Би хэрхэн ажилладаг вэ?

Би хэрхэн ажилладаг вэ? - Монгол улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар

11 сарын 08, 2017


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


30755   2




Улс үндэстнийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан алдартанд олгодог "Чингис Хаан" одонг хүртээд буй цөөхөн хүний нэг, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатарыг бид "Монгол сонгодог III" тоглолтынх нь босгон дээр ярилцлагын буландаа урилаа. М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаан, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын уралдаан, BBC Cardiff Singer of the World зэрэг дуурийн дуулаачдын чадал чансааг шалгадаг дэлхийн топ тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж байсан тэрээр ердөө 23 насандаа Монгол Улсын Гавьяат Жүжигчин болж байв. Сонгодог урлагийн сод төлөөлөгч Г.Ариунбаатар монгол дуулаачид дэлхийд гайхагддагийн учгийг тайлахаар, манай улсад сонгодог урлаг ямар өндөр түвшинд хүрснийг үзүүлэхээр "Монгол сонгодог III" тоглолтоо ирэх 11 сарын 10, 11-ний өдөр эгшиглүүлэх гэж байна. Дуу хоолойг нь сонсоод огшдог манай уншигчид тоглолтынх нь өмнө түүний ажлын арга барил, амьдралын дадал хэвшилтэй танилцвал тун сонирхолтой байх биз ээ.

Байршил: Улаанбаатар, Монгол
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: ЦЕГ-ийн дэргэдэх Сүлд чуулгын гоцлол дуучин, уран сайхны удирдаач
Гар утас – iPhone 7 Plus
Компьютер – МacBook Air
Сошиал хуудсууд: Ariunbaatar Ganbaatar, Ганбаатарын Ариунбаатар (фэйсбүүк), @g_ariunbaatar (твиттер)

Таны ажлын онцлох арга барил юу вэ?

Хийж буй, зорьж буй зүйлсээ жигд, тууштай барьж авдаг. Өнөөдөр нэг тэмцээнд орох гэж байж, эсвэл нэг концертод дуулах гэж байж өмнө нь өөр тийшээ сатаараад, өөр юм руу анхаарлаа хандуулахыг ойшоодоггүй. Сайн төвлөрдөг гэж хэлж болно байх.

Ямар ч ажил дээр өөрөөсөө шалтгаалах зүйлээ тултал нь хийгээд явъя гэж хичээдэг. Бидний ажил маш олон хүний хамтын хөдөлмөрөөр босдог, олон хүний сэтгэл зүрх, хүчин зүтгэл шаардагддаг. Ямар ч зүйлийн ард нь гарчихъя, эцсийг нь үзчихье гээд л дайрна даа.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай ажлын хэрэгсэл, програм, аппликэйшнээсээ хуваалцана уу?

Хаашаа ч явсан цүнхэндээ байнга авч явдаг "ажлын хэрэгсэл" маань миний нотууд. Ялангуяа онгоцонд, замд сүлжээгүй байхад хэвлээд бэлдчихсэн нотоо эргүүлээд, уншаад явдаг дадалтай.

Сошиал медиаг яах аргагүй идэвхтэй ашиглаж байна. Өдөр бүрийн ажил маань хамааралтай болчихлоо. Энд тэнд явж байхдаа хүмүүстэй холбогдоно, мэдээллээ авна гээд л фэйсбүүк, твиттер, инстаграмыг хэрэглээд явж байна.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Нэг дор олон зүйлийг амжуулж болохоор ажлаа төлөвлөж цаг хэмнэдэг. Ялангуяа Улаанбаатарт нэг газраас нөгөө рүү явахад их цаг алддаг, түгжирдэг учир ойролцоо байршлуудад юм уу нэг газарт аль болох олон ажил амжуулахыг хичээдэг. Жишээ нь одоо л гэхэд тоглолтын хувцасны хэмжээ авах хүн үүдэнд ирчихсэн байж байна (инээв).

