Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Тогтвортой хөгжлийн зорилгууд   02 сарын 20, 2018

"Давос 2018"-ыг тоймлох нь: "Хуваагдмал дэлхийд нэгдмэл ирээдүйг бүтээх нь"

Швейцарийн Давост жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн Эдийн Засгийн Форум (ДЭЗФ) буюу Давосын чуулган 1-р сарын 23-26-нд болж өндөрлөсөн билээ. Энэ жил "Хуваагдсан дэлхийд нэгдмэл ирээдүйг бүтээх нь" сэдвийн дор явагдсан уг арга хэмжээнд 100 гаруй улсын салбар салбарын 2000 орчим лидер оролцож, манай дэлхийд тулгамдаж буй томоохон асуудлуудын талаар хэлэлцсэн юм. 400 гаруй салбар хурлуудаар дамжуулан дэлхийн удирдагчид цаг агаарын өөрчлөлт, боловсрол, эрүүл ахуй, жендерийн эрх тэгш байдал, технологи болоод тогтвортой хөгжлийн бусад олон асуудлаар ярилцан санал солилцож, шинэ санал санаачилга, төслүүд танилцуулсныг өнөөдөр тоймлон хүргэе.

ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ

Давосын чуулганы үеэр хамгийн ихээр хөндөгдсөн сэдвүүдийн нэг нь яахын аргагүй хүйсийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайлал байлаа. Дэлхий даяар эмэгтэй хүмүүс эрэгтэйчүүдээс харьцангуй бага орлого олж, цалин бага бөгөөд баталгаа муутай ажлын орчинд ажилласаар байгаа юм.

Харин энэ жил анх удаа Дэлхийн Эдийн Засгийн Форумын нэг панел хэлэлцүүлэгт ОУВС-ийн тэргүүн К.Лагард, Норвегийн ерөнхий сайд Э. Солберг зэрэг дан эмэгтэйчүүдээс бүрдсэн нь тэмдэглүүштэй явдал байв. Чуулганы үеэр ”Эмэгтэйчүүдийг эхэнд тавих цаг ирлээ. Тэднийг ажилд авах, дэвшүүлэх, тэднийг ажилдаа авч үлдэх талаар би онцолж ярьж байна. Яагаад гэвэл энэ зөв зүйл болохоор биш, эелдэг зүйл болохоор биш харин хамгийн ухаалаг зүйл болохоор тэр" гэж Канадын Ерөнхий Сайд Жастин Трюдо хэлснийг мөн онцолъё.

Эмэгтэй энтрепренерүүдийг дэмжих сан: Mann Deshi банкны үүсгэн байгуулагч Четна Синха эмэгтэй энтрепренерүүдийг дэмжих 1.6 сая долларын хөрөнгө оруулалтын санг танилцуулж, бусдыг нэгдэхийг хүсжээ. Тус банк нь Энэтхэгийн хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдэд мөнгө хадгалах боломжийг бий болгосон хамгийн анхны банк юм.

Дэлхийн сайн сайхны төлөө үнэтэй хувь нэмэр оруулж буй уран бүтээлчдийг тодруулдаг Давосын “Crystal Award” шагналын эздийн нэгээр Болливүүдийн алдарт од Шах Рук Хан тодорчээ. Тэрээр хүчлийн дайралтанд өртсөн эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж, хуулийн зөвлөгөө, сургалт, сэтгэлийн дэм үзүүлэх зорилготой “Meer Foundation”-ийг үүсгэн байгуулсан байна. Энэтхэг улсад түгээмэл гэмт хэрэгт тооцогддог “acid attack” буюу хүчлийн дайралтийн хохирогчдийн 80 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж.

