Би хэрхэн ажилладаг вэ?   10 сарын 04, 2017

Би хэрхэн ажилладаг вэ? - Jet School of English сургалтын төвийн ерөнхий захирал, англи хэлний зөвлөх багш Ц.Чинзориг

Jet-ийн Чинзо багш хэмээн эчнээ их л дуулсан хүнтэйгээ Багш нарын баярын өдрийг тохиолдуулан уулзаж ярилцах завшаан бидэнд олдов. Уулзсан хойноо энэ багш яагаад тийм "алдартай" байдгийг түвэггүй ойлгосноо нуух юун. Боловсролтой болъё гэж зорьсон монголчуудын дунд англи хэлний курсээр яваагүй хүн ховор. Тэдний нэлээд нь Jet-д сурсан л байж таардаг. Чинзо багшийн тэртээ 1995 онд үүсгэн байгуулсан анхны англи хэлний сургалтын төвүүдийн нэг өнгөрсөн хугацаанд 70 орчим мянган хүнийг сургалтанд хамруулан нүдийг нь нээж, өдгөө сургалтын төв, институт, хүүхдийн цэцэрлэг бүхий 60 гаруй ажилтантай томоохон байгууллага болтлоо өргөжжээ. Сургалтын төв нь ингэж өргөжсөн ч Чинзо багш хичээлээ заасан хэвээр, цуцалтгүй ажилласаар. Түүний хөдөлмөрч зан, арга барил, туулсан замналын талаар уншихад сонирхолтой, сургамжтай байна гэдэгт үл эргэлзэнэ.

Байршил: Монгол, Улаанбаатар
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: Jet School of English сургалтын төвийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, англи хэлний зөвлөх багш
Хэрэглэдэг гар утас: Sony Xperia Z5
Хэрэглэдэг лаптоп: Macbook Pro 13, Mac All-in one
Сошиал хуудсууд: Твиттер, ЛинкэдИн

ТА АЖЛАА ХЭРХЭН ЯВУУЛДАГ ВЭ? ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ? 

Ажлаа бодоод л яваад байдаг. Бодоод бодоод бодын шийр 4 гэдэг шиг, сайтар бодож дуусаад цаасан дээр буулгаж хэрэгжүүлж эхэлдэг дээ. Бодох явцдаа судална, олон талаас нь харна.

Мөн их ажилладаг гэж хэлж болно. Өглөө 9 гэж ажил дээрээ ирээд л хичээл заана, хүмүүстэй, бизнесийн түншүүдтэйгээ уулзана, захиргааны ажлуудаа явуулна гээд янз янзын л юм хийх болдог. Өглөө 9 цагт ирээд орой 9 цагт харьдаг энэ дэглэм маань бараг 20 жил үргэлжилж байна. Өөрөө захирал нь байж хичээл заалаа гэх хүмүүс байдаг л юм. Гэвч би багшлах ажилдаа дуртай. Заримдаа ачаалал ихтэй үед 9 цаг заах нь ч бий. Би ТOEFL, IELTS-ийн ангиуд болон академик ангиудад түлхүү заадаг. Академик гэдэг нь анализ хийх, эссэ бичих гэх мэтэд сургах буюу илүү чадвар талыг нь хөгжүүлнэ гэсэн үг. Монгол залуус хэлний мэдлэг нь муу биш хэрнээ иймэрхүү чадварууддаа тааруу байх нь түгээмэл байдаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Байгууллагын харилцаанд дотоод сүлжээ ашигладаг байсан, сүүлийн үед Slack зүгээр санагдаад хэрэглэж байгаа. Мөн EdModo, Otus зэрэг боловсролын програмуудыг ашигладаг. Гар утсан дээр нэг их ажиллаад байдаггүй. Сошиал медиа гэвэл Twitter, LinkedIn-ийн хуудастай.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Нэг дор хэд хэдэн ажил эхлүүлчихдэг. Тэгээд нэгийг нь хийж яваад ядрахаараа юм уу гацахаараа бусад руу нь шилжих гэх мэтээр сэлгэж хийдэг. Заримдаа эхлүүлсэн ажлууд маань хоорондоо нэгдэж огтлолцох нь ч бий. Нэг зүйл дээр төвлөрч ажиллаад байхаар тархи амархан ядардаг юм шиг санагддаг.

