Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   04 сарын 06, 2018

Миллениалуудад ээлтэй ажлын орчинг хэрхэн бий болгох вэ?

Бид дөрөвдүгээр сарыг "Байгууллагын соёлын довтолгоо"-ны сар болгон зарласан билээ. Энэхүү сэдвийн хүрээнд шинэ үеийн залуучууд буюу миллениалууд (18-35 насныхан) ямархуу онцлогтой ажлын байрууд таалагддаг, юу тэдэнд илүү сайн ажиллах сэдлийг төрүүлдэг талаар хүргэе. Өдгөө 30 хүртэлх насныхан дэлхийн хүн амын 50-аас илүү хувийг бүрдүүлж буй бөгөөд 2030 онд 75 хувьд хүрнэ гэсэн тооцоо бий. Тэгэхээр энэ насныхан нийт ажиллах хүчний гол цөм хэсэг юм. Цахим эринд өсөж өндийсөн энэ шинэ үеийнхний үнэт зүйлс, ойлголт, хүлээлт нь өнөөгийн ажлын талбарыг өөрчилсөөр байна. Өдгөө байгууллага, компаниудад залуучуудад ээлтэй ажлын орчныг бүрдүүлэх нь сонголт биш төдийгүй сайн багийг бүрдүүлэх, хадгалах гол нөхцөл болоод байгаа билээ.

Манай улсын хувьд нийт хүн амын 35 хувийг 18-35 насныхан эзэлдэг бөгөөд ажлын талбарт маш олноороо орж ирж байна. Тэднийг өөрчилж, өөр бөгөөд хачныг нь гайхаж суухын оронд ажлын арга барил, үзэл хандлагыг ойлгож, чадамжаа бүрэн гаргахад нь туслаасай гэдэг үүднээс бид өнөөдрийн нийтлэлийг бэлтгэлээ.

ДЭЗФорумын дэргэдэх Глобал Шэйперс нийгэмлэгээс 187 орны залуусыг хамруулсан судалгаанд, залуучуудад ээлтэй ажлын орчныг бүрдүүлэх дараах таван арга замыг дурджээ. Ингээд тус судалгаатай танилцъя.

БАЙГУУЛЛАГЫН АЛСЫН ХАРАА, СТРАТЕГИД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХ БОЛОМЖ ОЛГОХ

Аливаа байгууллагын зорилго гэдэг ирээдүйн амжилтын үндэс суурь билээ. Энэ нь ажилтнуудыг юу хийх ёстойг, юу чухлыг байнга сануулж, бусад байгууллагаас ялгаруулж байдаг. Тийм ч учраас байгууллагын удирдах ажилтнууд алсын хараа, стратегиа залуу ажилтнуудынхаа бодол санаа, үнэт зүйлс, хувийн зорилготой уявал тэд илүү зүтгэлтэй, илүү удаан хугацаанд ажиллах хандлагатай байдаг аж. Харин энэ онцлогийг нь үл тоож, хаашаа явахаа бид мэднэ, та нар урдахаа хийгээд л яв гэсэн байдлаар хандвал өөр боломж, өөр ажлын байрыг хайхад хүрдэг байна. Ажлаасаа гарсан залуучуудын 60 хувь нь тухайн байгууллагын алсын харааг ойлгоогүй буюу таалагдаагүй гэж хариулсан судалгаа бий.

ХАРИЛЦАН СУРАЛЦАХ БОЛОМЖООР ХАНГАХ

Шинэ үеийнхэн ажилд орохдоо зөвхөн цалин, нэр хүндийн төлөө бус илүү ихийг сурч мэдэхийг зорьдог. Тэд аливааг мэдэхгүй чадахгүй байгаадаа нэг их санаа зовдоггүй, сурчихна гэсэн хандлагатай байдаг. Тиймээс тэднийг орж ирэхэд ментор нь болж, суралцах боломжоор хангах нь чухал юм. Төрөл бүрийн сургалтууд орж, менторын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлбэл тэд ажилтай дуртай болохоос гадна бүтээмжээ нэмэгдүүлж чадна.

