Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   10 сарын 19, 2017

Би хэрхэн ажилладаг вэ? - Бүх цаг үеийн 100 шилдэг бизнесийн номын нэг "Сэтгэх урлаг"-ийн зохиогч, илтгэгч Фредрик Харен

Өнөөдөр та бүхнийг нэгэн онц сонирхолтой зочинтой танилцуулъя. Тэр бол Шведийн илтгэгч, зохиогч Фредрик Харен юм. 1999 онд интернэтийн компаниа 5 сая доллараар зараад, түүнээс хойш зөвхөн ном бичиж, илтгэл тавих ажил хийдэг болсон Фредрик өнөөг хүртэл 60 орчим оронд бизнес дэх бүтээлч байдал гэсэн сэдвээр 2000 гаруй илтгэл тавьжээ. Шведийн энэ топ илтгэгчийн 9 номын нэг The Idea Book-ийг 800-CEO-Read-ээс бүх цагийн үеийн 100 шилдэг номын нэгээр нэрлэсэн бөгөөд Монголд "Сэтгэх урлаг" нэрээр орчуулагдсан юм. Номынхоо нээлтэнд оролцохоор ирсэн тэрээр манай SMS - Startup Marketing Office-той хамтарсан арга хэмжээн дээр сонирхолтой яриа хийж, тэнд хүрэлцэн ирсэн залуусыг хурцлан ихээхэн урам зориг өгсөн билээ.

Байршил: Сингапур => хаа сайгүй, энд тэндгүй
Сошиал хуудсууд: http://fredrikharen.com

ТА АЖЛАА ХЭРХЭН ЯВУУЛДАГ ВЭ? ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ? 

Надад оффис гэж байдаггүй. Өмнө нь оффистой байсан л даа. Гэхдээ тэр үед уйтгартай байсан. 10 жилийн өмнө би оффис дээр суух надад тохирохгүйг ойлгоод үүнээс хойш оффисгүй болсон юм. Одоо би гэртээ гадаа юм уу дотор түшлэгтэй сандал дээрээ суугаад ажиллах дуртай.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

PowerPoint, Keynote-ийг презентац тавихад зориулж ашигладаг. Ер нь апп, програм бага ашигладаг. Энэ асуултыг хүмүүс надад их тавьдаг ч би ийм л уйтгартай хариу өгдөг. Гар утсаа гэхдээ нэлээн ашиглана аа. Дэлхийгээр аялж байх үедээ iPhone дээрээ iMovie ашиглаж видеонууд хийдэг. Энд Монголд байхдаа малчдын видеонуудыг нэлээд хийлээ.

ТА АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Би юмыг хурдан хийхдээ, ярвигтай хэцүү зүйлсийг амархан болгохдоо тун сайн шүү. Имэйл бичвэл жишээ нь хэдхэн үгээр маш товч бичдэг. Миний амьдралдаа хамгийн чухалчилдаг зүйл бол, хэрвээ стресс үүсгэх ямар нэг зүйл байвал түүнийг амьдралаасаа авч хаях. Би нэг газар очиж илтгэлээ тавиад л дараагийн илтгэл тавих газар уруугаа явдаг. Миний төслүүд дандаа жижиг төслүүд байдаг. Харин ном бичих бол өөр л дөө. Би номоо аль нэг паблишинг компаниар биш өөрөө эрхлэн гаргадаг. Хэрвээ номоо дуусгах хугацаагаа зоогоод түүндээ амжаагүй бол дахиад л өөртөө хугацаа өгдөг. Хугацаа хэр сунжирсан ч бай, боллоо гэсэн үедээ л номоо хэвлэдэг.

Эйнштэйний хэлсэн "Юмыг байж болох хамгийн энгийн байлга. Гэхдээ хэтрүүлж болохгүй" гэсэн үг таалагддаг. Би дуут мессежээ шалгаагүй 10 жил болж байна. Хэрвээ ямар мессеж бичих шаардлага гарвал би Whatsapp биш имэйл ашигладаг.

