#Random

Тусгай цуврал: Нобелийн шагнал 2017 - Үүдэл түүх, учир шалтгаан, түүхэн баримтууд #1

10 сарын 03, 2017


НИЙТЭЛСЭН:

Unread Today
@Unread


11471   2




Шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарт онцгой амжилт гаргагчид, үлэмж гавьяа байгуулагчдад жил бүр олгодог Нобелийн шагналын энэ оны эзэд өчигдөр 17:30 цагаас эхлэн тодорч, одоогоор физик, эрүүл мэндийн салбарын шагналтнууд зарлагдаад байгаа билээ. Бид Нобелийн 6 салбарын ялагчийг цувралаар дэлгэрэнгүй танилцуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн нийтлэлдээ энэ нэр хүндтэй шагналын үүдэл түүх, учир шалтгаан, мэдэхэд илүүдэхгүй түүхэн баримтуудыг нэгтгэн хүргэхийг зорилоо.

1901 оноос эхлэн эрүүл мэнд, физик, хими, энх тайван, уран зохиолын гэх “Соёлын таван салбар”-ыг хамарч байсан энэхүү шагналын бүлд эдийн засгийн шинжлэх ухаан 1969 онд шинээр нэмэгдсэнээс хойш одоог хүртэл ямар нэг өөрчлөлт ороогүй юм. Салбар бүрийнхээ оргил нь гэгдэх уг шагналыг Каролинска институт (физиологи болон эрүүл мэнд), Шведийн хааны шинжлэх ухааны академи (физик, хими), Норвегийн Нобелийн Хороо (энх тайван), Шведийн төв банк (эдийн засаг), Стокхольмын академи (уран зохиол) гэсэн нэгжүүд тодруулан, олгодог билээ.

Динамит - Нобелийн шагналын сангийн эх үүсвэр

Алфред Нобел

1833 оны намар Стокхольмд инженер, бизнесмэн Имануэлийн хүү болон мэндэлсэн Алфред Нобел нь энэхүү нэр хүндтэй шагналын санаачлагч билээ. Түүнийг дэлбэлэх техникийн салбарт хувьсгал болсон динамитыг зохион бүтээн өөрийн нэр дээр патентжуулснаар нь бидний ихэнх нь мөн мэдэх болов уу.

Аавынхаа бизнесийг даган Санкт-Петербургт гэр бүлийн хамтаар нүүн ирсэн Алфред өсвөр насандаа байгалийн шинжлэх ухаанаас гадна английн уран зохиолыг шимтэн сонирхож, 17 нас хүрэхдээ орос, англи, герман, франц хэлүүдийг аль хэдийн төгс эзэмшсэн байжээ. Гэвч хүүгээ өөрийн босгосон үйлдвэрлэлд нэгдээсэй гэж хүсэж байсан Имануэл түүний “нүдийг нээх”, ялангуяа химийн инженерчлэлээр мэргэшүүлэх сонирхолтойгоор гадаад руу илгээсэн нь зохион бүтээгч-энтрепренер замналынх нь эхлэл болжээ.

Ихэнх цагаа Парист өнгөрүүлсэн Алфред, профессор Пелузын хувийн лабораторид ажиллаж байх хугацаандаа тухайн үедээ онц аюултайд тооцогдож байсан нитроглицериний нууцлаг, сонирхолтой шинж чанаруудыг илүүтэйгээр сонирхох болжээ. Бүтэн мянганы турш өрсөлдөгчгүй ноёрхсон даринаас хол илүү хүчтэй энэхүү тэсрэх шингэнийг анх 1847 онд гарган авсан итали химич Асканио Собреро өөрөө ч нитроглицеринийг үйлдвэрлэлийг хэрэглээнд хэтэрхий аюултай болохыг анхааруулсаар байсан юм. Хэдий тийм боловч, энэ л үед түүний карьерийн хамгийн том амжилтыг авч ирсэн судалгааны чиг шугам тогтож, илүү чадалтай тэсрэх бодисын хайгуулд мөн гараад байсан аав Имануэлийнхаа эрэлд нэгдэх нь тодорхой болсон аж.