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Гар утсан дээрээ Notes ашиглаж тэмдэглэнэ. Өмнө нь тэмдэглэлийн дэвтэр ашигладаг байсан. Гэхдээ энд тэндээс гаргаж ирээд л, бал цаасаа бэлдэх гэж түвэгтэй байсан юм билээ. Одоо бол утсан дээрээ тэмдэглэлээ ч, хийх ажлаа ч, хуваариа тэмдэглээд явж байна.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Өөрийнхөө мэргэжил дээр хамгийн сайн, хамгийн гаргууд нь байхыг л хичээдэг. Дуурийн дуучны онцлог ч энэ. Үргэлж өөрийгөө зүлгэж, өнгөлж явах учиртай гэж боддог. Байнга бэлтгэл сургуулилалтаа хийж, тогтмол сайжирч байх учиртай. Амьдрал дээрээ бол аав ээждээ ачлалтай, үрдээ энэрэлтэй, ханьдаа халамжтай байхыг хичээж явна.

Намайг найзууд маань, эргэн тойрныхон маань "манлайлагч" гэж хэлдэг юм. Багаасаа л найзуудаа элдэв зүйлд уриалж, зохицуулж, зангидаж явдаг байсан, одоо ч хэвээрээ байх. Найз байхын утга учрыг надад мэдрүүлдэг, ойлгуулдаг хар багын найзууд бий. Тэдэнтэйгээ олон жил хээгүй сайхан нөхөрлөж явна.

Таны хийж буй ажлын онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Мэргэжил бүхэн сайхан гэдэг дээ. Би бол өөрийнхөө хийж буй ажилдаа үнэнхүү дуртай, хайртай. Дуулаач хүнийхээ хувьд дуугаа дуулаад аз жаргалаа бүтээгээд явж байна. Ард түмнийхээ өгсөн итгэл, хүндэтгэлийг дааж, аль болох олон хүнийг баясгаж, эх орныхоо нэрийг дэлхийд гаргахыг эрмэлзэнэ.

Хамгийн анх 2011 онд Глиникийн нэрэмжит олон улсын тэмцээнд түрүүлж, 23 насандаа гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулж байлаа. Анх сонсоод их л сандарч, одоо яана аа, цаашдаа юу хийнэ дээ гэж бодлогоширч байснаа санадаг юм. Дараа нь урлагийн бидний хувьд олимпийн наадамтай дүйцэхүйц Чайковскийн нэрэмжит уралдаанаас гран при шагналыг хүртсэн минь үнэхээр дурсгалтай мөч байлаа. Энэ наадмын 60 жилийн түүхэнд хоёрхон удаа л дуучин хүн гран приг нь хүртсэн байдаг юм. Үүний дараа би ямар ч эргэлзээгүйгээр дараагийн сорилынхоо өөдөөс явсан. BBC Cardiff Singer of The World уралдаанд амжилттай оролцсон, дэлхийн топ театруудад топ уран бүтээлүүдийг толилуулаад явж байна. Ийм сорил, шалгууруудыг давахгүй бол дуучин гэж нэрлэгдээд яах билээ. Олон мундаг багш нар, дэмжиж итгэдэг хүмүүсийнхээ урмаар тэтгэгдэж, алгадуулахдаа алгадуулж, илбүүлэхдээ илбүүлж байсны хүчинд өдий зэрэгтэй яваа гэж итгэдэг.

Хамгийн хэцүү нь энэ сайхан нэр хүндээ дааж явах л байх. Хүн өөрөө тэр сайхан шагнал урамшуулал, олон түмний хайр хүндэтгэлийг яаж хүлээж авахаас тэр нь хамаардаг болов уу. Би бол бэлэг гэж хүлээж авдаг. Энэ сайхан хайрыг дааж явах нь нэн чухал гэдгийг ухамсарлаж байгаа.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Яг одоо "Монгол Сонгодог III" тоглолтоо хийх гээд бэлтгэл ажлаа хангаад явж байна. Хамгийн анх 2012 онд Н.Жанцанноров багштайгаа хамтран хийж байлаа. 2015 онд 2 дахь тоглолтоо хийсэн. Харин одоо 3 дахь тоглолтоо илүү өргөн цар хүрээтэй, төслийн хүрээнд зохион байгуулж байна. Тоглолтоос гадна CD гарна, ном хэвлэгдэнэ. Энэ жилийн хувьд дэлхийн сонгодог бүтээлүүдээс гадна Монголынхоо шилмэл бүтээлүүдээс дуулна гэдгээрээ онцлогтой байгаа. Бид агуу хүмүүстэй нэгэн үед амьдарч байгаагаа, сонгодог бүтээлүүдийг өдөр бүр сонсож буй гэдгээ анзаардаггүй, өөрсдийн гайхалтай бүтээлүүдээ үл тоож байгаа юм шиг сэтгэгдэл надад хааяа төрдөг юм. Үүнийг сонсогчдодоо, залуустаа, бусад дуучдадаа мэдрүүлэхийг хүсэж байна. Тоглолтын дараа харьцуулалт хийх боломж үүснэ байх. Би сүүлийн үед тоглолт, тэмцээн бүртээ монгол бүтээлийг голчлон дуулахыг зорьж байгаа. Сүүлд "Монголын тал нутаг", "Чиний минь нулимс" гээд дуунуудаа дуулсныг олон орны сонсогчид ихэд талархан хүлээж авсан. Тэд монгол бүтээлүүдийг сонссоныхоо дараа тун сонин аялгуутай, өвөрмөц сайхан байна гэж хүлээж авдаг юм.

