Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   03 сарын 01, 2019

Билл Гэйтсийн онцолж буй 2019 онд тэсрэлт хийх 10 технологи

Технологийн шинэ нээлтүүд цаг хугацаа ба хөрөнгө хүч хэмнэж, бидний амьдралыг олон талаар хөнгөвчилдөг. Хувь хүний амьдралыг хөнгөвчлөөд зогсохгүй дэлхий дахинд тулгамдсан асуудлуудыг шийдэх нь шинэ технологийн хамгийн гол үүрэг гэлтэй. Тэгвэл өнөөдөр бид Майкрасофтын үүсгэн байгуулагч Билл Гэйтсийн нэрлэсэн онцгой шинэ технологиудыг хүргэе. Түүнийхээр ирэх жилүүдэд энэ 10 технологи дэлхий нийтийн амьдралд жинтэй нөлөө үзүүлэх аж.

хиймэл махтай бургер (the cow-free burger)

НҮБ-ын судалгаагаар дэлхийн хүн ам 2050 он гэхэд 9.8 тэрбумд хүрнэ. Энэ хугацаанд хүмүүсийн махны хэрэглээ улам л ихэснэ. Гэтэл тэр хэрээр махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл улам ихсэж байгальд сөргөөр нөлөөлөх нь гамшгийн хэмжээнд ч очиж магадгүй байна.

Харин ургамлаас болон лабораторийн аргаар гаргаж авсан махнуудыг хүнсэнд хэрэглэх нь үүний эсрэг тэмцэх хамгийн сонгодог аргаар нэрлэгдээд байна. Үүний нэг жишээ нь "Beyond Meat"-ийн хиймэл махан бургерууд бөгөөд одоогоор ургамлаас гаргаж авсан бургерийг худалдаанд гаргаад буй. Уг хиймэл махнуудын агууламж амьтны махтай бараг тэнцүү бөгөөд хүнд ижил хэмжээний ашигтай амин дэм, уургийг өгнө. Удахгүй гарах лабораторийн аргаар гаргаж авсан махтай бургер нь махны агуулж буй амин дэмүүдээс ердөө 7 хувиар бага байх аж.

Дэлгэрэнгүй: "Beyond Burger"-ийн ургамлаас гаргаж авсан махтай бургер

гэдэсний өвчнийг илрүүлэх үрэл (GUT PROBE IN A PILL)

Залгих боломжтой жижиг төхөөрөмж маягийн үрлийн тусламжтайгаар хоол боловсруулах эрхтний нарийвчилсан зургийг авах боломжтой болоод байгаа аж. Гол онцлог нь үүний тусламжтайгаар ямар ч мэдээ алдуулалгүйгээр хоол боловсруулах эрхтнийг шинжлэх боломж бүрджээ. Хүүхдүүд болон төрөөд удаагүй нярай хүүхдүүдэд хэрэгжүүлэх нь уг технологийн гол зорилт болоод байна.

Гэдэсний хижиг өвчин (EED) хамгийн өндөр үнээр эмчлэгддэг өвчлөлүүдийн нэг. Ялангуяа ядуу орнуудад түгээмэл байдаг энэ төрлийн өвчлөлүүдээс болж хүүхэд хэвийн өсөлтгүй бойжих тохиолдол маш их байдаг аж. Одоогоор гэдэсний хижиг өвчний үндсэн шалтгааныг олж чадахгүй байгаа бөгөөд хэрхэн эмчлэх, хэрхэн урьдчилан сэргийлэхийг ч тодорхойлж чадахгүй байгаа юм.

хорт хавдрын эсрэг вакцин (Custom cancer vaccines)

Тус эмчилгээ нь өвөрмөц мутацид орсон хавдрын эсүүдийг илрүүлж бие организмд түүний эсрэг хамгаалалт үүсгэх байдлаар явагдана.

Эрдэмтэд хорт хавдрын анхны вакциныг нээхэд тун ойрхон байгаа аж. Хэрвээ энэ бүхэн биеллээ олбол өвөрмөц мутацид орж хавдар үүсгэж буй эсийн асуудлыг шийдэж, цаашлаад олон өвчнийг эмчлэх аргыг олно хэмээн найдаж байна.

Энэхүү вакцин нь хүний биеийн төрөлхийн дархлааг дэмжиж хавдрын эсийг устгах байдлаар ажиллана. Одоогийн хэрэглэж буй химийн эмчилгээ үр дүнгээ өгөх нь байдаг ч хүний биеийн эрүүл эсүүдийг маш их гэмтээдэг тул сонгомол арга гэхэд хүндрэлтэй.