Өглөө эрт босдог маань цаг сайн хэмнэдэг гэж боддог. Би 6 цагт босоод 7-8.30 хүртэл гэрийн компьютер дээр гол ажлуудаа нугалчихаад байдаг юм.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Тэмдэглэлийн дэвтэр дээр. Тун замбараагүй, өөрөө л ойлгохоор бичиж, зураг зурж тэмдэглэдэг. Оюутан байхдаа лекцэнд суун конспект тэмдэглэхэд, дүрс зургаар тэмдэглэх нь илүү үлдэцтэй байдаг байлаа.
Би Ардчилсан намын анхны гишүүдийн нэг юм. 90-ээд оны эхээр С.Зориг агсны өрөөнд сууж хэдэн сар ажиллах боломж тохиосон юм. Зориг гуай бас яг ингэж зураг зурж тэмдэглэсэн байсан. Их сургуульд бас манай философийн багш байлаа. Мөн ч тод, хурц сэтгэдэг хүн байсан даа. Надад тэр хүнээс суралцах боломж олдсонд баяртай байдаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Шинийг сэтгэхдээ болов уу. Шинийг сэтгэх, санаа гаргахдаа сайн ч гүйцэтгэл талдаа тийм сайнгүй байж магадгүй. Хүн хүн ер нь өөр өөрийн онцлогтой байдаг. Стив Жобсын намтрыг уншиж байхад Жобс нь шинэ санаа, инноваци гаргахдаа сайн, Возниак нь гүйцэтгэл талдаа сайн байсан юм билээ.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Багшийн ажил хэдий тархины ажиллагаа их шаарддаг, оюуны хувьд ядраадаг ажил боловч үр өгөөж өндөртэй, буянтай сайхан ажил. Багшилсны үр дүн хэдий дорхноо гарахгүй ч аажимдаа үр дүнгээ өгч, шавь нараа сайн явахыг харахад үнэхээр сайхан мэдрэмж төрдөг. Өнөөг хүртэл Jet-д 70 мянга орчим хүн суралцаад байна. Бараг тал шахуу нь гадаадад суралцсан тоо бий.

Багшийн ажил, удирдахуйн ажил хоёрыг хослуулахад амаргүй ч манай менежментийн баг сайн учраас надад дөхөмтэй байдаг. Манай гүйцэтгэх захирлаар 10 орчим жил бэлтгэгдсэн, Америкт боловсорсон бүсгүй ажилладаг. Ер нь гүйцэтгэх захирал сайн байвал компанийн ажил амжилттай урагшилдаг шүү дээ. Нэг үе манай компаниудад засаглалын ойлголт тааруу, ерөнхий захирал нь босоо чиглэлд удирддаг байлаа. Одоо цаг өөр болжээ. Миний хувьд сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө гаргахад оролцож, улиралдаа нэг удаа ТУЗ-ийн хуралд суудаг. Харин өдөр тутмын ажилд нэг их оролцоод байдаггүй.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Манай их дээд сургуулийн төгсөж буй залуусын англи хэлний мэдлэг тааруу байгаад би эмзэглэдэг. Энэ бол дунд сургууль, их дээд сургуулийн сургалтын хөтөлбөртэй холбоотой. Сүүлийн үед бид 10 жилийн англи хэлний сургалтын хөтөлбөр дээр түлхүү ажиллаж байна. Зарим хувийн дунд сургуулиудаас хөтөлбөр дээр нь ажиллаж өгөөч гэж хүсэлт ирсэн. Хоёр жилийн дараа мөн дунд сургууль нээхээр төлөвлөж, судалгаа, хөрөнгө оруулалт татах ажлууд эхлээд байна.

Мөн боловсрохын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани байгуулах санаа бий. Англи хэл дээрх эх үүсвэрээс мэдээлэл, судалгаа авч чаддаг, түүнийгээ практикт хэрэгжүүлдэг мэргэжилтнүүдийг бэлдэхийг хүсэж байна.

