Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   04 сарын 18, 2018

Бид хэрхэн ажилладаг вэ? - TEDxUlaanbaatar-ийг зохион байгуулагч сайн дурын багийнхан

Жил бүрийн хавар, тавдугаар сард олон хүний хүсэн хүлээдэг нэгэн арга хэмжээ болдог нь TEDxUlaanbaatar билээ. Ажиллаж буй салбар бүртээ хийсэн бүтээсэн зүйлтэй, үнэлэгдсэн, үнэлэгдэх учиртай 15 содон эрхмийн урам зоригоор тэтгэж, нэгийг бодуулж хоёрыг сануулах 15 гайхалтай санааг, сонирхолтой түүхийг тайзнаас хүргэн, бүтэн өдрийн турш мэдлэг, энтермэйнмент, сэтгэл догдлол, нетвөркингөөр сүлэх TEDxUlaanbaatar энэ жил МОМЕНТУМ хэмээх уриатайгаар 5 сарын 5-нд зохион байгуулагдах гэж байна. Бид бэлтгэлээ ид базаан шаргуу ажиллаж буй зохион байгуулах багийнхныг зорьж, энэ том арга хэмжээг хэрхэн зохион байгуулдаг, ямар арга барилаар ажилладаг, энэ жилийн TEDxUlaanbaatar ямар онцлогтой байх талаар хөөрөлдсөнөө хүргэе.

Хаана: Corporate Hotel and Convention Centre
Хэзээ: 2018 оны 5 сарын 5-ий 09:00 цаг
Зохион байгуулах багийн гишүүдийн тоо: 50
Фэйсбүүк хуудас: TEDxUlaanbaatar 2018 "Momentum"

TEDxUlaanbaatar-ийг зохион байгуулагч багийн төлөөлөл болсон залуус

ХАМГИЙН ЭХЭНД TEDx ГЭЖ ЮУ ВЭ, TEDXULAANBAATAR ГЭЖ ЮУ ВЭ ГЭЖ АСУУМААР БАЙНА?

С.Нарантөгөлдөр: TED-ийн гол зорилго бол шинэ, үнэ цэнтэй санаануудыг дэлхий нийтэд нээлттэй түгээх, хуваалцах. Энэ зорилгын хүрээнд бүс нутгийн хэмжээнд бие даан зохион байгуулж болох TEDx хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Сайн дурынхан албан ёсны лиценз авснаар TED-тэй ижил хэлбэрийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой болдог. TEDx арга хэмжээнүүд нь ашгийн бус, улс төр, шашны болон өөр бусад нөлөөллөөс ангид байдаг бөгөөд TED-ээс тогтоосон дүрэм, журмын дагуу тухайн бүс, нутагт гарч буй шинэ санаа, санаачилгуудыг нэгэн тавцанд цуглуулж, дэлхий нийтэд хүргэх зорилготой.

Бидний хэсэг залуус TEDxUlaanbaatar-ийг 2011 онд зохион байгуулж байсан нь өдгөө цар хүрээ нь асар өргөжиж долоо дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тухайн үед монгол залууст зориулсан, шинэ санаа, урам зориг авах арга хэмжээ байдаггүй байлаа. Тиймээс маш богино хугацаанд олон гайхалтай санааг түгээдэг, ид хүчээ авч байсан TEDx-ийг Монголдоо зохион байгуулах нь зөв гэж үзээд лицензийг нь авч байлаа.

Э.Сүндарь: TEDx -ийн х нь тооны зэргийг, TEDx үйл ажиллагаа дэлхий даяар зэргийн хурдаар өсөж хөгжиж байгааг илэрхийлдэг. TED нь TEDxUlaanbaatar, TEDxLondon, TEDxShanghai гэхчилэн зөвхөн газар, хотын нэрээр нэрлэгдэж, тухайн газарт буюу тухайн газрын хүмүүс, иргэдэд хамаатай санаануудыг ярих учиртай байдаг. Тэр утгаараа TEDxUlaanbaatar бол байж болох хамгийн өргөн цар хүрээг хамарсан, Монголын хамгийн том TED-ийн бие даасан арга хэмжээ юм. Энэ арга хэмжээ маань нэг ёсондоо манай улсыг төлөөлж байгаа тул өндөр чанартай хийхийг зорьдог. Тиймдээ ч жил болгон зохион байгуулах эрхийг бидэнд үргэлжүүлэн олгодог байх. Санаануудыг дэлхий даяар түгээх зорилгын хүрээнд ямар ч ТED арга хэмжээн дээр дэлхийн бусад TED арга хэмжээнүүдэд тавигдсан 3 илтгэлийг заавал үзүүлэх бодлого барьдаг. Тэгэхээр санаанууд үнэхээр зэргээр үржиж чаддаг шүү.

