Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   09 сарын 15, 2015

Апп тойм: Visual dictionary – Үг цээжлэх амархан боллоо!

Дэлхийн өнцөг булан бүрт англи хэл сурахаар чармайж буй хүн бүрт тулгамддаг хамгийн түгээмэл асуудал бол үг цээжлэх байдаг. Хэчнээн сайн бэлдэж, хэчнээн их ном уншсан байлаа ч яг цагаа тулахаар урдаа байгаа эд хэрэгслийг англиар юу гэж хэлдгийг мэдэхгүй байх тохиолдол элбэг. Аливаа зүйлийг хэлэх гэхээр санаад ч байгаа юм шиг, урьд нь хэрэглээд ч байсан юм шиг санагдаж байсан үе хэн бүрт тохиолддог. Тэгвэл энэ асуудлын шийдлийг дэлхийн хамгийн том англи хэлний сургалтын төв British Council олсныг бид онцолж байна.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Англи хэлний үгийн баялгаа нэмэгдүүлэхийг хүсэж буй бол энэ апп танд яг хэрэгтэй. Мөн түгээмэл ашиглагддаг энгийн хэрэглээний үгсийг ч тогтооход танд тусална. Үүнээс гадна гадаадад аялж яваа хүмүүс бусадтай нарийн ширийн зүйлсийг ярилцаж, холбоо харилцаа бий болгохдоо ч ашиглаж болно. Хүн бүрийн утсанд толь бичиг байдаг болсон энэ үед танд огтхон ч илүүдэхгүй хэрэглээ. Түүгээр ч зогсохгүй шинээр олж мэдсэн үгийнхээ дуудлага болон утгыг алдарт Cambridge Dictionary-аас шууд үзэх боломжийг энэ апп олгожээ.

Юугаараа онцлог, давуу талтай вэ?

Та ямар ч эд зүйлс, хэрэглэлийн зургийг авлаа гэсэн, энэ апп юу болохыг нь тэр даруй тодорхойлох болно. Өнгө, хэлбэр дүрсээс эхлээд зарим брэндийг хүртэл танина гээч. Аливаа эд зүйлсийн зургийг авсан даруйд өөрийн дата санд буй 40 гаруй сая зурагтай харьцуулалт хийж, түүнээс үндэслэн танд орчуулгыг хүргэж буй шийдэл нь энгийн хэрнээ эгэлгүй мэт. Мөн өөрийн хайсан зургийн түүхээ үзэх боломжтой нь шинэ үгсийг давтан цээжлэхэд хэрэг болох нь гарцаагүй.

Ямар сул талтай вэ?

Зөвхөн интернэттэй үед ашиглах боломжтой нь манай нөхцөлд бага зэрэг тохиромжгүй байж болно. Мөн зөвхөн дүрсээр хайлт хийх нь хэрэглэгчийн хувьд уламжлалт толь бичгүүдийн санал болгодог нэмэлт боломжуудыг ашиглах боломжийг хязгаарласан.

Unread-ийн үнэлгээ

Одоог хүртэл тус апп миний хийсэн хайлтуудад 100 хувь үнэн зөв хариулт өгсөн. Хэрэглэхэд хялбар, маш ухаалаг, шинэлэг шийдэл. Толь бичгийн шинэ эринийг бидэнд сануулж, үг хайх үйлдлийг илүү зугаатай болгосон Visual Dictionary-д Unread 9 оноо өгч байна.

Харин та юу гэж бодож байна? Та энэ ухаалаг тольч бичгийг ашигламаар байна уу? Та гар утсан дээрээ ямар ямар толь бичиг, хэлний апп-уудыг ашигладаг вэ? Бидэнтэй санал сэтгэгдлээ хуваалцан, хэлэлцүүлэг үүсгээрэй.

Татаж авах

52728   3


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.