Та өнөөг хүртэлх ажил карьерын замналаа товч сонирхуулахгүй юу?

Би 10 жилээ төгсөөд элсэлтийн шалгалтанд маш бага оноо дутан хамрынхаа урдуур таслуулж, МУИС-ийн Герман хэлний бэлтгэл ангид орсон юм. Тэр үед шалгалт гэдэг ч амаргүй даваа байлаа. Ингээд нэг жил хэлний бэлтгэлд сураад, Герман явж нэг жил хэртэй сурч байж байгаад зодоон хийснээс болж тавуулаа хөөгдөж ирсэн. Ирээд ТИС-ийн авто тээврийн сургууль буюу хуучнаар техникумд авто тээвэрийн техникч механикчийн ангид элсэж төгссөн юм. Төгсөөд Дарханд автобус баазын цехийн мастер нэг жил хийлээ. 60 хүнтэй цех удирдана гэдэг ч ёстой хүнд ажил байсан даа. Тэндээс цэрэгт явж, оюутны статустай байсан тул 2 жил цэргийн алба хаагаад 1984 халагдаж, Дархандаа дахиж нэг жил ажиллаад МУИС-д элсэн орсон. Тэр үед манай ангийн 8 хүүхдэд Эрхүүгийн багшийн дээд курст 2 жил сурах боломж олдсон юм. Тэнд Орос тухайн үеийн шилдэг багш нараар англи хэл заалгах боломж олдсон. Тэр сайн сургууль ердөө хоёр жил л элсэлт авсны нэгэнд багтсан нь их азтай хэрэг болсон. МУИС-ийг олон улсын харилцааны мэргэжлээр төгсөөд, бас л олон ажил хийсэн. Өдгөө УИХ-ын гишүүн Гарамжав захирлын туслахаар 2 жил ажиллаж, мөн ч их юм сурсан даа. Тэгээд л 90-ээд оны эхээр хүмүүс төрөл бүрийн ажил эрхэлж эхлэхэд би ч өөрийн гэсэн юм хийхийг хүссэн. Ганцхан цалин мөнгөндөө ч биш, зорилготой амьдрахыг хүссэн хэрэг шүү дээ. Ингээд Сүхбат гэж найзтайгаа хамтран 2 анги түрээслээд хэдэн номтой Jet-ийг эхлүүлж байлаа. Тэр үед канон олддоггүй, Намын дээд сургуулийн хэвлэлийн цехийн дарга ахтай танилцаад, цаасаа олшруулдаг байлаа. Одоо анхны шавь нарын маань дунд нэртэй төртэй, өндөр алба хашдаг олон хүн байдаг.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Ажиллаж байх үедээ сонсоно сонсоно. Рок хөгжим, тэр дундаа сонгодог рок хөгжимд дуртай. Бидний үеийнхэн залуудаа рок хөгжим их сонсдог байлаа шүү дээ. Dire Straits хамтлагийг сонсох дуртай. 2008 оноос Coldplay сонсдог болсон. Монголоос бол Lemons-д дуртай. Coldplay, Lemons хоёрын стиль ер нь ойролцоо шүү. Ямар ч насны хүн сонсож болдог. Манайх тэдний хоёр ч цомог дээр ивээн тэтгэгчээр ажиллаж байлаа. Lemons-ийн хоёр ч гишүүн нь миний шавь нар байдаг.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Сүүлийн үед бол бизнесийн, менежментийн номууд уншиж байна. Стив Жобсын намтрыг хоёр ч уншсан. Одоо Жак Магийн номын дунд ороод явж байна. Ази хүн болоод ч тэр үү, англи хэлний багш болоод ч тэр үү, Жак Ма сэтгэлд ойрхон санагдаж байгаа шүү. Intel-ийн домогт удирдагч Энди Грөүвийн удирдах арга барил мөн таалагдсан. "Залууст эрх мэдэл, хөрөнгө, эрх чөлөөг нь өгөөд ажиллуул. Тэгээд эцэст нь үр дүн нэх" гэж хэлсэн байдаг нь миний үзэл бодолтой нийцдэг.