ТА БҮХНИЙ АЖЛЫН АРГА БАРИЛ?

Э.Энхцацрал: TED-ийн илтгэгчид зөвхөн санаа ярьдаг дүрэмтэй. Тухайн илтгэгч өөрийн бүтээгдэхүүн, компанийн талаар ярьж сурталчилдаггүй гэсэн үг. Тийм ч учраас бид байнга шинэ санааны эрэлд морддог. Шинэ, шинэлэг санаа хайна гэдэг хүмүүсийг хайна гэсэн үг. Бид дундын файл дээрээ жилийн турш олсон санаанууд, боломжит илтгэгчдийг нэмсээр байдаг юм.

Энэ зохион байгуулах ажлыг зөвхөн сайн дурынхны хүчээр хийдэг. Тэгэхээр сайн багийг бүрдүүлэх нь манай ажлын чухал хэсэг юм. Бид арга хэмжээ болохоос дөрвөн сарын өмнөөс сайн дурын ажилтнуудаа бүрдүүлдэг. Энэ жил 500 анкет ирж 30 орчим залуусыг сонгон авч, өнгөрсөн жилийн багийнхаа 50 хувийг шинэчилж сэлбэсэн. Хуучин гишүүд маань өөр багт хуваарилагдан, өмнө нь хийж байгаагүй ажлаа хийн олон зүйлд суралцаад явдаг.

Б.Туяа: Энэ жилийн 50 хүнтэй баг маань маркетинг, илтгэгч, борлуулалт, медиа зэрэг багуудад өөрсдийн саналын дагуу хуваагдан ажиллаж байна. Бид долоо хоногтоо нэг уулзан протокол илгээж, бусад үед онлайнаар ажлаа явуулдаг. Том багаараа уулзалдах нь ховор, голдуу жижиг багаараа уулздаг. Өнөөдөр жишээ нь ирж амжихууд нь цуглаад байгаа хэрэг. Ер нь нэгдүгээр сараас эхлээд бэлтгэл ажлаа жигд хуваарилан, бага багаар тогтвортой явуулдаг. Асуудал гарсны дараа биш, ийм асуудал үүсэх гээд байна шүү гээд урьтан ярилцаад явдаг. Одоо долоо дахь жилдээ зохион байгуулж буй учраас нэлээн туршлагажсан гэж хэлж болно.

ТА БҮХЭН ЯМАР АПП, ПРОГРАМ АШИГЛАДАГ ВЭ? ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР ХӨТӨЛДӨГ ВЭ?

Э.Энхцацрал: Бидний ажлаа явуулдаг гол апп, хэрэгслүүд бол Trello, Slack, Hangout, Google Drive дөрөв. Төслийн менежмент Trello дээр, байнгын харилцаа холбоо Slack-аар явдаг. Drive дээр бүх файл байршина. Ихэнхдээ зайнаас ажилладаг тул эдгээр апп-ийг үр дүнтэй хэрэглэх нь тун чухал байдаг.

Үүсгэн байгуулагчид маань анхнаасаа мэдээллээ маш цэгцтэй хадгалж ирсэн тул урьд хийж байсан зүйлсийг ашиглах, шинэ гишүүдэд мэдээлэл хүргэхэд хялбар байдаг.
Мөн мэдээж TED-ийг аппийг өөрсдөө ашиглаж, сонирхолтой илтгэлүүдийг утсан дээрээ татаад, хаа явсан газраа сонсдог. TED-ийн илтгэлүүдийг монгол хэл рүү орчуулдаг TED Орчуулагчид гэдэг сайн дурынхны нэгдэл бий. TED Radio Hour гэх олон илтгэлийг нь нэг дор хураангуйлж сонирхолтой контент болгодог подкастыг бас дурдъя.

