Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   09 сарын 16, 2015

“Би хэрхэн ажилладаг вэ?” – Batu Digital компанийн гүйцэтгэх захирал Б. Батзаяа

Батзаяа бол шинэ үеийн шилдэг энтрепренерүүдийн нэг төлөөлөл. АНУ-д юсер экспериэнс (user experience) чиглэлээр Монголоос анх удаа магистрын зэрэг хамгаалсан тэрээр дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дагнасан компаниа удирдахаас гадна гэрэл зураг авах, ном орчуулах, кино найруулах гэх мэтээр бүтээлч үйлдвэрлэлийн бүх салбарыг сонирхдог. Тэр саяхан сонирхолтой, шинэ содон арга хэмжээнүүдийг зохион байгуулах зорилготой Evex компанийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ олон ажлыг хэрхэн амжуулдаг нууцаас нь Unread хуваалцаж байна.

Байршил: Улаанбаатар
Одоо хийж буй ажил, албан тушаал: Batu Digital ба Evex Entertainment компанийн гүйцэтгэх захирал. Unread.today сайтын хамтран байгуулагч, арт директор
Сонгуульт: Америкт төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн.
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Нэгэн зэрэг, бага багаар, зогсолтгүй
Хэрэглэдэг гар утас: iPhone 6
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro Retina Mid 2013

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Сүүлийн үед анзаараад байхад би аливааг алсдаа болгоно доо гэсэн байдлаар ажилладаг болсон юм шиг. Ирээдүйгээ харсан ч гэх юм уу. Тиймээс олон төрлийн хэдэн хэдэн ажлыг нэг зэрэг эхлүүлээд зогсолтгүй урагшлахыг хичээдэг. Бага багаар ч хамаагүй. Эхлүүлсэн л бол аль болох дундаас нь хаялгүй ямар нэг байдлаар дуусгаж байж л салдаг. Үүний нэг жишээ гэвэл 2012 онд эхлүүлсэн нэг орчуулгын ном маань удахгүй хэвлэгдэх гэж байгаа. Юм ер нь болох ёстой цаг нь болохоор бүтдэг юм шиг санагддаг. Тэгэхээр тэвчээртэй, тууштай ажиллаж бас сурч байна.

Бас аливаад бүтээлчээр хандахыг, хийж байгаа юмаа өөр түвшинд аваачихыг хичээдэг. Хийсэн юманд ямар нэгэн өө байх юм бол тайван байж чаддаггүй. Юмыг аль болох төгс буюу төгс байдалд дөхүүлж хийхийг хичээдэг (OCD). Бас сайтар төлөвлөх, гарч болох асуудлуудын гарцыг урьдчилан таамаглах дуртай болсон. Ер нь бас зарим үед яагаад ийм байж болохгүй билээ гэсэн эсэргүү бодолд хөтлөгдөж ажилладаг нь нэг онцлог юм уу даа.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшнүүдээсээ нэрлэнэ үү?

Миний ажлыг хамгийн их хөнгөвчилж өгдөг аппууд гэвэл Trello, Evernote, Wunderlist, Slack, Dropbox, Google Drive. Одоо эдгээргүйгээр бол ажил хийнэ гэж төсөөлөгдөхгүй байна. Мэргэжлийн талаас гэвэл Brackets, Photoshop, Lightroom, Pixate Studio, Balsamiq Mockups, FileZilla гэх мэт. Имэйл ер нь сайн ашиглахыг хичээдэг. Mail апп дотор 8 имэйл хаяг оруулчихсан л байж байгаа. Өглөө бүр имэйлүүдийн ард гарна гэдэг бас нэг ёсны тулаан шүү дээ.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Өөрийн хамгийн их бүтээмж гаргадаг цагийг олох нь цаг хэмнэх хамгийн зөв аргуудын нэг байх. Энэ үеэ зөв ашиглаж чадвал багахан хугацааны дотор асар их зүйлийг амжуулдаг мэт санагддаг. Миний хувьд дөнгөж сэрмэгцээ нөүтбүүкээ дэлгээд юм хум идэж уух ч үгүй, нүүр гараа ч угаахгүй 2-3 цаг суух тохиолдол олон. Тэрхэн хугацаанд олон зүйлийг амжуулчихдаг юм. Бас орой 10 цагаас хойш шөнийн 1-2 цаг хүртэл үр дүнтэй сууж чаддаг. Энэ үед ер нь нойр хүрэхээ байчихдаг шүү. Тийм ч учраас аливаа ажлыг хатуу цагийн хуваарь, төлөвлөгөөний дагуу хүчилснээр цаг хэмнэж, бүтээмж гардаг гэдэгт би итгэдэггүй.