1853 онд Крымийн дайн дэгдэж Оросын Царийн армид нийлүүлэх бүтээгдэхүүний тоо огцом нэмэгдсэнээр, 2 жил орчим хугацааг Франц, Герман, Швед, АНУ-д өнгөрүүлсэн Алфред Санкт-Петербургт аавынхаа үйлдвэрийн ажилд туслахаар дуудагдан иржээ. Оросын Османы эзэнт гүрний эсрэг эхлүүлсэн энэ дайны жилүүдтэй зэрэгцэн тэрээр нитроглицеринийг ашиглан үйлдвэрлэлийн хэрэглээнд ашиглаж болох тэсрэлтийн системийг хөгжүүлэх туршилтдаа ханцуй шамлан оров.

Шинэ Царь II Aлександрын төсвийн таналтаас үүдэлтэйгээр дампуурсан бизнесээ Имануэл хүүхдүүддээ үлдээн 1859 онд төрөлх нутаг Швед рүүгээ буцжээ. Үүнээс хойш Алфред байгалийн хий хадгалах, усны эзлэхүүн болон агаарын даралт хэмжих төхөөрөмжөөрөө анхны патентуудаа авсан нь түүний зохион бүтээгчийн карьерийн гарааны амжилт болон үлджээ.

1864 онд Стокхольмд гэр бүлийнхэн рүүгээ эргэн ирсэн Алфред аавынхаа дэмжлэгтэйгээр нитроглицериний үйлдвэрээ байгуулж доргилт, дулаан, үрэлт гэх мэт хүчин зүйлсэд өндөр мэдрэмтгий, тааварлашгүй “араншинтай” уг шингэнийг бүрэн хянаж, удирдах аргыг хайж байсан нь түүний Санкт-Петербургт эхлүүлсэн судалгааны үргэлжлэл болсон юм. Гэвч, аюултай шингэнээс үүдэлтэй ослууд түүний үйлдвэрт ар араасаа гарч, улмаар дүү Эмилийнх нь аминд хүртэл хүрсэн байдаг. Золгүй явдлуудад цэг тавих шийдлийг зогсолтгүй хайж байсан Алфред нитроглицерин дээр кизельгур нэмэн дан нитроглицеринтэй тэнцүү чадалтай боловч гадны нөлөөллөөс хамааран тэсрэх магадлал харьцангуй багатай хольцыг гарган авч, түүнийгээ эртний грек хэлээр хүч чадал хэмээн нэрлэсэн нь өнөөдөр бидний мэдэх динамит юм.

1867 онд Их Британи, Шведэд, 1868 онд АНУ-д динамит нэрээрээ патентлагдсан шинэ бүтээгдэхүүн удалгүй уул уурхай, төмөр зам, тунель гэх мэт салбаруудад үр дүнгээ өгч эхэлсэн. Ингэснээр биеийн хүчний “хар ажлыг” үлэмж хэмжээгээр хөнгөвчилснийг Швейцарийн Готтхардын төмөр замаас аваад Грекийн Коринтын суваг хүртэлх агуу бүтээн байгуулалтуудаас харж болно.

Тэсрэх технологийн хөгжилд эргэлт авчирсан түүнийг зохион бүтээгч гэхээс илүүтэй хүн төрөлхтний оршихуйд хор хөнөөл авчирсан гэж үзэх хүн ч цөөнгүй байлаа. Учир нь тэсрэх төхөөрөмж цаашлаад дайн, байлдааны хэрэгцээнд өргөн ашиглагдах нь дамжиггүй байв. Тухайлбал Испани-Америкийн дайнаас эхлэн түүний бүтээлийг хүн төрөлхтөн бие биенийхээ эсрэг хэрэглэж эхэлсэн юм.