Э.Сүндарь: Бидэнд бас TEDхHUB хэмээх томоохон сурвалж бий. Энэ бол дэлхий даяарх TEDx-ийн мянга мянган зохион байгуулагчид арга хэмжээгээ хэрхэн зохион байгуулж, шинэ санаануудыг хэрхэн нэвтрүүлж, тулгарсан асуудлуудаа хэрхэн шийдвэрлэж байгаагаа хуваалцдаг талбар юм. Оюуны контентийн асар баялаг сан бүрэлдэж байдаг гэсэн үг. Тэндээс суралцана. Сүүлд л гэхэд бид Бразил дахь зохион байгуулагчдаас дизайны тал дээр зөвлөгөө авсан шүү.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Ц.Бадамцэрэн: Бид хариуцсан ажлуудаа тус тусдаа хийгээд, зөвхөн шинэ санаа ярилцах, брэйнсторм хийхдээ үедээ л уулздаг. Энэ бол бидний цаг хэмнэдэг гол арга юм. Бусад үед ажлаа онлайнаар ярилцаад явчихаж болдог. Ер нь байнга уулзаад байхаас сайн бэлтгэлтэйгээр цөөн уулзах нь илүү үр дүнтэй гэж үздэг.

TEDхULAANBAATAR-ИЙН БАГ ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ? ДОТООД СОЁЛЫнхоо талаар хуваалцахгүй юу?

М.Мөнх-Оргил: Манай баг маш нээлттэй, багийн ажиллагаа сайтай гэж хэлнэ. Бүгд дааж авсан ажлуудаа хариуцлагатай хийхээс гадна бүх л зүйл дээр санаачилгатай байж, бусдыгаа хүлээдэггүй. Нийгэмдээ сайн сайхан зүйл хийе, нэмэр болъё гэсэн залуусын нэгдэл учраас асар их эрч хүч мэдрэгддэг. Биднийг хэн ч албадаагүй өөрсдөө хүсэж дурлаж хийдэг болохоор тэр байх. Бас сайн баг бүрдүүлэхийг чухалчлан анхаардагтай холбоотой болов уу.

Ж.Анужин: Өөр төслүүд, арга хэмжээнүүдэд оролцоход баг дотор биеэ барих тохиолдол их бий. Харин TED-ийн баг дотор ерөөсөө биеэ барьдаггүй, чөлөөтэй байж чаддаг. Багийн гишүүд мэндлэл, хүндлэл, талархлыг урьтал болгодог юм шиг санагддаг.

Э.Энхцацрал: Мөн цаг барих тал дээр сайн гэж бардам хэлнэ шүү. Манай арга хэмжээний хөтөлбөр минутын нарийвчлалтай гарсан байдаг. Арга хэмжээ ч яг цагтаа эхэлдэг. 2011 онд анх зохион байгуулсан үеэсээ л цаг барьдаг жишиг тогтооё гээд хүн гүйцэд цуглаагүй байхад нь эхлүүлж байсан гэж анхны гишүүд маань ярьдаг. Ноднин өглөө 10-өөс эхэлнэ гэж байхад 8.30 цагт эхний зочид ирж, 9.40 цагийн үед заал 90 хувьтай дүүрсэн байсан шүү.

Б.Туяа:
Жил ирэх бүр манай багийн дундаж нас багассаар байгаа шүү. 3 дизайнер маань л гэхэд 17-18 настай.

ТА БҮХНИЙ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Э.Сүндарь: Арга хэмжээ маань олон илтгэлээрээ нэг дор цугласан 1000 оролцогчид санаагүйг сануулж, бодоогүйг бодуулж, хажууханд маань байгаа хүмүүсийн хийж бүтээж буй гайхалтай зүйлс, сонирхолтой түүхүүдийг танилцуулж, бүх л өдрийн турш эрч хүч, урам зоригоор "тарьж", царайг нь гэрэлтүүлж, нүдэнд нь оч харвуулж чаддаг. Өнгөрсөн хугацаанд бид энэ санаа Монголд нэг их газар авахгүй байх, ийм санааг хүлээж авахад арай эртдэх байх гэж хойш сууж байсангүй, байнга л зоримог алхмуудыг хийж ирсэн.