Аливааг хийхийн өмнө толгойндоо төсөөллөө сайн буулгах ёстой байх. Товчхондоо бэлдэх ёстой гэсэн үг. Яаран яандран хам хум хийсэн бүтээл сайн болж чаддаггүй. Эхлэхийнхээ өмнө юу болохоо төсөөлчихсөн байхад яг бүтээх явц бол механик ажиллагаа л даа. Гол ажил бол тархинд л явж байдаг байх.

Дизайны талаас харах юм бол онгод орох гэж юм байна. Зарим үед 5 өдөр гацсан юмаа 5 минутын дотор ч хийчих тохиолдол байна. Бас сүүлийн үед цаг хэмнэхийн тулд таксинд ч юм уу явж байхдаа имэйлээ шалгаж, аудио ном сонсож байхыг хичээж байгаа.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Wunderlist дээр хувийн, хувьсгалын, хүний гэх мэт ангиллуудад хуваасан хийх зүйлсийн жагсаалтууд бий дээ. Харин ажлын ерөнхий дүр зураг маань Trello дээр, харин өөртэйгөө болон ажилтай холбоотой тэмдэглэл, санаж байх хэрэгтэй зүйлс бол Evernote дээр байдаг. Хааяа ажил дээр Slack-аар ямар нэг юмыг марталгүй санахын тулд өөр лүүгээ юм бичээд орхичихдог болоод байгаа. Сүүлийн үед бас зөвхөн тухайн өдрөө хийх юмаа тэмдэглэлийн дэвтэр дээр жагсааж бичээд хийж дуусгасныгаа дараад дараад явдаг аргад суралцсан. Ер нь өглөө бүр тухайн өдөр хийх юмаа ерөнхийд нь төлөвлөчихвөл амар байдаг юм шиг. Уулзалтуудаа бол Apple-ийн Calender дээр л тэмдэглээд явчихдаг. Ер нь олон юманд оролцдог болохоор тэмдэглэхгүй л бол мартчих гээд байдаг талтай. Жаахан ADHD-тэй болохоор өөрийгөө тэгж л хянах гэж оролддог доо.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Ер нь янз бүрийн юм их сонирхоно. Тэгээд бодсоноо хийх гэж зүтгэхдээ л сайн даа. Бодсоноо хийхгүй хаяна гэж бараг байхгүй. Зарим нь бүтнэ. Зарим нь бүтэхгүй. Мухарлаад л хаяад байхыг хичээж байна. Бодож яваа юмнууд ч их бий. Бас би чинь одоо дижитал бүтээгдэхүүний дизайнер хүн шүү дээ. Тэгэхээр үүнээсээ болоод ч тэр үү аливаа нэгэн зүйлийг conceptualize хийх буюу хийсвэрээр сэтгэн бодох, төсөөлөх, боловсруулах, тэрийгээ нүдэнд харагдаж, гарт баригдахаар болгож буулгахдаа муугүй гэж болох юм. Байхгүй зүйлийг бий болгохын тулд шаардлагатай бүх шат дамжлагуудыг төсөөлөх чадвар гэх юм уу. Design Thinking гэж их ярьдаг болсон доо, сүүлийн үед. Бизнес, дизайн, технологийг хослуулах гээд үзээд л байна.

