас захиргаадсан арга барилаар бус, хүмүүсийг хобби сонирхол, эрмэлзэл дээр нь зангидан, зөв цагт зөв газар нь хуваарилж, хамтдаа багаар ажиллахыг илүүд үздэг. Бидний үеийн залуусын эргэн тойронд захиргаадлын шинж багагүй анзаарагддагт их харамсдаг. Доод тушаалын хүмүүс нь дарга аа дарга аа гээд байхаар би үнэхээр мундаг юм байна гээд бодчихдог, улмаар доод талын хүмүүстээ дээрэнгүй, ихэрхсэн зан гаргадаг удирдах ажилтнуудыг харахад таатай байдаггүй. Дарга гэдэг албан тушаалыг нь харж харьцаж байгаа болохоос бус, хувь хүний мөн чанарыг нь хүндэлж харьцдаггүй хүмүүс бас эвгүй. Аль алийг нь албан тушаалаас нь салгавал бие даах чадваргүй, дархлаагүй, уснаас гаргасан загас шиг болох вий гэж өмнөөс нь айдаг юм.

Мөн хурдтай ажиллахыг чухалчилдаг. Санаж бодсон зүйлсээ хурдтай хийж хэрэгжүүлээгүйгээс болж бусдаас хоцорч хөдөлсөн хэд хэдэн жишээ байдаг болохоор ярих бус хийж хэрэгжүүлэх нь чухал юм байна гэдгийг сайн ойлгосон.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшнүүдээсээ нэрлэнэ үү?

Медиа салбарт сүүлийн 3 жил орчим хугацаанд ажилласан учраас сошиал медиа апп, програмуудыг их ашиглана. Бусдаас, сэтгүүлч нараас түрүүлж мэдээлэл авах, унших, ойлгох, дүгнэлт гаргах ёстой болдог.

Харилцаа холбооны Telegram хэмээх апп-ийг их ашигладаг. Үүнийг бүх YGL-ийн гишүүдийг бүгдээрээ хэрэглэх хэрэгтэй хэмээн Дэлхийн эдийн засгийн форумаас (WEF)-аас албан бусаар зөвлөсөн байдаг юм. Учир нь YGL-ийн гишүүд дунд дэлхийд нэр алдартай улс төрчид, бизнесмен, урлаг, спортын одод, үе залгамжилсан гүнж, ханхүү гэх мэтийн асар өндөр түвшний хүмүүс цөөнгүй байдаг. Тэдний хувьд мэдээллийн нууцлал асар өндөр байх ёстой. Telegram-ийн хувьд энэ шаардлагыг хангадаг бөгөөд мессежүүдийг автоматаар устахаар тохируулж болдог. Бас асар олон хүнийг багтаасан групп үүсгэх боломжтой байдаг юм.

Skype-ийг бас их хэрэглэнэ. YGL-ийн гишүүд маань бүс бүсээрээ хуваагдаж, улиралдаа нэг удаа conference call хийдэг юм. Өөр нэг байнгын хэрэглээ бол Outlook. Имэйлээс гадна хийх ажлын жагсаалтаа хөтөлж, тухайн ажилд хамаарах хүмүүсийг зоогоод өгчихдөгөөс гадна календарь мэтийн олон хэрэгслийг бүх гар утас, бусад хөдөлгөөнт төхөөрөмжиндөө sync хийчихдэг тул амар байдаг. Мартаж санах үед сэрүүлэг нь дуугараад амар байдаг.

Урьд нь цаас их хэрэглэдэг байсан бол одоо дэвтэртээ өдрийн тэмдэглэл маягийн л юм бичих болж дээ.

Түүнчлэн сүүлийн үед бүх л зүйлдээ нэг брэндийн тоног төхөөрөмжүүдийг ашигладаг болсон жишгээр Samsung-ийн угаалгын машин, шарах шүүгээ, зурагт зэргийг авч тавьсан. Ингэснээр нэг системийн орчилд орж, бүх төхөөрөмжөө удирдахад, мэдээлэл солилцоход амар болж байна. Одоогоор би угаалгын машинаа утасны апп-аар удирдаж, гар утсаа зурагтын удирдлага болгон ашиглаж байгаа.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү? 