Зохион байгуулагчид бидний хувьд ажлаа хийх явцдаа үнэхээр их ахиж хөгждөг. Би 2012 онд анх TEDxUlaanbaatar-ийг үзээд сайн дурын ажилтнаар орсноос одоо болтол тууштай явж, зохион байгуулах багаа удирдаж байгаа минь үүний нэг жишээ болов уу. ТEDх-ийг зохион байгуулахад тусалснаар манлайлах, зохион байгуулах, харилцааны буюу багийн ажиллагааны чадваруудад сайн суралцдаг.

Ийм л гэгээлэг зорилготой арга хэмжээг маань бусад байгууллагууд ч ойлгон, дэмжиж ажилладаг. Ихэнх спонсорууд маань in-kind буюу бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ тусалдаг. Corporate Hotel and Convention Centre үйл ажиллагааны танхимаар, SMS долоо хоногтоо нэг удаа уулзах боломжоор хангах гэх мэтээр. Мөн энэ жилийн үйл ажиллагааг XacBank нийгмийн хариуцлагын хүрээнд ивээн тэтгэж, хамтран ажиллаж байгаад бид баяртай байна.

М.Золжаргал: Гэхдээ ивээн тэтгэлэг дээр TED-ээс хатуу шаардлагууд тавьдаг. Спонсорын логог гэхэд л цахим ертөнцөд байрлуулахгүй, сошиал медиагаар зарлах боломжгүй. Тэгэхээр спонсор байгуулагуудад санал тавихдаа зөв тайлбарлаж ойлгуулах шаардлагатай байдаг. Ер нь спонсороор оролцож компаниа сурталчлах хүсэлтэй газруудаас илүүтэй зүгээр л нийгэмд, залууст хэрэгтэй сайн зүйлсийг дэмжье гэсэн байгууллагууд илүү хамтрах хандлагатай байдаг. Энэ бодлогоороо ч TED бидэнд брэндинг гэдэг ямар чухал болохыг ойлгуулдаг юм.

Мөн энд нэг зүйлийг дурдах ёстой. Биднийг их орлого олдог гэж андуурдаг хүмүүс байдаг юм байна лээ. Манай арга хэмжээ бол цэвэр ашгийн бус. Хураамжны 55 мянган төгрөг бол илтгэлүүд, өдрийн хоол, кофе цай, энтертэйнментийн л зардал юм. Сайхан арга хэмжээ хийе гэвэл мэдээж их зардал гаргах ёстой шүү дээ.

ЭНЭ ЖИЛИЙН TEDxULAANBAATAR-ИЙН ОНЦЛОГ? ЯАГААД MOMENTUM ГЭЖ НЭРИЙДСЭН БЭ?

Э.Сүндарь: Энэ жил бид арга хэмжээний сэдвээ "Моментум" гэж зарласан. МОМЕНТУМ бол аливаа биеийн масс, хурдны үржвэрээр тодорхойлогдох хүч. Моментум бол хамтын хүч оролцож буй хүн бүрийн чадал, хурднаас хамаарахыг сануулах байгалийн хууль. Моментум бидэнд хөгжлийн харгуй замаар хамтдаа урагшлах, тулгамдсан олон асуудлыг хамтдаа хэлэлцэх, хамтдаа шийдэх нь ямар их боломж бололцоог нээж, ганцаар бүхнийг сөрөхөөс илүү цаг хэмнэж болохыг сануулна. Моментумыг физикээр томъёолох амархан ч өдөр бүр нийгэм оюун санааны амьдралдаа хэрэгжүүлэх харин тийм амар байх болов уу? Энэ асуултад бид энэ удаагийн арга хэмжээгээрээ хариулт өгөхийг зорих болно.

