Апп Тойм

Апп тойм: Index - Бүгдийг илүү цэгцтэйгээр төлөвлө

10 сарын 10, 2017


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


16111   1




Хийх ажлын жагсаалт гаргахдаа хамгийн их ашигладаг байсан Wunderlist апп-ыг маань Microsoft хааж, хөгжүүлэлтээ зогсоосныг сонсоод их урам хугарсан юм. Түүнээс хойш ямар нэгэн апп ашиглахыг ч хүссэнгүй. Яагаад ч юм Bear, Evernote  ч юм уу, бусад ижил төстэй апп-уудыг ашиглаж үзээд нэг л санаанд хүрэхгүй байв. Гэтэл саяхан болж өнгөрсөн Disrupt тэмцээн дээр танилцуулагдсан Index-ийн танилцуулга видеог олж үзсэн минь энэ апп-ийг туршиж үзэх сэдлийг төрүүлсэн билээ. Анх нээж үзээд л ашиглаж болох юм гэсэн итгэл төрүүлсэн цөөхөн апп-уудын нэг нь энэ болов. Тиймдээ ч та бүхэндээ заавал танилцуулах ёстой апп гэж үзэн энэхүү нийтлэлээ хүргэж байна. Index бол танд хийх ажлын жагсаалт, унших нийтлэлүүдээ цэгцтэйгээр хадгалж бүртгэхэд зориулсан цоо шинэхэн апп. 

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Хийх ёстой бас дуусгах ёстой бөөн ажлууд байгаа биз? Гэтэл хажуугаар нь ажлаас өгсөн үүрэг даалгаврууд бас байгаад байдаг. Тэр бүгдийг ямар нэг байдлаар, арай илүү цэгцтэйгээр хадгалах шаардлага гардаг уу? Ид ажилтай үедээ найзруугаа явуулах байсан файлыг нь илгээхээ мартчихдаг тохиолдол гараад байна уу? Тийм бол та энэ апп-ийг заавал туршиж үзэх ёстой.

Үүнээс гадна дуртай сайтууд эсвэл сошиал хуудсуудаар тань уншихгүй бол хоцорчихоод байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх нийтлэлүүд, ажилд хожим хэрэг болж магадгүй бичвэрүүд, бүх хүмүүсийн шохоорхож байгаа сэдвүүд чамгүй гарч ирнэ. Бүгдийг нь унших гэхээр цаг их авна. Хадгалж авна гэхээр төгс хэрэгсэл их цөөн. Энэ асуудлыг Index бас шийдэхийг хүсч байна.

Index бол таны ажил, санаа бас дижитал контентоо хянах самбар.

Ямар давуу, онцлох талуудтай вэ?

Маш энгийн. Бусад бүтээмж нэмэх ийм төрлийн апп-ууд аль болох олон давуу талууд авчрах гэж, түүгээрээ хоорондоо өрсөлдөж хэрэглэгчдээ татдаг. Гэтэл Index ерөөс тэгэхийг урьтал болгосонгүй. Тэд 3хан түлхүүр үгс, цэсэн дэх 2хон нэмэлтээрээ л өнөөгийн хүмүүсийн толгойны өвчин болоод буй "цэгцтэй байдал"-ыг санал болгож байна. Таны хадгалж авсан линкүүд, нийтлэлүүд, зурагнууд эсвэл тэмдэглэсэн хийх ажлын жагсаалтууд тань нүүр хуудсан дээр нь дарааллаараа цэгцтэй нь аргагүй гараад ирнэ.

Тэр дундаасаа хэрхэн шүүлтүүр хийх асуудлыг тэд hashtag буюу # ашиглаж шийдсэн нь тун ухаалаг байв. Анхнаасаа #todo, #readinglist #workflow гэсэн гурван үндсэн сонголт танд ирнэ. Та хийх ёстой ажлуудаа #todo ашиглан өөрөө нэмж болно. Зочилж буй хуудсууд, дараа нь уншихыг хүссэн нийтлэлүүдээ, санах ёстой зүйлсээ #readinglist рүүгээ оруулна гэсэн үг. Харин ажилтайгаа холбоотой ирсэн зүйлс, чухал шаардлагатай нэмэлтүүдээ #workflow руугаа хийчихнэ.

Гэхдээ үүнээс ч илүү олон буюу өөрийнхөө хүссэнээр энэ түлхүүр үгсээ өөрчилж болно. Би бол #ideas #inspiring гэх мэтээр хэд хэдэн шинэ категори нэмж үзсэн. Ер нь дажгүй шүү. Pocket, Wunderlist 2-ыг нийлүүлчихэж байгаа юм шиг сэтгэгдэл төрөв.

Веб хувилбар нь их дажгүй. Шууд веб броузер дээр нэмэлт буюу extension болчихдог тул мэйлээр ирсэн линк, зочилж буй сайтаа шууд Index рүүгээ нэмчихэж болно. Зураг, видеогоо ч жагсаалт руу оруулж болно.

Өөрийнхөө листүүдийг сонгож аваад хуваалцаж болно. Шууд линкээр найзууд руугаа мессеж, чат эсвэл мэйлээр нь явуулж болдог нь их зүгээр. Ялангуяа ажилтай холбоотой зүйлсээ хамтрагчидтайгаа шууд хуваалцаж байхад их зүгээр.

Shortcut буюу веб, утсан дээрээ өөрийн үүсгэсэн категориудаа хамгийн хялбараар буюу товчилж гаргаж ирэх боломжтой. Веб хувилбар дээр эдгээр товчны хослолууд илүү тохиромжтой байх.

Ямар сул талтай вэ?

Evernote шиг олон цэс, олон сонголттой биш гэдгийг хамгийн эхэнд анхааруулах хэрэгтэй. Учир нь энэ апп бол танд хэрэгтэй файл, линк болон санасан санаа, хийх ажлын жагсаалтуудаа л цэгцтэй хадгалахад нь туслах хэрэгсэл.

Үнэгүй хэрэглэгчид 237 зүйлийг хадгалах боломжтой хязгаар тогтоож өгсөн. Үгүй бол сард хоёр доллар төлөөд хязгааргүй зүйл хадгалахыг санал болгож буй. Үүсгэн байгуулагчид нь энэ тоог өсгөнө гэдгээ амалж байгаа ч #todolist-ээсээ амжуулж, унших ёстойгоо уншаад байвал байнга хасаад, багасгаад байхад асуудалгүй байх. 237 унших юмтай, хийх ажилтай байвал танд цагийн менежментийн асуудал үүсчихсэн байгааг илтгэнэ гэсэн үг байх шүү :)

Хэтэрхий энгийн хийцтэй гэдэг нь нөгөө талаараа анх хэрэглэж буй хүнийг төөрөгдүүлж магад. Гэхдээ шаардлагатай заавар, видео бичлэгүүдийг нь үзчихэд ер нь овоо төсөөлөл авчихна.

Хөгжүүлэлт яг одоо хийгдэж байгаа учир алдаа дутагдал байж магад. Гараад сар ч болоогүй байгаа учир бараг өдөр бүр ороход шинэ юмс нэмэгдэж байгаа нь сонирхолтой.

Unread-ийн үнэлгээ

8 оноо. Тун ойлгомжтой, дэндүү цэгцтэй, хэрэглэхэд амархан. Бүр ч илүү оноо өгөх хэрэгтэй байсан байж магад.

Татаж авах

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.