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Богино хугацаанд гэвэл сошиал медиа цаг их хэмнэдэг. Урьд нь хэр баргийн хүнд олддоггүй байсан дарга, удирдах ажилтнуудыг Твиттер болон бусад нийгмийн сүлжээгээр Mention хийгээд л хариу авчих жишээтэй. Хуучин цагт тэднийг барьж авах гэж цаг авна, нарийн бичигтэй нь харилцана гээд олон давааг давдаг байлаа.

Урт хугацаанд бол маш сайн баг бүрдүүлээд, өөрийн залгамжлагчийг бэлдэх нь удирдахын ажилтны хувьд цаг хэмнэх хамгийн сайн арга. Компани томрох, өргөжих тусам бүх эрх мэдлийг, бүх нөү хауг өөртөө төвлөрүүлээд явах нь нэг талаар хүчтэй, нөлөөтэй харагдуулж болох ч тухайн хүнийг стрессэнд оруулах шалтгаан болдог. Тиймээс зарим ажлаа бусдад даалгаж, хариуцлага хүлээлгэх, итгэж эрх мэдлээ шилжүүлэх нь чухал бөгөөд энэ нь дунд болон урт хугацаандаа цаг хэмнэх хамгийн сайн арга болдог. Өөрөө л бүхнийг хийчих гээд байдаг, түүнээс болж нервтдэг энэ үзэгдэл бол Монголд их нийтлэг.

Бидэнтэй уулзах үед түүнд уншиж амжаагүй 193 имэйл ирсэн байсан нь ямар өндөр ачаалалтай ажилладгийг нь илтгэнэ.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Outlook-ийн to-do list функц дээр хөтөлдөг. Мөн хийх ажлуудаа төсөл төслөөр нь бүлэглэж хуваагаад to-do list үүсгэдэг. Мөн аливаа нэг төсөл эхлэхэд бид багаараа самбар дээр төслөө том зургаар нь, экосистемээр нь харах, зорилгод хүрэхэд юу юуг хийх шаардлагатайг үзүүлсэн том хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлдэг юм. Үүнийг бид Stakeholder analysis гэж нэрлэдэг. Нэг хавтгай дээр олон өнгийн маркераар бүх чухал зүйлсийг тэмдэглээд зургийг нь утсан дээрээ авчихдаг. Заримдаа бизнесийн уулзалт хийхдээ хүртэл презентацийн оронд тэрхүү гар утсаар авсан зургаа дэлгэцэн дээр харуулчихдаг юм. Stakeholder analysis-ийг сайн хийчихвэл хийх ажлын зорилго чиглэл тодорхой болж, ажил нэлээн хөнгөвчлөгддөг.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Даруухнаар хэлэхэд, бүр гоц гойд чадвар байхгүй гэж боддог. Байсан сан бол Нобелийн шагналтан болчих байлгүй дээ (инээв).

Заавал хэлэх шаардлагатай бол юм уншихдаа сайн. Англи, монгол хэлээр хэрэгцээтэй ном, нийтлэлийг олж авах, уншихыг байнга эрмэлздэг. Гадагшаа явахад ёс болгож шинэ номууд авдаг. Гэхдээ сүүлийн үед бас сайн цаг гаргаж чадахгүй л байна. Гадны өдөр тутмын сонингуудыг уншихад Улаанбаатарын утаатай агаар амьсгалж байгаад хөдөөний тунгалаг агаар амьсгалсан юм шиг л болдог.

Мөн бичих хоббитой. Урьд нь блог их бичдэг байлаа. Уншигчид блогийн сэтгэгдлээр дамжин бичиж байгаа зүйлийн зөв буруу, үнэнд ойр эсэхийг шүүн хэлэлцүүлэг өрнүүлдэг нь намайг улам их уншиж судлахад түлхэц болдог байсан. Тиймээс нэг сэдвийн талаар бичихдээ багадаа л 2-3 ном, өгүүлэл, нийтлэл харж, шүүмжлэлт сэтгэлгээг барьж, тэр хэрээр зөвхөн мэргэжлийн гэлтгүй ерөнхий мэдлэг тэлж байдаг нь сайхан санагддаг. Бичихгүй удаад ирэхээр оюун ухаан зэвэрч, юм уншдаггүй болчихдог болохоор удахгүй эргээд блогоо бичиж эхэлнэ.

