Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   10 сарын 03, 2015

"Өөдөө тэмүүл" номын хэсгээс: Ширээнд ойртон суу

2-р бүлэг. Ширээнд ойртон суу

...Өөртөө эргэлзэх иймэрхүү хандлага гол төлөв эмэгтэйчүүдэд илэрдгийг би уг нь аль эрт эрэгтэй дүүгээ анзаараад мэдчих байсан юм. Дэвид надаас хоёр насаар дүү, энэ хорвоо дээрх миний хамгийн хайртай, хүндэлдэг хүмүүсийн нэг билээ. Зүрх шимшрэм үхэл амьдралын асуудалтай байнга тулгардаг хүүхдийн мэдрэлийн мэс засалч тэрбээр хүүхдээ асрах үүргээ эхнэртэйгээ 50/50 хувиар хуваан биелүүлдэг. Бид эгээ ижилхэн нөхцөлд өссөн хэдий ч Дэвид үргэлж л надаас хавьгүй илүү өөртөө итгэлтэй байдаг сан. Ахлах сургуульд байхад нэгэн удаа аль алины маань хагас сайны оройн болзоо цуцлагдсан юм. Би тэр хагас, бүтэн сайныг юу нь болж бүтэхгүй байгаад гайхаж гунигласан хүн өнгөрөөсөн бол Дэвид харин тоож байгаа ч шинжгүй “Тэр охин том л боломж алдлаа даа” хэмээн инээдэм болгочихоод, найзуудтайгаа сагс тоглохоор явчихаж билээ. Аз болоход наснаасаа ухаалаг, уян сэтгэлтэй охин дүү минь намайг тайтгаруулсан юм даг.

Хоёр жилийн дараа Дэвид манай сургуульд элсэв. Намайг төгсөх курсэд, түүнийг хоёрдугаар курсэд байхад бид хоёул “Европын сэтгэлгээний түүх” хичээлийг нэг ангид хамт судалсан юм. Өрөөний найз, утга зохиолын мэргэжлээр сурдаг Карри маань бас тэр хичээлийг сонгосон нь надад их дэм болов. Карри бүх лекцэнд сууж, даалгаварт өгсөн арван номыг бүгдийг нь эх хэлээр нь уншив. (Тухайн үед би тэдгээр номуудыг ямар хэл дээр бичигдсэнийг мэдэхтэйгээ болсон байлаа.) Би ч гэсэн бараг л бүх лекцэнд сууж, бүх номыг англи дээр уншлаа. Харин Дэвид ердөө хоёр лекцэнд сууж, ганц ном уншчихаад, манай өрөөгөөр эргэлдэн, бидэнтэй хамт улирлын эцсийн шалгалтанд бэлдсэн юм. Шалгалтын өдөр болоход бид зэрэгцэн сууж, жижиг цэнхэр дэвтэр дээрээ гурван цагийн турш чадлаараа эрээчив. Ангиас гарч явахдаа бид нэг нэгнээсээ хэр өгснийг нь асуулаа. Би Фройдын ид буюу би-гийн талаарх ойлголтыг Шопенхауэрын хүсэл эрмэлзлийн талаарх ойлголттой холбож бичихээ мартсан тул бухимдуу байлаа. Карри ч мөн Кантын ер бус ба гоо үзэсгэлэнгийн ялгааг хангалттай тайлбарлаж чадаагүйгээ санаа зовонгуй хэлэв. Дэвид тэгтэл “Ямар дүн авсан нь тодорхой” гэв. “Тэгээд ямар дүн юм бэ?” гэж биднийг гайхахад “Мэдээж А” гэж билээ.

Түүний зөв байлаа. Тэр хэлсэн А дүнгээ авав. Хэрэг дээрээ бид гурвуулаа А авчээ. Дүү маань өөрийгөө хэтрүүлэн үнэлсэн хэрэг биш, харин Карри бид хоёр л өөрсдөдөө хэт итгэлгүй байсан аж.