Уг вакцины судалгаа 2008 оноос эхэлсэн бөгөөд 2017 оноос илт эрчимжиж "BioNTech" компани биотекийн гигант "Genentech"-тэй хамтран томоохон туршилтуудыг хийж эхэлсэн байна. Тэд энэхүү төслөөрөө дамжуулан энэ төрлийн 10 гаруй өвчний эсрэг эмчилгээг гаргаж авах төлөвлөгөөтэй байгаа юм.

Дэлгэрэнгүй: Futurism - Билл Гэйтс: Хорт хавдрын эсрэг вакцин анагаах ухаанд хувьсал хийнэ

агаараас утааг шүүж авах технологи (Carbon dioxide catcher)

Агаараас нүүрсхүчлийн хийг шүүх технологи нь хүлэмжийн хийг бууруулах, агаарын бохирдлыг үгүй хийх хамгийн сонгодог арга хэмээгдэж байна. Хүн төрөлхтнөөс хамааралтай дэлхийн дулаарал гол ярианы сэдэв болж буй одоогийн нөхцөлд энэхүү технологи том "тэсрэлт" болох нь гарцаагүй. Бид энэ зуундаа багтаж 1 триллион тонн нүүрсхүчлийн хийг агаараас гаргаж авах зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Өнгөрсөн зун Харвардын уур амьсгал судлаач эрдэмтэн Дэвид Кэйт энэхүү санааг анх сэдсэн бөгөөд 1 тонн нүүрсхүчлийн хийг ердөө 100 долларын өртгөөр шүүж авах боломжтойг сануулжээ. Түүний бодлоор бид машинуудын тусламжтай үүнийг бодит болгох боломжтой бөгөөд одоогоор 100 орчим долларын өртгөөр буюу ийм хямдаар хэрэгжүүлэх боломжгүй байна.

Гэвч бид үүнийг хэрэгжүүлсэн ч ялгаж авсан нүүрсхүчлийн хийгээ яах ёстой вэ гэдэг асуудал "толгойн өвчин" болно. Харин үүнд "Карбон Инженеринг" хэмээх Билл Гэйтсийн хөрөнгө оруулалттай компани хариулт өгч байгаа бөгөөд уг нүүрсхүчлийн хийнээс түлш гаргах авах төсөл дээр ажиллаж байгаа гэнэ. Өөр улсууд ч энэ төрлийн төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд ялгаж авсан нүүрсхүчлийн хийгээрээ уух шингэн бүтээгдэхүүн гаргаж авахаар ажиллаж байгаа аж.

Ямартай ч эцсийн зорилго нь хүлэмжийн хийг үгүй хийхэд чиглэж буй уг технологи нь хэрэгжүүлэхэд хамгийн хэцүү бөгөөд үнэтэй төсөл хэмээгдэж буй.

Видео: Climeworks - Агаараас нүүрсхүчлийн хийг ялгаж гаргах нь

шинэ цөмийн эрчим хүч (New-wave nuclear power)

Атомын болон цахилгаан станцуудын хор хөнөөл дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй тул газаас эрчим хүч гаргах авах санаа сүүлийн жилүүдэд ихээхэн дэмжигдэж байсан билээ. Тэгвэл дараагийн жилүүдэд цөмийн нэгдлийн болон хуваагдлын үеийн энергиэс эрчим хүч гаргах реакторын санаа эрчим хүчний гол эх үүсвэр болох төлөвтэй байна. Яриа төдий байсан энэхүү санаа сүүлийн жилүүдэд төслийн хэмжээнд очиж 2030 он гэхэд бодит биелэл болж магадгүй.

Хоёр цөм хоорондоо нэгдэх үеийг цөмийн нэгдэл, харин хоёр цөм тусдаа болж хуваагдах үйл явцыг цөмийн хуваагдал хэмээн нэрлэдэг. Тухайн үйл явц явагдах үед маш их хэмжээний энерги ялгардаг. Үүний нэг жишээ нь цөмийн нэгдэл байнга явагдаж байдаг манай галактикийг гэрэлтүүлэгч нар билээ. Нар өөрөөсөө маш их хэмжээний гэрэл болон энерги ялгаруулдаг нь цөмийн нэгдэл байнга явагддагтай холбоотой юм.