Хийж байгаа ажлуудынхаа онцлогоос хуваалцана уу? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Монголын медиа салбар үнэхээр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Дэлхийн чиг хандлага, схемээс огт өөр, тоглогчдын тоо нь хэрээс хэтэрсэн их. Ихэнх мэдээ, нийтлэл, контентын чанар тааруу байгаа нь уншигч, үзэгч, сонсогчдын ерөнхий түвшинг л харуулж байгаа хэрэг. Ямар ард түмэн байна, тийм төр байна гэдэг шиг. Хүмүүсийн нэг хэсэг нь хэлмээр байгаа болохоор хэлдэг, нөгөө хэсэг нь хэлэх ёстой болохоор хэлдэг гэж айхавтар үг бий. Тэрэн шиг манай сэтгүүлчид, редакцуудын нэг хэсэг нь захиалгын дагуу хөнгөн хийсвэр, баттай бус, чанаргүй мэдээ контентыг бэлдэж, нөгөө хэсэг нь шүүж тунгаасан, ул суурьтай нийтлэл нэвтрүүлгийг бэлдэж байна. Харамсалтай нь энэ хоёр хэсгийг жигнүүр дээр тавихад, хөнгөн хийсвэр, хий цуурхсан зүйлс рүү хүмүүс их шуурдаг.

Мэдээллийн технологийн дэвшилтэт боломжуудтай холбоотойгоор сэтгүүлч нар хүнд байдалд орсон. Иргэний сэтгүүлзүй гэсэн нэр томьёо гарч ирж, хүн болгон мэдээлэх, нийтлэл бичих, видео оруулах боломжтой болсон. Ийм нөхцөлд жинхэнэ сэтгүүлч яаж ялгарах вэ гэвэл, жинхэнэ мэргэшсэн байдал, бүтээлч сэтгэлгээгээрээ л ялгарна. Өөрсдийгөө байнга боловсруулж, хөгжихгүй л бол мэдлэг, мэдээллийн ялгаа байхгүй болоод байгаа. Одоо бол манай сэтгүүлчид шууд өөрийн бодлыг тулгадаг, баримтгүй нотолдог, ард түмэн ингэж байна гэх зэргээр хэмжихэд хэцүү зүйлсийг ярьдаг арга барилаар ажиллаад байна. Зүй нь бол бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээгээр аливаад хандаж, баримтыг шалгаж, өөрөө туршиж байх учиртай.

Дээр үед модон бөмбөг ба цул төмөр бөмбөг хоёрыг яг ижил өндрөөс унагаавал аль нь түрүүлж газарт унах вэ гэж Аристотелоос асуухад "Мэдээж хүнд болохоор төмөр нь" гэж хариулжээ. Тэрэнд нь олон зуун жил итгэж явсан хүмүүст Галилей тийм биш гэдгийг туршилт хийж үзүүлж, шоконд оруулж байсан гэдэг. Тэрэн шиг манайхан олны танил хүмүүсийн хэлсэн бүрийг шахуу бурхны ном шиг хүлээж авч, итгэж үнэмшин дагадаг нь жаахан харамсалтай бөгөөд эмгэнэлтэй санагддаг. Эргээд тэр хүмүүсийнхээ тоглоом нь болоод байдгаа бид анзаардаггүй.

Та олон ажил албатай. Тэдгээрийн талаар, яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байгаагаа ярина уу?

Bat Solution Partners-д төвлөрөх болсноор төрөл бүрийн салбарын төслүүд рүү орж байна. Жишээлбэл үл хөдлөх хөрөнгө, худалдаа, технологийн суурьтай төсөл бизнесүүд гэх мэт. Тэр дундаас медиа салбарт реформ хийх том төсөл дээр ажиллаж байгаагаа онцолъё. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл медиа салбарын бэрхшээлтэй асуудлуудын 70-80 хувь нь цэгцрэх боломжтой. Ирэх нэг жилийн хугацаанд лав үүн дээр идэвхтэй ажиллах болов уу. Гэхдээ яг бүтэх эсэхийг нь мэдэхгүй л байна.