Дижитал бүтээгдэхүүнүүд гаргадаг компанийг удирдахын онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Дизайн, технологи, бизнес гээд олон зүйлийг уядаг тул хайрцагнаас гадуур сэтгэх ёстой мөртлөө хайрцаглагдах шаардлагатай болдог. Тиймээс сэтгэл зүйн хувьд өдөр бүр тулаан хийж явдаг. Challenge өндөртэй. Тэр нь ч гоё байдаг. Хөгжиж, суралцаж байгаагаа мэдэрдэг гэх үү дээ. Хүссэнээ хийж чадаж байгаа нь бас маш сайхан зүйл. Эерэг сайн тал нь гэвэл энэ чиглэлээр юу ч хийе гэсэн боломж нь байна. Дэлхийд ч тэр, Монголд ч тэр.

Бэрхшээлтэй зүйлс бас олон. Монголоо муулж байгаа юм биш, гэхдээ манайханд хариуцлагатай, сэтгэл зүтгэлтэй байх, итгэл даах тал дээр ерөнхий хандлага нь жаахан дутмаг юм шиг. Энэ зүйлийг сайн хийчихвэл дараагийн юмны маань хаалга нээгдэнэ шүү дээ гэдгийг ойлгохгүйгээр гялс дуусгаж, хийсэн нэр зүүх төдий байх нь элбэг. Хариуцлага талаасаа бол өөрийн хийх ёстой байсан юмыг хийгээгүй хариуцлагаа бусдад чихэх гэж оролдох нь түгээмэл харагддаг. Манай харилцагчдаас хүртэл заримдаа ажил хариуцсан хүн нь таг алга болоод, тэгээд захиралтай нь шууд холбогдонгуут нөгөө хүн нь ажлаа хийгээгүйдээ бантаад бид нарыг алга болчихлоо гэж хэлж амиа аргалсан байсан тохиолдол маш олон гарч байсан. Шантрамтгай хүмүүс ч юм шиг. Хүнийрхүү ханддаг ч гэх юм уу. Бас хэлсэн ярьсандаа байдаггүй гэдэг асуудал байна. За асуудалгүй гэчихээд алга болчих тохиолдол олон. Бас учиргүй сүржигнэж томорч байснаа мөнгөө өгөх болохоороо утсаа авахгүй зугтаадаг хүмүүс байна. Хэд хэдэн олны танил компани, хүмүүс тиймэрхүү хандлага гаргасан. Монгол жижигхэн учраас уг нь тийм юм дэмий л санагддаг юм.

Монголд өндөр чадвартай, хөрвөх чадвартай баг хамт олон хэрэгтэй санагддаг. Мэргэшсэн, чадварлаг боловсон хүчин дутагдалтай байна. Тийм болохын тулд сурч хөгжих хэрэгтэй.

Залуус бас хэтэрхий амбицтай, хүн бүр манлайлах гээд байдаг болж. Яг хийж бүтээдэг, хийж бүтээсэн юмтай хүмүүс нь жаахан цөөрөөд байна уу гэж анзаарагддаг. Хүмүүс зүгээр л хэт яараад, амархан томрох гээд байдаг юм шиг. Стартап хөдөлгөөн хүчээ авч байгаа. Манай залуус гялс хийгээд л мундаг баяжаад явчих юм шиг хандаад байдаг нь жаахан тиймхэн. Silicon Valley-д ч гэсэн тийм хөөс нь хагараад дуусчихсан. Ганц санаанд хөрөнгө оруулаад л мундаг болдог юм гэж байхгүй. Гол нь баг, тууштай байдал. Хэдийгээр яг стартап байгуулж байх тэр үе, тэр мэдрэмж их гоё ч яг бизнес болгоод аваад явна, оршин тогтнох үндсийг хангана гэдэг том сорилт. Тэр үед л жинхэнэ энтрепренер мөн үү, үгүй юү гэдэг нь шалгагдана даа.

НӨАТ гэдэг том асуудал бас байна (инээв). Технологи, дизайны компаниудад эргэж үндсэндээ орж ирдэггүй. Татвар, шимтгэлүүд, НӨАТ гээд бараг борлуулалтын 20-30 хувиа өгчихдөг нь тогтвортой өсөлт бий болгоход бэрхшээлтэй. Мөн олон нийтийн дунд дижитал бүтээгдэхүүний талаарх ойлголт муу, үүний хэрээр үнэлгээ багатай. Үүнийг өөрчлөх, мэргэжлийн түвшний бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргаж ирэх, ямар байдгийг мэдрүүлэх, стандарт тогтоохыг хичээж байна даа.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна?