Энэ удаагийн үйл ажиллагааны давтагдашгүй өнгө төрхөөсөө танай уншигчдад нэгийг нь задалъя. ТEDxUlaanbaatar-д ирснээр та тэс өөр орчинд орох болно. Улаанбаатар бас ийм байж болох юм байна шүү гэж бодох байх. Одоогийн завгүй амьдралаа эргэн харж, жаахан амсхийн, бодож эргэцүүлэх сэдэл өгнө гэж итгэж байна. Олон хүний эрчмийг мэдэрнэ, төрсөн сэтгэгдэл, сэтгэл хөдлөлөө бусадтай хуваалцана, бас шинэ хүмүүстэй танилцана. Энэ бол манай арга хэмжээг өөрийн биеэр очиж үзэх шалтгаан юм.

Мөн арга хэмжээнүүд хог хаягдал их гаргах хандлагатай байдаг тул бид энэ жил хэвлэх материалаа аль болох багасгаж, хуванцрын хэрэглээг боломжийн хэрээр танах болно.

ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Ц.Бадамцэрэн: ТED-ийн амин сүнс нь илтгэгчид, илтгэлийн агуулга байдаг. Бид саяхан илтгэгчдээ бүгдийг нь тодорхой болгосон. Илтгэгчид дотор олны танил хүмүүс ч бий, олонд танигдаагүй, одоо бидний "нээх" хүмүүс ч бий. Бид хамгийн гол нь хийсэн бүтээсэн зүйлтэй хүмүүсийг сонгохыг хичээдэг. Одоогоор илтгэгчид маань ноорог илтгэлүүдээ гаргачихсан, илтгэх чадварын талаар хоёр удаа сургалт авчихаад байж байна. Илтгэл 18 минутанд багтах ёстой, бүх мэдээлэл үндэслэлтэй, ашиглах зураг материал оюуны өмчийн эрхтэй байх ёстой зэрэг цаанаас тавьдаг үндсэн шаардлагуудад нийцүүлэн бид илтгэлүүдийн формат дээр хамтран ажиллаж, санаагаа анхаарал татахуйц, тодорхой сайн илэрхийлэх тал дээр илтгэгч нартаа тусалдаг. Тэрнээс ингэж ярих ёстой, ийм юм ярих ёстой гэж нарийн заадаггүй.

За тэгээд арга хэмжээ болтол үндсэндээ хоёр долоо хоног л үлдэж буй тул ажил өрнүүн, ид бужигнаж байна. Бид хэдхэн хоногийн дараа илтгэгчдээ зарлах болно.

ТА БҮХЭН ЯМАР ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

М.Цэнгэлсүрэн: Бид арга хэмжээн дээрээ содон урлагийн үзүүлбэрүүд сонгож оруулахын тулд нэлээд судалдаг шүү. Гишүүдийн хувьд мэдээж төрөл төрлийн хөгжим сонсоно. Арга хэмжээн дээрээ аль болох олон хүний мэддэг хөгжим тавихыг хичээдэг. Хөгжим гэснээс бид TEDxUlaanbaatar-ийг "Үзэл санааны фестиваль" гэж тодорхойлох дуртай. Манай арга хэмжээ бол нийгэмд гарч байгаа өөрчлөлтүүд, ахиц дэвшлүүдийг тэмдэглэн, нийгмийн манлайлагчиддаа баяр хүргэх өдөр юм.

АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Б.Туяа: Бид бүх юм сэрдэг, сэргэдэг цагаар буюу жил бүрийн тавдугаар сард арга хэмжээгээ хийдэг. Бэлтгэл ажил маань харин дөрвөн сарын өмнөөс буюу нэгдүгээр сараас эхэлдэг. Ингээд нэг сарын өмнө маш завгүй болцгоодог. Бусад үед бүгд тус тусын ажлаа хийнэ. Гэхдээ шинэ санааны эрэлд бол жил тойрон л "хатаж" байдаг даа.

Э.Энхцацрал: Багийн маань гишүүд ерөнхийдөө нийгмийн асар идэвхтэй, салбар бүрт өөрсдийгөө сорих дуртай залуус байдаг. Би үндсэн ажлын хажуугаар туялзуур сэлмээр хичээллэдэг. Идэвхтэй гишүүн Цэнгээ маань эрүүл мэндийн аян, хөл бөмбөгийн үйл ажиллагаануудад тогтмол сайн дурын зохион байгуулагчаар ажилладаг.