Бизнесийн ажлаас гадна төрийн бус байгууллагууд дээрээ удирдах ажилтнуудыг хайж байгаа. Энэ байгууллагууд дээрээ ирэх 3-5 жилийн стратегийн төлөвлөгөөг нь гаргах гээд ажиллаж байна. Миний хувьд ажлын цагаар бизнес, ажил хэрэг гэсээр багагүй нервтэх нь бий. Харин ажлын бус цагаар олон нийтийн ажилд оролцохоор стресс багасаж, сэтгэл ханамжтай болдог юм. Авахаас илүү өгөх мэдрэмж нь илүү сайхан бөгөөд үр дүнд нь ажил амьдралдаа улам илүү тэмүүлэлтэй, эрч хүчтэй болдог.

Дауны холбооны хувьд даунтай иргэн бүрийг татвар төлөгч болгоно гэсэн хэтийн зорилготой. Энэ нь нарийндаа тэдгээр хүмүүст бүгдэд нь мэргэжил эзэмшүүлнэ, ажилтай болгоно гэсэн том амбиц юм. Ийм хүмүүс 20, 30 нас даваад ирэхээр аав ээж нь хөгширч, ертөнцийн жамаар өөд болох үед хаана очих нь тодорхойгүй болчихдог. Үүнийг бид алсдаа шийдэх ёстой.

Тусгай олимпийн хорооны тухайд гэвэл, энэ байгууллага спортоор дамжуулж оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэх зорилготой. Энэ холбоо бараг бүх оронд байгуулагдсан юм билээ. Бид хожуу мэдсэндээ ичдэг ч өнгөрсөн наймдугаар сард Лос Анжелест болсон тусгай олимпод 14 тамирчинтай яваад 4-5 спортын төрлөөр 12 медаль авч чадаж, гайхалтай амжилт үзүүллээ. Нийгмийн, олон улсын энэ том хөдөлгөөнийг бид 21 аймаг даяараа өрнүүлж, үндэсний аварга шалгаруулах тэмцээн хийвэл их сайхан үйлс болох байх. Спортын төрлүүд болгон дээр Unified play буюу оюуны хөгжлийн бэрхшээлтэй болон эрүүл саруул хүмүүс хослон тоглох боломж байдаг нь их сайхан. Ийм байдлаар би модон бөмбөг, далбаат завь гэсэн хоёр төрөлд оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй баг болж оролцсон минь миний амьдралын бас нэгэн тэмдэглүүштэй үйл явдал байлаа.

Ашгийн бус байгууллага, төсөл, нөхөрлөл гэдэг ширүүн өрсөлдөөнтэй ашгийн төлөөх салбарыг бодвол илүү урт настай байж, жинхэнэ нөхөрлөлийг үүсгэж, бусадтай баггүй харилцах боломжийг олгодгоороо онцлогтой.

Та ажиллаж байх үедээ ямар хөгжим сонсдог вэ? Ямар төрлийн хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?

Би Linkin Park-ийн улаан фэн. 2004 онд Австралид санаандгүй байдлаар сонсоод дуртай болсон. Магистрын ачаалалтай үе, давхар цагийн ажлууд хийдэг байсан болохоор ядарсан үедээ том чихэвч зүүн дууг нь тултал чанга тавихаар сэргээд л ирдэг байв. Энержи дринк Linkin Park-тай сайхан хосолдог юм. Дууных нь үг шулуухан хэрнээ цаанаа философитой байдаг нь таалагддаг. Хар ярианы хэллэгээ сайжруулахын тулд дууных нь үгийг орчуулах гэж бас оролддог байсан. Хөгжмийн олон төрлийн элемент оруулсан, тэдгээр нь хоорондын зохицол, холболт сайтай гоё хамтлаг. Солонгос, Япон, Ирланд, Еврэй гээд гарал угсаа өөр өөр гишүүдээс бүрдсэн нь тийм байхад нөлөөлдөг байх.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна?

