10 сарын нэгэн орой утас цохиж "Нөгөөдөр Өвөр Монгол руу Unread болон HUB инновацийн төвөө төлөөлөн явахаар боллоо шүү" гэсэн даалгаврыг хамт олноосоо авч цаг тулсан байдалтай Хөх хотыг зорьсон юм. Өвөр Монгол болон БНХАУ-ын инноваци, шинжлэх ухаан технологийн орчинтой танилцаж, туршлага судлах зорилготой явсан багт маань Улаанбаатар хотын дундын оффисуудын төлөөлөл, шинжлэх ухаан, технологийн салбарт ажиллаж буй хувийн хэвшлийнхэн, төрийн албан хаагчд багтан 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр хөдөлсөн билээ. 10-р сарын 15-24 хооронд үргэлжилсэн тус сургалтанд ганцаараа медиа салбарыг төлөөлөн явсны хувьд мэдсэн сурсанаа гарааны бизнес, инновацийн салбарт ажиллаж буй хүмүүст хуваалцаж байна.

Инноваци, стартап, энтерпренершип гэсэн үгсийг сонсоход дэлхийн өндөр хөгжилтэй орнууд, технологийн төв болсон улсууд төсөөлөгддөг тул ӨМӨЗО-ын Ордос, Бугат, Хөх хот гэсэн гурван хотоор зочилно гэхэд хүлээлт тийм ч өндөр байгаагүйг нуух юун. Өмнө нь тус улсад зочилж байгаагүй тул манайхтай ижил төстэй нөхцөл байдал угтах болов уу гэсэн бодолтойгоор Хөх хотын нисэх онгоцны буудалд 10 сарын 15-нд газардав.

Гэвч 10 сарын 16-25 хооронд 10 хоногийн хугацаанд үргэлжилсэн тус сургалтын үеэр БНХАУ, ӨМӨЗО-ны бүтээн байгуулалт, инноваци, стартапийн экосистемийг хараад гайхширалд орж, нөгөө талаар өөрийн улсын нөхцөл байдлаас багахан ичиж, атаархал төрөн буцсаныг нуух юун.

Өвөр Монголын инновацийн суурь 1980-аад оноос эхлэлтэй бөгөөд анхны инкубатор төв 1992 онд байгуулагдаж байсан гэх. Тус гурван хотод нийт 50 гаруй гарааны бизнесийн инкубатор төв байдгийн зарим нь 10 орчим салбартай. Нэг салбар нь гэхэд дор хаяж 10-аас дээш давхар сүрлэг барилгыг тэр чигт нь эзлэн оршино. Инкубатор төв бүрд нь ойролцоогоор 200 гаруй компани бойжиж байгаа нь гайхал төрүүлэм.

Өвөр Монголын нийслэл Хөх хот. Бугат, Ордос, Хөх хот гэсэн гурван том хотын нийт хүн амын дийлэнхийг Хятад үндэстэн эзэлдэг бөгөөд ердөө 17 хувийг нь л Өвөр Монгол үндэстэн эзэлдэг. Тиймээс Өвөр Монголын хотуудаас Монголоор ярьдаг хүн олно гэдэг тун бэрх байлаа.

санаа, бизнесээ бодит болгох нь

"Нэг голын усанд хоёр дахин орж болдоггүйтэй адил бизнест нэг боломж хоёр дахиа олдоно гэж үгүй" хэмээх үг эндхийн гарааны бизнесийн гол агуулга болон хэрэгждэг аж. Тийм ч учраас олдсон боломж бүрийг алдалгүй ашиглах, шинэ санаа бүрийг бизнес болгох тал дээр бүх талууд хичээн ажилладаг. Үүний гол түлхүүр нь шинжлэх ухааны парк, инкубатор, инновацийн төвүүдийг ихээр байгуулах явдал гэж бат итгэдэг хүмүүс бол БНХАУ болон өвөр монголчууд. Энд гарааны бизнесийн бойжих, өсөх, эхлэлийн цэг нь инкубатор гэсэн ойлголт хүн бүрийн толгойд бат суужээ.

