Номын хэсгээс

Unlock Podcast #16, 17: Хиллари Клинтоны "What Happened" номын тухай

10 сарын 07, 2017


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


11886   2




Подкастын ээлжит дугаарт Тэгшээ, Наги, Дээгий нар нэгэн шинэ номын тухай ярилцлаа. Энэ бол 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Хиллари Клинтоны "What Happened" буюу "Юу болоод өнгөрөв?" хэмээх дуртгал ном юм. Энэ нь түүний долоо дахь, тэр дундаа гурав дахь дуртгал бүтээл ажээ. Одоогоос нэг жилийн өмнө АНУ, магадгүй дэлхийн  түүхэнд хамгийн дуулиантай болж өнгөрсөн тэр сонгуулийн үеэр, өмнө ба хойно нь чухам юу юу болсон талаар Хиллари өөрийн үгээр өгүүлсэн нь нэн сонирхолтой юм.

НОМЫН ТУХАЙ

Хиллари Дайан Родхам Клинтоныг танихгүй хүн ховор. Өдгөө 70 настай тэрээр яах аргагүй дэлхийн хамгийн алдартай эмэгтэйчүүдийн нэг. 1993 онд нөхөр Билл Клинтон нь АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор дэлхийн тэргүүлэх улсын тэргүүн хатагтай болж олон нийтийн анхаарлын дунд орсон юм. Улмаар 2001 онд нөхөр нь Ерөнхийлөгчийн суудлаас буух үед Нью Йорк мужийн анхны эмэгтэй сенатороор сонгогдож, 2009 он хүртэл энэ албыг хоёр удаа хашсан байна. Энэ хугацаанд 2008 онд Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөөд Барака Обамад ялагдсан хэдий ч Обамагийн хүсэлтээр Төрийн департментын нарийн бичгийн дарга буюу гадаад харилцааны сайдаар 2013 хүртэл ажиллаж, Монголд айлчлан ирж байсныг та бид мэднэ.

Энэ нэр хүндтэй улс төрч 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахиа нэр дэвшсэн билээ. Эхлээд нам дотроо ялж, дараа нь Бүгд Найрамдах намын Доналд Трамп хэмээх "уламжлалт бус" бизнесмэнтэй өрсөлдөх болсон юм. Анхнаасаа л Хилларигийн рэйтинг өрсөлдөгчийнхөөсөө өндөр байж, АНУ-ын анхны эмэгтэй төрийн тэргүүн болох нь гэгдэж байлаа.

Гэвч сонгуулийн өдөр санаанд багтамгүй үр дүн гарч, хэдий нийтдээ 3 орчим сая хүний санал илүү авсан ч АНУ-ын өвөрмөц сонгуулийн системийн улмаар тэр ялагдсан юм. Дэлхий нийт ч шоконд орсон. Ялсныхаа дараа гарч тавих илтгэлээ бэлдэж суусан тэр өөрөө ч гүн шоконд орсноо энэхүү номондоо бичжээ.

Тэр л мөчөөс энэ ном төрөх шалтгаан бий болсон гэж хэлж болно. Ер нь юу болоод өнгөрчихөв, яагаад би ялагдчихав гэдгийг эргэцүүлж, медиагаар шуугиж байсан зүйлсийн цаана чухам юу өрнөж байсныг өөрийн үгээр хүүрнэхийг хүсжээ. Хиллариг хэт болгоомжтой байдаг, зоримог алхам хийдэггүй гэж зарим нь шүүмжилдэг. Тэгвэл энэ удаа түүнд сэтгэл хөдлөлөө дарж барих шалтгаан үлдээгүй нь ойлгомжтой. Хиллари харьцангуй чөлөөтэйгөөр, хөгжилтэйгээр, гомдолтойгоор энэ номыг бичжээ.

Түүний ялагдал олон зүйлээс үүдсэн гэдгийг Хиллари дэлгэрэнгүй хүүрнэнэ. Эмэгтэй улс төрч байх нь ямар асуудлууд дагуулдгийг ч мэдээж уудалж таарна. Энэ сонгуулийн үр дүн бодлогоор гэхээсээ нэг нэгийгээ харлуулах гэсэн хар шар мэдээ, дэмий балай дуулиан шуугианаас шалтгаалсан гэдгийг өгүүлжээ.

Яагаад ялагдсан, ялагдлаа хэрхэн даван туулсан зэргээ хүүрнэснээс гадна хувийн амьдралаа анх удаа ний нуугүй, сэтгэл хөдлөлтэйгээр бичжээ. Юутай ч тэр өөрийгөө зөвхөн бусдаар дүгнүүлэхийг, өөрийн түүхээ бусдаар бичүүлэхийг хүссэнгүй, нөхцөл байдал ямар байсныг өөрийн өнцгөөс харуулахыг хүссэн нь энэ юм. Уг номоороо дамжуулан АНУ-ын ардчиллыг хамгаалах, цаашид зөв зүйтэйгээр хөгжүүлэх сэдэл сануулгыг ч давхар өгөхийг зорьжээ.

Ингээд олныг үл өгүүлэн, 512 хуудас энэ зузаан номыг гурван хөтлөгч маань хоёр хэсэг хуваан хураангуйлж, сонирхолтой байдлаар ярилцсаныг сонсоцгооё. Эхний хэсэгт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар голчлон ярих бол удаах хэсэгт Хиллари Клинтоны хувь амьдралыг түлхүү өгүүлэх болно.

ПОДКАСТ СОНСОХ

Эхний хэсгийг энд дарж сонсоно уу.
Хоёрдугаар хэсгийг доороос сонсоно уу:

iTunes дээр манай подкастуудыг сонсох бол энд дарж subscribe хийгээрэй. Мөн Фэйсбүүк хуудсанд маань нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.


Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.