Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   10 сарын 07, 2015

“Би хэрхэн ажилладаг вэ?” – “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан

Ганжавхлан гэдэг асар сонирхолтой ертөнц. Тэр багаасаа л есөн шидийн ажил хийж, өөрийгөө төрөл бүрээр туршжээ. 10 жилийн ширээнээс Солонгост оюутан болж, 2 жил сурч ирээд жуулчны компанид хөтөч хийж, гадаад хэлний сургалтын төв байгуулж, хувь хүний хөгжлийн багш хүртэл хийж явжээ. Ингээд сурах аяллаа 2007-2012 онд Хятад, АНУ-д үргэлжлүүлж, энэ хооронд Бээжин дэх МОХ-ын сургалтын албаны даргаар хүртэл ажиллаж байж. Өөрийнх нь үгийг зээлдвэл, энэ хооронд JackTour нэртэй “ойлгомжгүй” зүйлийг эхлүүлэн Хятад, Америкийн олон хотоор аялж, адал явдал өрнүүлэн, 2012 онд “Зөвхөн Монголдоо” гэж хашхирсаар нутгийн зүг хүлгийн жолоо залжээ. Монгол ирээд төрийн албанд орж, өөрийн кофе шопыг дошин дээрээ буюу Саппород нээж, МҮОНРТ-ийн “4 урилга” нэвтрүүлгийн хөтлөгчийн хувиар 21 аймгаа тойрчээ. Ирээд удаагүй байхдаа санаандгүй байдлаар хүний наймааны асуудал хурцадсаныг ойлгож, "Лантуун Дохио" ТББ-аа байгуулан ажилласан нь нийгэмд эрх нь зөрчигдөж буй төрөл бүрийн хүмүүсийн зүг олны анхаарлыг чиглүүлсэн төдийгүй өөрийг нь ч нийтэд таниулсан юм. 2013 оноос нийгмийн ажилд бүх хүчээрээ зүтгэж, ном бичиж, “Үүжгэнэ жүүжгэнэ өглөөний клуб”, "Хамтын халуун сэтгэл", "Bright Mongolia”, “Кофе Монголиа”, "Self Publish Ulaanbaatar”, “Номын жор уулзалт” зэрэг олон сайхан байгууллага, клубийг үүсгэн байгуулалцсан нь өдгөө “ойлгомжтой” байдлаар өргөжиж, 700-800 орчим залуусыг хамраад байна.

Байршил: Улаанбаатар
Одоо хийж буй ажил, албан тушаал: Үндсэн: “Лантуун дохио” ТББ-ын санаачлагч, тэргүүн
Бусад: Jack’s Coffee кофе шопыг үүсгэн байгуулагч, Bright Mongolia ТББ-ийг санаачлагч, “Боорцог ба сарнай”, “Автуус ба амьдрал” номуудыг зохиогч
Хэрэглэдэг гар утас: iPhone 5, Nokia 5110
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro 13” 2011

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Миний ажилд кофе, ажлын орчин хоёр их нөлөөтэй. Нийгмийн стресстэй амьдралаас албаар тасарч, үлгэрийн ч гэмээр орчныг өөртөө бий болгож, тэрэндээ итгэж үнэмшиж чадвал шинэ санаа, бодлууд төрдөг. Энэ нь хайрцаглагдсан сэтгэлгээнд орохгүй байх, юмыг олон талаас нь харахад нөлөөлдөг байх гэж боддог.

Мөн чухал ажлыг орой биш өглөө төлөвлөнө. Өглөө хүн реалистик болчих шиг санагддаг. Эсрэгээрээ оройн цагаар их романтик санаа, шийдэл гаргана шүү дээ.

“Лантуун дохио” дээр гэнэтийн юманд бэлэн байх шаардлагатай болдог. Хүүхдийн эрхийг зөрчсөн асуудал хэзээ ч, хаана ч, ямар ч байдлаар гарч болно. Хааяа шөнөөр дуудлага ирэх нь ч бий.

Кофены талаар тусад нь асуумаар байна?