Энтрепренерүүд бүтэлгүйтэх хэрэгтэй, алдаад алдаанаасаа суралцах хэрэгтэй гэсэн ойлголт түгээмэл байдаг ч энд эсрэгээрээ сэргийлж болох алдааг, бүтэлгүйтэхгүй байж болох нөхцөлүүдэд бүтэлгүйтэх, алдахыг тэвчдэггүй нь илт байв. Ялангуяа манайх шиг газар ихэнх гарааны бизнесүүд сэргийлж болох зүйлсээс болж бүтэлгүйтэх нь олонтаа. Үүнд, туршлагагүй байдал, ганцаараа бүгдийг хийх гэсэн хэт итгэлтэй байдал, гарааны бизнесийн таагүй орчин, хууль дүрэм, дэмжлэг зэрэг багтана. Тиймээс Өвөр Монголын гарааны бизнесийн компаниудын 90 орчим хувь нь инкубаторт бойжиж, менторуудаас байнгын зөвөлгөө авч, тэндээсээ хөрөнгө оруулалт татаж, бусад компаниудтайгаа ойр байж хамтын ажиллагаа эхлүүлэх байдлаар хөгждөг аж.

Ордос хот Өвөр Монголын төдийгүй БНХАУ-ын урдаа барих хамгийн чамин, орчин үеийн хотуудын нэг. Канбаши дүүргийн бүх барилга LED дэлгэцээр хучаастай бөгөөд Ордос хотод шөнөөр зугаалахад нүд булаам чамин, гэрэл дүүрэн гудамж таныг угтана.

Хүн бүхний хүсэхээр орчин, тансаг барилгууд... Гэвч Ордос хотын гудамжны эл хуль байдал, зам дээр үе үе ганц нэгээрээ харагдах машинууд уг хотыг орчин үеийн хамгийн алдартай "Сүнстэй хот" гэдгийг батална...

Ордос хотыг дараагийн Шэнжэн, Гуанжоу, Шанхай болох зорилгоор өргөжүүлж бидний зочилсон Канбаши дүүргийг өндөр өртгөөр босгожээ. Эндхийн музей, концертийн танхим, спортын ордон, номын сан, инновацийн хүрээлэнгүүд бүгд дээд зэрэглэлийнх. Хараад нүд унагамаар барилга, гэрэлтүүлгүүд биднийг хэдэн өдрийн турш гайхуулсан ч эндхийн хүнгүй, эзгүй байдал бүр ч ихээр гайхшируулж байлаа. Нутгийн хүмүүсээс асуухад энд хүмүүс суурьшихад бэлэн бус байхад уг хотыг байгуулсан бөгөөд их сургууль, эмнэлгийн дутагдмал байдал, амьдрах өртөг зэрэг олон хүчин зүйлээс болж хэн ч ирж амьдрахыг хүсэхгүй байгаа аж. Дээдсийнхэн л амьдардаг гэмээр энэхүү хотыг тийн улмаас "Сүнстэй хот" хэмээн нэрийджээ.

гарааны бизнес, инновацийн орчин

Инкубаторын төв, шинжлэх ухаан технологийн паркуудыг олноор байгууллаа ч үр дүнтэй ажиллуулах нь хамгийн чухал. Энд үр дүнтэй ажиллуулахын нэр томьёог хамтын ажиллагаа, бүх талын оролцоо хэмээн тодорхойлсон байна. Аливаа салбарыг хурдацтай, үр дүнтэй явуулъя гэж бодож байвал хувийн хэвшил, төр, ТББ, хувь хүмүүс, олон нийт гээд бүгд оролцох ёстой гэсэн дүрэм үйлчилдэг. Гэхдээ төрийн оролцоо гэдэг нь төр хувийн хэвшлийн үйл ажиллагаанд оролцож, бизнесүүдтэй хутгалдана гэсэн үг ерөөсөө биш юм. Гол санаа нь инноваци, гарааны бизнесийн орчинг сайжруулахад бид өөр өөрсдийн хамгийн сайн чадах зүйлийг хийж, түүндээ л санаа тавихын нэр. БНХАУ-аас ирэх дэмжлэг, Өвөр Монголын төрийн дэмжлэг, хот нийслэлийн дэмжлэг, орон нутгийн дэмжлэг гэсэн үе шатлал бүхий дэмжлэгүүд байдаг бөгөөд тэд парк, төвүүдэд мөнгөн дэмжлэг болон үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлэх тал дээр л санаа тавина.

