Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   03 сарын 30, 2018

Нийгэмд ээлтэй бизнес хийхийн тулд юун дээр анхаарах вэ? + 10 жишээ бизнес

Нийгэмд ээлтэй бизнес гэж үйл ажиллагаагаараа дамжуулан хүрээлэн буй орчин, нийгмийн асуудлуудыг шийдэхэд шууд болон дам байдлаар хувь нэмэр оруулдаг, түүний сацуу ашиг олдог компаниудыг хэлж болно. Ийм бизнесүүд олон болох тусам нийгмийн хөгжил түргэсдэг. Өнөөдөр бид нийгэмд ээлтэй бизнесийн сонирхолтой жишээнүүд болон энэ чиглэлд бизнесээ хандуулж буй компаниудын анхаарах зүйлсийг тоймлон хүргэж байна.

1. YOGA GIRL

Нью-Йорк Таймсын бестселлэр “Yoga girl” номын зохиогч Рэйчел Брэтен OneoEight.tv цахим сувгаараа дамжуулан хүмүүст эрүүл мэнд, бясалгал, иогийн зөвлөгөө өгч байхдаа “Хэрвээ бидний нийгэмд тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэх гарц нь нийгмийн цахим сүлжээ байвал яах вэ?” хэмээн өөрөөсөө асуужээ. Удтал бодсоны эцэст Рэйчел 109world-ийг үүсгэн байгуулж, эрүүл амьдралын хэв маягийн талаар зөвлөгөө өгөхөөс гадна хүнсний аюулгүй байдал, усны бохирдол, жендерийн тэгш эрх зэрэг олон улсын асуудалд нийтийн ухамсрыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах болсон юм.

2. BETTER WORLD BOOKS

2002 онд Нотре Дам хотноо Хавьер Хелгесэн, Жефф Курцмэн, Креес Фукс нар хөлбөмбөгийн баг дасгалжуулж байхдаа гологдол номуудыг цуглуулаад интернетээр зарж мөнгө олох санаа бодож олжээ. Ажлынхаа хажуугаар ашиг олох гэсэн энэхүү санаа нь нэг л мэдэхэд олон нийтийг бичиг үсэгтэй болгох том зорилгод хөтөлж Better World Books-ийг үүсгэн байгуулсан байна. “Сайн ном уншсаны дараа төрдөг тэр гайхалтай мэдрэмжийг бусадтай хуваалцах боломж олгосон энэ жижигхээн үйлдэл маань дэлхий ертөнцийг багахан ч гэсэн дээрдүүлнэ” хэмээн уриалснаараа Нотре Дамын гурвал 20 сая гаруй ном хандивт авч, 236 сая номыг дахин худалдаанд гаргасан байна.

3. SAFEPOINT TRUST

Марк Коска төсөв багатай эмнэлгүүдэд өөрийн бүтээсэн хямд үнэтэй, нэг удаагийн тариурыг танилцуулж, эмнэлгийн бусад шаардлагатай жижиг хэрэгслүүдийн хамт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхээр арван жилийн турш уйгагүй оролдсон байна. Үр дүнд нь түүний Safepoint Trust компани 40 оронд 4 тэрбум гаруй тариур нийлүүлж, нийгмийн хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсныг үнэлэн The Schwab Foundation-аас Маркийг 2015 оны шилдэг бизнес эрхлэгчээр өргөмжилж байжээ.

4. TOMS

2006 онд Блейк Макоские Өмнөд Америкаар аялж яваад маш олон хүүхэд гуталгүй явааг анзаарч Toms-ыг үүсгэн байгуулсан байна. Хэдийгээр загварын талаар ямар ч ойлголтгүй байсан ч тэрээр бизнес хийх арвин туршлагынхаа ачаар амжилтанд хүрч өнөөдрийг хүртэл 60 сая хүүхдэд гутал бэлэглэжээ. Түүнчлэн Блейк 2015 онд эхчүүдэд аюулгүй төрөхөд нь мэргэжлийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаатай хослуулан Toms Bag Collection-оо гаргасан бөгөөд 2016 оны байдлаар 25 мянган эхэд тусалсан юм. Мөн онд Toms Social Entrepreneurship Fund байгуулагдаж, нийгмийн олон асуудалд хувь нэмрээ оруулах болов.Toms компанийн хэрэгжүүлдэг "нэгийг нэгд" хэмээх бизнес загварын зарчим тун энгийн. Хэрвээ үйлчлүүлэгч Toms-оос ямар нэгэн бараа авбал эргүүлээд яг ижил төрлийн бүтээгдэхүүнийг өөр хэн нэгэнд бэлэглэх боломж үүсэх ажээ.

