Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   10 сарын 10, 2015

"Шөнө" номын хэсгээс: Тэр өдөр удахгүй ирнэ

1976 оны Нобелийн Энх Тайвны шагналт Эли Визелийн "Шөнө" номын 39-р талаас толилуулж байна.

Агуулахад би нэгэн франц охины байнга дэргэд ажиллана. Нэгэнт тэр герман хэл мэдэхгүй, би франц хэл мэдэхгүй тул хоорондоо огт дуугарахгүй. Түүнийг хүмүүс Ари үндэстэн гэх ч надад бол яагаад ч юм еврей юм шиг санагддаг байлаа. Тэр албадан ажил хийхээр энд ирсэн аж.

Нэг өдөр манай ахлах Капо Идекийн галзуу араншин нь хөдөлж, нударгаа савчин байсан үед хүмүүсийн сануулсаар байсныг тэрхэн зуур мартсан би замд нь санаандгүй хөндөлсөж орхисон юм. Тэр намайг барьж аван газар шидээд цээж, толгой луу өшигчин, заамдаж босгоод газар цохин унагаж галзуу араатан мэт л аяглав. Түүний цохилт улам хэрцгий болж, би цусандаа будагдавч, өвдөлтөө тэвчин уруулаа хазаж, чимээгүй болохыг оролдож байлаа.

Миний чимээгүй болохыг Идек шазруун зан гаргаж байна гэх бодсон бололтой бүр дэвсэлж эхэлснээ гэнэт таг болчихов. Тэгснээ гэнэт юу ч болоогүй мэт намайг босгон ажил руу минь буцаан явууллаа. Яг л бид хоёр жүжгийн дүрд хувилан тоглоцгоож байснаа больж буй аятай. Би буланд арай ядан очиж суун, нил хөндүүр болсон биеийнхээ шархиран өвдөхийг тэсэж ядан байтал цусанд будагдан хатсан духыг минь нэг зөөлөн хүйтэн гар илэхийг мэдэрлээ. Нөгөө франц охин байв. Над руу өрөвдсөн шинжтэй инээмсэглэснээ гарт минь жаахан талхны булан атгуулаад эгцлэн харахад нь түүний харцанд ямар нэг зүйл хэлэх гэсэн хүслийг нь айдас багалзуурдан хориглож байгааг би ойлголоо. Хором хэртэй тийн ширтсэнээ түүний царай тайвшран өөрчлөгдөж надад бараг цэвэр германаар: “Шүдээ зуугаад тэс дүү минь. Битгий уйл. Уур хорслоо дараагийн нэг өдөрт зориулж үлдээ. Тэр өдөр удахгүй ирнэ. Гэхдээ одоо биш. Хүлээ. Шүдээ зуугаад хүлээ” гэв.

Олон жилийн дараа би Парист метронд сонин уншин явж байгаад миний эсрэг талд тас хар үстэй, гэрэлтсэн нүдтэй үзэсгэлэнтэй эмэгтэй сууж байхыг анзаарсан юм. Яагаад ч юм би тэр нүдийг өмнө нь харсан мэт санагдаад болсонгүй. Тэр байлаа...

“Та намайг таньж байна уу?”
“Би таныг сайн мэдэхгүй юм байна”
“1944 онд та Германд, Буна хорих ангид байсан уу?”
“Тийм ээ…”
“Та цахилгаан төхөөрөмжийн агуулахад ажилладаг байсан”
“Тийм ээ…” хэмээн тэр нэлээн сэтгэл зовнисон янзтай дуугарснаа “Хүлээгээрэй… Би саналаа… Нөгөө Капо Идек, бяцхан еврей хүү. Чи мөн байна…”

Бид метроноос хамтдаа буугаад нэгэн кафены гадна талын ширээнд сууж, бүтэн оройжин өнгөрснийг дурсан ярилцаж билээ. Тэгээд явахынхаа өмнө би түүнээс “Танаас би нэг асуулт асууж болох уу?” гэлээ.

“Би ямар асуулт гэдгийг нь таамаглаж байна. Гэхдээ асуу асуу”
“Ямар асуулт гэж?”
“Намайг еврей юу гэж үү? Тийм ээ, би еврей. Шүтлэгтэй гэр бүлд төрсөн. Германчууд манай хотыг эзлэх үеэр би өөртөө Ари үндэстэн гэсэн хуурамч бичиг баримт хийлгэж авч чадсан юм. Тэгсний хүчинд би албадан ажиллуулах хэсэгт хуваарилагдаад, Герман руу ачигдах үедээ бөөнөөр хорих ангид очилгүй мултарсан хэрэг. Тэр агуулахад намайг германаар ярьдаг гэдгийг хэн ч мэддэггүй байсан. Мэдэгдсэн бол сэжиг төрүүлэх нь ойлгомжтой. Чамд тэр хэдхэн үгийг хэлэх маш их аюултай байсан ч чи намайг барьж өгөхгүй гэдгийг мэдэж байсан юм” хэмээж билээ.

[Update] 2018 он

Арвис Паблишинг-аас Нобелийн Энх Тайвны шагналт Эли Визелийн дуулиант намтарчилсан бүтээл “Шөнө”-ийг эрхлэн гаргалаа. Интерном, Аз Хур, Мир номын дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.

22869   4


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.