Би эхний компаниа 27-той байхдаа эхлүүлж байсан. 1 ажилтантай эхлээд 16-уулаа болж байлаа. 16 сарын турш сар болгон нэг хүн нэмж авсан. 32 настай байх үед бол ажилтнуудтай байх нь надад сайхан, хөгжилтэй байсан. Гэвч олон хүн удирдах нь стресстүүлдэг байсан юм. Тэр үед хамгийн хийх дуртай зүйл маань яриа хийж, ном бичих байлаа. Ингээд компаниа 1999 оны 12-р сард 5 сая ам.доллараар зараад зөвхөн дуртай ажлаа л хийх болсон доо. Одоо би ч стрессгүй.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Ажлын жагсаалтын хувьд одоогоор тогтсон систем байхгүй. Хамгийн сүүлд Daylight ашиглаж байна. Ерөнхийдөө имэйлийн инбоксоо л өөртөө сануулга болгож ашигладаг юм. Харин санаануудаа The Idea Book дээрээ бичдэг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Юмыг энгийн болгох гэж түрүүнд дурдсан. Үүн дээр нэмээд, аялахдаа сайн гэж хэлж болно. Улс орнуудад маш их явдаг болохоор хил дээр хүний наймаанд сэжиглэгдэж байсан ч удаатай (инээв).
Би хөгжиж буй, өндөр хөгжилтэй орнуудын аль алинд очихыг эрмэлздэг. Аль алинд нь амьдралынхаа хагасыг өнгөрүүлсэн. Бүтээлч байдлын талаарх номоо би хөгжиж буй орнуудад бичсэн. Африкийн улсууд, Индонез гэх мэт олон оронд. Би эдгээр орнуудад маш бүтээлч хүмүүстэй ярилцлага хийж, тэд өндөр хөгжилтэй орны хүмүүсээс хэр өөр байгааг харахыг хүссэн. Хоёр ертөнцийн улсуудын аль алинд нь очдог болохоор, дэлхий хэрхэн эргэж байгааг ерөнхийд нь гадарлана. Хөгжиж буй орнуудад давуу тал байдаг. Хүмүүс нь асар эрч хүчтэй. Харин одоо амьдарч буй Сингапурын хувьд глобал газар. Глобал сэтгэлгээтэй учраас би Сингад амьдардаг байх. Ийм сэтгэлгээтэй байхад заавал дэлхийгээр тойрч явах ч шаардлагагүй.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Дэлхийн олон сайхан газрыг үзнэ, мэдэрнэ. Монголд ирэхээсээ өмнө би Турк, Португалд байсан. Нэг онцлох зүйл нь дэлхийгээр аялахад би өөрөө мөнгө төлдөггүй, хүмүүс намайг ирээч гэж мөнгө төлдөг. Дэлхий дээрх хамгийн сайхан ажил байгаа биш гэж үү.

Нөгөө талаас, гэрээсээ хол удаан хугацаагаар явдаг. Швед аавуудад хүүхдүүддээ цаг зарцуулах нь нэн чухал байдаг. Миний хувьд жилийн 7-8 сард нь бүх аяллаа хийчихдэг. 4-5 сард нь гэртээ байдаг гэсэн үг. 7, 8-р сард бол огт аялалгүй гэртээ байдаг. Энэ хоёр сарыг би зөвхөн хүүхдүүддээ л зориулдаг. Компьютер дээр экселийн хүснэгтэд хүүхдүүдтэйгээ өнгөрүүлсэн цагаа бүртгэж явдаг юм. Энэ маягаар явахаар, ажлаасаа орой тараад хүүхдүүдтэйгээ 2 цаг байдаг аавуудтай харьцуулахад, жилдээ би тэднээс илүү цагийг хүүхдүүддээ зориулсан болж таардаг юм.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Би нэг ном бичиж байгаа. Хүн байх тухай, бүхэлдээ хүн төрөлхтөний тухай юм. Дэлхий ертөнц X гэдэг улсаас юу сурч болох вэ гэдгийг гаргаж тавина. Ийм сэдэвтэй ярилцлагыг би хүмүүстэй хийсээр байдаг. Монгол хүмүүсээс дэлхийн бусад хүмүүс юу сурч болох вэ. Үнэндээ маш ихийг сурч болно шүү.