Г.Хаш-Эрдэнэ: Өнгөрсөн жилийн аравдугаар сард бид багаараа “Айсуй давалгаа” үйл ажиллагааны илтгэгчдийн нэг болох 40 гаруй хүүхдийн ээж, Дархан дахь “Нарны хүүхдүүд” цогцолборын дарга С.Эрдэнэчулуун эгч дээр зочилсон. Өөрсдийн зүгээс багахан хандив өгөхийн сацуу “Нарны хүүхдүүд” хэрхэн нэг гэр бүл болж, хоол хийхээс эхлээд Японд аялал зохион байгуулах хүртэл бүхий л ажлыг өөрсдөө хийж, бие даан амьдарч байгааг харж үнэхээр биширсэн шүү.

ТА БҮХЭН ЭРЧ ХҮЧ, УРАМ ЗОРИГИЙГ ХЭНЭЭС, ЮУНААС ОЛЖ АВДАГ ВЭ?

Э.Энхцацрал: Яг арга хэмжээний өдөр ажлынхаа үр дүнг үзээд, тэр олон зуун хүний баярлаж догдолж, сэтгэл хөдлөлөө гаргаж байгааг харах үнэхээр онцгой мэдрэмж өгдөг юм. Болороогийн илтгэлийг сонсоод хүмүүс уйлж байхад бид хүргэх ёстой санааг үнэхээр хүргэж чадаж байна гэж бодогдож байсан. Өнгөрсөн жилүүдэд маш олон гайхалтай илтгэлүүд тавигдаж, олон хүний санаа бодол, сэтгэлгээ, харах өнцгийг өөрчилсөн.

Багаараа: “Achilles International Mongolia”-ийн үүсгэн байгуулагч О.Саранчулуун эгч, гэр хороолол дахь гэртээ Couchsurfing-ээр 700 орчим гадаадыг хүлээн авч буудаллуулаад, сэтгэгдлийг нь авч үлдсэн Ж.Бэгзсүрэн ах, нийгмийн эмзэг давхаргынхныг бүх л зүйл өөрсдөөс нь болсон мэт буруутгадаг, хөөсөн дунд амьдардаг хандлагыг "илчилсэн" А.Долгион, аль 2011 онд монголчууд бид хэрхэн гадны зах зээлд бүтээгдэхүүн экспортлох вэ, ноолуураа яаж борлуулах вэ гээд байж байхад Английн Harrods хэмээх хамгийн том их дэлгүүрт кашмерийн брэндээ дэлгэсэн Ц.Оюунаа гээд хийсэн бүтээсэн зүйлтэй, гайхалтай санаатай олон хүнийг бид тайзнаас оролцогчдодоо танилцуулжээ. Ажлынхаа энэ л үр дүнгээс урам зоригоор тэтгэгдэж байдаг даа.

Э.Сүндарь: 300 хүрэхгүй ажилтантай, Нью Йорк хотод төвтэй TED хэмээх энэ байгууллагаас ихийг сурч, урам зориг авдгаа дурдах ёстой. TEDх хөдөлгөөнийг Global Campfire буюу түүдэг гал тойрон түүх өгүүлэх хүмүүстэй зүйрлэдэг л дээ. Орчин цагт түүдэг гал тойроогүй ч тайзан дээр сая сая хүнд түүх, санааг өгүүлэх боломжийг хэн бүхэнд TED олгосон. Саяхан TEDх-ийн илтгэлүүдийн нэг тэрбум дахь үзэлт бүртгэгдсэн байна лээ. 11 жилийн дотор оюуны асар том баялгийг бүтээж, мянга мянган санааг дэлхий даяар түгээж чадсан гэсэн үг. Жил бүр Канадын Ванкувер хотод хамгийн том TED арга хэмжээ 5 хоног үргэлжилдэг. Энэ жилийн TED2018-ийн эхний хоёр илтгэл л гэхэд #TimesUp хөдөлгөөн, Америк дахь буу эзэмшлийн асуудлыг хөндөн эхэлж байх жишээтэй.

Маралгоо

Онон

Анар

51549   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Нийтлэлд оролцсон:

Zack Batsaikhan

Гэрэл зургийг:

Kh.Khantushig




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.