Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   09 сарын 14, 2015

Онцлох бизнес: Clef records & Sing like a pro – Хөгжмийн шинэ үе

Сошиал ертөнцөд Sing Like A Pro-ийн гэх тодотголтой хэсэг залуус ихэд бужигнуулж, гадаад дотоодын дуучдын хит дуунуудыг коверлон дуулахаас гадна өөрсдийн уран бүтээлээр аль хэдийнэ сонсогчдын хүрээлэлтэй болоод амжжээ. Тэдэнгүй арга хэмжээ, үдэшлэг тоглолтууд гэж байхгүй болсон мэт санагдаж байсан үе ч бий. Энэ төслийг хэрэгжүүлж буй залуус санаа зорилго нэгтэй үеийн залуутай нэгдэн, Монголын хөгжмийн бизнесийн салбарт жишиг болж чадахуйц уран бүтээлийн нэгдлийг бий болгохоор сэтгэл шулуудан ажиллаж байгааг Unread онцолж байна.

Бизнесийн нэр: CLEF Records & Sing Like A Pro
Үйл ажиллагааны чиглэл: Хөгжмийн бизнес, лэйбэл, дуу бичлэгийн студи
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2014 оны 9-р сар
Үүсгэн байгуулагчид: SLAP: Б.Билгүүтэй & Д.Өлзий-Орших, CLEF: Э.Одмандах
Томоохон харилцагчид: Юнител, Хаан Даатгал, New Orange, AVE
Уран бүтээлчид: Mrs.M, Amra, Очироо, Skyline, Ганзаяа, Эрка
Вэбсайт: Clef Records, Sing Like A Pro

Баруун гараас: Э.Одмандах, Б.Билгүүтэй, Д.Өлзий-Орших

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Б.Билгүүтэй: Бид хөгжимтэй холбогдоод бүгд л багагүй хугацааг үдсэн залуус. Хамгийн анхны санаа бол Өлзий-Оршихын зохиогоод байсан дуунуудыг өөрсдөө болон бусад залуу дуучдаар дамжуулан олон нийтэд хүргэх байсан. Улмаар тухайн үед сошиал ертөнцөд дуу коверлож дуулдаг залуус нэлээн их, идэвхтэй байгааг анзаарч, тэднийг мэргэжлийн студид бичлэг хийлгэх, илүү олонд таниулах боломжтой юм байна гэж үзээд Sing Like a Pro гэсэн төслийг эхлүүлсэн юм. Цахим ертөнцөд гадны олон олон залуус од болж, олонд танигдаж байгааг яагаад Монголд нутагшуулж болохгүй билээ гэсэн санаа ч явж байсан.

Д.Өлзий-Орших: Гэхдээ хөгжмийн зах зээл рүү орохдоо бүр нарийн судалгаа хийж, ашиг олно гэж тооцоогүй. Өөрсдөө хөгжимд дурласан залуучууд байсан болохоор кайф авах ямар нэг зүйл эхлүүлье гэж бодсон. Харин төсөл маань амжилттай эхэлсний дараагаар урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж болох юм байна гэдгийг ухаарч, илүү бизнес талаас нь харж эхэлсэн дээ.

Э.Одмандах: Хөгжмийн бизнес өндөр хөгжсөн Америкт энэ мэргэжлээр сурч, илүү мэдлэг, мэдээлэлтэй болж ирсэн л дээ. Өмнө нь бид ч гэлтгүй Монголын дийлэнх уран бүтээлчид сонирхлоороо, сонирхогчдын тоног төхөөрөмж дээр дуу бичлэг хийдэг байсныг арай түвшин ахиулж, илүү чанаржуулах хэрэгтэй юм байна гэж бодоод энэ бизнесийг эхлүүлж байгаа.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Э.О: Америк руу sound engineer (дууны инженер)-ээр суралцахаар явахынхаа өмнө хувиараа бизнес эрхэлж байсан. Тэгээд уг бизнесийнхээ хуримтлал дээр үндэслэн студиэ байгуулсан даа.

Хэрхэн хамтрагчдаа сонгосон бэ?

Б.Б: Өлзий-Орших бид 2 бол арван жилийн нэг сургуулийн найзууд. Хамтдаа нэг хамтлагт харьяалагдаж байсан удаа ч бий.

Э.О: Өлзий, Билли 2-той би онлайнаар танилцсан. Тэгээд нэг зорилготой, нэг зүйлийг харж байсан учир хамтрахаар тохиролцсон. Танилцаад удаагүй ч аль хэдийнэ маш сайн ойлголцож, ажлаа эхлүүлээд явж байна.

Д.Ө: Одкод маш сайн студи байсан бол бидэнд ирээдүйтэй залуу уран бүтээлчид, багагүй туршлага байсан нь бие биеэ нөхөх боломжийг олгосон гэсэн үг.

Юугаараа онцлог, бусдаас өөр вэ?

Б.Б: Бид хөгжмийн салбарын бүх үйлчилгээг цогцоор нь үзүүлж чадна. Урьд нь хөгжмийн зохиолч, дуучин, продюсер, студи гээд бүх зүйл тусдаа байсан. Энэ нөхцөлд тухайн уран бүтээл хэний өмч болох вэ гэдэг нь маргаантай асуудал болж хувирдаг байсан юм. Тэгвэл бид өөрсдийн лэйблээр дамжуулж энэ бүхнийг нэгтгэн, сайн уран бүтээлийн төлөө олон хүн зэрэг ажиллах боломжтой болгож байгаа гэсэн үг. Уран бүтээлийн санаа гаргахаас эхлээд, дуугаа бичих, дуулах, дүрсжүүлэх, маркетинг хийх гээд бүх зүйлийг нэг дор өөрсдийн гараар хийхээр зүтгэж байна.