Мөн нэг ажиллаж буй төсөл бол "Хүн арал" (Human Island). Би 100 орчим арал дээр очиж байсан. Дэлхий ертөнц ч өөрөө бас нэг арал. Би арлуудад зочилж, тэндээс хүн байхын талаар юу сурч болохыг эрэлхийлдэг. Би өчигдөр малчдаас энэ асуултыг асуусан. Бүжигчдээс, цагдаагаас гээд улс болгоны төрөл бүрийн хүмүүсээс асуудаг.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Би хөгжим их сонсдог. Гэхдээ илүү дуртай, илүүд үздэг хөгжим гэж байхгүй. Над шиг хүнд Шведээс гаралтай Spotify их зүгээр байдаг. Spotify руу ороод л, нүдээ аниж байгаад сонгодог. Хип хоп, сонгодог гээд бүгдийг нь л сонсоно доо.

Ер нь надад дуртай кино, дуртай ном, дуртай улс гэж байдаггүй. Одоогоор миний хамгийн дуртай орон бол Монгол. Би хүүхдүүддээ ийшээ буцаж ирнэ гэж хэлсэн шүү. Би хэр баргийн газар руу буцаж ирээд байдаггүй л дээ. Би Сингапурт ирээд, эхний 2 жил нэг ресторанд хоёр хооллож байгаагүй. Одоо харин Шинэ Зеланд руу явмаар байна.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Би ном уншдаггүй. Би ном бичдэг. 2, 4, 6 настай хүүхдүүдтэй болохоор тэдэнтэйгээ хамт харин хүүхдийн ном их уншдаг.
Зохиогчийн хувьд бусад номоос санаа хулгайлсан гэгдэхийг хүсдэггүй. Бусад номоос санаа, жишээ татаад байвал оригиналь бүтээл гарахгүй шүү дээ. Би номынхоо жишээ материалуудыг бодит амьдралаас олдог.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Мянга мянган хүний өмнө ярьдаг ажилтай ч би маш дотогшоо хүн. Илтгэгч хүмүүст ийм байх нь зүгээр байдаг юм. Яриасаг нээлттэй хүмүүс (extroverts) яриад л, яриад л байдаг бол дотогшоо (introverts) хүмүүс үзэгчдийг уншихдаа илүү байдаг. Тайзан дээр байгаагүй үедээ, нийт цагийн магадгүй 99 хувьд нь би ганцаараа явж байдаг. Таскинд, онгоцонд, зочид буудалд гэх мэт. Хэрвээ эктроверт байсан бол галзуурчихмаар шүү. Би харин ганцаараа байж эрч хүчээ илтгэл яриандаа хадгалах дуртай. Тэгээд илтгэлээ тавьчихаад л шууд зочид буудлынхаа өрөөнд ирдэг.

Би өөрийнхөө талаар ярих нэг их дуртай биш. Танай эдгээр асуултууд бол миний авч байсан хамгийн хувийн чанартай асуултууд байна. Өөрийнхөө талаар яриач гэсэн асуултуудад би, интернэт гэж ихэнх хүн мэддэггүй байх үед би интернэтийн компани байгуулж байсан гэж хариулдаг юм. Тухайн үед би хийж байгаа зүйлдээ итгэлтэй байсан учраас хийж чадах бүх л зүйлээ хийсэн дээ.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Унтах дэглэм бол миний нууц зэвсэг. Ихэнхдээ онгоцонд сайхан унтчихдаг. Би гурван жижиг хүүхэдтэй болохоор тэд үргэлж намайг сэрээчихдэг юм. Харин онгоцонд бол тэгэхгүй. Би хаана ч унтаж чаддаг. Их унтдаг. Лисабон, Истанбул, Бишкэкээр дамжин Монголд өглөө 10.30-д газардаад, нэг цаг унтаад номынхоо нээлтэнд оролцож байх жишээтэй.