Миний бага залууд ихээхэн нөлөө үзүүлсэн гурван зохиол бүтээлийг энэ далимд дурдчихъя гэж бодож байна. "Инээмтгий хүн" зохиол хайр гэж юу байдгийг ойлгуулах шиг болдог. Миний дипломоо хамгаалсан "Гамлет" байна. Тухайн үед зохиолын гаргалгаа, дүгнэлт гэж хийдэг байлаа. Түүн дээр би энэ зохиол, ерөөсөө үнэн гэж байхгүй, үнэн гэдэг бол харьцангуй ойлголт гэж нотолжээ гэж бичсэн юм. Хожим сонсоход багш нар маань миний дипломын ажлыг нэлээд өндөр үнэлсэн юм билээ. Ер нь Гамлет зохиолын санаануудыг амьдралдаа мөрдлөг болгож явдаг. Гурав дахь нь Ридъярд Киплингийн "Хэрвээ" шүлэг байна. Оюутан байхад энэ шүлгийг курсийн ажлаар орчуулаад шүтчихэж билээ. Эцсийн мөчид итгэх ёстой гэдгийг ойлгуулдаг энэ шүлэг ихэд алдаршин түгсэн дээ. Залуус заавал унших ёстой. Өнөө цагийн спортын шилдгүүд, тухайлбал Федерер, Надал нар бадаг бадгаар нь уншсан байдаг.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Нээлттэй хүн. Бидний боловсрол хүмүүжил ч нөлөөлсөн байх, багшийн мэргэжил маань ч нөлөөлсөн болов уу.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Голдуу орой 11.30 гээд унтаж, өглөө 6 цагт босдог. Эмээ маань бага байхад 6 цагт босгож, тахианд хоол тэжээл өгүүлээд, эргээд унтуулдаг байсан юм. Эрт босгож, ажилсаг болгох гэж тэгдэг байсан болов уу. Дараа нь цэрэгт бас 6 цагт л гозойж байх ёстой байлаа. Ингэж л багаасаа эрт босож, сууж ажиллаж сурсан.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Би Манчестер Юнайтедийн улаан фэн. Төмөр замд байдаг Премьер гэдэг спорт бааранд найзуудтайгаа очиж хөлбөмбөг үзэх дуртай. Мөн амралтын өдрүүдээд уран зургийн үзэсгэлэн үзэж сонирхдог. Аав минь зураач хүн байсан. Хэдий би зурах авьяасыг нь өвлөөгүй ч уран зургийг ойлгодог, үзээд тайвшрал авдаг. Сүүлийн үед манай орчин үеийн зураачид модернист, абстракт чиглэлээр үнэхээр сайн бүтээлүүд туурвиж байна. За, биеийн тамирын хувьд харин хийдэг юм багатай. Хүүхэд байхдаа воллейбол тоглодог байсан. Одоо харин нас яваад фитнесс хийхгүй бол болохгүй болж байх шиг.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Ажлаасаа. Би ажилдаа үнэхээр хайртай. Самбарын өмнө гарахаараа аз жаргалыг мэдэрдэг. Аав ээж хоёр минь хоёулаа багш байсан, өвөө минь багш байсан. Хүүхэд залуучууд юм сураад ирэхээр, шалгалтынх нь оноо өсөөд байхаар нүд нь гэрэлтээд явчихдаг. Тэдний багш аа баярлалаа гэж хэлэхийг сонсох нь юугаар ч хэмжишгүй шагнал болдог. Гэр бүлээсээ урам зориг, эрч хүч авна. Хоёр хүүхдийн маань том нь Англид, бага нь Швейцарьд сурч байна.