Кофе хүний сэтгэл санаанд шууд нөлөөлж, тархины үйл ажиллагааг эрүүлээр сайжруулдаг. Нэгэн цагт би архаг кофечин явлаа. Бараг л их уудгаараа гайхуулах маягтай. Америкт байхад Starbucks орж их сууна, өдөрт 1-2 л кофе эд бад хийчихдэг байлаа. Гэтэл сүүлдээ кофеноос болж ходоодны сөргөө өвчин тусаж, эмнэлэгт хэвтсэн. Тэгэхэд л кофечин байна гэдэг их уухдаа гол нь биш, амт шимтийг нь ялгаж, зохистой хэрэглэхдээ байдаг юм гэдгийг ойлгосон доо. Түүнээс хойш кофены зохистой хэрэглээг сурталчилж явна. Миний фэйсбүүк хуудсаар зочлоод үзвэл кофены талаар цуврал хичээлүүд байгаа. Одоо бол би кофег хайрлаж, мэдэрч уудаг. Сүүлийн үед байгальд, хөдөө хээр, сонирхолтой газруудад явахдаа кофе чанаж уух дуртай болоод байна.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшнүүдээсээ нэрлэнэ үү?

Миний мэдээллийн технологийн хэрэглээ тийм айхавтар биш. Гэрэл зураг авч, видео хийх дуртай болохоор Final Cut Pro, Photoshop, Lightroom зэрэг програмуудыг их ашигладаг. Энэ сонирхол маань нийгмийн ажилд маань мөн ч тус хүргэдэг юм. Миний Youtube суваг дээр 100 гаруй видео бий. Нийтдээ 2.1 сая удаа нээж үзсэн байна лээ.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Миний ажиглалтаар 6-8 цагийн хооронд ажиллавал их үр бүтээлтэй байдаг. Энэ цагт тархи сайн ажилладаг байх. “Үүжгэнэ жүүжгэнэ” өглөөний клубийг үүсгэн байгуулаад уулзалтаа 6-8 цагийн хооронд хийе гэсэн санаа гаргаж байсан ч тийм эрт онгойдог газар байгаагүй тул 6.45-аас эхлүүлдэг байлаа.

Мөн хэрэггүй боломжуудаас татгалзах нь их цаг хэмнэдэг юм билээ. Бидний замд янз бүрийн сайхан боломжууд гарч ирдэг. Энэ ёстой сайхан боломж гээд бүгдийнх нь араас хөөвөл гүйцэхгүй, тийм боломж ч үгүй. Тиймээс сайхан ч гэсэн боломжоос татгалзаж, гол зүйлс дээрээ л төвлөрөх хэрэгтэй.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Тэмдэглэлийн дэвтэр дээр. Би цаасанд дуртай хүн. Тэмдэглэл бичнэ, хэвлэмэл ном уншина.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Аливааг бусдаас өөрөөр илэрхийлэхдээ, юмыг өөр өнцгөөс харахдаа гэж хэлнэ. Хүмүүсийн мэддэг хэрнээ хэлж чадахгүй байгаа, хэлэх эвээ олохгүй байгаа зүйлийг илэрхийлчихээд байдаг гэж боддог. Шинэ санаа, сонин содон нэр сэдэн олж, түүнийгээ амьдралд буулгахдаа ч муугүй. Тэгээд бас хар кофе чанахдаа (инээв).

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна?

“Лантуун дохио” ТББ-ын “Лантуу хүү” төсөл дээр төвлөрч ажиллаж байна. Лантуу хүү бол хүүхдийн эрхийг хамгаалдаг монгол баатар юм. Eagle ТВ-ээр лантуу хүүгийн 15 цуврал нэвтрүүлэг гарахаас эхний 1, 2-ыг гаргаад байна. Лантуу хүүгийн дууг зохион дуулуулж, имиж дээр нь ажиллаж байна.

