Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   09 сарын 30, 2015

“Би хэрхэн ажилладаг вэ?” – M.A.D компанийн үйл ажиллагаа эрхэлсэн гүйцэтгэх захирал Ц.Уянга

Тэр асар их мэдээлэл дунд ажилладаг. Монголын эдийн засаг, тэр дундаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн судалгааг хөрөнгө оруулагчдад зориулан хийдэг болохоор тал талын мэдээлэл мэдлэгтэй байх ёстой хэмээн ярьж байв. Тийм ч учраас сошиал медиа ертөнцөд нэн идэвхтэй байдаг биз ээ. Твиттерт 40 мянга, фэйсбүүкд 27 мянга дагагчтай гэхээр хэлж ярьж байгаа бүхэн нь нийгмийн тодорхой хэсэгт хүрч нөлөөлж байдгийг илтгэнэ. Ингээд Монголын хүчирхэг бизнес эмэгтэйчүүдийн нэг түүнтэй ажлынх нь онцлог, арга барилын талаар сонирхолтой яриа өрнүүлснээ толилуулж байна.

Байршил: Улаанбаатар
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: M.A.D ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн гүйцэтгэх захирал
Таны ажиллах арга барилыг ганц хоёр үгээр тодорхойлбол: Нэгэн зэрэг олон ажлыг үр дүнтэйгээр гүйцэтгэх
Хэрэглэдэг гар утас: iPhone 6 Plus
Хэрэглэдэг компьютер: iMac Office Last Generation
Сошиал медиа хаягууд: @Uyanga_ts, Uyanga Tsoggerel /фэйсбүүк хуудас/

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ ПРОГРАМ, АППЛИКЭЙШНҮҮДЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Манай байгууллагын бүх үйл ажиллагаа iMac-ийн орчинд өрнөдөг. Бүх шатны харилцааг зохицуулж, хянах боломжтойгоос гадна хэрэглэхэд маш хялбар, ахисан түвшний мэдлэг шаарддаггүй онцлогтой. Мөн хамгаалалт өндөртэй, найдвартай ажиллагаатай учраас iMac-ийн оффисийн хэрэглээний програмуудыг бол байнга, тогтмол ашигладаг.

Утсан дээр олон төрлийн янз бүрийн аппликэйшин бий. Twitter, Messenger, Skype зэрэг түгээмэл апп-уудаас гадна Sketch Up гэдэг апп-ийг онцолмоор байна. Энэ апп-ийн тусламжтайгаар үл хөдлөх хөрөнгийн дизайн, интерьерийн төсөөллийг гаргаж болдог юм. Хэмжээ авах, зураг гаргах, модель бүтээхэд их хэрэг болдог.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Хийж буй ажил маань намайг олон зүйлийг зэрэг амжуулахыг (multitasking) шаарддаг. Тиймдээ ч микро-менежмент, нарийн ширийн зүйлсэд анхаарах тал дээр нэлээн сайжирч байх шиг байна. Бас хүмүүсийн гараас юм гаргахдаа сайн байх. Нэлээд сайн шахах, урамшуулах, хор шарыг нь малтах гээд олон янзаар үзнэ дээ.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Улаанбаатар хотын хамгийн гол байршлуудын нэг, их дэлгүүрийн урдах усан оргилуурын дэргэд орших M.A.D-ийн 2 давхар оффисын байр монгол хэв маягийг орчин үеийн интерьер шийдэлтэй хослуулжээ. Тус оффисын загварыг Уянга захирал ажилчдынхаа хамт гаргаж, зарим засал чимэглэлийн ажлыг нь өөрсдийн гараар хийсэн болохоор их хайртай байдаг гэнэ. Чөлөөтэй уур амьсгалыг бүрдүүлсэн оффисынхоо тийм ч том биш зайд даруухан суух түүний өрөөнд хүүхдүүдийнх нь хичээл дээр хийсэн бүтээлүүдээс эхлээд няравын өрөө юу гэлтэй түлхүүрүүд, хайрцаг сав мэтийн жижиг сажиг зүйлс дүүрэн байх аж. Компаниа анх байгуулаад удаагүй байхдаа хэвлэж байсан гэх урам зоригтой ажиллахыг өдөөсөн үгс ч энд байна.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Би сүүлийн 4 жил машин огт унаагүй. Гэр бүлдээ, найз нөхдөдөө зарцуулах ёстой үнэтэй цөөн цагаа замын түгжрээнд зарцуулж, өөрийгөө стрессдүүлэхийг огт хүсээгүй хэрэг. Машин унахаа больсноос хойш амьдралтай илүү ойрхон байж, цагаа ч үр дүнтэй зарцуулах боломжтой болсон гэж боддог. Хэзээ ч түгжрэхгүй байна гэдэг маш том давуу тал болдог юм шүү.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Энэ тал дээр уламжлалт арга барилтай. Аливаа хурал, уулзалтанд тэмдэглэлийн дэвтэргүй орно гэж байхгүй. Ер нь бол дэвтэртээ бүх төрлийн жагсаалт, тэмдэглэлүүдээ бичдэг гэж бичиж болно. Ажил дээрээ ч гэсэн самбар их ашигладаг. Самбар дээрээ ажлуудаа жагсааж бичээд, түүнээсээ салаалуулаад ажлаа хуваарилаад, олон өнгөөр ялгаад л явчихна шүү дээ. Гараар бичих нь өөрөө хийх ажлуудаа өөртөө хоногшуулахад их дөхөмтэй байдаг.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Монголын зах зээл өөрөө залуу, дөнгөж төлөвшиж бойжиж байгаа болохоор олон төрлийн бэрхшээл, сорилтууд тулгарна. Гэвч энэ нь өөрөө мэргэжлийн болон хувь хүнийхээ хувьд туршлагажих, мэдлэгээ нэмэгдүүлэх, зах зээлтэйгээ хамт хувьсан хөгжих боломжийг олгодог давуу талтай байдаг юм. Төрөл бүрийн зах зээлийг судлах шаардлагатай байдаг тул тогтмол мэдээллээр цэнэглэгдэж, мэдлэгийн цар хүрээгээ тэлэх боломжийг олгодог гэж боддог.