5. GOLDIEBLOX

2012 онд Дебби Стерлинг эмэгтэйчүүдийг инженер, технологи, зохион бүтээх талын ажилд үүрэг оролцоо багатай байгааг анзаарч, эмэгтэй хүүхдийг багаас нь зохион бүтээх сэтгэхүйгээ хөгжүүлэхэд туслах зорилготой GoldieBlox компанийг байгуулсан юм. GoldieBlox үүсгэн байгуулагдсан цагаасаа хүүхдийн тоглоом, хувцас хэрэглэл, ном зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хүрээгээ тэлсээр байгаа бөгөөд үүгээрээ АНУ-ын Үндэсний эмэгтэйчүүдийн түүхэн музейн “Өнөө цагийн өв” өргөмжлөлөөс эхлүүлэн олон шагнал хүртжээ.

6. FEEDING AMERICA

1960-аад онд тэтгэвэртээ гарсан бизнесмен Ван Хенгел өлсөж цангасан хүмүүст өгөх хоол олохын тулд шөлний газарт сайн дурын ажил хийдэг байв. Нэг өдөр түүнтэй хүүхдүүдээ тэжээхийн төлөө амьдралын эрхээр хог ухаж буй эмэгтэй тааралдан “хүмүүс үлдэгдэл хоолоо хаяхын оронд ядарсан хүмүүст сонгож идэх боломж олгох хэрэгтэй” гэсэн санааг хэлснээр Feeding America байгуулагджээ. Өнөөдөр Feeding America орон даяар 200 гаруй салбартай, АНУ-ын дотоодын өлсгөлөнтэй тэмцэх хамгийн том байгууллага болсон байна.

7. GRAMEEN BANK

Эдийн засгийн ухааны профессор Мухаммед Юунусын банкнаас зээл авах боломжгүй ядуу хүмүүст бизнес эрхлэхэд нь туслахаар 1983 онд байгуулсан Бангладешийн Grameen Bank бол нийгмийн хөгжилд чиглэсэн хамгийн амжилттай бизнесүүдийн нэг билээ. 2017 оны байдлаар Grameen Bank 2568 салбар нээснээр 9 сая хүнд зээл өгч, Бангладешийн алслагдмал тосгодын 97 хувьд тус банкаар үйлчлүүлэх хүртээмж олгосон байна. 1993 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалаар Эмэгтэйчүүдэд чиглэсэн олон улсын дөрөвдүгээр бага хурлын зөвлөлд багтаж, 2006 онд Нобелийн энх тайвны шагнал авсан, өөрийн амьдралын түүхээр бичсэн ном нь 12 хэлээр орчуулагдсан гээд гаргасан санаачилгуудаараа Мухаммед Юунус нийгмээ хөгжилд хөтлөгч болж чадсан билээ.

8. ADOBE

Сүүлийн үед “Fortune 500” компаниуд бизнестээ нийгмийн хариуцлагаа ухамсарласан үйл ажиллагаа явуулж байгаа нь бусад төрлийн бизнес эрхлэгчдийг ч урвуулан татахуйц хүчтэй нөлөөлөл үзүүлэх болжээ. 2015 онд Adobe Systems АНУ-ын Ногоон хөгжлийн зөвлөлийн “Эрүүл энхийг бүтээх санаачилга”-ыг дэмжин дэлхийн хүлэмжийн хийг хэвийн түвшинд аваачих том зорилт тавьжээ. Үүний үр дүнд тухайн жилдээ тус компанийн ажлын байрны 70% нь LEED (Leadership in Energy and Environmental Design) буюу хүрээлэн буй орчинд ээлтэй гэсэн батламж авч, нийт усны зарцуулалт 60 хувиар, хаягдал 97 хувиар буурсан эерэг өөрчлөлт гарсан байна.

9. JOHNSON & JOHNSON

1886 оноос хойш тасралтгүй 132 жил дэлхий нийтийг арьс арчилгаа, эм зүйн бүтээгдэхүүнээр хангаж ирсэн Johnson & Johnson компани хүрээлэн буй орчинд ээлтэй байх зорилго тавиад өдгөө 30 жилийн нүүрийг үзэж байгаа юм. Энэ хугацаанд олон санал санаачилга гарган ажилласны нэг нь бүтээгдэхүүнийхээ савлагааны загварыг өөрчилж, хэрэглэгч дахин ашиглах боломжтой болгоход анхаарч буй явдал гэнэ.