Тайзан дээр байх үедээ ядарсан байж болохгүй учраас сайн амрах хэрэгтэй байдаг л даа. Би цаг зүүдэггүй, цаг хэд болж байгаад нэг их ач холбогдол өгдөггүй.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Би Швед дэх арал дээрээ жилийн 2 сард нь амьдардаг. Дэлхийгээр аялах үедээ би олон зүйлийг харж, шинэ хүмүүстэй уулзаж, өөр өөр соёлуудтай танилцдаг. Харин ингэж үзэж харсанаа боловсруулах цаг хэрэгтэй байдаг. Тийм болохоор хоёр сарын турш арал дээрээ бүгдэг юм. Ер нь би арлаар өвчилсөн хүн. 3 аралтай. Нэг нь Филиппинд, хоёр нь Шведэд байдаг юм. Монголд буугаад л танай улс аралтай юу гэж хамгийн түрүүнд асуусан (инээв).

Нэг арал дээрээ би харин амьдардаггүй. Тиймээс бусад хүмүүсийг үнэгүй байрлуулдаг юм. Тэдэнд нэг л нөхцөл тавьдаг. Тэд ямар нэг санаан дээр ажиллаж буй бүтээлч хүмүүс байх, эсвэл Филиппинд буй аутизмтай хүүхдүүдэд 1000 доллар хандивласан хүмүүс байх ёстой. Монгол орчуулагч маань манай арал дээр ирж байсан. Ийш ирэх билетээ авчихвал би 7 хоног арал дээр маань үнэгүй байрлаж санаан дээрээ ажиллах боломжийг олгодог юм. Ideasisland.com-аар орж арал дээр ирэх хүсэлтээ ирүүлж болно шүү. Би монгол хүмүүст давуу тал олгоно оо. Энэ төслөөс би мөнгө олдоггүй.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Би хүн бүрээс л урам зориг авдаг. Монголын үндэсний брэндингийн зөвлөлийн даргатай саяхан уулзаад Монголыг хэрхэн дэлхийд сурталчлах таниулах талаар ярилцсан. Тэр хүнээс би их урам зориг авсан шүү.

Ажиллаагүй үедээ би шинэ хүмүүстэй уулзах бусдад туслах гэсэн хоёр зүйлийг хийдэг юм байна. Бусад илтгэгчдэд илүү сайн илтгэл тавих, бичдэг хүмүүст илүү сайн ном бичихэд нь тусалдаг. Тэднийг би аралдаа суулгаж, үнэгүй дасгалжуулдаг. Надтай хамт яваа Кевин нүүдэлчин сэтгэлгээний талаар ном бичиж байгаа юм. Миний Монголд ирсэн нэг учир бол түүнд судалгаагаа хийхэд нь хувь нэмэр оруулах. Бизнес дэх нүүдэлчин сэтгэлгээний талаар сонирхож байвал Кевинтэй ярилцаарай.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Хүнээс авсан зөвлөгөө гэхээр санаанд орж ирэхгүй байна. Харин би Мухаммед Алигийн "Төсөөлөн бодох чадваргүй хүн гэдэг далавчгүй шувуу мэт" гэх үгэнд дуртай. Хамгийн их сонирхдог сэдэв маань бүтээлч байдал болохоор төсөөлөх, ургуулан бодох гэдэг надад маш чухал.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Нэг сэтгүүлч надад Монголын нэг гол асуудал бол далайц гарцгүй байдал гэж хэлж байсан. Монгол далайд гарцгүй орон байсаан. Гэхдээ одоо үгүй юм. Бид дэлхийтэй урьд өмнө байгаагүйгээр нягт холбогдсон. Далайд гарцгүй байх нь мэдээлэл усан онгоцоор дамждаг байх үед асуудал байсан. Одоо 21-р зуун шүү дээ. Мэдээлэл интернэтээр дамжиж байна. Та хаанаас ч хаашаа нисэж болно. Бүх л зүйлтэй холбогдож болно. Тэгэхээр оюуны хувьд гарцгүй байх нь л асуудал. Энэ оюуны түгжээг мултаж, дэлхийн өнцөг булан бүрээс ирж буй мэдээлэл, санаануудад нээлттэй хандаж сурах нь таны амьдралыг өөрчлөх чадвар байх болно. Дэлхий дээр байгаа бүх л бүтээлч зүйлсээс суралц гэж хэлье дээ.

Гэрэл зургийг Х.Хантүшиг

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

96056   5


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.