Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   05 сарын 04, 2018

Боловсролын тогтолцоо бүтээлч сэтгэлгээг унтраадаг уу?

Өнөөгийн боловсролын тогтолцоо суралцагчдын бүтээлч сэтгэлгээг унтраадаг гэвэл та санал нийлэх үү? Боловсролын салбарын олон улсын мэргэжилтнүүд орчин үеийн боловсролын системийн олгож буй ур чадвар, мэдлэг нийгмийн хэрэгцээ шаардлагатай огт нийцэхгүй байна гэж дүгнэх болов. Барууны боловсролын тогтолцооны талаар хийсэн нэгэн судалгаанд, 1990 оноос хүний IQ онооны дундаж дээшилсэн бол бүтээлчээр сэтгэх чадвар нь буурсан үзүүлэлттэй байна гэсэн дүгнэлт гарчээ. Мөн NASA-гийн хийсэн судалгаагаар, уламжлалт боловсролын тогтолцоо шинийг эрэлхийлэгч, бүтээлч буюу энтрепренер сэтгэлгээг тэр бүр үнэлдэггүй, байгалиас заяасан энэ сэтгэлгээг харин ч унтраадаг гэсэн үр дүн гарсан байх юм.

Бид технологи асар өндөр хөгжсөн цаг үед амьдарч байгаа ч боловсролын тогтолцоо маань 200 жилийн өмнө аж үйлдвэрлэлийн эрин үед бий болсноосоо тийм ч их өөрчлөгдөөгүй байгаад асуудлын гогцоо оршино. Уг нь аливаа зүйлд бүтээлчээр хандаж, бэрх асуудлын шийдлийг олж, бусадтай зөв харилцах нь ирээдүйн дийлэнх ажлын байранд тавигдах гол шалгуур гэдгийг Дэлхийн Эдийн Засгийн Форум онцолж буй. Тэгэхээр энэ асуудлын шийдэл нь юу байж болох вэ?

Шийдэл- энтрепренеРИЙН боловсрол

Энтрепренерийн боловсрол олгоно гэдэг нь бүтээлч, инновацилаг сэтгэлгээг ухуулан таниулах, үүсэн гарах асуудлуудад дасан зохицох өсөлтийн сэтгэлгээг хөгжүүлэх тухай ойлголт болохоос эдийн засаг, банк санхүү, бизнес эрхлэлт зэргийг заахын нэр биш юм. Энэ төрлийн боловсрол нь энтрепренер хүн ямар сэтгэлгээтэй байх хэрэгтэйг, өөрийгөө хэрхэн урам зоригоор тэтгэж, алсын зорилгодоо хэрхэн бусдыг дагуулахыг ойлгуулах учиртай.

Сүүлийн үед хэрхэн энтрепренер болж гарааны бизнес эхлүүлэх вэ гэсэн сэдэвтэй сургалт хөтөлбөрүүд элбэг болсон. Гэвч эдгээр нь бизнес эхлүүлэх, тогтвортой хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах талаар түлхүү зааж, харин шинийг санаачлах, бэрхшээлд бэлэх байх зэрэг чадваруудыг хөгжүүлэх тал дээр дутагдалтай байгаа юм. Хүн төрөхдөө шууд тоо бодож чаддаггүйтэй адил санааны зоргоор бүтээлч сэтгэлгээтэй болно гэж үгүй. Хөгжүүлэх ёстой. Бүтээлч сэтгэлгээгээ ахиулахад доод тал нь 4-6 сар шаардагддаг гэдэг. Тархи, мэдрэлийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, тархины бүтээлч талыг тогтвортой хөгжүүлэх арга барилыг олж, боловсролын тогтолцоонд өөрчлөлт оруулахгүй бол сурагчдын бүтээлч сэтгэлгээ буурсаар байх магадлалтай гэнэ.

Бүтээлч сэтгэлгээг хэрхэн ЗААХ ВЭ?

Энтрепренерийн боловсролыг ерөнхий боловсролын системийн хичээлүүдэд шингээж, бүтээлч ур чадвараа хөгжүүлэхийг хүссэн хүн бүрт нээлттэй болгох нь зөв гэж судлаачид үзэж байна. Боловсролоор дамжуулж энтрепренер сэтгэлгээг хөгжүүлдэг туршлагатай багш, бизнес эрхлэгч, бодлого төлөвлөгчид олон улсад байдаг тул тэднээс суралцах боломжтой юм. Үүний тод жишээ бол Йорданы Их Сургуулийн багш Рана Дажани юм. Тэрээр эс судлалын хичээлээрээ дамжуулж оюутнуудын энтрепренер сэтгэлгээг хөгжүүлдэг аж. Оюутнууддаа Йорданы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шинжлэх ухаан, тэр дундаа биологийн салбарын мэдээллийг үнэн зөв түгээж байгаа эсэхийг нягтлах даалгавар өгдөг бөгөөд хэрвээ буруу мэдээлсэн бол тэрхүү алдааг хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран засах даалгаврыг оюутнуудад өгдөг байна. Ингэснээр оюутнууд өөрсдийн судалгааны ажлаа гүйцэтгэж, давхар нийгэмд үнэн зөв мэдээлэл түгээж байгаа эсэхийг нягтлан, үнэн зөв мэдээллийг түгээхэд хувь нэмэр оруулдаг. Мөн суралцаж буй салбар ба бусад салбаруудын харилцан хамаарлыг олж хардаг байна. Түүний хичээл заах сонирхолтой арга барилын талаар эндээс үзээрэй.

Ийнхүү бүтээлч сэтгэлгээг энтрепренерийн боловсролоор дамжуулан олгосноор залуучууд инновацид суурилсан хөдөлмөрийн зах зээлд өөрт тохирох боломжуудыг олж харах, шинэ санаа, шийдлүүдийг бодит болгох, урт хугацаанд шинэ ажлын байруудыг бий болгох боломжууд үүсдэг ажээ.

Эх сурвалж: www.weforum.org
Орчуулсан: О.Булган

6900   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.