Д.Ө: Шинээр гарч ирж буй авьяаслаг, ирээдүйтэй залуучуудыг дэмжиж, тэдний бүтээлийг улам чанаржуулж, урт хугацаагаар хамтран ажилладаг гэдгээрээ онцлог.

Э.О: Манай студи тоног төхөөрөмжийн хувьд Монголдоо тэргүүлэгчдийн нэг болж чадсан. Студийн дотоод засал, техникийн бололцоогоороо ч хамгийн сайнуудын нэг. Бас гадаадад мэргэшсэн дууны инженертэй гэдгээрээ онцлог. Ер нь бол гадаадад мэргэжил эзэмшсэн хөгжмийн мэргэжилтнүүд гарын хуруунд багтахаар цөөхөн байдаг.

Студийн дотоод засал их онцгой юм. Юунаас сэдэвлэж энэ шийдлийг гаргасан бэ?

Э.О: Мэргэжлийн хичээлийн үеэр энэ санааг олсон. Багш нар маань гадны том студиудын шийдлийг харуулж, яагаад ийм байх хэрэгтэй вэ, ямар давуу талтай вэ гэдгийг тайлбарлаж өгдөг байсан. Тэгээд л Монголд хамгийн тохиромжтой нь ямар байж болох талаар бодож байгаад студиэ байгуулсан даа.

Бизнесийн алсын хараагаа хэрхэн, юу гэж тодорхойлсон бэ?

Б.Б: Монголд лэйбэл гэдэг ойлголтыг 100 хувь нутагшуулж, үйл ажиллагаагаараа хөгжмийн салбарт амжилттай бизнес моделийг бий болгон, тэргүүлэгч болох.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Б.Б: Уран бүтээлийн чанар, контентийн оригинал байдал.

Д.Ө: Оюуны өмчийг дээдлэх зарчим. Бид анх монгол дуунуудыг коверлож байхдаа уран бүтээлчдээс зөвшөөрөл авч байсан нь өмнө байхгүй жишиг болж байсан. Дуучид нь зөвшөөрөөгүй учраас олон нийтэд цацаагүй уран бүтээл ч бас бий. Гадны дуучдын хөгжмийг ашигласан ч тэрийгээ дурдаж явдаг. Өөрчлөлтийг өөрсдөөсөө бий болгож, соёлыг түгээх түүчээ нь болохыг хичээж байна.

Учирч байсан хамгийн том бэрхшээл, сургамж тань юу вэ?

Д.Ө: Багаа маш сайн бүрдүүлэх хэрэгтэй гэдгийг л их сайн ойлгосон. Уран бүтээл гаргана гэдэг өөрөө удаан үргэлжилдэг, амаргүй үйл явц. Шат дамжлага бүр дээр олон хүн оролцох хэрэг гардаг. Гэвч бидний хувьд аль нэг шат дамжлага дээр ямар нэг бэрхшээлтэй асуудал байнга тулгардаг байсан. Хүссэнээрээ 100 хувийн сэтгэл ханамжтай уран бүтээл гаргахын тулд найдвартай, чадварлаг сайн багийг л бүрдүүлэх хэрэгтэй юм билээ.

Яг одоо ямар уран бүтээлүүд дээр төвлөрч ажиллаж байна вэ?

Б.Б: Яг одоо манай лэйбэл анхны цомог дээрээ ажиллаж байна. Энэ бол манай төслөөс төрөн гарсан хамгийн амжилттай яваа уран бүтээлч гэж хэлж болох реппер Mrs.M-ийн цомог байгаа юм. Түүний “Цор ганц” дуу нь өнгөрсөн зуны шилдэг чартыг бүтэн сарын турш тэргүүлсэн. Энэ цомог өөрөө түүний дотоод ертөнц, хүсэл мөрөөдөл, санаа сэдлийг бүгдийг нь илэрхийлж чадсан дуунуудтай гэдгээрээ амьд болж чадах байх гэж бодож байна.

Хамгийн амжилттай болсон төсөл/бүтээгдэхүүнийхээ талаар, түүнийхээ нууцаас хуваалцана уу?

Д.Ө: Мэдээж бидний хувьд Sing Like A Pro төсөл маань маш амжилттай болсон нь цааш ажиллах их эрч хүчийг өгсөн. Нийт 20 уран бүтээлийг маань Youtube дээр гэхэд давхардсан тоогоор 2.4 сая удаа үзсэн гэдэг бол том амжилт. Mrs.M-ийн “Цор ганц” дууны видеог 600 мянга гаруй удаа үзсэн байсан. Мөн Монголын шилдэг дуунуудын чартын топ 10-т нэгэн зэрэг гурван бүтээл маань багтсан тохиолдол бий. Бид энэ зуны Playtime фестивалд оролцож, 2 тайзан дээр хоёуланд нь уран бүтээлээ хүргэсэн шүү.

Б.Б: Манай төслийн амжилтанд хүрсэн шалтгаан нь зөв цагт олон нийтэд дутагдаж байсан зүйлийг хүргэж чадсаных байх. Олон нийт шинэ залуу үеэс сайн уран бүтээл ихэд хүлээж байсан. Тэрчлэн сошиал медиад онцгой анхаарал тавин, тогтмол хуваарьтай контент гаргаж, үзэгчдээ бэлдэж, үнэнч сонсогчидтой болж чадсан.

28186   8


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.