Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   09 сарын 29, 2015

Апп тойм: Tinder – Танилцъя, таалагдвал болзъё

Tinder бол Америкт төдийгүй олон оронд ихэд моодонд ороод байгаа болзооны апп юм. Одоогийн байдлаар 50 орчим сая идэвхтэй хэрэглэгчтэй. Тэдгээр хэрэглэгчид апп-аа өдөрт ойролцоогоор 11 удаа шалгаж, дэлхийн хэмжээнд өдөрт 12 орчим сая match үүсдэг (доор тайлбарлана) гэх статистик байдаг. Нэг сонирхолтой зүйл бол Tinder-т олны танил хүмүүс цөөнгүй бий. Алдарт “Дон Жуан” Леонардо Ди Каприо хүртэл бүртгүүлсэн гээд байгаа. Тэрээр Star Magazine-д “Би охидын профайлыг үзэж, свайп (swipe)-дах дуртай. Гэхдээ зүгээр л цаг нөхцөөж, зугаацдаг юм” гэж ярьсан байна лээ. Гараг ертөнцийн сайхан эрчүүдийн нэг, гонь бие Каприо шүү дээ, яагаад үгүй гэж?

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Энэ апп Монголд тийм ч өргөн дэлгэрээгүй. Гэхдээ хэрэглэгчдийн тоо бага багаар нэмэгдэж байгаа дуулддаг. Ганц бие хүмүүсийн хувьд хэн нэгэнтэй танилцмаар санагдвал энэ апп-ийг татаж аваад сонирхоход гэмгүй. Хэрэглэхэд хялбар хэрнээ бас их хашир эд. Ашиглахын тулд гар утасны GPS ассан байх хэрэгтэй. Бүртгүүлэхийн тулд фэйсбүүкээр нэвтэрч орох бөгөөд улмаар профайл тань таны фэйсбүүкийн мэдээлэл дээр үндэслэгдэн үүсэх болно. (Санаа зоволтгүй ээ, фэйсбүүк дээр Tinder-ийн тухай юу ч нийтлэгдэхгүй.) Tinder-ийн профайл дээр зөвхөн таны өөрийн нэр (овог гарахгүй), нас, фото зураг (мөн фэйсбүүк дээр like дарсан пэйжүүд) харагдана.
Ажиллах зарчим нь гэвэл, Tinder тантай ойр байршилд байгаа хүмүүсийг харуулах (хүйс, нас, байршлын радиус зэргийг зааж өгөх боломжтой) бөгөөд та тэдгээр профайлыг үзээд таалагдсан хүнээ баруун тийш свайпдах юм уу ногоон товчин дээр дарна. Таалагдаагүй бол зүүн тийш свайпдах юм уу улаан товчийг дарна. “Баруун тийш маажсан” хүмүүс тань таныг бас баруун тийш свайпдсан байвал та хоёр match болох буюу бие биеэ оллоо гэсэн үг. Энэ үед та хоёрыг холбох гүүр буюу мессеж бичих эрх нээгдэх юм.

Юугаараа онцлог, давуу талтай вэ?

Хэрэглэхэд хялбарыг гэдгийг түрүүнд дурдсан. Ердөө л минутын дотор профайлаа үүсгээд эхлэх боломжтой. Хүмүүс эхлээд царай харж л танилцдаг. Тэгэхээр фото зургийг нь хараад л таалагдах таалагдахгүйгээ шийдээд явах нь байдаг л зүйл юм. Харин тухайн хүний талаар илүү мэдээлэл өгөх зүйлс бол фэйсбүүкийн mutual friends ба like дарсан пэйжүүдийг харуулдаг байдал. Дундын ямар найзуудтай байгаагаас нөгөө хүн нийгмийн ямар хүрээлэлд байдаг нь бүдэг бадаг боловч харагдана. Нэг ч дундын найзгүй бол “барьцгүй, баталгаагүй” нөхөр болж хувирах магадлалтай.
Нууцлалын хувьд онц сайн. Таны профайлыг нь сонирхон үзэж байгаа хүмүүс эргээд таныг зөрж “таалахгүй”л бол өөрийнх нь профайлыг үзэж сонирхсоныг огт мэдэхгүй. Мөн ихэнх болзооны сайтуудад нэг нэг рүүгээ шууд мессеж бичиж болдог бол Tinder-т зөвхөн бие биедээ таалагдсан хоёр хүн л хоорондоо мессеж бичих буюу холбоо тогтоох боломжтой болдог.

Ямар сул талтай вэ?

Эрчүүдийн хувьд like-ийг баруун солгойгүй дарах гээд байдаг. Чин сэтгэлээсээ таалагдлаа шүү гэж хэлж байгаа нь жаахан эргэлзээтэй. Ер нь үүнтэй холбоотойгоор зөвлөхөд, Tinder чин сэтгэлийн, урт удаан харилцаа хүсэж буй хүмүүсийн хувьд найдаад байх газар биш.
Мөн хүмүүсийн апп-д хэзээ хамгийн сүүлд нэвтэрснийг харуулдаг. Тиймээс тантай сүрхий мессеж бичиж байснаа таг болчихвол тоохоо больсон эсэхийг нь мэдэх боломжтой. Түүнчлэн баруун, зүүн тийш амархан гэгч свайпдаад өнгөрдөг нь, өөрөөр хэлбэл Tinder-ийн тоглоом маягийн хэв загвар нь хүмүүсийг дор нь мартуулдаг гэмтэй. Үнэхээр хүнтэй танилцмаар байгаа бол анхаарлаа сайн төвлөрүүлэх л хэрэгтэй дээ.

Unread-ийн үнэлгээ

Tinder-т Unread 8 оноо өгөөд “Бас л зэвүүн шийдэл шүү” гэж хэлмээр байна.

Бонус: Tinder-ийг үр дүнтэй ашиглах зарим зөвлөгөө

  • 6 фото зураг тавих эрхээ бүгдийг ашигла. Сонирхолтой амьдралтай гэдгээ харуул.
  • Мессеж бичихдээ бүтээлч бай. Зүгээр л “Сайн уу”, “Юу байна” гэх нь сонирхолтой бус. Тэр олон match дотроос та ялгарах хэрэгтэй.
  • Сонирхож буй хүнийхээ өндөр намыг мэдэх боломжийг эрэлхийлээрэй. Ихэнх болзооны сайтууд энэ стат-ийг харуулдгийг Tinder дагаагүй.
  • Аюулгүй байдлаа ханга. Tinder-ээр дамжуулан болзож байгаа бол ойр дотны хүмүүстээ хаана байгаагаа мэдэгдэж байгаарай. Эхний удаа олон нийтийн газар уулзвал зохилтой.

Татаж авах

29930   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.