Түүнчлэн залуучуудаас сурах зүйл ч бас бий. Ялангуяа техник технологи, сүүлийн үед гарсан ажил хөнгөвчлөх хэрэгслүүдийг тэд хэн хүнээс илүүтэй мэддэг учраас хамтран ажиллагсдадаа ихээхэн тус хүргэдэг. Ажил олгогчид тэдний энэ давуу тал, байнга суралцах эрмэлзлийг ашиглан мэдлэг чадварыг нь нэмэгдүүлж, улам чадавхжуулах нь зүйтэй.

АЛДААГ СУРАЛЦАХ ҮЙЛ ЯВЦЫН НЭГ ХЭСЭГ ГЭЖ ҮЗЭХ

Залуу хүмүүс гэдэг мэдээж алдаа гаргахгүй байна гэж үгүй. Алдаа тэдний хувьд суралцах явцын чухал хэсэг байдаг. Асар хурдтай өөрчлөгдөж буй 21-р зуунд тасралтгүй суралцагчид л амжилт олдог болохоор тэдний алдаа бүрийг шүүлгүй, заримдаа алдаж байж онодгийг хүлээн зөвшөөрөх нь чухал юм. Алдааг “бүтэлгүйтэл, азгүйтэл” гэхээсээ суралцаж буй хэлбэр гэж хардаг нь залуучуудын эрсдэл хийх, шинийг турших, инноваци нэвтрүүлэх сонирхолтой ба чадамжтайг харуулдаг. Тиймээс тасралтгүй суралцагч байх соёлтой ажлыг орчныг бүрдүүлж чадвал тэд бүрэн чадамжаа гаргаж, байгууллагад эерэг нөлөө үзүүлж чадна.

УЯН ХАТАН АЖЛЫН ЦАГТАЙ БАЙХ

Шинэ үеийнхэн уламжлалт арга барилд нэг их сүжиггүй учраас, бас техник технологийг сайн эзэмшсэн байдаг тул ажлын цагт баригдах тийм ч дуртай биш. Тэд бүтээмжтэй цагтаа, хүсэн газраасаа ажиллах нь, ажлыг зарцуулсан цагаар биш үр дүнгээр нь хэмжих нь зөв гэж итгэдэг. Судалгаа ч бас байнга хянаж цагдуулдаг ажилтнууд үр дүнтэй гэхээсээ удаан сунаж ажилладгийг харуулжээ.

Гэхдээ уян хатан цагаар ажиллах нь тухайн хүний сахилга батаас хамаарч эерэг сөрөг үр дүн үзүүлдгийг санах хэрэгтэй. Анхаарлаа сайн төвлөрүүлж чаддаггүй, интернэтээр есөн шидийн юм үздэг бол ингэж чөлөөтэй ажиллах нь эсрэгээрээ бүр ч муу нөлөөтэй байж болохыг анхаарууштай юм.

Харвардын Бизнесийн Тоймын энэ сэдвээр хийсэн судалгаа:

САНАЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ БОЛОМЖ ОЛГОХ

Эрч хүчтэй, сониуч, чөлөөт сэтгэлгээтэй шинэ үеийнхэн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж болох орчинг байнга эрмэлзэж байдаг. Харилцаа холбоо, багийн ойлголцол нь ажлын үр дүнд нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг учраас тэдний энэ онцлогийг зөвөөр жолоодвол ихээхэн тустай. Тиймээс тэдний санаа сэтгэгдлийг сонсож, бүтээлч саналыг ажилдаа тусгаж, магадгүй үндэслэлтэй шүүмжийг хүлээн авах нь байгууллагын үйл ажиллагаанд эергээр нөлөөлөхөөс гадна ажилдаа сэтгэл хангалуун байх боломжийг тэдэнд олгоно.

Эх сурвалж: www.weforum.org

Нийтлэлийг бичсэн: Д.Түшигт-Эрдэнэ

24617   2


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Д.Түшигт-Эрдэнэ




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.