Энэ сард Evex Entertainment маань The Color Event UB арга хэмжээг Монголд зохион байгууллаа. Үүн дээр асар их төвлөрч ажилласан. Одоо эргээд Batu Digital компанийн дотоод үйл ажиллагаа, соёлыг сайжруулах, суулгахаас гадна захиалгат болон өөрийн бүтээгдэхүүнүүд дээр голлон ажиллаж байна. Компанийн гол зорилго маань гадаадын зах зээлд гарах тул чадварлаг хамт олныг бүрдүүлэх, судалгаа хийх тал дээр илүүтэй ажиллаж байна. Мөн одоогоор зарлах болоогүй хэд хэдэн хувийн төсөл бий. Цаг нь болохоор хүмүүст хүрнэ биз ээ.

Та ажиллаж байх үедээ ямар хөгжим сонсдог вэ? Ямар төрлийн хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?

Юу хийж байгаагаас шалтгаална. Бичиг цаастай холбоотой юм хийж байхдаа аль болох үггүй аялгуунууд сонсохыг хичээдэг. Харин дизайн юм уу бүтээл туурвиж байхдаа рок, хип хоп гээд янз бүрийн жаахан эрч хүчтэй юм сонсоно. Миний iTunes дээр байгаа артистуудаас дурдах юм бол Frank Ocean, Nas, Kendrick Lamar, Dumbfoundead, Disturbed, Yelawolf, The Weeknd, Kanye West, Bjork, Arctic Monkeys гээд зөндөө байна. Бас дээр үеийн дуунуудад дуртай. Phil Collins-ийн Up In The Air, Patrizio Buanne-ийн Parla Pu Piano, Gary Jules-ийн Mad World гээд л.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна?

