Номын хэсгээс   12 сарын 02, 2017

Unlock Podcast #21: "Nudge" номын тухай

Подкастын ээлжит дугаарт Тэгшээ, Наагий хоёр “Nudge " номын тухай ярилцлаа. Энэ бол 2017 оны эдийн засгийн салбар дахь Нобелийн шагналыг хүртсэн Чикагогийн их сургуулийн профессор Ричард Тейлерийн Харвардын профессор Касс Санстэйнтэй 2008 онд хамтран бичсэн, сэтгэл зүйн эдийн засгийг олон нийтэд ойлгомжтойгоор тайлбарласан ном юм. Бид ѳдѳр тутмын амьдралдаа худалдаа хийх, ирээдүйдээ зориулж хадгаламж хийх, хүүхдээ сургуульд оруулах, хѳрѳнгѳ оруулалт хийх гэх мэт олон зуун шийдвэр гаргаж байдаг. Гэвч тэдгээр шийдвэрүүд тэр бүр оновчтой байж чаддаггүй. Тэгвэл энэ номонд оновчтой шийдвэр гаргаж чадахгүй байгаа шалтгаан болоод хувь хүн ѳѳрийн болоод эргэн тойрны хүмүүсийнхээ сонголтыг хэрхэн сайжруулж болох тухай өгүүлдэг. 

НОМЫН ТУХАЙ

2017 оны эдийн засгийн ухааны Нобелийн шагналыг Чикагогийн Их Сургуулийн профессор Ричард Тейлер сэтгэл судлалын эдийн засгийн (Behavioral Economics) xөгжилд оруулсан хувь нэмрээрээ xүртсэн билээ. Түүний Харвардын профессор Касс Санстэйнтэй хамтран 2008 онд бичсэн энэхүү "Nudge" ном нь сэтгэл судлалын эдийн засгийг энгийн байдлаар олон нийтэд тайлбарлаж чадсан сонирхолтой бүтээл билээ. Unread дээр гарсан Нобелийн шагнал 2017 тусгай дугаарыг мѳн үзээрэй. http://www.unread.today/posts/post/1198

Сонгодог эдийн засгийн онол дээр эдийн засагт оролцогч нь рациональ хүн буюу эдийн засагч (Econs) байдаг бѳгѳѳд шийдвэр гаргах, үйлдэл хийхдээ ѳѳрийн ханамжийг ихэсгэх зорилгоор тогтмол нэг зүгт чиглэсэн байдаг гэж авч үздэг. Харин жинхэнэ амьдрал дээр хувь хүн (Humans) Econs шиг оновчтой шийдвэр гаргаж чаддаггүй. Үүний шалтгаан нь хувь хүний шийдвэр гаргалт, тѳрѳлх зан араншин дээрээ тулгуурлаж шийдвэр гаргадаг Систем 1 буюу автомат систем (Automatic System), эсвэл тунгаан бодож тооцоо хийсний үндсэн дээр шийдвэр гаргадаг Систем 2 буюу эргэцүүлэн бодох систем (Reflective System) гэсэн 2 тѳрлийн шийдвэр гаргах үйл явцад үндэслэдэг байна.
Шийдвэр гаргах энэ хоёр системийн ялгаанаас болж шийдвэр нь алдаатай, нэг талыг барьсан, хамгийн оновчтой байж чаддаггүй. Үүнд жишээ нь, anchoring буюу аливаа нэг ѳгѳгдсѳн мэдээллээс болоод нэг талыг барьсан шийдвэр гаргах, эсвэл Availability heuristics буюу жишээ нь ѳѳрийн санаанд хурдан орж ирдэг зүйлийг илүү олон тохиолддог гэж буруугаар бодох, эсвэл herd mentality буюу “сүрэг” олон нийтийг даган оновчгүй шийдвэр гаргах гэх мэт ордог.

Тэгвэл “сонголтын архетиктур” хэмээх ойлголтыг ашиглан зѳѳлѳн ёворсноор (nudge) хувь хүн ѳѳрийн болоод эргэн тойрны хүмүүсийнхээ сонголтыг сайжруулах боломжтой. Сонголтын архетиктур гэдэг нь хүнд адилхан сонголтууд ѳгѳгдѳх дарааллыг ѳѳрчилснѳѳр гаргах эцсийн шийдвэрийг нь мѳн ѳѳрчлөх тухай ойлголт юм. Жишээ нь зурагтын дэлгэц 5 минутын дараа унтрахаар цаанаасаа сонгогдсон байна уу, эсвэл та ѳѳрѳѳ хэдэн минутын дараа унтраах тааруулах ёстой юу гэдгээс шалтгаалаад, унтрах минут нь ѳѳр болно. Зѳв “сонголтын архетиктур”-ийг хэрэглэвэл зѳв тал руугаа “зѳѳлѳн ёвруулж” (being nudged) илүү оновчтой шийдвэр гаргах боломжтой.

Үүнийг хувь хүн, албан байгууллага, тѳрийн бодлого дээр ч хэрэглэж, бүлэг хүмүүсийг илүү оновчтой шийдвэр гаргадаг болоход ашиглаж болно.

Номын 2-5 дугаар хэсэгт "ёвролтыг" бодит амьдрал дээр хэрхэн хэрэглэж болох тухай ѳгүүлнэ. Тухайлбал, ирээдүйнхээ тѳлѳѳ хадгаламжаа хэрхэн зѳв хадгалах тухай, эрхтний донор болох хүмүүсийг нэмэгдүүлэх, эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн зѳв сургуульд оруулах, гэрлэлтийг хувьчлах тухай зэрэг сонирхолтой жишээг зохиолчид танилцуулжээ.

Ингээд олныг үл өгүүлэн, хоёр хөтлөгчийн сонирхолтой яриа өрнүүлсэн подкастыг сонсоцгооё.

ПОДКАСТ СОНСОХ

Unlock Podcast-ийг iTunes дээр сонсох бол энд дарж subscribe хийгээрэй. Мөн Фэйсбүүк хуудсанд маань нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

7672   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.