БОЛОВСРОЛ

Бидний ажиллах орчин ирээдүйд тэс өөр болох нь тодорхой. McKinsey Global Institute-ийн гаргасан судалгаагаар 2030 он гэхэд роботууд 800 сая гаруй ажлын байрыг орлохоор байна. Давос 2018-ын хүндэт зочдын нэг Жак Ма “Хэрэв бид одоо заах арга барилаа өөрчлөхгүй бол 30 жилийн дараа том асуудалд орно, аль 200 жилийн өмнөх мэдлэг дээр тулгуурласан хичээлийн арга барил хүүхдүүдийг сүйрэлд хүргэнэ шүү дээ” гэж хэлсэн юм. Тийм ч учраас оролцогчид ирээдүйн ажлын байранд хэрэгцээтэй байх мэргэжил, ур чадвараар хойч үеэ бэлдэхийн чухлыг онцолж байв.

Шинэ ирээдүйн ур чадвар: 2020 он гэхэд 10 сая гаруй хүнд ирээдүйд шаардагдах ур чадвар эзэмшүүлэх зорилготой “Closing the Skills Gap” санаачилгыг 26 улсын удирдагчид дэмжиж хамтран ажиллахаар болов.

ТЭГШ БУС БАЙДАЛ

Дэлхийн нийт баялгийн 82 хувийг дэлхийн хүн амын ердөө нэг хувь нь эзэмшдэг болохыг та мэдэх үү? Дэлхийн тэгш бус байдал, баялгийн харьцангуй хуваарилалт нь Давос дээр хөндөгдсөн чухал сэдвүүдийн нэг байлаа. Учир нь ядуу буурайд тооцогддог дэлхийн 3.7 тэрбум гаруй иргэдийн эдийн засгийн өсөлтөд огтхон ч ялгаа гарахгүй байгааг “Oxfam International”-аас гаргасан “99 хувийн эдийн засаг” нэртэй тайланд онцолжээ.

Харин 2010 оноос хойш тэрбумтнуудын хөрөнгө жилд дунджаар 13 хувийн өсөлттөй байгаа нь дундаж орлоготой иргэдийнхтэй харьцуулахад 6 дахин их байгаа юм. Энэхүү өсөлт нь дэлхий нийтийн ядуурлын түвшинг бүхэл бүтэн 7 удаа арилгасан байх хэмжээ аж. “Oxfam International”-ын Ерөнхий захирал Вини Бянима “Бид баялаг бус шаргуу хөдөлмөрийг үнэлдэг эдийн засгийг бий болгосон цагт ирээдүй гэрэлтэй харагдана” гэж хэлжээ.

Тогтвортой хөгжлийг цогцлоох тойрог эдийн засаг: НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөр болон Ellen MacArthur сан хамтран “Platform for Accelerating the circular economy” буюу Тойрог эдийн засгийг хурдасгах санаачилгыг бий болгосон байна. Тойрог эдийн засаг нь анхнаасаа "дахин хэрэглэгдэхүйц" бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэмнэлттэй, үр дүнтэй, ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх эдийн засгийн шинэ загвар юм.

БАЙГАЛЬ ОРЧИН

Дэлхийн удирдагчид бүгд санал нэгтэйгээр дэлхийн дулаарлын талаар санаа зовж буйгаа илэрхийллээ. ДЭЗФ-аас гаргасан “Global risks perception” судалгаанд дурдсанаар бол дэлхийн дулаарал, байгаль орчны асуудал нь дэлхийн хамгийн санаа зовоосон асуудлуудын нэг аж.

Энэтхэгийн ерөнхий сайд Н.Моди ч мөн уур амьсгалын өөрчлөлтийг хүн төрөлхтний өмнө тулгамдаад буй хамгийн том гурван асуудлын нэгээр нэрлэв. Харин Вашингтон мужийн амбан захирагч Жае Инсли ‘Дэлхийн дулаарлын эсрэг хөдөлгөөнөөс хойш сууж буй нэг л хүн байна.Тэр хүнтэй хэн ч нэгдэхгүй’ хэмээн Доналд Трампын талаар хэлжээ.