10. MC CORMICK

Хөдөө аж ахуйн салбартмэргэшсэн MC Cormick компани хөрс шороог бохирдуулалгүй үйл ажиллагаагаа явуулах тал дээр ихээхэн анхаардаг. Тус компани өдгөө 13 мянган фермерийн аж ахуй эрхлэгчтэй хамтран ажиллаад зогсохгүй, дээд зэргийн бүтээгдэхүүн гаргаж авахын тулд тогтмол сургалтууд зохион байгуулж байна. Түүнчлэн ус, тог, цахилгаан, эрчим хүчний хэрэглээг тус бүрт нь багасгах санаачилга гарган, зориулалтын төхөөрөмжтэй хослуулснаар хүлэмжийн хийн зарцуулалтаа 43 хувиар багасгасан байна.

НИЙГЭМД ЭЭЛТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭХЭД ЮУН ДЭЭР АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Бид дээрх жишээнүүдийг зүгээр л танилцуулаад орхихыг хүссэнгүй. Хэрвээ та бизнес хийхээр зорьж буй бол, хэдийн бизнес хийдэг бол үлгэр жишээ сайн үйлс бүтээгээсэй гэж хүсэж байна. Үр ашигтай бизнес хийнэ гэдэг тэртэй тэргүй нийгэмд эерэг нөлөөтэй нь мэдээж. Гэхдээ үүндээ ханалгүй илүү олон хүнд нөлөөлж, бусдад үлгэр дууриал үзүүлж чадвал танд илүү сэтгэл ханамж өгөхөөс гадна эргээд бизнест тань ч сайнаар нөлөөлөх нь гарцаагүй.

Нийгэмд ээлтэй бизнес хийх эхний алхам бол өөрийн бизнест шударга үнэлэлт дүгнэлт өгөх явдал. Таны хийдэг ажил нийгэмд аль талаараа ээлтэй хийгээд халтайг олж тодорхойлсноор та нийгэмд хэрхэн хувь нэмэр оруулж чадахаа олж мэднэ. Жишээ нь талх нарийн боовны үйлдвэрлэл эрхэлдэг бол тухайн өдөр зарагдаагүй талхаа хэрэг болох хүмүүст, газарт нийлүүлдэг байж болно. Жижиг үйлдэл ч том санаа дагуулдгийг санууштай.

Мөн та бизнесийн загвартаа анхаарал хандуулаарай. Нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж буй хэн нэг хувь хүн, байгууллагад мөнгө хандивлах нь сайн хэрэг боловч илүү томоор харж, далайцтай нөлөө үзүүлье гэвэл GoldieBlox-ийн адилаар шинэлэг санаа гаргаж, бизнес загвараа өөрсдөө тодорхойлоод хүмүүсийн сэтгэлгээг өөрчилж, ашиг олж ч болно. Эсвэл TOMS-ийн адилаар зарагдсан бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрээсээ тодорхой хувийг аль нэг нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тогтмол хуримтлуулдаг байж болно. Нэг бүтээгдэхүүн зарах тоолондоо ижил бүтээгдэхүүнийг өөр хэн нэгэнд бэлэглэнэ гэдэг компанийн ашгийг ихээр хорогдуулах санаа мэт санагдаж болох ч нөгөө талд тэд нийгэм дэх нэр хүндээ өсгөж, олон бизнес хамтрагчтай болох гэх мэтийн өгөөжтэй боломжуудыг олж авдаг байна.

Ажиллах хүчний бодлогодоо жендерийн тэгш байдлыг аль болох хангах, хуульд заасан квотоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах, төрөл бүрийн бүлгийн хүмүүсийн үйлчлүүлэх боломжийг хангасан орчныг бүрдүүлэх гэх мэтээр хүртээмжтэй бодлого явуулах нь мөн нийгэмд ээлтэй бизнесийн нэг шинж болохыг энд дурдъя.

Эцэст нь хэлэхэд, өнөө цагт бизнесүүд сэтгэл гаргавал, бүтээлчээр сэтгэвэл нэг их хөрөнгө зарлага гаргалгүйгээр аль нэг нийгмийн асуудлыг олон нийтийн анхаарлын төвд аваачих бүрэн боломжтой. Өөрсдийн нэр хүндийг ашиглах, зөв жишээг нийтийн сүлжээгээр цацах, зөв зүйтэй санаачилгуудыг дэмжих гэх мэтээр төрөл бүрийн л боломжууд байна. Бусдад, хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх нь таны хүчин чармайлтаас, төсөөллөөс ч илүүгээр эргээд сайн үр дүн болж ирнэ гэдэгт бүү эргэлзээрэй.

Нийтлэлийг Б.Минжин

25392   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Нийтлэлд оролцсон:

Б. Минжин
О. Бүтэд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.