Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   04 сарын 09, 2018

Онцлох бизнес: Sweetland кафе - Амттаны оронд тухлан саатъя

Тавлаг тухтай, гоёмсог засалтай орчинд макарон амтлан, кофе уун суух хүсэлтэй хүмүүст дуулгах сайхан мэдээ байна. Хоёр жилийн өмнө бидний бүтээгдэхүүнийг нь танилцуулж байсан Sweetland кафе цоо шинэ өнгө төрх, алсын хараатайгаар үүд хаалгаа дахин нээжээ. Тус кафег зорьж, үүсгэн байгуулагчид болох Нана, Нөнө хоёртой хийсэн ярилцлагыг маань хүлээн авна уу.

Бизнесийн нэр: Sweetland Dessert Boutique
Үйл ажиллагааны чиглэл: Dessert Boutique Cafe
Үүсгэн байгуулагдсан он: 2018
Үүсгэн байлуулагч: Дөлгөөн, Намуун (Нөнө, Нана)
Ажилтны тоо: 8
Байршил: Хөгжим Бүжгийн Коллежийн замын эсрэг талын автобусны буудлын урд
Сошиал хуудас: Sweet Land Mongolia, www.nandasweetland.com

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Нөнө: Би амттай зүйлд дуртай болохоор хаа явсан газраа шинэ амттан туршиж явдаг. Зургаан жилийн өмнө анх франц гаралтай макарон жигнэмгийг идэж үзээд шууд л амтанд нь дурласан даа. Тэгээд өөрөө гадагшаа явахдаа, эсвэл нөхөр, найз нөхөд маань гадагш явах болбол байнга л захиж авчруулдаг болсон. Нэг өдөр ер нь яагаад өөрөө хийж болохгүй юм бэ гэж бодоод дүүтэйгээ хамт туршилт хийж эхэлсэн юм . Хамтдаа бүтэлгүйтэж, удаан хугацаанд судалж суралцсаны эцэст нарийн боовны “Pastry” төрөл тун гоё амттай бөгөөд хийхэд маш нарийн мэдрэмж шаардагддагийг ойлгосон. Гаднын “Pastry” төрлийн үйлчилгээний газрууд, тэдгээрийн соёл, дотоод засал зэрэг нь үнэхээр сэтгэл булаах болсон. Иймд Монголдоо энэ соёлыг дэлгэрүүлж, нарийн боовны энэ төрлийг хөгжүүлэхийг хүссэн. Энэхүү хүсэлдээ хөтлөгдөн дүү маань нарийн боовны чиглэлийг судлахаар гадагш сургуульд явж, харин би концепт, брэндийн тал дээр ажиллаж эхэлсэн юм.

яагаад макарон гэж? 

Макарон жигнэмгийг Хоёрдугаар Хенри хааны эхнэр байсан Катерин Де Мэдикисийн тогооч Италид 1533 онд бүтээж, хуримын үеэр нь анх танилцуулсан гэдэг. Макарон нь “fine dough” буюу чанартай зуурмаг гэсэн үгнээс гаралтай. 1792 онд Францын хувьсгалын үеэр хоёр эгч дүүс гэлэнмаа амь зогоохийн тулд макарон хийж зардаг байсан нь франц улсад макароныг дэлгэрүүлж, тусдаа соёлыг бий болгосон гэгддэг.

Төв европоос үүсэлтэй, Францад илүү түлхүү хөгжсөн макарон нь нэгэн төрлийн жигнэмэг. Энэхүү жигнэмгийг гурилаар хийдэггүй, бүйлс самрын гурилаар нарийн ажиллагаа техникээр хийдэг. Тиймээс ч хүндэтгэлийн бэлгэ тэмдэг болох нь бий. Өнөөдөр өнгө өнгийн тансаг макарон жигнэмэг нь талархсан, хүндэтгэсэн, хайртай хүндээ сэтгэлээ илчлэхдээ барьдаг бэлэг болоод байна.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Нөнө: Хөрөнгө оруулалт бол хамгийн хүнд хэсэг байсан. Ямар ч туршлагагүй эгч дүү хоёр нийлээд 2012 онд компани байгуулж, банкнаас зээл авч бизнесийн гараагаа эхлүүлсэн. Бизнесийн ертөнц хатуу гэдгийг тэр үед л ойлгосон доо. Зээлийн хүү өндөр, хэрэглэгчид маань зөвхөн амттан идэхээр зорьж ирэхэд бэлэн биш, Улаанбаатарт кофе шопын соёл төдийлөн сайн дэлгэрээгүй үе байлаа.