Би ер нь ном уншихдаа хэд хэдийг зэрэг эхлүүлчихдэг онцлогтой. Одоо бол Жон Максвеллийн The 21 Irrefutable Laws of Leadership, Оливиа Фокс Кабанегийн The Charisma Myth, Конн Иггулдений Wolf of the Plains тэгээд З.Бжезинскийн “Шатрын аварга хөлөг” гэсэн дөрвөн номыг эхлүүлчихсэн байгаа. Хэзээ дуусах нь уу? Ном унших цаг их бага гардаг болчихсон байна лээ. Хамгийн сүүлд дуусгасан ном гэвэл Кевин Жонсоны The Entrepreneur Mind юм байна. Нийтлэл гэвэл зөндөө зөндөө. Би унтахынхаа өмнө Zite.com-ийг гүйлгэж хараад уншина гэсэн нийтлэлүүдээ Pocket руу хийчихдэг юм. Завтай үедээ тэндээс нэг нэгээр уншина шүү дээ.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Ер нь би Монголд эргэж ирснээсээ хойш өөрийгөө илүү интроверт тал руугаа болоод байгаа гэж боддог. Үе үе ганцаараа байж өөрийгөө цэнэглэх шаардлага ихсээд байгаа. Хуучнаа бодвол ярих нь багасаж, сонсох нь ихсээд байх шиг. Яахав бүр дуугүй суугаад байна гэсэн үг биш л дээ. Манай нийгмийн байдал, бухимдал, стресс ч нөлөөлдөг байх. Судалгаанаас уншиж байсан юм. Хүний хэл солигдохоор зан характер өөрчлөгддөг гээд. АНУ-д байхдаа бол экстроверт талдаа байсан. Шал танихгүй ч байсан хамаагүй янз бүрийн хүмүүстэй нийлээд л, пиво уугаад л, санаа оноогоо цензургүй авч өгнө шүү дээ. Тэгэхээр орчин, хэл, амьдралын хэв маяг нөлөөлдөг нь үнэн байх. Байгалиасаа бол би аль алиных нь хэв шинжийг агуулсан гэж боддог. Хэдийгээр “галзуу”, нээлттэй, нийтэч, яриа байх нь олонтаа ч заримдаа бүр огт гармааргүй, эсвэл юм яримааргүй санагдах үе ч бас бий. Тийм үедээ чихэвч зүүгээд ганцаараа алхах, эсвэл кофе уугаад юм бодож, тэмдэглэл хийж суух дуртай.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Би ер нь “шар шувуу” талдаа байх. Яагаад ч юм унтахаар маргааш болчихно ш дээ гэж бодогдоод унтмааргүй байдаг юм (инээв). Харин сүүлийн үед эрт унтахыг хичээж байгаа. Урьд нь голдуу шөнийн 2, 3 хүргэдэг байсан бол одоо үндсэндээ хүчээр 12-1 цагийн үед унтаж байгаа. Сэрүүлэг бол яг 8:15-д дуугардаг.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Асар хүнд, ачаалалтай, стресстэй өдрийн дараа эрч хүч, урам зориг өгдөг хүмүүс бол мэдээж ойр дотныхон маань. Хамт ажиллаж байгаа хүмүүсээс, эргэн тойрны хийж бүтээж буй залуусаас урам зориг авна. Бас хийсэн юмыг маань хүмүүс хэрэглээд л, эсвэл хараад л гоё юм аа гээд байж байхыг харах маш урамтай. Ер нь заавал нэг оролдож, хийж байж л эрч хүч авдаг юм шиг байгаа юм. Тэрхүү бүтээлч хандлагыг хөгжүүлэхэд хамгийн ихээр нөлөөлсөн хүн бол Linkin Park хамтлагийн Майкл Кенжи Шинода. Жаахан ч байж. Түүнээс нэг хүн хэрхэн олон зүйлийг хийж бүтээх боломжтой байдгийг анх ойлгож байлаа. Грэмми хүртсэн рок хамтлагийн продюсер тэрээр одоо бүтээгдэхүүний дизайн хийж, киноны хөгжим бичиж, уран зургийн үзэсгэлэн гаргаж, Adidas-д спорт гуталны дизайн хийж, бүр цаашлаад ухаалаг утасны тоглоом хүртэл гаргаж байна. Мэргэжлийн хувьд бол яах ч аргагүй Braun-ий Dieter Rams болон Apple-ийн Жонатан Айв-ийг дурдахгүй байхын аргагүй. Тэр хүмүүсийн минималист, утилитариан авч дэндүү niche гэмээр бүтээгдэхүүний дизайнуудыг биширч явдаг. M.C.Escher-ийн зурсан illusion зурагнууд бас их гоё. Мөн зурагчин Себастиао Салгадогийн нийгмийн баримтат (social documentary) гэрэл зурагнууд гайхалтай. Ирээдүйд түүний гэрэл зурагнуудыг эх бүтээлээр нь олж авах, цуглуулах хүсэл бий. Өөрөө зураг авдаг болоод ч тэр үү, ер нь нийгмийн баримтат, гудамжны гэрэл зургууд надад гүнзгий нөлөөлдөг.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Хамгийн түрүүнд санаанд орж байгаа нь ээжийн маань хэлсэн “Хүний нутагт эхлээд нэрээ, дараа нь биеэ бодож яваарай” гэсэн захиас. Энгийн юм шиг хэрнээ айхавтар үг юм шиг санагддаг. Биеэс түрүүнд нэр байгаа биз? Үүнийг л амьдрал, ажилдаа хэрэгжүүлж, цэвэр тод мөртэй, зөв хүн байхыг хичээдэг дээ.

Энэ булангийн дараагийн зочноор хэнийг оруулж, ажлынх нь арга барилын талаар мэдмээр байна?

Forbes Mongolia сэтгүүлээс гаргасан “30 хүртэлх 30 жагсаалт”-д орсон бүх залуусыг энэ буланд санал болгоё. Ер нь хийж бүтээж байгаа залуусын хэн нь ч байсан сонирхолтой болов уу.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа манай редакц руу имэйлээр мэдэгдээрэй.


81868   23


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.