Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   04 сарын 04, 2019

Peacebook Forum 2019-ийн онцлох эшлэлүүд

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын санаачилгаар даян дэлхий залуусын дунд энх тайван, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, арьс өнгө, шашин шүтлэг, үзэл бодол, гарал үүслээр ялгаварлахын эсрэг дуу хоолойгоо нэгтгэхэд нийгмийн сүлжээг ашиглахыг уриалах зорилготой PEACEBOOK Форумыг анх удаа зохион байгуулав. Уг форумд Facebook, Inc. компанийн төлөөлөгчид ирж, Монголын төр, хувийн хэвшил, медиагийн төлөөлөгчидтэй сошиал медиагийн тухай сонирхолтой хэлэлцүүлгүүдийг өрнүүлсэн юм. Манай Unread-ийн баг тус арга хэмжээг хамтран зохион байгуулсан бөгөөд өнөөдөр ГХЯ-ны Номин танхимд болсон уг арга хэмжээний онцлох эшлэлүүдийг хүргэе.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:
(Илтгэлийг зарим хэсэгт товчилсон болно)

Бидний амьдарч буй цаг үе гэрлийн хурдаар өөрчлөгдөж байна. Өнгөрсөн үед оюун санаа, үзэл бодол нь нэг газраас нөгөөд хүрэхийн тулд олон зуун жил болдог байв. Буддагийн 2500 жилийн өмнө Энэтхэгт үүсгэсэн бурхны шашин манайд 14-р зуунд орж ирж байлаа. Сүүлийн 5000 жилд хийгдээгүй нээлтүүд сүүлийн 50 жилд хийгдэж байна. Интернэт нэгхэн секундэд л хэмжээлшгүй их мэдээллийг дамжуулж байна. Энэ нь эерэг, сөрөг талуудыг дагуулж буй. Сайн тал нь мэдээллийн тэгш байдлыг бий болгож байна. Ингэснээр жижиг тоглогчид том тоглогч болох, том тоглогчид нөлөөгөө улам тэлэх боломжтой болсон. Энэ байдал empowering people буюу хүмүүсийг "бяджуулж" байна. Дэлхийн хоёр буланд байгаа хүн хоорондоо 6-аас ихгүй хүнээр дамжин бие биеэ мэдэх боломжтой гэх "тусгаарлалын 6 зэрэг"-ийн онол байдаг. Энэ зэрэг бүр цөөн болсон. Хүмүүс хамтраад шийдвэр гаргах "хамтын ухаан" (collective intelligence) улам үр дүнтэй болсон. Хүмүүс амьдрал дээр, онлайн орчинд Multiple personality буюу хэд хэдэн дүрээр амьдарч байна. Өмнө нь үүнийг "гажиг" зүйл гэж үздэг байсан бол одоо ихэнх хүн ийм байдлаар амьдарч байгаагаас үүдэн энэ ойлголтоо эргэн харах хэрэгтэй болж байх шиг. Жижиг тоглогчдын том тоглогчид болох боломжтой гэдгийн жишээ нь "The Hu" хамтлаг байна. Гуравхан сая хүнтэй улсын хамтлаг сошиал медиагийн ачаар Монгол Улсаа төрийн оролцоо дэмжлэггүй олон улсад таниулан сурталчилж байна. Тэдний клипийг Youtube дээр 11 сая хүн үзсэн байх жишээтэй.

Нөгөөтээгүүр хэт хялбарчлах явдал үүсэж байна. Олон зүйлийг Твиттерт 280-хан тэмдэгтэд багтаан бичдэг болов. Залуучууддаа захиж хэлэхэд, ертөнц хэзээ ч ийм орон зайд багтах жижиг биш шүү, ном уншиж байж мэдлэгтэй болж амьдралаа авч явна гэдгийг онцолъё. Орчин цагт хүмүүс хэрэглээ нь хэзээ хэзээнээс тансаг боловч сэтгэл ханамжгүй амьдарч байна. Будда "Шуналд хязгаар үгүй" гэж онож хэлж байж. Тэгэхээр бодит ертөнцөд амьдарч байгаагаа ойлгох, аливаа зүйлийн хязгаарыг мэддэг байх нь чухал.
Сөрөг мэдээ, айдас илүү хурдан тардаг. Үүн дээр популистууд тоглолт хийж зорилгодоо хүрч байна.
Дангааршлын асуудал бас бий. Дэлхий нийт даяаршлын ачаар хөгжиж байснаа одоо жаргалдаа ташуурах мэт байна. Одоо дангаараа жаргалтай байна хэмээн аливаа нэгдэл, хамтралыг үгүйсгэх боллоо. Үүний нэг жишээ бол Европын холбоо.
Бас олон хүнд алдарших, лайк авахын дон шүглэж байна. Саяхан Шинэ Зеландад юу болсныг та бүхэн мэдэж байгаа.