Мөн лантуу хүүгийн байшин буюу оффис ажиллуулж байгаа. Хүүхэд хамгааллын асуудал өмнө нь системгүй явж байсныг системд оруулахыг зорьж байна. Нэг хүүхэд өвдөх юм уу хүчирхийлэлд өртвөл олон нийт сэтгэл хөдлөлөөр мөнгө цуглуулчихдаг. Гэвч 1000 хүүхэд өвдвөл яах вэ? Яах аргагүй энэ асуудлыг шийдэх систем хэрэгтэй. Энэ тал дээр төрийн байгууллагад 5-10 жилдээ лав найдалтгүй байна. Энэ оффист нийгмийн ажилтан, сэтгэл зүйч гэх мэт холбогдох хүмүүс нь бүгд ажиллаж байгаа. 5-9 сарын тайлангаа үзээд цөөн ч гэсэн тодорхой кэйсүүд дээр үр дүнтэй ажилласнаа хараад их урам авсан шүү.

Саяхан бас би АНУ-ын 8 хот, Солонгосын 4 хотоор явахдаа хот болгонд “Лантуу хүү” төслийнхөө салбарыг, улс бүрт Bright Mongolia-гийн нэжгээд салбарыг байгуулаад амжлаа.

"Лантуун дохио" ТББ санхүүжилтээ яаж шийддэг вэ?

Одоогоор энд тэндээс төсөл, санхүүжилт авсан зүйл байхгүй. Гишүүдээс тодорхой хураамж авна. Сайхан сэтгэлт хүмүүс тусална. Жишээ нь, Дарханы нэг хүн Төмөр зам дахь байраа бидэнд оффисын журмаар нэг жил үнэгүй ашиглаарай гэж өгсөн. За тэгээд гол ажлыг сайн дурынхан маань л нугална даа. Сайн дурынхныг үнэлдэг систем өнөөдөр Монголд байхгүй нь даанч харамсалтай.

Миний хувьд 2012 оны намраас хойш цэвэр нийгмийн ажил хийж байна. Хоёр ном маань намайг тэжээж дөнгөдөг юм.

Нийгмийн ажилд идэвхийлж явахад хэцүү бэрхшээлтэй зүйлс хэр тулгардаг вэ?

“Лантуун дохио” бол их онцлогтой ТББ. Бодит хохирогчидтой харилцдаг, тэр хэрээр бидэнд эрсдэл учирдаг. Ялангуяа эхэн үед бидний бие махбод, эд хөрөнгөд заналхийлэх, дарамт шахалт үзүүлэх явдал их гардаг байсан. Яваандаа салбарын байгууллагуудтай хамтраад эхэлтэл энэ явдал харьцангуй гайгүй болсон доо.

Ганжавхлан гэдэг хүний хувьд гэвэл, Монголд хүсэл мөрөөдлөө хөөгөөд явах, шинэ юм санаачлах хэцүү болсон мэт хааяа санагддаг шүү. Заавал ямар нэг нам, бүлэг хүмүүстэй холбох гэнэ, амбицтай гэнэ. Хүнийг дэндүү өөнтөглөж хардаг болчихож. Зөв амбиц бол зөв шүү дээ.

Та ажиллаж байх үедээ ямар хөгжим сонсдог вэ?

Сааралдуу хөгжим гэж хэлж болно. Ник Трэк, Дэймэн Райс, Чэт Бэйкер гэх мэт. Ер нь би хэтэрхий баяр хөөр болсон юманд, ойлгомжтой юманд нэг их дуртай биш. Эднийг сонсохоор янз янзын бодол ундардаг.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна?

Нэг хэсэг бизнесийн, хувь хүний хөгжлийн номууд их уншсан. Би угийн бизнесээр төгссөн хүн шүү дээ. Одоо бол Монголын уран зохиолоос нэлээд уншиж байна. Ялангуяа Л.Түдэв гуайн олон ботийг сайн уншиж байгаа. Бас Монтенийн эссэнүүдийг уншдаг. Сүүлийн үед мөн егөө зохиолуудыг их сонирхох болсон. Нийтлэл гэвэл цаг үеийн мэдээ, нийтлэлүүдийг хараад ажиглаад л явдаг.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү?