Бид хоёр жил тэсэж гүрийж байгаад сүүлдээ яах ч аргагүй хаалгаа барихад хүрсэн юм. Улмаар бид хоёр тус тусын мэргэжлийн чиглэлээр ажиллаж эхэлсэн боловч кафегаа ахиад нээх санаагаа орхиж чадаагүй. Тэгээд нэг жил бэлдэж, ээж маань бидний angel хөрөнгө оруулагч болсноор дахин эхлэх боломж гарсан юм. Өмнө нь гаргасан алдаагаа засаж, бизнесийн загвартаа томоохон өөрчлөлт шинэчлэлт оруулсан.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Нөнө: Манай Sweetland кафе олон онцлогтой. Pastry төрлийн нарийн боов хийдгээ хамгийн түрүүнд дурдах ёстой. Энэ төрлийн нарийн боовыг хийхэд хамгийн чанартай түүхий эд зайлшгүй шаардагддаг. Хэрвээ бүтээгдэхүүний нэг орц нь л муу, чанаргүй, эсвэл технологийн горим буруу болбол тухайн бүтээгдэхүүнийг гаргах боломжгүй болдог. Тиймээс бид бүтээгдэхүүний түүхий эдийн чанарт хамгийн их анхаарал тавьдаг.

Pastry төрөл нь бүтээгдэхүүн нэг бүр дээр тулж ажилладгаараа яг л Couture хувцас шиг. Тиймээс ч кафегаа “Dessert Boutique café” гэж нэрлэсэн. Энэ утгаараа дотоод засалдаа ихээхэн гар ажиллагаа оруулж, европ маягийн чиг хандлагатай болгосон. Гоёмсог интерьертэй болгохын тулд маш их чимхлүүр ажил орсон шүү.

Нана: Монгол хэрэглэгчид маань ванилла, гүзээлзгэнэ, шоколад зэрэг аль хэдийн танил болсон амтыг л сонгож хэрэглээд байгаа нь анзаарагдсан. Гэвч хорвоо дээр бидний мэдэхгүй асар олон төрлийн амт байна шүү дээ. Иймд улирлын онцлогтой амтыг бүтээгдэхүүндээ шингээж хэрэглэгчдэдээ таниулахыг хүсэж байна. Дан ганц хувцас гэлтгүй идэж уух юм ч гэсэн улирлын чанартай солигддог тул синнамон, гаа, хүслийн жимс (passion fruit) зэрэг төрөл бүрийн амтыг улирлын чанартайгаар санал болгохыг хүсэж байна.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Нана: Бидний бахархдаг, манай кофе шопын хамгийн том давуу тал бол гадаадын франчайзинг дэлгүүр биш, цэвэр үндэсний брэнд юм. Брэндийнхээ бизнес загварыг улам боловсронгуй болгож хүн бүрт танигдсан, франчайзинг кафе болох том зорилго агуулж байгаа. Булан тойроод л гадны франчайзингийн кофе шопууд байна, яагаад үндэсний брэнд кофе шоп болж болохгүй гэж?

Нөнө: Биднийг хаалгаа бариж байх үед ганц манайх ч биш олон олон дотоодын маш гоё, сонирхолтой концепт бүхий кафенууд нүдэн дээр хаалгаа барьж байсан. Тэдгээр кофе шопууд дахин үүд хаалгаа нээж, үйл ажиллагаа нь дэлгэрвэл бид гадагшаа урсах мөнгөний урсгалаас багаханыг ч болов дотооддоо барьж үлдээж чадна. Энэ нь хэн нэгэн гадаад хүний дансанд орохгүй, дотоодын олон айлын амьдралд хувь нэмэр оруулах байх гэж бодож байна. Ер нь нэг хэвийн газар тав орсноос таван шинэ газар орох нь сонирхолтой шүү дээ.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Нөнө: Манай бизнесийн үнэт зүйл бол хүн өөрөө буюу хүн бас хүнлэг ёс юм. Тиймээс хамгийн түрүүнд ашиг харахаас илүү үйлчлүүлэгчдэд хамгийн сайн үйлчилгээг хэрхэн үзүүлэх вэ гэж боддог. Гэртээ хүн кофе чанаад ууж болно, амттан захиалаад идэж болно. Тэгэхээр кофе шопыг зорьж үйлчилгээ авч буй хүмүүст тав тухтай орчинд боломжийн үнээр сайн бүтээгдэхүүн санал болгож, аз жаргалыг мэдрүүлэх ёстой болов уу.

ТАНАЙХААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦАНА УУ?

Нөнө: Манайхаар үйлчлүүлсэн, амттаныг маань амталж үзсэн хэрэглэгчид сэтгэл ханамж өндөр, олон эерэг сэтгэгдэл хэлж байгаа. Манайх олон байнгын үйлчлүүлэгчтэй. Дахин дахин үйлчлүүлдэг нь манай бүтээгдэхүүний амт чанар, бидний шинийг эрэлхийлэх сэтгэлгээтэй холбоотой гэж боддог. Хэрэглэгчдээсээ сайшаал, шүүмжлэл аль алийг нь сонсдог. Магтаалаас нь урам авч, шүүмжээс нь суралцаад явж байна даа.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Нана: Хамгийн гол нь бид хоёр өөрсдийнхөө дуртай зүйлийг хийж байна. “Дуртай юмаа хий, хийдэг юмандаа дурла” гэж ярьдаг шүү дээ. Амттан дүүрэн өрсөн шилэн хөргөгчний урд ирээд өөрийн эрхгүй инээмсэглэж байгаа үйлчлүүлэгчдээ хараад хүмүүст аз жаргал түгээсэн сайхан ажил хийж байгаагаа мэдэрдэг.

Нөнө: Хэцүү бэрхшээлтэй зүйлс цөөнгүй бий. Гэхдээ даван гарах л ёстой шүү дээ. Хялбар юм гэж байхгүй. Ундааны бөглөө шиг хэмжээтэй зүйлийг яагаад ийм үнэтэй зарж байгаа юм гэж загнуулж байсан ч удаатай. Авууштай нь монголчуудын дунд кофе уух соёл, нарийн боовны хэрэглээ түгэн дэлгэрч, эрчимжиж хөгжиж байна. Монголд бизнес эрхлэх нь хүч тэнцвэргүй тулаанд орж байгаа мэт л санагддаг. Зах зээл нь жижиг, гарааны бизнесийг дэмжих хууль эрх зүйн орчин нь дутмаг байна.

ТАНАЙХ ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Нөнө: Бид бизнесийн загвараа сайжруулж, бүтээгдэхүүний өртгөө бууруулах тал дээр төвлөрч ажиллаж байна. Манайх үйлдвэрлэгч орон биш учраас бараг бүхий л түүхий эдээ гаднаас авах хэрэг гардаг. Энэ нь эцсийн бүтээгдэхүүний өртгийг өсгөж, хэрэглэгчид очих үнэ тэр хэмжээгээр нэмэгдэхэд хүрч байна. Манайх төрөл бүрийн энэ сайхан амттануудаа олон хүнд хүргэхийн тулд үнээ бууруулахыг хичээж байгаа.

Нана: Pastry төрөл нь маш нарийн, үнэтэй түүхий эдийн орцтой байдаг тул үнийг хямд байлгана гэдэг хэцүү. Бид өөрсдөө карамел соус, шоколадны соус, нэрс, аньс, хад зэрэг жимсний сиропуудыг үйлдвэрлэж эхлэхээр зориг шулуудсан. Ерөнхийдөө гаргаж болох бүх зүйлийг дотооддоо үйлдвэрлэж хүсэж байна. Яг үүн шиг макарон жигнэмгийн гурилыг бид өөрсдөө үйлдвэрлэж эхэлснээр нэг бүрийн үнийг 500 төгрөгөөр бууруулж чадсан шүү.

ЗАЛУУ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Залуу бизнес эрхлэгчдийн хувьд бид өнөөдрийг хүртэл суралцсаар л явна. Хүн хийж байгаа зүйлдээ дурлаж, чин сэтгэлээсээ байх юм бол, мөн тэр зүйл нь зөв зүйл байх юм амжилтад хүрнэ гэдэгт итгэдэг. Тодорхой хэмжээнд эрсдэл гаргаж, өөртөө итгэх ёстой болов уу. Бид хоёр үргэлж өөр өөрсдийгөө хөгжүүлж, бусдаас суралцсаар яваа.

Та манай "Онцлох бизнес" буланд шинэлэг, онцлууштай бизнес, үйлчилгээний газар, бараа бүтээгдэхүүн санал болгохыг хүсвэл 99118236, 88104222 утсаар, эсвэл editor@unread.today имэйл хаягаар холбогдоорой.

27083   2


НИЙТЭЛСЭН:

Khaliunaa Naranbayar

Гэрэл зургийг:

Х. Хантүшиг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.