Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   06 сарын 06, 2018

Live blog: HUB Инновацийн төвийн нээлтийн арга хэмжээг бүрэн тоймлох нь

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар болон Unread Today хамтран эхлүүлж буй HUB Инновацийн төвийн нээлт 6 дугаар сарын 6-ны өдөр буюу өнөөдөр тохиож байна. Оюуны хэт цахин, инновацийн үрийг тарьж, хөгжлийн шанг татах үйлсийг эхлүүлж буй энэ өдрийг бид баяр болгон тэмдэглэж байна. Шинэлэг шийдлийн уурхай, санаа уралдуулах дэвжээ, мөрөөдөл биежих талбар болсон инновацийн төвд тавтай морил. Бодол санаанд байсан зүйлийг бодит болгох боломжийг нээж өгч буй энэ газартай танилцах, менторуудтай уулзаж ярилцах, өөртэйгөө ижил санаа зорилготой залуучуудыг олох боломжийг та бүү алдаарай. Харин биеэр хүрэлцэн ирэх боломжгүй уншигчдадаа зориулан бид өнөөдрийн турш Live blog хөтлөх юм. Та эвент дээр ирж амжихгүй бол үйл явдлаас хоцрохгүйн тулд бидний нийтлэлтэй хамт байгаарай. 

Нээлтийн үйл ажиллагааны үеэр 75 хувийн орох магадлалтай байсан бороо оролгүй биднийг дэмжиж ажиллав. Нийслэлийн анхны инновацийн төвийн нээлтэн дээр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал, CEO клубийн үүсгэн байгуулагч Ч.Ганхуяг болон дэлхийн зах зээлд амжилттай гарсан түүчээ стартап Lhamour-ийн үүсгэн байгуулагч Д.Хулан нар сэтгэгдлээ хуваалцаж, баяр хүргэв. Нийслэлийн засаг дарга шинэ санааны уурхай, амжилттай ажлын эхлэл болохыг бэлгэдэн амжилтын хонхыг дуугаргаснаар HUB Инновацийг төв албан ёсоор үүдээ нээлээ.

Харин дараа нь Инновацийн төвийн менежментийг хариуцан ажиллах Unread-ийн хамт олон маань Инновацийн төвдөө анхны эвентээ зохион байгуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагаа хийлээ. Энэ ярилцлагыг бид та бүхэнд тун удахгүй бүрэн эхээр нь хүргэнэ.

HUB Инновацийн Төвийн тухай товчхон

Шинэ санаануудаар халгиж цалгиж явдаг, хийж бүтээх ирмүүн их хүсэлтэй, номын сан ханьгүйдээд, кофе шоп үнэтэйдээд байдаг залуучууддаа зориулж Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас “шинэ санааны уурхай” буюу UB Innovation Hub-ийн нээлтийг өнөөдөр хийж байна. Залуучууд хөгжлийн төв байж байгаад Нийслэлийн тавдугаар байрны Б корпус нэртэй болсон байрны гадаа #hubinnovationcenter гэх хаяг тавигдаад хагас жил өнгөрснийг анзаарсан хүн цөөнгүй биз. Хүүхэд залуучуудынхаа хөгжилд зориулж анхлан барьсан байраа цоо шинэ өнгө төрх, бүтэц, төлөвлөгөөтэйгөөр, тоо томшгүй их боломжтойгоор эргүүлэн өгч байгаа нь энэ юм.