Энэ бүх асуудлыг хараад энэхүү форумыг санаачилсан юм аа. Бид чинь муудалцаж хагаралдах эрхгүй, цөмийн зэвсэгтэй амьдарч байгаа шүү дээ.

Энх тайван бол хөгжлийн гол суурь юм аа. Байгалийн баялаг ихтэй Судан Улсад очиж үзлээ. Тэнд энх тайван байхгүй болохоор баялгаа ашиглаж чадахгүй ядуу байна. Энх тайван байснаар хөгжил дэвшил ирнэ, үнэ цэнтэй зүйлс жинхэнэ үнэ цэндээ хүрнэ. Энх тайван байдлыг цогцлооход залуучууд маань манлайлна гэж итгэж байна.

Би "Ирээдүйн энх тайван, дэвшил, хөгжил цэцэглэлтийн төлөөх шагнал"-ыг санаачлан олон улсын түвшинд яриад явж байгаа.

Дефакто институтийн үүсгэн байгуулагч Д.Жаргалсайхан:
Бодит байдал, виртуал ертөнц хоёр бол хоорондоо харилцан шүтэлцээтэй. Бодит байдал дээр хайрла, хүндэл, мэдлэгээ хуваалц гэдэг бол виртуал орчинд яг л тийм байх ёстой. Виртуал ертөнц биднийг дэлхийн иргэн болгосон. Тэгэхээр бүх л ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, бусдыг ойлгож, хүндлэх хэрэгтэй. Энэ сэтгэлгээг виртуал ертөнцөд түгээхэд монгол залуучууд маань идэвхтэй оролцох хэрэгтэй байна.

Улс төр судлаач Ц.Мөнхцэцэг:
Сошиал медиа АНУ-ын сонгуульд 2008 оноос, Монголд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас их нөлөөтэй болж эхэлсэн байдаг. 2017 онд сонгуулийн ирц буурах байх гэсэн тооцоотой байсан ч 60-аас 71 хувь болж өссөн. Энэ нь сошиал медиа залуучуудыг идэвхжүүлж буй, хүмүүсийг улс төр сонирхоход уриалж буй хэрэг.

Сөрөг тал нь хуурамч мэдээ гаарч байна. Манайд 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хуурамч мэдээ маш их гарсан. Популистууд сошиал орчинд хараа хяналт багатай далимдуулан худал мэдээллийг хурдан түгээж байна. Ерөөс сонгуульд нэр дэвшигчдэд бодлого ярих боломжийг олгохгүй байна. Сонгогчид элдэв бичлэг, хуурам мэдээ үзсээр таарч байгаа хэрэг. Энэ байдалд зохицуулалт хийхгүйгээр дараагийн сонгуулийг явуулна гэдэг харалган хэрэг болно.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:
Шинэ Зеландад болсон явдлын дараа Ерөнхий сайд нь маш ухаалаг шийдвэр гаргасан. Алдаршихын дон шүглэсэн тэр нүгэлтний нэрийг хэзээ ч дурдахгүй, хэзээ ч мэдээг нь түгээхгүй гэсэн нь тэр хүнд таарах хамгийн том шийтгэл байв. Тэгэхээр хэт үндсэрхэг үзэлтнүүд, анхаарал татах гэж оролдогсдыг бүү тоо, анзаарахгүй өнгөр, тэдэнд цагаа бүү үр.