Хувь хүмүүс шинээр шинжлэх ухаан,технологийн парк байгуулахад төрөөс 300 мянган доллар, инкубатор болон инновацийн төв байгуулахад 80 мянган долларын дэмжлэг буюу хөрөнгө оруулалт хийнэ гэсэн журамтай.

Мөн гарааны бизнес гэж ямар компанийг хэлэх вэ гэсэн тодорхой заалтууд байдаг тул гарааны бизнесийн компаниуд, инновацилаг компаниуд хуулийнхаа дагуу маш өндөр хөнгөлөлтуудыг эдэлнэ. Олон шинэ бизнесийг төрүүлэхийн тулд эхлээд татвар, хуулийн хувьд таатай орчныг нь бүрдүүлчихвэл эцэстээ олон компани эргээд улсдаа том үнэ цэнийг өгнө гэсэн зөв ойлголттой. Ялангуяа инкубаторт бойжиж буй компаниуд бусдаас хавьгүй илүү хөнгөлөлтийг эдлэх бөгөөд эхний 2 жилийн түрээсийн зардлыг нь төрөөс төлж, 3 дахь жилдээ хагас түрээсээ төлөх дүрэмтэй. Мэдээж татварын хөнгөлөлт болон гаалийн тал дээр бусад компаниас мөн л хуулийн дагуу зөөлөн хандана.

Засгийн газар нь ирээдүйн хөгжлийг инноваци, технологи, гарааны бизнес гэдгийг сайтар ухамсарлаж буй тул тэдэнд зүгээр л урдах ажилдаа санаа зов, сайн бүтээгдэхүүн, сайн үйлчилгээг гарга гэсэн шаардлагыг тавьж тун таатай орчныг бүрдүүлжээ. Гарааны бизнес, шинэ компаниуд хууль, татвар, бизнесийн орчин тал дээр санаа зоволгүй зөвхөн урдах зүйлдээ л төвлөрдөг учраас инкубаторт бойжиж буй компаниудын 70 хувь нь амжилттай бизнес болж зах зээлд үйлчилгээгээ нэвтрүүлдэг байна. Хамгийн гол төр, засгийн газар нь хувийн хэвшлийн, бизнесд оролцохгүй гэсэн зарчимтай бөгөөд зүгээр л бодлогоор дэмжих, таатай орчныг нь бүрдүүлэх үүрэгтэй гэдгээ ухамсарладаг нь хамгийн авууштай.

БНХАУ, ӨМӨЗО Хөх хот. Yuqian building. iSoftstone инкубаторт бойжиж буй VR компани

ойлголтоо нэгтгэх нь

Инноваци, гарааны бизнес хурдацтай хөгжиж инкубаторын үйл ажиллагаа маш үр дүнтэй байгаагийн гол нууц нь нэг ойлголт, нэг зорилго дээр төвлөрсөн явдал хэмээн уулзсан экспертүүд, туршлагатай бизнес эрхлэгчид хэлж байлаа. Аливаа экосистемийг цогцлоохын тулд бүх талын оролцоо, хамтын ажиллагаа, тэдгээрийн хийх зүйл тодорхой байх нь чухал гэдгийг тэд дуу нэгтэйгээр өгүүлж байсан юм.

Эцэстээ аливаа ажлыг хамтран хийвэл илүү хурдтай, үр дүнтэй байх, төгсгөлд нь бүгд л хожоотой дуусах учраас өөрийн үүргийг тултал сайн биелүүлж, нөлөөллөө үзүүлж байх нь чухал аж. Үүний тулд бүгд нэг ойлголт, нэг зорилготой, эдгээр ажлыг хамтран хийсний дараа юуг "хожихоо" сайн мэдэж байгаа нь тэдний хамтын ажиллагаа ямар ч асуудалгүй явж буйн гол нууц гэж санагдсан. Төр нь ч хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэдээ эргэлздэггүй, нөгөөдүүл нь ч гэсэн төрөө хүндэлж, тэдэнд итгэж ажлаа явуулдаг нь илт байв. Үүний шалтгаан нь мэдээж бүгд өөр өөрийн үүргийг ухамсарлаж, бусад зүйлээ чаддагт нь даалгадагтай холбоотой.