1888 онд түүний ах Людвиг хорвоогийн мөнх бусыг үзэх үед Францын нэгэн сэтгүүлч Алфредийг бурхан болсон хэмээн эндүүрч эмгэнэлийг нь сонинд хэвлүүлсэн ажээ. Ингэхдээ уг сэтгүүлч түүнийг “үй олон хүнийг хөнөөх урьд хожид байгаагүй зэвсэг бүтээснээрээ баян болсон” хэмээн тодорхойлсон бөгөөд бичвэрээ “үхлийн худалдаач нас барлаа” гэж гарчигласан байв. Уг үйл явдал Алфредийг ихэд цочроож, нэр хүндээ хэрхэн “цэвэрлэх”, хожим өв хөрөнгөө хэрхэн зарцуулах талаар бодож эргэцүүлэх сэдлийг өгсөн байна.

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд 21 улсад 93 динамитын үйлдвэр байгуулсан Алфред нийт хуримтлуулсан хөрөнгийнхөө ихэнхийг шинжлэх ухааны тодорхой салбаруудын шагналд зарцуулахаар шулуудаж, гэрээслэлийнхээ сүүлчийн хувилбараар баталгаажуулсан билээ.

Нобелийн гэрээслэл

Алфред Нобелийн гэрээслэлийн хэсэг

Хэд хэдэн удаа ноороглосны эцэст, 1895 онд буюу нас барахаасаа ойролцоогоор жилийн өмнө, Алфред 30 сая швед кроноор үнэлэгдээд байсан хөрөнгөө (өнөөгийн ханшаар 265 сая америк доллар) жил бүр хүн төрөлхтний ач тусын төлөө хамгийн үнэтэй хувь нэмрийг “Соёлын таван салбар”-т оруулсан зүтгэлтнүүдийг шагнахад зарцуулах болсноо албан ёсоор зарласан юм. Ингээд Парис дахь Швед-Норвегичуудын Клубт гэрээслэлийнхээ сүүлчийн хувилбар дээр гарын үсгээ зуржээ.

Тухайн үед ийм өндөр хэмжээний хөрөнгийг шинжлэх ухааны салбарт хандивлах нь маш ховор үзэгдэл байсан төдийгүй яс үндэс харгалзахгүйгээр шагналын эздийг тодруулах талаар 4 хуудас гар бичмэл гэрээслэлд дурдсан нь Нобелийн шагналын цар хүрээ анхнаасаа зөвхөн барууны ертөнц, тэр дундаа скандинавчуудаар хязгаарлагдахгүй гэдгийг харуулсан юм.

Нобелийн гэрээслэл дэх хүсэл, шаардлагыг бүрэн хангасан үйл ажиллагаа бүхий санг байгуулахад багагүй хугацаа шаардагдсан. Нобелийн сан 1900 онд байгуулагдаж, түүнийг өөд болсноос яг 5 жилийн дараа анхны шагналтнууд тодорсон юм.

Гэрээслэлийн дараагаар олон асуудал урган гарчээ. Маш их хэмжээний өв хөрөнгийг хандивлахаар болсон нь Алфредийн хамаатан саданд таатай байгаагүй бөгөөд эсэргүүцэх, маргах явдлууд олон удаа тохиолдсон. Мөн аль улсын иргэншилтэй эсэх нь тодорхойгүй байсан тул түүнийг өөд болсны дараа хандив болон сангийн үйл ажиллагаа чухам аль улсын хуулийг мөрдөх нь эргэлзээтэй байлаа. Учир нь тэрээр 9 нас хүртлээ Шведийн иргэн байсан бөгөөд үүний дараагаар Орос, Франц, Итали улсуудад иргэншил авалгүйгээр амьдарч байжээ. Хэрвээ түүний суурьшилыг Франц хэмээн үзвээс Нобелийн гэрээслэлтэй холбоотой үлэмж хэмжээний татварын асуудал тулгарахаар байсан. Харин Алфред өөрөө уг сангийн үйл ажиллагаа, шагналыг тодруулах үйл хэргийг Норвегийн парламент гүйцэлдүүлж байгаасай гэж хүсэж байсан нь эх оронч бус хүн хэмээх шүүмжлэлийг дагуулжээ.