Далайн амьтдыг хамгаалах дэлхийн түншлэл: НҮБ-ын Далай хариуцсан тусгай элч Петр Томсон болон Шведийн Дэд Ерөнхий Сайд Изабел Ловин нар дэлхийн 40 гаруй нөлөөтэй удирдагчийг хамруулсан 4.5 сая долларын санхүүжилттэй “Friends of Ocean Action” түншлэлийг танилцууллаа. Ийнхүү Тогтвортой хөгжлийн 14-р зорилгын хүрээнд далай тэнгисийн нөөцийг хамгаалах дэлхийн хэмжээний хамтарсан түншлэл бий болж байгаа юм.

ИННОВАЦИ, ТЕХНОЛОГИ

Энэ жилийн нэг гол сэдэв блокчейн, хиймэл оюун, алгоритмын талаар байсан нь маргаангүй. Google-ийн захирал Сундар Пичай “хиймэл оюун ухаан үзүүлэх нөлөөгөөрөө цахилгаан, гал хоёроос ч илүү хүчтэй болох болно” гэж хэлсэн нь хиймэл оюун бидний өдөр тутмын амьдралыг үндсээр нь өөрчлөх боломжтойг сануулсан хүчтэй мэдэгдэл байлаа.

Цахим мөнгө, блокчейний хувьд хэдий Давосын оролцогчид төрөл бүрийн саналтай байсан ч блокчейнийг ирээдүйд хэрэг болох, шинэлэг инноваци гэдэгтэй маргах хүн гарсангүй. Биткойны ханш их хэмжээгээр унаж, эргээд бага зэрэг сэргэх хандлагатай байгаа энэ өдрүүдэд чуулганы үеэр Нобелийн шагналт эдийн засагч Роберт Шиллерийн "Би Биткойныг сонирхолтой туршилт гэж боддог, гэхдээ бидний амьдралын нэг хэсэг болж үлдэхгүй. Хүмүүс Биткойн дээр хэтэрхий их анхаарлаа хандуулж байна, блокчейнтэй хамтатган өргөн хүрээнд харах хэрэгтэй" хэмээн хэлснийг эргэн санахад сонирхолтой аж.

Цахим аюулгүй байдал: Дэлхийн нийтийн хэмжээнд анх удаагаа цахим аюулгүй байдлын асуудлыг хамтдаа хэлэлцэж шийдвэрлэх зорилготой “Global Centre for Cybersecurity” платформыг Давосын үеэр олон нийтэд зарлав.

ТА МЭДСЭН ҮҮ?

Саяхан НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс тогтвортой хөгжлийн зорилгыг түгээн дэлгэрүүлэх Инновацийн төлөөлөгчөөр хамгийн анхны хүн-робот Софиаг нэрлэсэн байна.

ДАВОСЫН ЧУУЛГАНААС ОЙЛГОЖ БОЛОХ 3 зүйл

  • Өөрсдөдөө болоод хойч үедээ зориулан тогтвортой хөгжлийг цогцлоохын тулд бид олон асуудлыг шийдэх хэрэгтэй. Нэг л хүүхэд идэх хоол, унтах байргүй байгаа цагт бидний цаана урт даваа байсаар байх болно
  • Хэдий тийм ч нас хүйс, үндэс угсаа, улс орон, шашин шүтлэг үл хамааран энэ тэмцэлд бид бүгдээрээ хамтдаа байна, нэгдмэл ирээдүй, нэгдмэл дэлхийг бий болгоход хүн болгоны багахан ч гэсэн оролцоо маш чухал
  • Дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, тогтвортой хөгжлийг цогцлооход хамтдын хүчин зүтгэл буюу бүх л түвшинд хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай

Нийтлэлийг: Н. Халиунаа
Редактор: Д. Ганзориг
Ковер зургийг: О.Бүтэд

Контентийн эх сурвалж: www.weforum.org

16250   0


НИЙТЭЛСЭН:

Khaliunaa Naranbayar




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.