Инновацийн хөгжлийг цогцлоохоор явж буй өвөр монголчууд 30 гаруй жилийг тус салбарт зарцуулахдаа ойлголтоо нэгтгэх гэж, бие биендээ итгэх итгэлцлийг үүсгэх гэж маш их хүчийг зарцуулсан гэдгээ онцолж байлаа. Ялангуяа төрийн оролцоог хязгаарласан хэрнээ тэднээс хүчтэй дэмжлэг авах, бизнес эрхлэгчдийн санаа зорилго болон инновацийн төвүүдийн менежментийг төвд зөвөөр ойлгуулдаг болох гэж маш олон жилийг зарцуулсан нь ойлгомжтой байсан юм. Гэвч эцэстээ тэд зорилгодоо хүрч чадсан бөгөөд төрийн бизнес дэх оролцоо байхгүй ч дэмжлэг нь илүү хүчтэй, хувийн хэвшлийнхэн төртэйгээ хамтрах маш дуртай болжээ. Мөн бие биеэ хүндэлж, нэг ширээний ард суухдаа нээлттэй байдаг болсон байна. Хэн ч хэнийгээ үл хардаж, итгэлцэл, хүндлэл дээр ажил явахад экосистемийн суурь ямар сайн тавигддаг нь Өвөр Монголын инноваци, бизнесийн орчинтой танилцахад тодорхой мэдрэгдсэн билээ.

ӨМӨЗО, Хөх хот. Хүнсний үйлдвэрлэлээрээ дэлхийд гуравт жагсаж буй Yili группийн төв оффис. Өвөр Монголын бүх л компаниудын үүдэнд Хятадын удирдагч Ши Жинь Пиний зураг харагдах аж.

Сүүний үйлдвэрлэлээрээ алдартай тус компани Монголын сүүний хэрэглээний 25 хувийг хангадаг.

инкубатор, инновацийн төвүүдийн менежмент

Компаниуд инкубаторт бойжихдоо тус салбарын мэргэжилтэн, менторуудтай ойр ажиллаж тэднээс байнгын зөвлөгөө авах боломж бүрджээ. Сард хэд хэдэн удаа бүх компаниудыг хамарсан сургалт, семинарууд зохион байгуулагддаг бөгөөд мэдээллээ байнга солилцоно. Компанийн нууцтай холбоотой асуудал л биш бол үйл ажиллагааны мэдээлэл нээлттэй байхыг эрмэлздэг бөгөөд түүнээс улбаалан компаниуд хоорондоо ямар хамтын ажиллагаа хийж болох, парк болон инкубатороос дэмжих боломжуудыг эрэлхийлнэ. Менторууд болон мэргэжилтнүүд Хятадын Шанхай, Бээжин, Гуанжоу, Бээжин зэрэг технологи, бизнесийн өндөр хөгжилтэй хотуудаас хүрэлцэн ирнэ. Төрийн дэмжлэг, ар тал байгаа учраас сургагч багш, мэргэжилтнүүдийн хүчээр дутна гэсэн асуудал гардаггүй нь сайхан ажээ.

Инновацийн төв, паркууд удаан хугацаанд компаниудыг бойжуулж, маш өндөр хэмжээний мөнгөн болон бусад дэмжлэгийг оруулж байгаа тул компаниудаас тодорхой хувийг нь эзэмших байдлаар ажиллана. Тухайн компани хэр ирээдүйтэй, ямар үйл ажиллагаа явуулж байгаагаас эзэмшлийн хувь дээр тохиролцоо хийгддэг бөгөөд яг ийм хэмжээний хувийг эзэмшинэ гэсэн дүрэм байдаггүй гэнэ.

Мөн инновацийн төв болон паркууд ихэнх нь тусгай хөрөнгө оруулалтын бүлгэм, сантай бөгөөд зах зээлд өөрийн байр суурийг эзэлсэн компаниуд болон үүсгэн байгуулагчид, захирлууд тус бүлгэмд хамаарагдана. Инкубаторт бойжиж буй компаниудын мэдээлэл нээлттэй, үргэлж явцаа тайлагнаж бусадтайгаа хуваалцаж байдаг тул тэрхүү мэдээлэл нь төв, парк бүрд бүртгэлтэй хөрөнгө оруулагчдад очиж байдаг. Сардаа нэг удаа найраа хийж (pitch) бизнестээ хөрөнгө оруулалт татах боломж нээлттэй. Гарааны бизнесүүдийн хувьд хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдад бизнесээ тайлбарлах боломж хомс байдаг тул инкубаторт бойжихын гол давуу талуудын нэг нь яахын аргагүй энэ аж.