Тэгвэл тэрхүү нэгдэл болон хуваагдлын үйл явцаас эрчим хүч гаргаж авах реакторууд энэ оны тренд сэдвүүдийн нэг байх болно. Энэ тал дээр Канадын "Террестриал Энержи", АНУ-ын Вашингтонд байрлах "Террапауэр" зэрэг компаниуд ажиллаж байгаа бөгөөд "R&D" тоног төхөөрөмжийн тал дээр хамтран ажиллаж байна.

Харин "NuScale" компани цөмийн нэгдэл ба хуваагдлын жижиг реактор (mini reactor) дээр ажиллаж байгаа ба атомын станц нь 12 жижиг реактороос бүрдэх аж. Жижиг хэмжээний реакторууд дэвшилтэт том реакторуудыг бодвол харьцангуй хямд байх бөгөөд дэлхий дахинд учруулах хор хөнөөлийн эрсдэл арай багатай гэж үзэж байна.

Дэлгэрэнгүй: Шинэ, аюулгүй цөмийн реакторууд уур амьсгалын өөрчлөлтийг зогсооно

эрүүл мэндийн салбарт хувьсал хийх бугуйн цаг (eCG WRISTWATCH)

Ухаалаг бугуйн цаг хөгжүүлэгчид эрүүл мэндээ бугуйгнаасаа хянадаг боломжийг улам л дэвшилтэт болгохоор зорьж байна. Бугуйн цагнаасаа хүн зүрхний үйл ажиллагааныхаа анализыг харах нь тийм "цочирдом" зүйл биш ч эрүүл мэндэд, эмчилгээний чиглэлд маш өндөр хувь нэмэр оруулж байгаа юм.

Apple-ийн iWatch зүрхний үйл ажиллагааг анализ хийх боломжуудаараа энэ салбарт давамгайлах үндсээ тавьсан ч Цахиурын хөндийн "AliveCor" стартапын бүтээгдэхүүн тэдний гол өрсөлдөгч болох төлөвтэй байна. Тус бүтээгдэхүүний хэрэглэгч цусны бүлэгнэлттэй байгаа эсэхийг, түүний шалтгааныг хүртэл тодруулах боломж нь шат ахисан давуу талыг үүсгээд байгаа юм.

Эрүүл мэндийн салбарт шууд байдлаар нөлөөлнө хэмээн хэлж болохгүй ч хүмүүсийн эрүүл мэндтэй холбогдсон зан үйлд нэлээд том өөрчлөлтийг авчирна хэмээн үзэж байна.

Дэлгэрэнгүй: Ухаалаг цагны зүрхний үйл ажиллагааны хяналт ананаах ухаанд өөрчлөлт авчирна.

ДУТУУ ТӨРӨЛТИЙГ УРЬДЧИЛАН ТААМАГЛАХ НЬ (PREDICTING PREEMIES)

Дутуу төрөлтөд удмын ген нөлөөлдөг хэдий ч агаарын бохирдол мэтийн гаднын хүчин зүйлс, эхийн сэтгэл санаа болон биеийн эрүүл мэндээс хамаарах тохиолдол олон байдаг аж. Дутуу төрөлтийг зарим шинжилгээ болон шинж тэмдгээс нь хамааран таамаглах боломжууд байдаг ч одоог хүртэл найдвартай арга зам байхгүй байна. Тэгвэл одооноос маш энгийн цусны шинжилгээгээр жирэмсэн эмэгтэйчүүдийн дутуу төрөх эрсдэл хэр их байгааг тодорхойлох боломжтой болжээ.

Энэхүү технологи нь цусны шинжилгээгээр эсүүдийг судалж, тэдний дотор дутуу төрөлтийн шалтгаан болох боломжтой цусны эсүүдийг илрүүлэх зорилготой аж. Ийнхүү илрүүлж чадсанаар дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлэх, түүний эсрэг арга хэмжээнүүдийг эрт авах боломж бүрдэх учиртай.

Дэлгэрэнгүй: Энгийн цусны шинжилгээ дутуу төрөлтийг таамаглаж олон хүүхдийг аварна

"адтай" робот (Robot dexterity)

Роботууд тун удахгүй хүмүүсийн ажлын байрыг булаана хэмээн хүмүүс айдаст автаж буй ч роботууд одоо болтол юмстай хүн шиг харьцаж чадахгүй, болхи хэвээр байгаа. Гэвч киноноос л хардаг байсан маш өндөр хөгжсөн роботуудыг харах цаг ойртсоор байна. Роботыг бусад биетийг чөлөөтэй барьж, хэрэглэж, физик ертөнцөд яг л хүн шиг болгож чадах хөгжүүлэлт улам эрчимжиж буйг дуулгая.