Нөгөө талаараа ийм зах зээл дээр ажиллаж байгаа маань тодорхойгүй байдлыг үүсгэж, тэр хэрээрээ санхүүгийн болон бусад эрсдэлүүдийг бий болгодог. Тогтворгүй, чиглэлгүй байдал нь өөрөө энэ зах зээлд ажиллаж буй хүмүүсийг их цуцаадаг.

ЭДИЙН ЗАСАГ УДААШРАЛТАЙ БАЙГАА ЭНЭ ҮЕД ТАНАЙ КОМПАНИ ЯМАР ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙГАА ВЭ? ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТДАГ КОМПАНИД АЖИЛЛАДГИЙН ХУВЬД ИЙМ ҮЕД МОНГОЛЧУУДАД ЮУ ГЭЖ ЗӨВЛӨХ ВЭ?

Өнөөгийн нөхцөл байдалд ирээдүйн төлөв байдлыг тодорхойлж чадахгүй байгаа учир хямралын менежментийг төлөвлөх их хэцүү. Гэвч бид их халалтын үед буюу эдийн засаг мандаж байх үед компаниа бэхжүүлэх тал дээр хөлс хүч, хөрөнгө мөнгө зарж чадсаны хүчээр одоо өвдөлтийг харьцангуй бага мэдэрч байна. Бид олсон орлогоороо элдэв зүйлд хөрөнгө оруулах буюу шууд зарцуулахын оронд засаглалаа сайжруулах, системээ бэхжүүлэх, боловсон хүчнээ чадавхжуулах зэргээр ажилласан. Үүний ачаар бид нэг ч ажилтнаа цомхотгоогүй, цалингаа нэг ч хувиар танаагүй ажиллаж байна.

Монголчуудад, ялангуяа бодлого тодорхойлогчдод хандаж хэлэхэд, богино хугацаанд шархаа нөхөх гэсэн сэтгэхүйгээр аливаад хандахаа болиоч ээ, харин алдаагаа хүлээн зөвшөөрч, урт хугацаагаа харсан нүүдлүүд хийгээсэй гэмээр байна. Одоо манай эдийн засгийг богино хугацаанд засаж сайжруулах ямар ч бололцоогүй. Ингэх нь улам л их урхаг тарих болно. Урт хугацаанд чаддаггүй юм аа гэхэд ядаж дунд хугацааны бодлого, зорилтуудаа гаргамаар байна. Алс хэтийн бодлого, төлөвлөгөө байхгүй газар гадаадын хөрөнгө оруулалт яалаа гэж орж ирэх вэ дээ.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Яг одоо манай компани АХБ-тай хамтран гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл дээр ажиллаж байна. Урт хугацааны ажил ч гэлээ тогтмол шат ахин, урагшилж байгаа гэж хэлж болно. Хөрөнгө оруулалтын орчин муу байгаа учир шинэ төслүүд рүү орохоос илүү байгаагаа сайн тордох, арчлах ажлуудыг л хийж байна даа.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Тухайн үеийн нөхцөл байдлаасаа хамаарч, төрөл бүрийн дуу сонсдог. Сүүлийн үед Apple Music-ийн special
subscription service
-ийг их ашиглаж байгаа. Эндээс би төрөл бүрийн ангиллын дуунуудыг playlist хэлбэрээр сонсдог. Ажлаа хийж байхдаа хуучны, 70, 80-аад оны дуунуудыг их сонсох дуртай. Ер нь тэр үеийн хүмүүс их сонирхолтой үед амьдарч байж дээ гэж их бодогддог шүү. Энд сонсдог хөгжмийн ангиллуудаа хавсаргалаа

