Апп Тойм

Апп тойм: Inbox - Gmail-ийн дараагийн үе

09 сарын 17, 2015


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


17799   5




Хэтэрхий их и-мэйл ирж, спамуудад баригдан, хяналтаа алдсан мэт санагдаж байна уу? Олон зуун и-мэйл дундаас өөрт хэрэгтэйгээ ангилан ялгахад асуудал үүсэж, цаг их аваад байгаа юм шиг санагдах үе цөөнгүй. Хүн бүхэнд түгээмэл тохиолдох энэхүү асуудлыг Google өөрсдийн хамгийн алдартай үйлчилгээнүүдийн нэг Gmail дээр тулгуурлан шийджээ.

- Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Цахим шуудангүйгээр ажил бизнесээ саадгүй явуулах, мэдээлэл солилцох боломжгүй болсон өнөө үед энэ апп хүн бүрт чухал ач холбогдолтой. Ялангуяа хэт их и-мэйл ирдэг, тэдгээрийгээ ангилах, эргэн сануулах шаардлага тулгардаг хүмүүст яг л хэрэгтэй эд. Миний хувьд и-мэйлүүдээ үндсэн, Social, Promos, Finance, Forum, Trips гэсэн зургаан хэсэгт ангилаад байгаа бөгөөд сошиал медиатай холбоотой и-мэйлүүд Social руу, зар сурталчилгааны болон спам и-мэйлүүд Promos руу, аяллын мэдээлэл, онгоцны тасалбартай холбоотой и-мэйлүүд Trips рүү гэх мэтээр автоматаар ордог. Вэб, гар утасны аль алинд хэрэглэж болох энэ апп Google-ийн бүх үйлчилгээнүүдтэй холбогдсон учир хэрэглэж эхлэхэд нэг их хүндрэл учруулахгүй.

- Юугаараа онцлог, давуу талтай вэ?

Хэрэглэхэд маш хялбар. Уншсан болон хэрэггүй и-мэйлүүдээ цэвэрлэж, эргэж харах шаардлагатай и-мэйлүүдийг тодорхой хугацаа заан дахин сануулах тохируулгатай. Мөн и-мэйлүүдийг төрөл төрлөөр нь автоматаар ангилах үйлчилгээ нь одоогоор дэлхийд №1. Харагдах байдлын хувьд хэрэглэгчдэд хамгийн ээлтэй, орчин үеийн гэдэг утгаараа талархал хүлээж буй. Жишээ нь, Inbox дээр хавсаргасан файлууд нь и-мэйлийнхээ доор харагдаж байдаг. Зурган файл бол зургаараа харагдаж, хэрэглэгчийн цагийг хэмнэнэ гэсэн үг.

- Ямар сул талтай вэ?

Одоогоор албан ёсоор нийтийн хүртээл болоогүй байгаа учир хэрэглэхийн тулд танд урилга хэрэгтэй. Ингэхийн тулд та Google-д хүсэлт илгээн 2 долоо хоног хүртэл хугацаагаар хүлээх, эсвэл хэрэглэж буй хэн нэгнээс урилга авах шаардлагатай. Мөн Gmail хэрэглэгчдийн хувьд шинэ үйлчилгээнд төөрөлдөх, будилах хандлага ажиглагдаж буй.

- Unread-ийн үнэлгээ

Үзэмжтэй интерфэйс, гойд сайн ангилах, эргэн сануулах үйлчилгээ. Unread 10-аас 8 оноог өгч байна.

Харин та юу гэж бодож байна? Inbox үйлчилгээ Gmail-ийг бүрэн орлож чадах уу? Та гар утсан дээрээ и-мэйл уншихдаа ямар апп ашигладаг вэ? Бидэнтэй санал сэтгэгдлээ хуваалцан, хэлэлцүүлэг үүсгээрэй.

Татаж авах

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.