Улаанбаатар хотод инновацийн тогтолцоог бүрдүүлэх шинэ санаа, инновацид суурилсан гарааны бизнесийг хөгжүүлэх, залуучуудын хөгжлийг дэмжих цогц талбар гэсэн тодорхойлолттой нээлтээ хийж буй уг төв #hubcoworking, #hubincubator, #hubevents, #hublabs зэргээс бүрдэнэ. Шинэ санаа, гар нийлсэн баг, ажлын төлөвлөгөө, ажиллах урам зориг гээд материаллаг нөөц, туршлага хоёроор л дутдаг гарааны бизнес эрхэлж буй залуучууддаа эдгээр нөөцөөр элбэг сайн хангаж өгөх зорилгоор бизнесийн инкубатор болон хурдасгуурыг үүсгэжээ (#hubincubator). Сууж ажиллах таатай орчин, идэвхтэй залуус бөөгнөрсөн, боломжоор дүүрэн орчин хэрэгтэй залууст өөрийн арга барил, онцлогийг гарган ажиллаж болох долоон төрлийн суух суудалтай, 150 орчим залуус зэрэг ажиллах боломжтой хамтын оффис энд бий (#hubcoworking). Харин гишүүн болоогүй ч үргэлж өөрийгөө ахиулж хөгжүүлэхийг эрмэлздэг, боломжийг алдалгүй шүүрэхийг хүсдэг эрэлчдэд зориулж төрөл бүрийн арга хэмжээ, эвентүүд зохиогдсоор байх юм (#hubevents).

НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭРХ ИЛТГЭЛҮҮДЭЭС

Манай компани технологийн инновацийн агентлаг гэж явдаг учраас энэ шинэ технологиудыг хаана, яаж ашиглавал ашигтай байх вэ гэдгийг харуулдаг. Монголын хөгжилд хувь оруулж чадах зүйлийн зөвхөн эхлэл нь block chain. Дэлхийн аль ч улсад инноваци одоо энд үүсэх шиг community, network-оос гардаг. Монголд блокчейн хийдэг инженерүүд маш цөөхөн байдаг учраас бид боловсролоос үйл ажиллагаагаа эхэлж байна. Блокчейнээр төгссөн залуучуудыг олж авахын тулд компаниуд өрсөлдөж, тэдний цалин нэг жилийн дотор 200 дахин өссөн байдаг. Энэ их хөрөнгөний багахан хувийг ч гэсэн Монголдоо оруулж ирэхийн тулд бид маш сайн боловсролтой байх ёстой. Бидэнд интернет байна, үнэгүй хичээлүүд интернэтээр дүүрэн, хүсч байвал манай хичээлүүдийг ч аваад үзэж болно.

Хүмүүст тусдаа гараад, байр машинтай болоод, гэр бүлээ цогцлоочихоод аялах хэрэгтэй гэсэн ойлголт байдаг. Миний хувьд энэ бүгдийг эсрэгээр нь хийсэн учраас найз нөхөд, гэр бүл гээд олон хүмүүсээс шүүмжлэл ирсэн. Хонг Конг, Тайландаар аялаж ирсний дараа би яаж аялах вэ гэсэн л бодлоор толгой маань дүүрсэн байсан. Хамгийн түрүүнд тэтгэлэг олж, гадаадад сурах, хурал зөвлөгөөнд явах, сайн дурын ажил хийх гэсэн гурван сонголт байсан. Байнга интернетээр хайдаг байсны үр дүнд би Итали хотод 7 хоногийн хугацаанд сайн дурын ажил хийх эрхтэй болсон. Нэгэнт л Итали явж байгаа, замын зардлаа өөрөө гаргаж байгаа учраас би зохион байгуулах комиссоос нэг сарын виз асууж авсан. Тухайн үедээ би ТББ-д гадаад харилцааны ажилтнаар ажилладаг байсан учраас замын зардлаа олох ч маш хэцүү байсан. Тийм учраас би мөнгө яаж олох вэ, яаж цуглуулах вэ гэж бодож эхлээд амралтын өдрөөр хүмүүст guide хийж, Монголд амьдардаг expat-уудад монгол хэл заах, монгол хүүхдүүдэд англи хэл заах гэх мэтээр мөнгө цуглуулж эхэлсэн. Ингэх мэтээр мөнгө цуглуулж байгаад Европын найман орноор аялаж байсан.