Access Solution компанийн үүсгэн байгуулагч Б.Болор-Эрдэнэ:
Өнөөдөр дэлхийн хүн амын 75 хувь нь интернэт орох боломжтой нөхцөлд амьдарч байна. 2 хүн тутмын 1 нь одоо шууд утсаар ярих боломжтой, 3 хүн тутмын 1 нь сошиал медиад орох боломжтой, харин 4 хүн тутмын 1 нь дижитал эдийн засгийн үйл ажиллагаанд орох боломжтой байна. Монголын хувьд энэ үзүүлэлт сайн. 4 сая орчим ухаалаг утастай байх жишээтэй. Гэхдээ Digital divide буюу цахим хэрэглээний зөрүү асар их байна. Цахимаар мэдээлэл авч чадахгүй, авсан мэдээллээ үнэн зөв эсэхийг шалгаж чадахгүй, технологи ашиглаж чадахгүй хүмүүс их байсаар байна. Bill & Melinda Gates сангаас хэрэгжүүлж буй "Pathways For Prosperity Commission" төсөл хөгжиж буй орнууд дижитал эдийн засагт шилжихэд ямар асуудал бэрхшээлтэй тулгарч байна вэ гэдгийг тайлагнасан байдаг. Ингээд хөгжиж буй орнуудаас гурван улсыг сонгож төсөл хэрэгжүүлэхээр болсны дотор Монгол Улс буюу бидний төсөл шалгараад байна. Бид Монголын гарааны бизнес, эко системийг хөгжүүлэх, одоо нөхцөлийг үнэлэх, сайжруулах чиглэлээр ажиллах тэтгэлэг авсан. Манай улс одооноос л дижитал эдийн засаг руу бодлоготойгоор, системтэйгээр орохгүй бол иргэдийн тэгш бус байдал улам нэмэгдсээр байх болно.

Түүнчлэн бид Digital Nomads гэх ойлголтыг түгээн сурталчлахыг эрмэлзэж байна. Гадаад ертөнцөд Монголыг нүүдэлчин соёлоороо мэтээр бодох нь их байдаг тул бид нүүдэлчин соёлоо хадгалж ч байгаа, түүний сацуу орчин үежиж, цахим хэрэглээ өндөртэй гэдгээ сурталчилмаар байгаа юм.

Truss Chain компанийн үүсгэн байгуулагч Д.Болдбаатар:
Бидний хувьд блокчейн технологийг хөгжүүл эн нийгмийн зарим асуудлыг шийдэхийг хичээж байна. Блокчейн нь "итгэлцэл, ил тод байдал, аюулгүй байдал" гэсэн гурван том зүйлийг санал болгодог технологи тул нийгэмд харилцсан итгэлцсэн байдлыг авчрах ач холбогдолтой юм.

Дефакто институтийн үүсгэн байгуулагч Д.Жаргалсайхан:
Бид Digital Divide-ийг арилгахын төлөө явах ёстой. Хороо болгон дээр 2 компьютертэй төвийг нээгээд компьютер, интернэт ашиглаж чаддаггүй бусдадаа зааж өгье. Залуучууд нь сайн дураар ажиллая. Ялангуяа 60 дээш насны хүмүүс сошиал орчноос орхигдоод буй. Тэд бол харьцангуй мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс. Тэднийг эдийн засаг, ниймийн амьдралд татаж оруулмаар байна.

Фэйсбүүкийн бүсийн захирал Жорж Чен:
Би бүтэн 7 хоногийн хугацаатай ирсэн. Бид 3 чиглэлд олон уулзалт хийж байна. Эхнийх нь аюулгүй байдал. Энэ хүрээнд Faro боловсролын институттэй хамтран Digital Literacy Library-г Монголд бий болголоо. Энэ нь нэг ёсондоо мэдээллийн технологийн чадварт суралцуулах хөтөлбөр юм. Нөгөө нь монгол бүтээгдэхүүн, брэндүүдийг үр дүнтэй сурталчлах тал дээр хамтран ажиллах боломжтой гэж үзэж байгаа. Монголд олон улсад гаргах ёстой сайн бүтээгдэхүүнүүд бий. Гуравдугаарт, инновац, боловсролын чиглэлээр уулзалтууд хийж байна.