Эдгээр явдлууд надад оюун ухаан, сэтгэлзүйгээ адилхан жолоодож явах хэрэгтэйг ойлгуулсан юм. Өөртөө эргэлзэх мэдрэмжээ гээх нь амаргүйг, түүнчлэн нэг л юм буруутаад байгааг би цагийн аясаар ухаарах болов. Би хэзээ ч дүү шиг хүчин чармайлт гаргалгүйгээр өөртөө итгэлтэй болж чадахгүй боловч юу юугүй л бүтэлгүйтчих гээд байгаа мэт санагдах тэрхүү мэдрэмжинд автахгүй байж болохыг ойлгов. Тийнхүү ямар нэг зүйлийг хийж чадахгүй юм шиг санагдах үедээ коллежид нэг ч хичээлд унаж байгаагүйгээ өөртөө сануулдаг болов. Ингэж би өнөөх сөрөг мэдрэмжийг даван гарч сурсан юм.

Эргэн тойронд маань тийм ч чадварлаг биш хэрнээ өөртөө туйлын итгэлтэй хүмүүс байдгийг бид бүгдээрээ мэднэ. Мөн өөртөө л итгэх юм бол асар ихийг бүтээж чадах хүмүүс ч бий. Ерөөс өөртөө итгэлгүй байх нь юм сурахгүй байх, ажил бүтэхгүй байх үндэс болдог. Энэ ажлыг хамгийн сайн хийж чадах хүн бол зөвхөн чи гэдгийг өөрөө өөртөө ч итгүүлж чадахгүй байж охид бүсгүйчүүдэд хэрхэн ойлгуулахаа би мэддэггүй. Өдгөө ч гэсэн би цөөхөн цагаар ч атугай дүү шигээ өөртөө итгэлтэй байж үзэх сэн гэж хошигнодог юм. Тэр мэдрэмж үнэхээр урамтай, эгээ л өдөр бүр А авах нь тодорхой юм шиг сайхан байна гэдэгт эргэлзэхгүй байна.


"2014 оны 6-р сард "Өөдөө тэмүүл" номын нээлтэн дээр УИХ-ын гишүүн С.Оюун үг хэлж байгаа нь. Тэрээр зохиогч Шэйрил Сандбергийн хүсэлтээр монгол орчуулгын өмнөх үгийг бичсэн билээ.


Өөртөө итгэлгүй болсон үедээ би нэгэн аргыг хэрэглэдэг. Шаардлагатай үед дүр үзүүлэх энэ аргыг би 1980-аад оны үед аэробекийн багш байхдаа өөртөө нээн илрүүлсэн юм. (Тийм ээ, нэг ёсондоо мөнгөлөг трико, хөлний гидр өмсөн, гялалзсан толгойны кист зүүдэг байсан хэрэг. Эд бүгд том хөвсгөр үстэй минь сайхан зохицдог сон.) Тухайн үед Жэйн Фондагийн нөлөөгөөр аэробэк бол бүтэн цагийн турш тасралтгүй инээмсэглэх явдал гэж үздэг болчихсон байв. Зарим өдөр инээмсэглэл өөрийн эрхгүй л цаанаасаа ундраад ирнэ. Харин сэтгэл гундуу үед дүр үзүүлэхээс өөр аргагүй. Хачирхалтай нь бүтэн цаг албаар инээмсэглэхээр өөрийн эрхгүй баяртай болчихдог сон.

Хэн нэгэнд уурлачихсан хэдий ч хүмүүсийн дунд бүх зүйл гайхалтай сайхан байгаа мэтээр жүжиглэх үе бидний олонхид л тохиолддог. Нөхөр бид хоёрт ч нэг нэгэндээ туних үе хааяа гардаг бөгөөд ийм нөхцөл үүсмэгц бид аль нэг найзындаа зочилж оройн хоол иддэг юм. Тэгээд “бүх зүйл гайхалтай сайн” байгаа мэт инээмсэглэсээр, хэдхэн цагийн дараа үнэхээр л баяр хөөртэй болчихдог.

