Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   04 сарын 12, 2018

"Би+Д Өөрөөсөө эхэлье! үзэсгэлэн" + Дэлхийн дизайны өдөр

Жил болгоны 4-р сарын 12-15-ны өдрүүдийг Дэлхийн дизайны өдөр болгон тэмдэглэдэг. Дэлхийн дизайны өдрийн гол зорилго нь дэлхий даяар дизайнаар дамжуулан нийгэмд өөрчлөлт авчирч буй дизайнеруудыг сайшаах, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх, энх тайван дэлхийг цогцлооход дизайны гүйцэтгэж буй чухал үүргийг таниулан сурталчлах ажээ.

Энэ өдрийг тохиолдуулан бид Lead Mongolia 2017 хөтөлбөрт оролцогч залуусын “БИ+Д Өөрөөсөө эхэлье” төслийн хүрээнд бүтээгдсэн зурагт хуудсуудыг танилцуулж байна. Хотжилт, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг бүтээлч байдлаар олон нийтэд хүргэхийг хүссэн тэд Монголын шилдэг график дизайнеруудын нэгдэл "Бид Монгол Агуулга ТББ"-тай хамтран цуврал уулзалтуудыг зохион байгуулж, улмаар дизайнерууд Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдол, хог хаягдал, цөлжилт зэрэг байгаль орчны олон асуудлуудыг дүрсэлсэн 50 гаруй зурагт хуудсыг бүтээсэн билээ. Тус “БИ+Д Өөрөөсөө эхэлье” үзэсгэлэнг Шангри-Ла худалдааны төвийн нэг давхарт 3-р сарын 30-наас 4-р сарын 5-ны хооронд олон нийтэд танилцуулсан юм. Та бүхнийг энэ зургуудыг хараад өөрийнхөө болоод хойч үеийнхээ төлөө эерэг өөрчлөлтийг авчрах сэдэл аваасай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж ийнхүү шилдэг дизайнеруудын уран бүтээлийг толилуулж байна.

Монгол орны нутаг дэвсгэр = 8% ой

Сүүлийн 20 жилд ойн түймэр, ойн хөнөөлт шавжийн хор хөнөөл болон хууль бус огтлолтоос шалтгаалан манай нийт ойгоос 1,200,000 га талбай хорогджээ.
Уран бүтээлч: Ido Nyamsuren

хөрс бохир бол ус бохир

Хөрсний бохирдол ба чимээгүй тахал: Судалгаагаар Улаанбаатар хотын хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой гэж гарчээ.
Уран бүтээлч: Tse Tamir

ХАТГАЛГАА

Хатгалгаа өвчин нь 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь тэргүүлэгч шалтгаан юм
Уран бүтээлч: Tamir Bayarsaikhan

Бүрэн зэвсэглэсэн 201,000 яндан

2017 оны байдлаар нийслэлийн нийт айл өрхийн 52.8 хувь нь өрдийн галлагаа, 2.6 хувь нь нам даралтын зуух ашиглаж байна.
Уран бүтээлч: Mongol Dook

Дэлхийн хог хаягдлын 30% гялгар уут


Дэлхийн нийт хог хаягдлын 30 хувь нь гялгар уут гэнэ. Гялгар уут байгальд хэдэн зуун жилээр шингэдэггүй гэдэг.
Уран бүтээлч: Ankhbayar Aso

хуванцар бүү ав!

Хуванцрын нүдэнд үл харагдах хэсгүүдийг бид иддэг, уудаг, түрхдэг, өмсдөг, зүүдэг, хэрэглэдэг, амьсгалдаг! Ташрамд өгүүлэхэд манай сайт НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран хуванцраас татгалзах #NoPlasticChallenge-ийг эхлүүлэн, уншигчдаа бас зөв хэрэглээнд уриалж байгаа билээ.
Уран бүтээлч: Amarzaya Amur

Бид үүнийг зооглож байна

"Утаагаар дан ганц харж амьсгалах биш бид зооглож байна. Үсний ширхгийг 20 хуваасантай тэнцэх хэмжээний хорт утааны биетээр бид амьсгалж байна."
Уран бүтээлч: Тулга Даваахүү

мАЙ! 