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Хүн бүрийн заавал унших ёстой гэж боддог сонгодог зохиолуудыг нас ахих тусмаа хэд хэдэн удаа, бүхий л өнцгөөс нь харан уншсан болохоор авах ёстой зүйлсээ хангалттай авчихсан гэж боддог. Тийм ч учраас, бас цаг заваас шалтгаалаад орчин цагийн ном зохиол сайн уншиж чадахгүй байна. Харин ажил маань намайг судалж байгаа чиглэлийнхээ талаар тогтмол нийтлэл, судалгааны ажлуудыг уншихыг шаарддаг нь унших хэрэгцээг нөхчихдөг юм. Сүүлийн үед urban economy буюу хотын эдийн засгийн талаар сонирхон судалж байгаа. Яагаад 40 мянгатын үнэ цэн жил бүр өсөж байна? Яагаад хотын төвд дан оффис, үйлчилгээний байгууллагууд байж болдоггүй вэ? Ногоон байгууламжууд юуны учир хэрэгтэй вэ гэх мэт уншиж судлах асуудлууд олон байна.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Сошиал медиад идэвхтэй байдгийг маань бодохоор хүн бүр намайг нээлттэй, яриасаг гэж хэлэх байх. Гэхдээ нөхөр маань намайг асуудлаа дотроо хадгалаад явдаг, сэтгэлээ уудалж ярилцдаггүй гэж зэмлэдэг юм.

ТА МОНГОЛЫН ХАМГИЙН ОЛОН ДАГАГЧТАЙ ЖИРГЭЭЧДИЙН НЭГ. СОШИАЛ ЕРТӨНЦӨД ИДЭВХТЭЙ БАЙХЫН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛ НЬ ЮУ ВЭ?

Эхэндээ твиттерийг өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцахын тулд их л романтикаар ашигладаг байлаа. Харин одоо байдал өөрчлөгдөж илүү нөлөөллийн шинж чанарыг нь анхаарах болж. Аливаа асуудалд хүмүүсийн анхаарлыг татах, мэдээлэл өгөх нь ач холбогдолтой. Цаадуул чинь ингэж ярьж байна лээ шүү гээд том хурал цуглаан дээр ярилцаж байна гэдэг жиргээчдийн яриа холбогдох хүмүүсийн анхаарлыг татаж, нөлөөлж байгаагийн нэг хэлбэр шүү дээ. Мөн мэдээллийг их шуурхай авах боломжийг олгодог. Байнга мэдээлэлтэй ажиллах ёстой миний хувьд үүнийг давуу тал болгож чаддаг.

Нөгөө талаар байнга твиттер ашиглах маань “донтолт” болчихсон юм шиг санагддаг. Яг л тамхинаас гарах гэж тэмцэж байгаатай адил твиттер хэрэглээгээ хязгаарлах гэж өөртөө зорилго тавьж, утаснаасаа апп-ийг нь устгаж, өөртэйгөө үргэлж тэмцэх гэж оролддог юм. Гэвч нэг л мэдэхэд Safari-гаар дамжиж ороод уншчихсан сууж байдаг. Хором мөч бүр үнэтэй энэ цаг үед яаж ийж байгаад л тодорхой цагийг үрээд байдаг юм.

ТА БИЕИЙН ТАМИР, СПОРТООР ХЭР ИХ ХИЧЭЭЛЛЭДЭГ ВЭ?