“Бодитоор мэдрэх хүртлээ дүр үзүүлэх” энэхүү стратеги үнэхээр хэрэгждэг болохыг судалгааны дүнгүүд ч баталдаг. Хүмүүс ердөө л хоёр минутын турш хүч чадал мэдрэгдэхээр аяглахад (жишээ нь, бүх мөчөө дэлгэн том орон зай эзлэхэд) ноёрхлын дааврын түвшин (тестостерон) нь дээшилж, стрессийн дааврын түвшин (кортисол) нь буурдгийг нэгэн судалгаагаар тогтоожээ. Улмаар тэд өөрсдийгөө илүү хүчирхэг, илүү хариуцлагатай болсон мэт санаж, эрсдэлийг даах чадамж нь улам нэмэгдэж байжээ. Ердөө л биеийн байрлалаа өөрчлөхөд хүний хандлага ихээхэн өөрчлөгддөг байна.

Үүгээрээ би хэн нэгнийг өөртөө хэт итгэж, бардамнал, хийрхэлд автаасай гэсэнгүй. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ийм зан авир гаргахад хэн ч дуртай байхгүй. Гэхдээ өөртөө итгэлтэй байх нь, ядаж л тийм дүр үзүүлэх нь сайхан боломжийг атгахад зайлшгүй шаардлагатай байдаг. Боломж гэдэг барагтай л бол өөрөө гарч ирдэггүй, түүнийг барьж авах ёстой гэж хүмүүс улиг болтол хэлдэг ч би энд зориуд давтмаар байна. Гүүгл-д зургаан жил хагас ажиллах хугацаандаа би дөрвөн мянга гаруй ажилтныг багтаа элсүүлсэн байдаг. Би бүгдийг нь төдийлөн сайн таньдаггүй ч тушаал дээгүүр зуу орчмыг нь лав мэддэг байв. Энэ хугацаанд би, боломжийг алдалгүй барьж авахдаа эрчүүд эмэгтэйчүүдээс ихэнх тохиолдолд хавьгүй хурдан байдгийг ажигласан юм. Шинэ оффис нээх юм уу шинэ төсөл эхлүүлж байгаагаа зарлах үед эрчүүд л үүдийг минь тогшин, тэрхүү ажлыг яагаад удирдах ёстойгоо тайлбарлахаар зогсож байдаг сан. Ерөөс эрчүүд шинэ ажил зарлагдсан ч, зарлагдаагүй ч өсөж дэвжих бололцоог байнга л эрэлхийлж явдаг. Тэд өсөж хөгжих гэсэндээ яаран адгаж, илүү ихийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Үнэхээр ч тэдний зөв байх нь олонтаа. Яг л миний дүү шиг. Харин эмэгтэйчүүд ажил албаа солихдоо, шинэ зүйлд өөрийгөө сорихдоо илүү болгоомжтой ханддаг. Заримдаа би бүр тэднийг шинэ салбарт, шинэ газар ажиллаач гэж ятгачихсан сууж байдаг юм. Тийн ухуулсаар байхад “Сайн хийж чадна гэдэгтээ үнэндээ тийм ч итгэлтэй биш байна”, “Сайхан сонсогдож байна. Гэхдээ би урьд нь иймэрхүү зүйл ер хийж байгаагүй”, “Одоогийн албан тушаалдаа сурах юм надад их байна” гэж хариулах эмэгтэйчүүдтэй би тоймгүй олон таарсан. Харин эрчүүдээс иймэрхүү хариулт сонссон тохиолдол бараг л үгүй...

"Өөдөө тэмүүл" номын 41-р тал.

Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шэйрил Сандбергийн энэхүү ном Монголд орчуулагдан гарсан цагаасаа хойш "Интерном"-ын бестселлер жагсаалтад багтсаар байгаа билээ.

35694   5


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.