Энэ тоглолтоо Монгол Контентийн залуустайгаа, Сүлд чуулгынхаа уран бүтээлчидтэй хамтран хийж байгаа. Нэлээн чансаатай, арай өөр нэг уур амьсгалтай болно гэж найдаж байгаа, тийм зүйл хийхийн төлөө ч зүтгэж байна даа. Энэ төслийнхөө ард гарсныхаа дараа 2019 онд дэлхийн дуучдыг Монголдоо авчирч, монгол бүтээлүүд дуулуулж өрсөлдүүлэх тэмцээн хийхийг хүсэж байна.

Үүний дараа олон улсаар нэлээн шахуу хуваарьтай тоглолттой байгаа. 23-нд Большой театрт тоглолттой. Энэ жилийн сүүлээр Парис, Лион, Лондон, Эдинбургын филармонид тоглолт хийхээр байна.

Ямар төрлийн хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?

Дэлхийд алдартай дуурийн дуучдаасаа үлгэр авна. Тэднийг сонсоод ингэх хэрэгтэй юм байна, юугаараа дутуу байна, юугаараа илүү байгаагаа мэдэж, судалж, бас биширч явдаг. Н.Жанцанноров, Б.Шарав, З.Хангал гээд олон сайхан зохиолчдынхоо монгол дууг сонсож тайвшрал олж авна. Хааяа сэтгэл гундаж ганцаардах үедээ, хааяа огшиж оргилох үедээ аялгуу сайхан дуунуудаа сонсох дуртай.

Ер нь бол бүх төрлийн хөгжим сонсоно. Багадаа хип хоп хамтлагтай байлаа. Гоё аялгуу, гоё бүтээл хаа байна, бүгдийг нь хайж сонсоно. Олон хөгжим сонсох нь уран бүтээлчийг задалж, олон талаар хөгжүүлдэг юм билээ.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Аав маань арвин их номын сантай, номоос хамааралтай хүн. Гэвч би гэдэг хүн бусдын адилаар нүүр номноос л хамааралтай болж байх шиг байна. Сүүлийн үед үнэндээ ном унших цаг гаргаж чадахгүй л байна. Цаг зав гарахаар Н.Багабанди гуайн "Титэм үг"-ийг эргүүлж хардаг. Ширээний минь ном ч гэж хэлж болно. Сүүлийн үед ном уншиж толгойгоо амрааж, сэргээх хэрэгтэй болсон гэдэг дохиог бие маань өгсөн шүү (инээв).

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?

Нээлттэй байлгүй яахав. Мэдэх хүмүүс маань хэлнэ дээ, хэлэх юмаа шууд хэлчихнэ, аль болох өөрийнхөөрөө байхыг хичээдэг.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Дуурийн дуучин хүнд амралт их хэрэгтэй байдаг. Нойр миний хувьд тун чухал. Унтах дэглэмээ тогтооход юу идэхээ хүртэл тохируулж, тооцох хэрэгтэй байдаг юм билээ. Би өдөр бүр дор хаяж 6 цаг унтахыг хичээдэг. Өглөөдөө эрт сэрчихээд байдаг талдаа. Гэхдээ олон цагийн нислэгийн дараа нойр солигдож, ядрах тохиолдол гараад л байна. Гэртээ бол шууд харанхуй болдог тохируулга хийчихсэн болохоор орж ирээд л унтаж амардаг.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Багаасаа адуу мал дээр өссөн болохоор зав л гарвал хөдөө гэр рүүгээ очиж, адуу малтай ноцолдоно. Аав ээж 2 минь Төв аймгийн Өндөр суманд нутагладаг юм. 130-хан км зайтай учир хагас өдөр яваад ирэхэд сайхан сэргээд л ирнэ шүү. Манайх морь уяж, сум аймагтаа сайхан давхиулан жилийнхээ өнгө хийморийг тодорхойлдог.