Blue Sky-ийн Блисс гэдэг фитнессд явдаг. Би багаасаа бөмбөгтэй спортуудаар хичээллэдэг байсан учраас байнгын өндөр ачаалалтай байж, дасгал хийхийг бие маань шаарддаг болчихсон юм. Үүнээс гадна ийм учир нь ойлгогдохгүй замбараагүй зах зээлд өдөр бүр сорилт бэрхшээлүүдтэй тулгарч, бараг л "гладиаторын тулаанд" оролцож байгаа мэт стресстэй байдаг. Тиймээс ойр дотныхондоо тэр стрессээ гаргахын оронд долоо хоногт 4-5 удаа фитнессээр хичээллэж, усанд сэлж, “өөрийгөө зовоодог” доо.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Орой 00:00 цагт өөрийгөө “хүчээр” унтуулдаг. Харин өглөө 6:30-д яг босдог. Хүүхдүүддээ илүү их цаг гаргаж, тэднийхээ өглөөний цай болон хичээлийг бэлдэхийн тулд өөрийгөө “үсдэн” байж л эрт босдог доо.

ТА ХЭНЭЭС ЮУНААС ЭРЧ ХҮЧ, УРАМ ЗОРИГ ОЛЖ АВДАГ ВЭ?

Амьдралыг гоё сайхан өнцгөөс нь харах нүдийг маань нээж өгсөн үеэл ахаа хамгийн эхэнд дурдмаар байна. Багаасаа их ойрхон өссөн ах минь надад бүх л талаар үлгэрлэж, даган дууриах эрч хүчийг өгдөг байлаа. Их л ховорхон хүн байсан даа.

Өвөөгөөсөө би амьдралын ухаан, төлөвшлөө олж авсан гэж боддог юм. Өвөөгийн маань туулж өнгөрүүлсэн амьдралын замнал их онцгой содон болохоор энэ эрхэм хүнээ илүү ихээр нээж, танин мэдэх тусам улам бүр бахархаж, улам их урам зоригийг олж авдаг.

Эцэст нь амьдралын хатуу хүтүү, жаргал зовлонг хамтдаа хуваалцаж буй насны ханиа хэлмээр байна. Догонцох үед минь хамтдаа догонцож, баярлаж хөөрөх үед минь хамтдаа баярлаж бүхий л зүйлд хамт байдаг түүнээсээ үргэлж суралцаж байдаг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Хамгийн анхны ажилдаа ороод удаагүй байхад даргын маань хэлсэн үг надад их гүнзгий сэтгэгдэл үлдээсэн юм. Дөнгөж 23, 24-тэй, юугаа ч мэдэхгүй гэнэхэн, тэгсэн хэрнээ омголон явсан надад дарга маань “Эмэгтэй хүнд ер нь амьдрах 2 л арга зам байдаг юм. Эхнийх нь ур ухаан, мэдлэг чадвараараа ялгарсан хүчтэй эмэгтэй болж, карьер хөөх. Нөгөөх нь сайн хүнтэй танилцан, сайхан амьдрах. Чамд бол эхнийх нь байхгүй юм шиг байна. Тийм учраас хоёр дахьд нь өөрийгөө эртнээс бэлдэж байсан нь дээр дээ” гэж хэлсэн юм. Хор шар хөдөлгөсөн энэ үгийг сонсоод би зорилготой болж, аливааг өөр өнцгөөс харж эхэлсэн гэж боддог. Түүний буруу байсныг баталж, хоёуланг нь зэрэг амжуулж болдог юм аа гэж бардам хэлэхийн тулд, хүний дор орохгүйн тулд их хичээж эхэлсэн. Өөрийгөө дайчлах болсон. Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байгаад ШШГЕГ-ийн даргаар томилогдож ирсэн Чойжамц хэмээх жинхэнэ төрийн түшээгийн удирдлага дор ажлын гараагаа эхэлснээ би их азтай хэрэг гэж санадаг.

ЭНЭ БУЛАНГИЙН ДАРААГИЙН ЗОЧНООР ХЭНИЙГ ОРУУЛЖ, АЖЛЫНХ НЬ АРГА БАРИЛЫН ТАЛААР МЭДМЭЭР БАЙНА?

Би MCS группийн ерөнхийлөгч Д.Оджаргалыг энэ буланд ороосой гэж хүсэж байна. Монголын хамгийн том компанийг удирдаж байгаа тул ажлын арга барилыг нь сонирхож байгаа хэрэг. Ер нь MCS групп компанийн засаглал, санхүүгийн чиглэлээр манлайлдаг шигээ үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй байлгаж бусдадаа үлгэрлээсэй гэж хүсдэг.

Гэрэл зургийг: Д.Ганзул

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

100306   29


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.