Хамтын оффисын танилцуулгын үеэр үйл ажиллагаагаа явуулж буй бусад команиуддаа саад болохгүйн тулд бид UB Passport-ийн чихэвч ашиглаж илтгэгчдийнхээ танилцуулгыг сонссон билээ.

Америкийн их сургуулиуд Hollistic admission-тэй учраас хүний академик чадвараас гадна хувь хүний хөгжил, хийсэн зүйлсийг хардаг. Амьдарч буй орчин нийгэмдээ эргүүлээд юу ч авахгүй ч гэсэн өгч чаддаг хүнийг маш их үнэлдэг. Америкийн их сургуулиуд яагаад ийм их юм шаарддаг вэ гэхээр тэр сайн сургуулиудын сургалтын системтэй л холбоотой. Өнөөдөр бид тэр сургуулиудад хэрэглэж байгаа номыг хаанаас ч олж уншиж болно. Гэтэл боловсрол бол ном, сурах бичиг, өрөө танхимаас биш, хүрээлж байгаа сурагчдаас л шалтгаалдаг. Чи хичнээн сайн сурагч байсан ч гэсэн чиний ангид байгаа арван хүүхдийн зургаа нь гарч пс-дий, цонхолъё гээд яваад байдаг бол нэг сар тэснэ, хоёр сар тэснэ, тэгээд цаашаа өөрсдөө нийлээд л явна. Иймээс TOEFL өгөөд их сургуульд тэнцүүлье гэсэн сурталчилгаа байвал хэзээ ч битгий итгээрэй.

Цагаан сар болоод лам нар моодонд ороход надад маш их асуулт ирлээ. Хамгийн их ирсэн асуулт нь гэвэл цагаан сарын тавгийн идээг жаргал, зовлон гээд сондгой тоогоор өрдөг гэнэ. Тэгээд манайх цагаан сарын идээнийхээ хамгийн дээд давхарт нь бяслаг тавьчихсан, түүнийг тооцох уу, үгүй юу гэсэн асуулт байна. Хүний амьдралын жаргал, зовлон гэж цагаан сарын идээн дээрх бяслагнаас тодорхойлогддог юм бол энэ шинжлэх ухаан, амьдрахын төлөөх зүтгэл хэнд хэрэгтэй юм бол. Хүний амьдралд итгэл үнэмшил хэрэгтэй байдаг. Итгэл үнэмшил байхгүй л бол хүний амьдрал ямар ч үнэ цэнэ, үнэт зүйлгүй болно гэсэн үг. Өвөрхангай аймагт байгаа усыг савлаад зарж байгаа бол тэр үнэт зүйлтэй биш. Аа харин, монгол хүн бүр эрүүл энх байг гэсэн эрхэм зорилготой болоод ирэхээр тэр үнэ цэнэтэй, утга учиртай болоод байгаа юм. Энэ мэтээр бидний амьдралын зорилгыг илүү уужим, том болгодог зүйлийг үнэт зүйл, утга учир гэж байна.

Би хаанаас Faro Edu-ийнхээ санааг олсон бэ гэвэл монгол улсаа хөгжүүлье гэж бодож эхэлсэн. Монгол улсыг яаж хөгжүүлэх вэ гээд бодоод эхлэхээр шударга ёсны хямрал буюу сайн хүмүүсээ дээшээ гаргадаггүй байдал, боловсрол гэсэн хоёр асуудал байна гэж бодсон. Бид хүүхдээ одооноос л сургаж эхлэхгүй бол дуусна. Бид нар баруун тархиа ашигладаггүй, ашиглах ч боломж өгдөггүй шүү дээ. Хүний ой тогтоолт гэтэл фантази дээр л тулгуурлаж хөгждөг гэнэ. Ийм учраас би монгол улсаа хөгжүүлэхийн тулд боловсролын салбарт ажиллаж эхэлье гэж шийдсэн. Ингээд өөрийн англи хэлний төвөө нээгээд, яагаад хүн англи хэл сурч чадахгүй байна вэ гэж бодоод эхлэхэд хамгийн том асуудал нь үг цээжилж чадахгүйд байсан. Өнгөцхөн харвал хэдэн тоо цээжилсэн хүүхдүүд л байдаг гээд өнгөрөх байх. Би сонирхоод яг яаж цээжилдэг юм бэ гээд асуухад урдаас тархины шинжлэх ухаан яриад эхэлсэн л дээ. Боловсролын салбар ирэх 20 жил орвонгоороо өөрчлөгдөнө гэж би бодсон учраас энэ төвийг нээснээс биш англи хэлний төв орлоготой болохоор нь нээсэн юм биш. Хүн идэх хоолтой байхаа л бодох биш, чадах хамгийн томоороо л сэтгэх хэрэгтэй.