Анхны салбарууд болон нэмэлт өөрчлөлт

Нобелийн шагнал гардуулах хамгийн анхны ёслол (1901 он)

Нобелийн сүүлчийн гэрээслэлд “Соёлын таван салбар” хэмээн нэрлэгддэг эрүүл мэнд, физик, хими, энх тайван, уран зохиол гэсэн салбаруудад шагнал олгохыг хүссэн байдаг.
Энэ таван салбарыг сонгох болсон шалтгаан нь түүний амьдралынхаа турш сонирхож судалсан зүйлстэй холбоотой. Химич мэргэжилтэй Алфред тухайн үед “тренд” болж байсан атомын модель болон тэдгээрийн харилцан үйлчлэлийн тухай ихэд сонирхдог байсан тул физикийг анхны 5 салбарын нэгээр сонгосон байна.

Харин эрүүл мэндийн салбарыг сонгосон нь түүний насан туршдаа шаналсан суурь өвчинтэй холбоотой гэгддэг бол уран зохиолын салбар бага наснаас эхлэлтэй сонирхлыг нь илтгэдэг билээ. Харин энх тайвны салбарын тухайд, динамит нь дайныг улам аймшигтай болгосноор зэвсэгт мөргөлдөөнөөс хүн төрөлхтөн аяндаа татгалзана хэмээн Алфред итгэдэг байсан гэх хачирхалтай баримт бий.

Анхны шагналаас хойш 68 жилийн дараа салбарын тоо нэмэгдэж, эдийн засгийн салбар шинээр орж ирсэн билээ. Уг салбарын ялагчийг тодруулах, шагнал гардуулах үйл явц анхны 5 салбарынхтай ижил боловч гол санхүүгийн дэмжлэгийг нь Нобелийн сангаас бус Шведийн төв банкнаас үзүүлдэг юм.

2009 онд хэсэг эрдэмтдийн нэгдэл шагналыг өргөтгөн, хүрээлэн буй орчин, нийтийн эрүүл мэнд, нейрон судлалын салбарыг хамарсан өөрчлөлт оруулах санаачилгыг Нобелийн санд хүргүүлсэн. Тэдний гол зорилго нь 19-р зууны сүүл үеийн шинжлэх ухаан одоо үеийнхээс огт өөр замаар урагшилж буйг, мөн Алфред тухайн үедээ хүн төрөлхтөнд сайн сайхныг авч ирэх шинэ судалгааны салбарууд үүсэх тухай таамаглах боломжгүй байсныг сануулахад оршиж байсан юм. Харин Нобелийн сан гэрээслэлийн тулгуур санаанд нийцэхгүй хэмээн энэхүү саналыг хүлээн аваагүй билээ.

Нобелийн шагналыг шинэ нээлтэд (discovery) өгдөг үү, эсвэл шинэ бүтээлд (invention) өгдөг үү?

Нобел чухам ямар шинжлэх ухааны бүтээлийг шагнахыг хүссэн бэ? Тэрээр хүн төрөлхтний оршин буйд хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнахыг хүссэн бөгөөд гэрээслэлийн нэг хэсэгт “Физикийн шинжлэх ухаанд хамгийн чухал нээлт хийсэн, эсвэл зохион бүтээсэн хүнийг шагнах” тухай дурдагдсан байдаг.
Нээлт (discovery) болон шинэ бүтээл (invention) нь харилцан шүтэлцээтэй, нэг нэгээсээ хамааран оршдог. Хэмжих төхөөрөмжүүдийг зохион бүтээх үйл явцад маш олон нээлт бий болсон байдаг бол эртний онол, шинэ нээлтгүйгээр олон тооны шинэ бүтээл төрөхгүй байх байсан биз ээ. Алфред нээлт хийсэн бүтээлд шагнал өгөх тухай гойд анхаарал хандуулаагүй боловч физикийн салбарын Нобелийн шагнал хүртсэн бүтээлийн 77 хувь нь шинэ нээлтэд, харин ердөө 23 хувь нь шинэ бүтээлд олгогдсон байдаг. Ийнхүү шинжлэх ухааны салбарын нээлтэд бүтээлээс илүү ач холбогдол өгч байгаа нь хамгийн их хувь нэмэр оруулсан бүтээлийг шагнана гэсэн анхны санаачилгатай нийцэхгүй байна гэх шүүмжлэл ч олон гарч байж.