Гэр хорооллын нэг иргэн 8-12 л ус хэрэглэдэг бол орон сууцныхан ийм хэмжээний усыг өглөө биеэ хөнгөлөхдөө л "асгачихдаг".
Уран бүтээлч: Monko Modus

жилд 4.3 сая хүн агаарын бохирдол

Жилд 4.3 сая хүн тасалгааны агаарын чанараас болж нас бардаг гэнэ. Та бид амьдралынхаа 90 хувийг битүү орчинд өнгөрөөдөг. Тасалгаан доторх агаар гадна орчны агаараас 2-5 дахин илүү хортой байдгийг та мэдэх үү?
Уран бүтээлч: Enkhtuvshin Tse

УСАА ХЭМНЭЕ!

УБ хотын ундны усны нөөц 2030 онд бүрэн дуусна! Та ариун цэврийн өрөөний суултуурын ус нөөцлөх савандаа биет зүйлс хийснээр ус татах бүртээ тухайн зүйлийн эзлэхүүнтэй тэнцэх усыг хэмнэнэ.
Уран бүтээлч: Төгсжаргал Баттулга

ирээдүйдээ юу үлдээх вэ?

Монгол орон нийт 18,786 нуур, гол, булаг, рашаан байдгаас 2016 оны байдлаар 263 горхи 774 булаг шанд, 326 нуур тойром ширгэсэн байна. Ирээдүйдээ юу үлдээх вэ?
Уран бүтээлч: Odonbold Oyunbadrakh

ЖИЛ БҮР ЗУУН ХҮҮХЭД

1-5 настай 100-200 хүүхэд жил бүр агаарын бохирдлоос болж амиа алдаж байна.
Уран бүтээлч: Badrakh Enkhjargal

Хүн чулуун хонхорынхон..

Алтан тэвшийн хөндий, Хүн чулууны хонхорыг бүрхсэн хорт утааг арилгахад 2011 оноос хойш одоог хүртэл 100,000,000,000 гаруй төгрөг зарцуулаад байна.
Уран бүтээлч: Sikr Enkhbayar

яаж? 

Яаж би тэдэн шиг байгаль дэлхийгээ "эх" хэмээн зөнгөөрөө мэдэрч хайрлах вэ?
Уран бүтээлч: Gz Miimaa

ТОгтвортой хөгжилд дизайны оролцоо чухал

Энэхүү үзэсгэлэнгийн талаар "Бид Монгол Агуулга"-ын уран бүтээлч Б. Төгсжаргал: "Олон жилийн турш хог болох бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн тохиолдолд хогоо ил задгай хаяхгүй байх буюу хогийн саванд л хаях, цаашилбал ангилж хаях зэргээр хогтой холбоотой ухуулга хийсээр ирсэн ч нийтээрээ анхаарч өгөхгүй л байна. Тиймээс энэхүү улиг домог болсон зүйлийг уран бүтээлчид ахин дахин, өөр өөр хэлбэрээр сурталчилж байж бага багаар үр дүнд хүрнэ хэмээн зурагт хуудас бүтээлээ. Ингэхдээ аль болох энгийн хэлбэрээр, үзэгчдэд нэгэнт хоногшсон зүйлсийг нь төрөл бүрийн өнцгөөс харуулахыг хичээлээ" хэмээн дурджээ.

“Бид Монгол Агуулга”-ын дизайнерууд бүтээлүүдээрээ дамжуулан олон нийтийн тогтвортой хөгжил, ногоон ирээдүй, хотжилтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийг, давхар энэ үйлсэд дизайнеруудын оролцоо, нөлөөлөл тун чухал гэдгийг харуулахыг зорьжээ.

Нэг зураг мянган үгтэй тэнцэнэ гэдэгчлэн аливаа асуудлыг болон шийдлийг нь олон нийтийн ой тоонд буутал дүрслэн үзүүлж чаддаг тул дизайнерууд энэ мэт нийгмийн асуудлыг хөндөн, бүх л түвшинд хэлэлцүүлэхэд чухал үүрэгтэй. Дизайнеруудын бүтээсэн санаанууд, шийдлүүд, бүтээгдэхүүнүүд өнөөг хүртэл хорвоо ертөнцийг өөрчлөн хувьсгасаар ирсэн бөгөөд ирээдүйд ч эерэг нөлөөг үзүүлсээр байх биз ээ.

Эцэст нь энэхүү инновацилаг төслийг санаачилсан Lead Mongolia хөтөлбөрийн төслийн багийнхан, хэрэгжүүлсэн "Бид Монгол Агуулга"-ын авьяаслаг уран бүтээлчдэд талархал илэрхийлж, ажилд нь амжилт хүсье.

Үзэсгэлэнгийн бүх зургуудтай танилцах бол: “БИ+Д Өөрөөсөө эхэлье” үзэсгэлэн

21751   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.