Б.Идэр-Од багшийн хичээл: Англи хэл сурах, үг цээжлэх аргачлал

Маш олон амжилттай яваа хүмүүстэй уулзаж ярилцдаг учраас хүмүүс надаас энэ хүмүүсийн амжилтын нууц нь яг юу вэ гэж маш их асуудаг. Хүмүүс ер нь амжилттай яваа хүмүүсийг бодохдоо биднээс илүү боломжтой байсан, илүү мөнгөтэй, гадаад боловсрол эзэмшсэн гэх мэтээр өөрөөсөө холдуулж бодох гээд байдаг. Тэгтэл эсрэгээрээ бид нартай яг л нэг гараанаас эхэлсэн, ижилхэн боломжин дунд байсан хүмүүс байх нь элбэг. Бизнес өрөг гэсэн нэртэйгээр манай нэвтрүүлэг 50 гаруй хүнийг оруулсан байдаг учраас энэ хүмүүст нийтлэг байсан чанаруудыг дурдая. Хамгийн түрүүнд амжилттай явж байгаа хүн бүрийн амьдралд эргэлтийн цэг байсан байдаг. Энд сууж байгаа хүн бүр л өөрсдийгөө хичээж байна гэж боддог. Гэтэл хүн бүрийн хичээж байгаа түвшнийг хэмжээд үзэхээр сэтгэл санааны гүн цочролд орсон ч юм уу, аав болсон гэх мэтээр өөрөөсөө хамаарсан өөрчлөлтүүд, хичээх болсон шалтгаантай хүмүүсээс бага байдаг. Тэгэхээр энэ эргэлтийн цэг амжилтанд хүрэхэд зайлшгүй шаардлагатай гэж үздэг бол биднийх ирээгүй байж болох юм. Одоохондоо залуу байна шүү дээ. Мөн өөртөө итгэлтэй байх чанар нь амжилт гаргахад маш их нөлөөлдөг. Өөртөө итгэлтэй байхын тулд байнга өөрийгөө сорьж байх хэрэгтэй. Хийж чадахгүй гэж бодож байсан ажлаа хийгээд, өөрийгөө сориод үзвэл өөртөө илүү итгэлтэй болдог. Амжилтанд хүрэхийн тулд хувийн ялалт бас их чухал. Ажил, гэр гэх мэт өдөр тутмын ажлаасаа гадуур сонирхолтой, түүнийхээ төлөө улайран зүтгэдэг, амжилт гаргахын төлөө зүтгэдэг хүмүүс ажилдаа амжилт гаргах илүү магадлалтай байдаг. Ажлын ялалтаасаа гадна энэ мэт хоббиндоо өөрийгөө ялж, дийлвэл хувийн ялалтыг байгуулж, дотроо чадавхижиж байдаг.

Бизнесийн үүсгэн байгуулагч хэдий хэмжээгээр ур чадвартай байна, манлайлах мэдлэгтэй байна гэдгээс байгууллагын хөгжил шалтгаалдаг. Сая би Сингапурт хуралд сууж байгаад CEO Coaching буюу захирлуудад зөвөлгөө өгдөг хүний яриаг сонссон юм. Захирлууд ийм сургалтанд сууснаар байгууллагын ашиг жилд 200 дахин нэмэгддэг, барааны заралт 40 хувиар ихэсдэг гэсэн судалгаа гаргасан байгаа юм. Ингэхээр миний өмнө нь хэлснээр захирлууд үлгэр дуурайлал үзүүлж байж байгууллага амжилттай хөгждөг.