2005 оноос өмнө физикийн салбарын Нобелийн шагнал хүртсэн 17 шинэ бүтээлээс 11 нь хэмжилтийн төхөөрөмж байв. Харин үүний ердөө 3 нь нийгэмд шууд практик ач холбогдолтой бүтээл байжээ. Нобелийн шагналыг шинэ бүтээлд, тэр дундаа практик ач холбогдолтой бүтээлд илүү чиглүүлэх нь өндөр ач холбогдолтой. Тодруулбал, дэлхий нийтэд тулгамдаж буй дэлхийн дулаарал, хөгжиж буй орнуудын тэгш бус байдал зэрэг олон чухал асуудалд эрдэмтэн, судлаачдын анхаарлыг хандуулахад түлхэц болох юм. Микрочипийн зохион бүтээгч Жэк Килбиг Нобелийн шагналаар шагнасан нь хамгийн ойрын, сайн жишээ.

Дэлхийн хүмүүсийг илүү ойртуулсан телефон утсыг зохион бүтээсэн Грахам Беллд Нобелийн шагналтан болох боломж олдоогүй бол World Wide Web буюу бидний өдөр тутамдаа, яг одоо хэрэглэж буй интернетийг зохион бүтээсэн Тим Бернерс Ли-д шагнал хүртэх боломж одоо ч буй. Угтаа энэ мэт хүн төрөлхтний оршин буйд шууд, практик ач холбогдолтой зүйлийг зохион бүтээсэн эрхмүүдийг шагнах нь Алфредийн гол хүсэл буюу гэрээслэлийн гол санаа байсан билээ.

2017 оны Нобелийн шагналтнууд хэзээ тодрох вэ?

Нобелийн шагналтнуудыг тодруулахдаа өмнөх жилийн 9-р сараас 12-р сар хүртэлх хугацаанд дэлхийн эргэн тойронд буй мянга мянган академи, их сургуулийн профессорууд, эрдэмтдээс, түүнчлэн өмнөх Нобелийн шагналтнуудаас ирэх жилийн шагналд хэн нэгнийг нэр дэвшүүлэхийг хүсдэг. Хэн ч өөрийгөө нэр дэвшүүлэх боломжгүй бөгөөд нэр дэвшигчдийн нэрсийг 50 жилийн дараа л ил болгодог байна. Нэр дэвшигчдийн нэрс цугларсан даруйд нийтлэлийн эхэнд дурдсан нэгжүүд дэх Нобелийн хороод шагналтнуудыг тодруулж, нэрсийг жил бүрийн 10-р сард зарладаг бөгөөд 12-р сарын 10 буюу Алфредийн таалал төгссөн өдөр шагнал гардуулах ёслол болдог байна. Энэ жилийн хувьд Нобелийн шагналтнууд 10-р сарын 2-оос эхлэн дараах хуваарийн дагуу тодорно:

10-р сарын 2 - Физиологи болон эрүүл мэнд
10-р сарын 3 - Физик
10-р сарын 4 - Хими
10-р сарын 5 - Уран зохиол
10-р сарын 6 - Энх тайван
10-р сарын 9 - Эдийн засаг

Нийтлэлийг бичсэн Э. Содбилэг, Ч. Алтан-Өлзий

Эх сурвалжууд:
Nobel Impact, www.the-scientist.com
The Nobel Foundation - Financial Management, www.nobelprize.org
[Kauffman, 2010] G. B. Kauffman, The Nobel Centennial 1901-2001, 2001
Correspondence, NATURE, Vol 448, 9 August 2007
How did Nobel prize become the biggest award on earth?, www.wired.com
History of the Nobel Prizes, www.thoughtco.com
Annual Report 2016, Nobel Foundation, 2016

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.