CallPro, Faro компанийн хамтран байгуулагч Б.Идэр-Од:
Faro институтийн хувьд Фэйсбүүкийн Digital Literacy-ийн (мэдээллийн технологийг ашиглах чадвар) цогц том сургалтын хөтөлбөрийг монгол хэл рүүгээ, манай хөрсөнд буухуйц хэлбэрээр боловсруулсан. Энэ хөтөлбөр нь бүх хүнд үнэгүй байх юм. Эхний ээлжинд 20 дунд сургуультай хамтран ажиллана. Цаашдаа хамтрахыг хүссэн бүх л газартай хамтарч ажиллана даа.

Lhamour брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан:
Lhamour брэндийн хувьд сошиал медиа дээр үр дүнтэй, идэвхтэй ажиллахыг эрмэлздэг. Сошиал медиа энтрепренерүүд, жижиг дунд бизнесүүдэд том боломжийг олгож байгаа. Бид хэрэглэгчидтэйгээ найз шиг нь ойр байдаг. Хэрэглэгчид маань бидэнтэй хамт хөгжөөд явдаг. Бид Тайвань, Тайланд, Кувейтэд Инстаграм хаяг нээгээд тийш нүүлгүйгээр бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулж байгаа.

АНУ-ын ЭСЯ-ны олон нийттэй харилцах харилцах хэлтсийн дарга Роберт Тэйт:
Эдвард Мурровын нэг алдартай үг байдаг. "Дипломат ажиллагааны хамгийн чухал хэсэг бол сүүлийн нэг метр" гэж. Энэ нь ерөнхийлөгч, ерөнхийлөгчтэйгөө утсаар ярихаас буюу зайнаас харилцахаас илүү нүүр тулан уулзах нь чухал гэсэн санаа юм. Улс орны орны удирдагчид хоорондоо уулзахаас гадна иргэд нь хоорондоо уулзаж учирдаг, харилцан ойлголцдог байх нь чухал гэдгийг ойлгосноор дипломат ажиллагаанд томоохон өөрчлөлт гарсан байдаг. Бидний хувьд өнөөдөр дээр дурдсан хоёр хүний хоорондох зайг дахин тодорхойлохоор хичээн ажиллаж байна. Манай ЭСЯ сошиал медиагийн үр ашгийг сайн хүртдэг. Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам Солонгос дахь ЭСЯ-аас илүү олон лайктай шүү.

Оюу Толгой компанийн хэвлэл мэдээлэл, байгууллагын харилцааны зөвлөх тэргүүн Э.Лхагва:
Статистикаас харахад монголчууд сошиал медиад их цагийг өнгөрүүлж байгаа. Харин үр дүнтэй өнгөрүүлж байгаа юу гэдэг бол өөр асуулт. Сошиал медиа ашиглалтын хувьд бид зөв зүгт явж байгаа юу гэдэгт шууд хариулахад хэцүү. Сошиал медиагаар над руу зохион байгуулалттай дайрч заналхийлж байсан. Ахлах ангийн хүүхдийг ингэж заналхийлбэл яах бол? Манай улс амиа хорлолтоор тэргүүлж буй улсуудын нэг гэдгийг санах хэрэгтэй. Онлайн орчинд явагдаж буй иймэрхүү байж болшгүй үйлдлүүдийг тухайн платформ тэр дор нь анзаарч, хариу арга хэмжээ авч байх ёстой. Үүнийг Digital Literacy-ийн тусламжтай бид өөрчилж чадна. Үүний дараа л бид зөв зүгт явж байна гэж итгэл төгс хэлэх боломж бүрдэнэ.

Энх тайвныг бид контентын тусламжтай бий болгож чадна. Өнөөдөр хүмүүсийн мэдээлэл авах зан төлөв өөрчлөгдсөөр, чанартай сайн контентыг эрэлхийлсээр байгаа.

Би Facebook компанийг Монголын медиа байгуулагуудыг Verify хийх буюу найдвартай сурвалж гэдгийг нь тодотгож өгөөсэй гэж хүсэж байна. Тэгвэл хуурамч мэдээний эсрэг хийх бодитой алхам байх болно. Мөн засгийн газар, медиа, хувийн хэвшил, Facebook-ийн энэ хамтын ажиллагаа үргэлжлэх ёстой.

15398   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.