Манай аавын талынхан бичиг номын хүмүүс байдаг. Аавын маань ах Чойжилийн Чимид гэж том зохиолч байлаа. Өвөө Чойжил маань Чойбалсан даргын нарийн бичгээр ажиллаж байсан гэдэг. Харин ээжийн талынхан малчин хүмүүс байсан. Аавын талынхан Өвөрхангай, ээжийн талынхан Говь-Алтайн хүмүүс. Би өөрөө хотод төрсөн.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Ой тойнд тодхон үлдэж хоцорсон, надад эерэг сайнаар нөлөөлсөн хэд хэдэн зөвлөгөө байдаг. 1996 онд би хэдэн хүний хамт Англи руу магистрт явсан юм. Тухайн үед нийгэм хэцүү байсан. Манайхан эндээ үлдчих үү гэж ярилцаад л. Тэр үед нэг франц багш маань "Азиуд та нар энд үлдвэл тавдугаар түвшний л хүмүүс болно. Хамаг л хар бор ажлыг хийнэ. За ажил хийгээд мөнгө хөрөнгөтэй, хаустай боллоо ч гэсэн оршуулга дээр чинь хэдэн хүн ирэх бол? Харин эх орондоо ажиллаж амьдарсан тохиолдолд хэдэн хүн чиний хойноос гашуудах бол?" гэж асуухад ёстой ёгхийх шиг болж билээ.

2000 онд бас Jet маань өрөнд ороод дампуурах шахлаа. Банкны зээл огт олддоггүй, бас л хэцүү байсан үе. Сэтгэлээр унаад явж байтал найзууд лам дээр оч гэсэн. Нэг нэртэй лам дээр яваад очтол үзэж байна, чи их сайхан ажил хийдэг юм байна аа, энэ бэрхшээл бол түр зуурын л юм шүү гээд хэдэн ном бичиж өгсөн. Тэгэхдээ энэ номуудыг уншуулаад зүгээр болчихно гэсэн үг биш, сэтгэлээ л засаж байгаа хэрэг шүү гэж хэлж байсан. Түүний дараа манайх их хурдан сэргэсэн шүү. Тэр ламын үгс надад их итгэл өгсөн юм шиг хожим санагддаг.

Өөр нэг түүх бол цэрэгт тохиолдсон явдал. Цэрэгт бид нэг удаа ажил хийж байгаад хариуцлага алдлаа. Тэгсэн жагсаалын дарга маань биднийг жагсаагаад хатуу зэмлэсэн юм. Санаачилга байхад сахлын бэрээтгээр түлээ хагалдаг, зүтгэл байхад зүүгээр газар хагалдаг юм хэмээн, ухаан нь сэтгэл гаргасангүй гэж зэмлэсэн нь санаанаас гардаггүй. Энэ үгийг би одоо ч шавь нартаа байнга захиж хэлдэг.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Би өнөөгийн хүүхэд залууст нэг их шүүмжлэлтэй ханддаггүй. Би өөрөөсөө дүү олон хүнтэй үерхэж нөхөрлөдөг. Тэгээд хараад байхад өнөөгийн залуус чадалтай болсон байна. Технологи эзэмших чадвар, юманд хандаж байгаа хандлага гээд л магтууштай зүйл олон. Тэгээд ч бүх л нөхцөл боломжоор хангагдсан байна. Бид залуудаа гараар, механикаар ажиллаж хөдөлмөрлөх нь их байлаа. Одоо бол тэр ажлууд технологижоод сурч боловсрох цаг ч хангалттай болж.

Ийм нөхцөлд залуучууд зорилготой, тэмүүлэлтэй байгаасай гэж л хүсдэг. Зарим чадалтай залууст тэмүүлэл дутаж байгаа нь анзаарагддаг. Том зорилго тавиад, түүнийхээ хойноос тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй. Уржнан би Булганаар явж байгаад Сайхан суманд нэг мянгат малчин айлынхаар орсон юм. 40 гаруй л настай хүмүүс байсан. 2 хүүхэд нь Америкт сурдаг гэнэ. Аав ээж нь малынхаа ашиг шимийг хүртэж, сургалтын зардлыг нь араас нь явуулдаг. Тэр айлыг харахад, тавьсан зорилгоо биелүүлж байгаа мэт үнэхээр сайхан санагдсан шүү.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Хамтарч ажилладаг чадварлаг залуусаасаа санал болгоё. Bemost компанийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэбаатар, Торгоны зам сангийн үүсгэн байгуулагч М.Халиунбат нарыг санал болгоё.

Гэрэл зургийг Д.Ганзул

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

67324   7


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.