Мөн хааяа найзуудтайгаа заал авч, хөлсөө гаргана.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

Аав ээжийнхээ урмын үгс, хүндэлж биширч явдаг хүмүүсийн дэмжлэг, хамгийн ойрын найзуудынхаа итгэлээр хөглөгдөж явдаг. Тэднээсээ нэг сайхан үг сонсоод л онгироод явчихна шүү дээ. Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэдэг дээ, бүтээмж, үзүүлэлт шал өөр болчихдог.

Тийм ч учраас би өөрөө ч бусад хүмүүст аль болох эерэг хандаж, урмаар тэтгэхийг хүсдэг. Ингэмээр байна, ингэе, тэгье гэсэн хүсэл тэмүүлэл дээр нь урам өгч, дэмжих нь зөв юм болов уу гэж боддог шүү.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Би ахлах сургуулиа төгсөөд Цагдаагийн академид орох гээд тэнцээгүй юм. Сэтгэлээр уначихсан, яахаа мэдэхгүй явж байхад минь аав ээж минь "Миний хүү дуулдаг юм чинь СУИС-д шалгалт өгөөд үзвэл яадаг юм" гэж хэлсэн юм. Өөртөө эргэлзчихсэн, итгэлгүй байх үедээ гэрийнхний хэлсэн тэр зөвлөгөөг дагасан маань зөв шийдвэр болсон.

Хожим дуурийн дуулаачийн ангиа хаяад огт өөр ажил хийгээд явж байхдаа багын мөрөөдөл болсон цагдаагийн газартай холбогдож, Сүлд чуулгад орсноор миний 2 дахь амьдрал эхэлсэн гэж боддог. 2009 оны 4-р сарын 9-нд цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн дарга надад итгэл хүлээлгэн чуулгадаа авч, энэ хамт олонтой нийлэх боломжийг олгосонд одоо болтол талархаж явдаг. Дуугаа ч дуулж, цагдаагийн мөрдсөө ч зүүж, хоёр мөрөөдөл хоёулаа биелэхийн ерөөлтэй байж дээ гэж боддог юм.

Залуу мэргэжилтнүүдэд хандан хамгийн чухал зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?

Бэлэнчлэх сэтгэлгээнээс салах хэрэгтэй л гэж хэлмээр байна. Яавал амархан мөнгөтэй болох вэ, яавал амархан нэр алдартай болох вэ гэх ахархан бодлууд л хамгийн аймшигтай асуудал байна. Ажил хийвэл ам тосдоно, эзэн хичээвэл заяа хичээнэ гэж үгс утгаараа хэрэгжихээ больсон цаг юм уу даа гэж бодогдох юм. Өөрөө хөдөлмөрлөж, өөртөө байгаа хүчээ ашиглаж, боломжоо нээхгүйгээр бусдаас хэт хамааралтай байх нь хамгийн аюултай.

Ямар ч тэмцээн уралдаанд орохын тулд би багш нартайгаа, багтайгаа хамт жилийн турш хөдөлмөрлөдөг. Багш нар маань намайг амжилтанд хүргэхийн тулд бүх л зүйлээ зориулдаг тул тэмцээний төгсгөлд түүний хариу л ирж байгаа юм шиг санагддаг. Угаасаа үүний төлөө хөдөлмөрлөсөн болохоор, хөлс хүчээ зарцуулсан болохоор азаар түрүүлчихлээ, ёндоорчихлоо гэсэн түр зуурын сэтгэл хөдлөл огт төрж байгаагүй. Хөдөлмөрийн хариу, үнэ цэн үргэлж ирдэг юм шүү.

Та энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцмаар байна вэ?

Олимпийн аварга Н.Түвшинбаярыг санал болгоё. Монгол түмнийг эвлүүлэн нэгтгэсэн, гэрэл гэгээ түгээж яваа залуусын нэг гэж, монгол хүний зориг тэвчээрийг нэг талаас нь харуулдаг үндэстний дархлаа сэргээгч, өдөөгч нь гэж түүнийг хүндэлж хайрлаж явдаг юм.

Гэрэл зургийг Х.Хантүшиг

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.