Байгууллагын давуу тал юу вэ, хувь хүний онцлог давуу тал нь юу вэ, ажилчдын давуу тал юу вэ гэх зэргийг өөрсдөө асуух хэрэгтэй. Өөрсдийнхөө давуу талыг мэддэг хүмүүс юун дээр ажиллахаа, хүмүүсийг юун дээр ажиллуулахаа мэддэг учраас хамаагүй илүү үр бүтээмжтэй ажилладаг. Харин өөрийнхөө давуу тал, онцлогоо мэдэж авахын тулд өдрийн тэмдэглэл хөтлөх, хувийн ментортой болох, сургалтанд суух, блогууд унших гэх мэтээр олон дасгал ажиллаж болох ч надад хамгийн үр дүнтэй нь Жохарын цонх гэж санагдсан. Удирдлагуудад тулгардаг бас нэг асуудал нь гүйцэтгэл муу байна гэсэн асуудал байдаг. Гүйцэтгэлийг сайжруулахын тулд бүтээмжийг үнэлдэг байх хэрэгтэй. Хэмжиж чадахгүй байгаа зүйлээ хянаж чадахгүй гэсэн үг байдаг.

Understanding the Johari window model

Монголын хамгийн анхны анимены дэмо трайлерийг бид гаргасан. Аниме болон киноныхоо талаар маш олон зүйлийг ярьж байгаа ч гэсэн инновацитай манай аниме ямар холбоотой болох талаар ярья. Инноваци гэдгийг санаа болон нийгэмд сурталчлах сурталчилгааны үржвэр юм гэсэн тодорхойлолт байдаг. Үржих гэдгийг сайн анхаараарай. Аль нэг нь 0 байвал инноваци байхгүй гэсэн үг юм. уламжлалт зар сурталчилгаа нь маш олон давталттай явж, хүмүүсийн толгойд шингэдэг бол бид нийгмийн маркетинг дээр илүү төвлөрч ажиллаж байна. Нийгмийн ямар нэгэн асуудал, хэрэгцээ шаардлаган дээр тулгуурласан контент, бүтээл гарч ирэх юм бол хүссэн, хүссээгүй нийгэм энэ чиглэл рүү татагдаж ордог гэж үздэг. Үүний нэг жишээ нь манай аниме юм. 15-30 насны 300000 монгол залуус анимег шимтэн сонирхдог гэсэн судалгаа байдаг. Хэдийгээр япон аниме, соёлыг сонирхож, судалж болох ч соёлын довтолгоонд өртөхгүйн тулд өөрийн гэсэн монгол контент үүсгэх хэрэгтэй.

Penta Studio-гийн хийсэн демо анимег эндээс хүлээн авч үзээрэй.

Сонирхолтой сэдвээр чөлөөтэй ярилцсан найман илтгэгчтэй, санаагаа хуваалцаж, бизнесээ танилцуулсан амжилттай яваа 6 гарааны бизнестэй, уулзаж танилцах 300 гаруй зочидтой HUB Innovation Center-ийн маань нээлтийн өдөр ийнхүү өндөрлөлөө. Өнөөдрийн энэ хаалт маань маргаашийн нээлтийн эхлэл байна, та бүхэндээ бидний хаалга үргэлж нээлттэй байна гэдгийг сануулъя. Нийслэл хотод маань өнгө нэмсэн, эрч хүчтэй залуучуудад маань дэмжлэг өгсөн инноваци, үйлдвэрлэлийн төвд та хүссэн үедээ хүрэлцэн ирээрэй.

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Хандалт / Сэтгэгдэл:

33260   0

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.