3 ном уншиж байна. Англи, монгол хэл дээрх филосифийн бүтээлүүд нь хамгийн нөлөө бүхий философичдын түүх, гол санаануудыг уйдахааргүй байдлаар хураангуйлсан байна лээ. The China Model-ийг тоймыг нь сонин дээр уншиж байгаад Лос Анжелест явж байхдаа олж авсан. Хэт барууны задгай ардчиллаас яаж сэргийлэх, Хятад маягийн цэнзуртай удирдлагын арга барилаас суралцах зүйлсийг хөндсөн ном. Философийн номтой зэрэг уншихаар улам сонирхолтой юм билээ.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Хүмүүс намайг нээлттэй хүн гэж дүгнэдэг. Би ч тэр талдаа болов уу гэж боддог. Аливаа ажил хэрэг, нөхөрлөл, түншлэлийг эхлүүлэхд хүмүүс нэгнээ таних гэж, итгэх гэж хугацаа их зарцуулдаг. Миний хувьд тэр цаг хугацаа нь хайран байдаг болохоор анхнаасаа ний нуугүй ярилцаад, нээлттэй харилцаад явбал ажил үйлс сайхан хурдтай бүтээд явдаг юм шиг санагддаг.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Шөнө 12-2 цагийн хооронд унтаж өглөө 8 цагт босдог. Гэрийнхнийгээ унтсан хойно хэсэг хугацаанд унших, бичих гэх мэтээр төвлөрч суудаг.

Таныг ажиллаагүй үед чинь хаанаас олж болох вэ?

Одоо бол ажиллаагүй үедээ сошиал медиад байдаг болчихоод байна. Яг ажлын цагаар бол дандаа л уулзалт хийсээр байтал таардаг юм. Имэйлүүдэд тухтай хариулах, сошиал медиад байх цаг ажлын бус үеэр л олдох юм. Сүүлийн үед оройн цагаар гэртээ компьютер бага ширтэхийн тулд бүрэн цэнэглээд цэнэглэгчийг нь ажил дээрээ орхидог аргатай болчихоод байгаа. Ингэхээр 2 цагийн дотор хийх ёстой зүйлсээ амжуулах, гэрийнхэндээ илүү цаг гаргах боломж бүрдэж байгаа юм.

Та биеийн тамир, спортоор хичээллэдэг үү?

Нэг хэсэг жигтэйхэн фитнест явж, усан сэлж байснаа сүүлийн үед больчихоод байна. Гэхдээ удахгүй урьдын хэмнэлдээ орно оо. Хөдөлгөөн нэн чухлыг би гашуунаар мэдэрсэн хүн. Олон жил суудлын ажил хийгээд нуруу минь өвдсөн. Эмнэлэгт үзүүлтэл нурууны 2 диск хэрэгцээгүй болсон байна гээд Солонгос явж дурангийн хагалгаанд орсон юм. Гэвч гам барилгүй хэдхэн хоногийн дараа ажилдаа орсон нь буруутаж, нуруу дахиж өвдсөн. Дараагийн удаа нь Солонгосын Spine Center-ийн ерөнхийлөгчтэй уулзан үзүүлтэл “Одоо зүгээр, нуруу өвдөөд байна гэсэн бодол чинь хиймэл өвдөлт үүсгээд байна” гэсэн. Мөн өмнөх эмнэлгийн эмчийн төмөр бүс зүү, халуун ногоо бүү ид, согтуурах ундаа бүү хэрэглэ гэж зөвлөснийг эсэргүүцэж, “Юу ч идэж ууж болно, харин спортоор хичээллэж, хөдөлгөөн хийх хэрэгтэй” гэж захьсан. Түүнээс хойш би санаа зовдгоо болиод, жингээ барихыг хичээж байгаа. Таргалж гүзээ суух нь нуруунд их муу юм билээ.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ? 

YGL community-гээс. Барууныхны нэг авууштай чанар бол Зул сарын баярын өмнө тухайн жил хийсэн бүтээсэн ажил үйлсээ тайлагнаж, ирэх жилийн зорилтуудаа бусадтай хуваалцдаг явдал. “Би ирэх жил Сахарийн цөлөөс доош орших улсуудад банкныхаа 10 салбарыг байгуулна”, “60 тэрбум долларын хөрөнгө оруулалтын санг удирдана” гэх мэтийн зорилтыг уншихаар өөрөөсөө ичих шиг болж, том сэтгэх, өөдрөг байх эрч хүчээр сэлбэгддэг юм. Хэдийгээр тиймэрхүү зорилтуудыг уншихаар миний хувьд мега ажлууд мэт, Монголын жижиг зах зээлд боломжгүй зүйлс мэт санагддаг ч энэ бол зүгээр л шалтаг гэж боддог. Олон асуудал бэрхшээл дунд шалтаг тоочоод суугаад байхаар хөгжихгүйгээс гадна юмыг гутрангиар харах төсөөлөх аюултай байдаг.