Маш дотогшоо. Хүмүүс намайг фэйсбүүкээр маань их төсөөлдөг шиг байгаа юм. Уулзаж танилцсаны дараа учиргүй хошигноод унах юм шиг бодоод байдаг. Гэтэл тийм биш. Харин тодорхой хүрээлэл, хамт олон дотор ороод, итгэлцэл үүссэний дараа их нээлттэй болдог шүү.

Та биеийн тамир, спортоор хэр хичээллэдэг вэ?

Клубууд маань ууланд их алхдаг юм. Тэдэнтэйгээ хамт явна. Өөр спорт, фитнесээр хичээллэдэггүй ээ.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Одоогоор бол 12-1 цаг гэж унтаад 8-8.30-ын хооронд босож байна. Нэг хэсэг нойрны асуудалд ороод эмчээс ийм цагаар унтах даалгавар авчихаад юм. Яваандаа эргээд эрт босдог болно.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Хамт олон, нийгмийн ажилд мөр зэрэгцэн зүтгэдэг залуучуудаасаа их урам зориг авдаг даа. Бүгд л ар гэрийнхэн, найз нөхдийнхөө эсэргүүцэлтэй тулгардаг, их золиос гаргадаг. “Нийгмийн ажил хийгээд чамд юу наалдаж байгаа юм, өөртөө цаг заваа зориул” гэж загнуулдгаасаа болоод хийж байгаа зүйлээ дундаас нь хаядаг залуус цөөнгүй гардаг болохоор тууштай явж чадсан залуусдаа их талархдаг.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Ер нь би хэн нэгнийг тэгтлээ шүтдэггүй. Мэдээж хүндэлдэг хүмүүс бий л дээ. Тийм болохоор хүнээс биш амьдралаас авсан “зөвлөгөө”-гөө дурдъя. 2010 онд Нью-Йоркийн Манхэттэнд би асар их стресстэй 2 сарыг өнгөрүүлсэн юм. Өөрийгөө тэндхийн хүмүүстэй харьцуулж машид голсон. Яагаад ч юм шар хөдлөөд л, ганцаараа хаягдчихсан юм шиг мэдрэмж төрөөд байсан. Тэгээд нэг шөнө бүр 3, 4 цагийн үед гудамжинд гарч орилоод, нүүрээ цасаар угаасан. Тэгтэл дотроосоо нэг юм аваад хаячих шиг л болж билээ. Тэр өдрөөс хойш гэнэтхэн өөрийгөө голохоо, бусадтай харьцуулахаа огт больж, өөртөө итгэлтэй, бас зөрүүд болсон. Сүүлд бодоход их инээдтэй хэрэг ч тэр байдлаас гарч чадаагүй бол хувь хүнийхээ хувьд одоогийн түвшиндээ хүрэхгүй байсан гэж боддог. Тиймдээ ч “Автуус ба амьдрал” номынхоо хавтсанд тэр шөнө Нью-Йоркийн гудамжинд “өөрийгөө олж” байгаагаа найзаараа зуруулан оруулж байлаа.

Манай сайтаар дамжуулан үеийн залуустаа юу хэлэхийг хүсэж байна вэ?

Америк, Солонгос, Хятад улсуудад сурч, хэрэндээ л олон орноор аялсны хувьд, өнөөдөр Монголын залуу үед золиос гаргах, өөрчлөлтийг авчрах их аз байна гэж хардаг. Өндөр хөгжилтэй орны хийгээд их хүн амтай газрын залууст тийм боломж хомс. Үйлс дуудсан цагт бид хөдлөх л хэрэгтэй.

Би хувьдаа өөрийгөө тэр азыг эдэлж яваа гэж боддог. Миний хувьд өөр зам сонгож, бусдын жишгээр өндөр цалинтай ажил хийж, чамин машин унаж, үнэтэй байранд амьдрах боломж бүрэн бий. Гэхдээ эерэг өөрчлөлт гаргах орон зай байгааг харж, цаг нь мөн гэдгийг ойлгож, одоогийн замаа сонгосон, түүндээ баярладаг.

Энэ булангийн дараагийн зочноор хэнийг оруулж, ажлынх нь арга барилын талаар мэдмээр байна?

Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн багш С.Өнөр

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

90494   32


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.