Инновацийн төв, паркууд ихэвчлэн 15 орчим давхар барилгад байрлах бөгөөд 1-3 дугаар давхар дундын оффис (coworking space), 4-6 давхард их өгөгдөл (big data) дээр суурилсан компаниуд, 7-9 давхарт медиа стартапууд, 9-11 давхарт мобайл апп стартапууд гэх мэтээр төрөлжин байрладаг.

Тус сургалтанд Монголын шинжлэх ухаан, технологийн салбарт ажиллаж буй хувийн хэвшлийн болон төрийн 20 мэргэжилтэн хамрагдсан бөгөөд багийг Шинжлэх Ухаан Технологийн Паркийн захирал Б.Бат-Өлзий ахлан явсан юм.

Инноваци, гарааны бизнесийн үлгэр жишээ экосистем бүрдсэн Өвөр Монголд төр, хувийн хэвшил, олон нийт гээд бүх оролцогч талууд үүргээ ухамсарлаж, өөрсдийн оролцоог маш сайн ойлгосон нь илт мэдрэгдэж байлаа. Төрийн маш үр дүнтэй, оновчтой дэмжлэг, таатай орчныг бүрдүүлсэн байдал, бизнес эрхлэгчдийн төртэйгөө хамтран ажиллах дур сонирхол зэрэг нь экосистемийн гол хүч. Ямар сайндаа л энтрепренерүүдээс нь бэрхшээл юу байна гэж асуухад дэмжлэг, хөрөнгө оруулалтууд дэндүү ихдээд байна гэдэг зүйл яриад сууж байхав дээ. Төрөөс хэтэрхий их дэмжээд байхаар энтерпренерүүд нь сорилттой тулгарахгүй, "өлсгөлөн" байдлаа алдаж, жинхэнэ энтрепренерүүд, дараагийн Жак Ма төрөх бололцоогүй болох аюултай байгаа талаар тэд сэтгэл зовнин ярьж байв.

Нэг талаас дэмжлэг дэндүү их байна гэдгийг асуудал хэмээн ярьж суугаа өвөр монгол, хятад залуучуудыг хараад атаархах сэтгэл төрсөн ч нөгөө талаас өөрсдийгөө азтайд тооцмоор ч юм шиг. Мэдээж 10 хоногийн аяллын үеэр болон дараа нь өөрийн улсын зарим гомдмоор зүйлсэд дургүй хүрч, "айлын хүүхдэд" атаархангуй байдлаар нутаг буцсан ч нөгөө талдаа урам зоригоор тэтгэгдэн нутгийн зүг эргэлээ. Бидний сул тал эргээд гарааны бизнесийн орчинд давуу тал болох боломж байна. Бидэнд юу л байна асуудал байна, саад байна. "Жинхэнэ" гарааны бизнес, "жинхэнэ" амжилт зовлон, саад, бэрхшээл дундаас л төрөн гардаг билээ. Сорилт, саад, бэрхшээл биднийг хурцалж байгаа гэж өөрсдийгөө зоригжуулъя. "Айлын хүүхдүүд" хичээж байна, хөдөлмөрлөж байна, бүтээж байна.

"Цаг алдаж болохгүй мөчүүд айсуй. Та бүхэн маш том үүрэг даалгавартайгаар нутаг руугаа буцаж байна. Очоод энд сурсан мэдсэнээ бусадтайгаа хуваалцах, цаашлаад ажил хэрэг болгох үүрэгтэйгээр явлаа. Та бүхний юу хийхээс дараагийн үеийн ирээдүй шалтгаална шүү. Хийхгүй байж болно, гэхдээ тэр хэрээр цаг алдаж, дахиад 10, 20 жил хоцрох аюултай. Бид шинэ эриний залуус! Хичээгээрэй!" хэмээн тэд биднийг үдэж өгсөн юм...

2018.10.25

БНХАУ, Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Хөх хот
Хойшлогдсон нислэгээ хүлээх зуур...

Үргэлжлэл бий...