Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын хэсгээс   12 сарын 08, 2018

ШИНЭ НОМ: "Элон Маск: Тesla, SpaceX ба гайхамшигт ирээдүйг бүтээх нь" номын тухай

Өнгөрөгч бүтэн сайнд буюу 12-р сарын 2-нд болж өнгөрсөн Unplug 2018 арга хэмжээний нэг сюрприз нь "Элон Маск" номын нээлт байлаа. Энэ цаг үеийн хамгийн дуулиант энтрепренер болох Элон Маскийн амьдрал, хөшигний ардах түүхүүдийг өгүүлсэн энэ ном гарсан цагаасаа хойш уншигчдыг соронздон татсаар байгаа билээ. Дэлхийг өөрчлөх компаниудыг хэрхэн бүтээж босгодгийг, тийм компаниудыг бий болгохын тулд яаж ажилладаг, ямар золиос гаргадгийг та энэ номоос уншаарай.

Элон Маскийн үүсгэн байгуулсан, хөрөнгө оруулсан гурван компани тус тусынхаа салбар хувьсгал хийсэн том өөрчлөлтүүдийг авчирсан билээ.
Tesla Motors компани батерейн шинэ технологийг ашиглан цахилгаан машин үйлдвэрлэж, цахилгаан машиныг олон нийт болоод автомашин үйлдвэрлэгчдийн анхааралд эргэн авчирсан бол SpaceX хэдхэн жилийн дотор сансрын хөлгүүдийг өөрсдөө хямд өртгөөр үйлдвэрлэн улс орнуудын сансрын амбицийг сэргээсэн. Харин SolarCity нарны хавтан суурилуулалт, үйлдвэрлэлийн үйл явцыг төгөлдөржүүлсэн юм. Үүнээс бүр өмнө Элон төлбөр тооцоо, санхүүгийн технологийн салбарыг хувьсгасан PayPal-ийг хамтран байгуулж, 2000 оны орчим болсон интернэтийн хөөс хагарлаас хамгийн их хожоотой гарч байв.

Элон Маск бол хүний чадамж ямар өндөр байж болдгийг, хүний оюун ухаан, тэсвэр тэвчээрийн хязгаар хаана хүрдгийг, хүн юу хүсэж мөрөөдөж, түүндээ яаж хүрч болдгийг харуулах хамгийн тод жишээ юм.

Гэвч тэр бидний адил мах цусанд төрсөн хүн тул бас олон алдаа дутагдалтай. Тийм ч учраас Элон Маск онц сонирхолтой, баялаг түүхийг бүтээжээ.

Энэ номын талаар онцлон дурдах ёстой нэг баримт бол, зохиогч Ашли Ванс Элон Масктай ном дээр хамтарч ажилласан ч түүний номыг гарахаас нь өмнө уншиж зүүлт хийх саналыг хүлээж аваагүй гэдэг. Учир нь Элон Маск бүхнийг хяналтанд байлгах дуртай, өөрийг нь хүмүүс буруу ойлгох вий гэдгээс жигтэйхэн эмээдэг нэгэн. Өөрөөр хэлбэл маш их засвар орж ирж, үнэн түүх нь гажих магадлалтай хэмээн Ашли Ванс сэтгүүл зүйн зарчимдаа бат зогсож, Элон Маскийн намтар түүхийг нэмэлт хачиргүй, үнэн байдлаар нь өгүүлж чаджээ.

НОМЫН САЙШААЛ ҮГС

“Ашли Ванс Элон Маскийн бизнесийн ертөнцийн оргилд гарсан түүхийг маш нарийн сурвалжилж, “өнгөтөөр” харуулжээ. Энэ бол хүн төрөлхтөнд магадгүй хамгийн их нөлөө үзүүлж буй хүний дэлгэрэнгүй толь юм. Хэрвээ Маск хүн төрөлхтнийг Ангараг гарагт хүргэх учиртай юм бол энэ ном тус гарагийн суурь баримт болох болно.”
“Бүх зүйлсийн дэлгүүр: Жефф Безос ба Амазоны эрин үе” бестселлер номын зохиогч БРЭД СТӨҮН

“Элон Маск бол миний зүрх сэтгэлийг татсан эр: Саад бэрхшээлээс ухарч үзээгүй эрсдэл үүрэгч, хүн төрөлхтөнд гэрэлт ирээдүйг авчрах зорилготой нэгэн. Ашли Вансын энэ онцгой намтар Маскийн амьдралын гайхалтай түүхийг, бууршгүй цог залийг дэлгэн харуулжээ.”
Virgin Group-ийн үүсгэн байгуулагч РИЧАРД БРАНСОН

“Элон Маск Стив Жобсоос хойших энтрепренерүүдээс тодрон гялалзаж, технологийн салбарт юу боломжтойг харуулан босгыг өндөрсгөж байна. Бидэнд бодит амьдрал дээрх Тони Старк байгаа нь золтой хэрэг бөгөөд анх удаа бид Маскийн түүхийг ойроос тольдож байна.”
Венч хөрөнгө оруулагч, вэбийн анхдагч МАРК АНДРИССЕН

“Хуучинсаг сэтгэлгээг сөрөн дэлхийг өөрчилж буй, өөрөөр хэлбэл дийлдэшгүй хүчний эсрэг тэмцэгчийн дүрд удаа дараа тоглосоор буй нэгнийг Ашли Ванс тод томруунаар харуулжээ. Энэ номыг уншсан хүн урдах зорилгоо багахан ч атугай өндөрсгөөгүй гэвэл би лав итгэхгүй.”
iPod, iPhone-ийг бүтээгч, Nest Labs-ийн гүйцэтгэх захирал ТОНИ ФАДЕЛЛ

“Элон Маск бол манай цаг үеийн хамгийн агуу энтрепренер сэтгэгчдийн нэг. Түүний бишрэм оюун ухаан, зогсолтгүй урагшлах тэмүүлэл, зүрх алдам зорилгодоо бат итгэх үнэмшлийн ачаар бид нийтээрээ үр өгөөж хүртэх боломжтой болж байгаа юм. Элон Маскийн энэ намтар Tesla, SpaceX, SolarCity-ийг байгуулсан хөшигний ардах түүхүүдийг хамгийн ойроос өгүүлж, Элоны гар эрмэлзлээ бодит ажил болгохын тулд хэрхэн ажилладгийг харуулснаараа онцгой юм. Тэр бол дэлхийг өөрчилж буй өвөрмөц дүр бөгөөд тоглоомын дүрмийг өөрчилж буй санаануудаа хэрхэн сэдэж, хэрхэн хөгжүүлж ирснийг нь Ашли Ванс тун сонирхолтойгоор хүүрнэжээ.”
Хүний геномын дарааллыг нээсэн нэрт эрдэмтэн Ж.КРЭЙГ ВЕНТЕР

11874   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.