Үүний нэг жишээ нь OpenAI-ийн Dactyl хэмээх төсөл бөгөөд роботын гарыг тусгай орчинд эд зүйлсийг хүн шиг барьж хэрэглэдэг болгохоор туршиж байна. Одоогийн байдлаар робот тоглоомон дөрвөлжин хайрцгийг гартаа эргүүлэх байдлаар суралцаж байгаа бөгөөд хүний өгөгдлөөр биш зөвхөн өөрийн оролдлогуудын ачаар суралцаж байгаа нь том дэвшил юм. Роботуудын бэлтгэл зөвхөн бодит орчинд хийгдэж байгаа бөгөөд виртуал орчинд бэлтгэл хийх боломжгүй. Учир нь роботууд виртуал орчинд сурсан зүйлээ бодит орчинд хэрэгжүүлэх нь маш хэцүү.

Дэлгэрэнгүй: OpenAI-ийн Dactyl хүний тусламжгүйгээр суралцаж байна

Бохирын хоолойгүй цэвэрлэгээний систем (Sanitation without sewers)

Дэлхий даяар 2.3 тэрбум гаруй хүн шаардлага хангасан цэвэрлэгээний системгүйгээр амьдарч байна. Мөн зориулалтын жорлон ашиглахгүй байгаагаас шалтгаалан хөрс бохирдож улмаар бактери, вирусийн гаралтай өвчлөлүүд нэмэгдэх үндэс болж байна. Дэлхий даяар амиа алдаж буй 9 хүүхэд тутмын 1 нь суулгац өвчнөөр нас барж буй.

Харин одоо хэд хэдэн бүлэг судлаачид шинэ жорлонгийн төслүүдийг эхлүүлж байгаа бөгөөд бохирын хаягдлыг багасгахыг зорьж байна. Билл Гэйтсийн 2011 онд эхлүүлсэн жорлон өөрчлөх уралдаан нь дэлхий даяар маш үр дүнтэй явагдаж буй бөгөөд хэд хэдэн үр дүнтэй төслүүд төрөн гарсан юм. Ихэнх төслүүд нь бохирын хоолойтой холбогддоггүй бөгөөд бохироо хадгалах тусгай савтай, түүнийгээ өөрөө цэвэрлэдэг технологи дээр суурилсан байдаг.

Эдгээр төслүүд дотор бохироо тусгай контейнерт хадгалж түүнийгээ бордоо болгон боловсруулдаг, жорлонгоос гарсан бохирын вирус, бактерийг шүүдэг шүүлтүүртэй технологиуд багтаж байв.

Видео: Биомасс Контролс - Бохирын хоолойгүй цэвэрлэгээний систем

хиймэл оюунт "жинхэнэ" туслахууд (Smooth-talking AI assistants)

Apple-ийн "Siri"-ээс эхлээд дижитал төхөөрөмжийн олон хиймэл оюуны туслахыг бид мэднэ. Тэд өрөөнд дуу тоглуулж, мэдээлэл олж өгч, сэрүүлэг тавьж өгч, таны хийх ойр зуур зүйлсэд тусалдаг. Тэгвэл эдгээр туслахуудыг хөгжүүлэгч компаниуд энэ төрлийн бүтээлүүдийг дараагийн түвшинд гаргахыг хүсэж байна.

"OpenAI" 2018 онд датаг ангилах, таг (tag) хийх зэрэг хөдөлмөр шаардсан үйлдлийг гараар хийхийг хөнгөвчилж автоматжуулах техникийг хөгжүүлсэн. Харин Google-ийн "BERT" хэмээх хиймэл оюун нь сая сая өгүүлбэр дундаас орхигдсон үгнүүдийг илрүүлэх чадалтай. Энэ мэтчилэн хиймэл оюунт туслахууд хүний хийж чадахгүй болон хийхэд маш их хөдөлмөр зарах зүйлсийг таны өмнөөс хийхэд бэлэн болжээ. Үүний жишээ нь дижитал төхөөрөмжийн хиймэл оюунт туслахууд таны өмнөөс онлайн шоппинг хийж, хурлын тэмдэглэл хөтөлж, мэдээллүүдийг цэгцлэх гэх мэт ядаргаатай ажлуудыг хийхэд бэлэн болоод байгаа юм.

Дэлгэрэнгүй: Google-ийн WaveNet хиймэл оюун ухаант туслах яг хүн шиг байх болно

Эх сурвалж: Technologyreview.com

39659   3


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.