Тиймдээ ч тэр мундаг хүмүүсээс суралцаад, чирэгдээд явахыг хүсдэг. YGL-д ороод хоёрхон жил байгаа ч Оксфорд, Иэл гэсэн 2 алдартай сургуулийн богино хугацааны удирлага, манлайллын курсуудийг дүүргээд амжсан. Иэлийн их сургуулийн курсийг заасан багш нар бүгд Нобелийн шагналтнууд байсан. Тэгсэн хэрнээ дандаа “Би тэгэж бодож байна”, “Миний бодлоор” гэж ярьдаг энгийн хүмүүс байна лээ. Манайд гэтэл “Тэгдэг юм”, “Ингэдэг байхгүй юу” гэж онолдоод л байдаг. Ийм л сайхан орчин, манлайлагч хүмүүсээс сурсан мэдсэн зүйлсээ эргээд монголчуудтайгаа хуваалцахыг зорьж байна.

Ташрамд хэлэхэд, YGL-ийн зүгээс Бизнесийн андгай өргөх ёслол, Нэр төрөө эрхэмлэх өдөр зэрэг олон сайхан санаачилга гаргасан бөгөөд миний бие, Global Shapers-ийн Болор-Эрдэнэ гэдэг охины хамт Монголд Young Professionals Group хэмээх менторшип хөтөлбөрийг эхлүүлэхээр ажиллаж байна. Шилдэг захирал, лидерүүд ажил дээр гараад удаагүй нэг, нэг залууг сонгон авч, нэг жилийн турш дагалдуулан сургах, чиглүүлэх тийм хөтөлбөр юм. Чаддаг мэддэг зүйлсээ бусдад заах битгий хэл хав дарж, өөрөө өмчлөх сонирхол манай удирдах ажилтнуудын дунд түгээмэл байдгийг эвдэх зорилготой гэж шуудхан хэлж болно.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Австралид магистрт очоод би хэл сурахаа бодож австрали айлд амьдарсан юм. Суудаг айл маань дээд давхартаа 3 өрөөтэй, түүнд нь 3 орны оюутан байдгийн нэг нь би байв. Бид 3 гэрээ 7 хоногоор ээлжилж цэвэрлэдэг байв. Нэг удаа би ээлжин дээрээ өөрийнхөө өрөөг өнгөцхөн, бусад өрөөнүүдийг сайн цэвэрлээд орхитол австрали аав маань миний өрөөнөөс нэг юм авах болсон юм. Тэгээд намайг ил харагдахгүй хэсгүүдийг цэвэрлээгүй орхисныг хараад орны доогуур, юмнуудын араарх хог тоосыг өөрөө цэвэрлэснээ, ажлыг хүний өөрийн гэлгүй сэтгэлээсээ хийж бай, өөрийнхөө өрөө дутуу цэвэрлэж байна гэдэг өөрийгөө дорд үзэж байгаатай ялгаа юун гэж захьсан юм. Энэ явдал яагаад ч юм сэтгэлд тодхон үлдэж, түүнээс хойш аливаа ажлыг халтуурдаж байхгүй юм сан, хүний өөрийн гэж ялгахгүй юм сан, өөрийгөө хуурахгүй байх юм сан гэж хичээх болсон. Хэн нь шилдэг нь вэ гэж тоогоор уралддаг болсон энэ нийгэмд чанарын үр дүн бас их чухал. Тиймээс integrity буюу ёс зүй, зарчимтай зөв хүн байхыг эрмэлздэг юм.

Энэ булангийн дараагийн зочноор хэнийг оруулж, ажлынх нь арга барилын талаар мэдмээр байна?

Голомт банкны ерөнхийлөгч Ө.Ганзориг. Бид одоогийн МУИС-ийн худалдааны сургууль, тухайн үед Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн, банкинд хамт ажилладаг байсан. Хоёулаа солгой, нэр нэгтэй гээд нийтлэг чанар цөөнгүй бий. Винзо гэсэн хоч авсан минь ч түүнтэй холбоотой. Түүний асуудлыг өөр өнцгөөс олж хардаг чадварыг хүндэлдэг. Мөн эдийн засгийн хямралын үед танай уншигч нарт сонирхолтой, хэрэгцээт мэдээллийг өгөх байх.

68026   22


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.