Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   08 сарын 30, 2017

Би хэрхэн ажилладаг вэ? - Skinny Studio-г хамтран байгуулагч, XMF-ийн гүйцэтгэх захирал Ө.Үнэнбүрэн

Өнөөдөр бид өмнө манайд сайтаар та бүхэнтэй нэг бус удаа “учирч” байсан Ө.Үнэнбүрэнг урилаа. Тэр бол олон ажил, олон төсөлд хувь нэмрээ оруулдаг нэгэн. Интерьер дизайны салбарт шинэлэг, мэргэжлийн байдлаараа эрс ялгардаг Skinny Studio-г үүсгэн байгуулалцсаны сацуу өнгөрсөн долоо хоногт Төв цэнгэлдэхийг доргиосон Xyyp Music Festival-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Австрид ахлах сургуулиа, Бээжинд их сургууль төгссөн тэрээр технологи, хөгжим, спорт гээд төрөл бүрийн сэдвээр сонирхолтой яриа өрнүүлж чадна. Ингээд Forbes Mongolia сэтгүүлийн нэрлэсэн “30 хүртэлх 30” залуугийн нэг Ө.Үнэнбүрэнгийн ажиллах арга барилтай танилцуулъя.

Байршил: Монгол, Улаанбаатар
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Skinny Studio-г хамтран байгуулагч, XMF-ийн гүйцэтгэх захирал
Сонгуульт: Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, Улаанбаатар Ротари клубийн удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Туялзуур Сэлэмний Холбооны удирдах зөвлөлийн гишүүн
Хэрэглэдэг гар утас:
iPhone 7 Plus, LG G6
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro 15'
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Бусдыг сонсох, олон ажлыг зэрэг хийх
Сошиал хуудсууд: @unenburen (Twitter), Unenburen Ulziiburen (Facebook), Unenburen Ulziiburen (LinkedIn)

ТАНЫ АЖЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Олон юманд оролцоод явдаг. Залуу байхдаа залхуу байснаас олон юм хийе гэж л боддог юм. Юу ч хийсэнгүй гэж зэмлүүлж байснаас ямар олон юм хийдэг юм бэ гэж загнуулж байсан нь дээр биз дээ (инээв).

Өдөрт хүмүүстэй их уулзана, утсаар сайн ярина. Заримдаа өмнөх өдрийн дуудлагууд арилтал ярьсан байх нь бий. Уулзалтын тухайд, уулзах уу байх уу гэж эргэлзэх тохиолдолд, ямар ч байсан уулзъя л гэж шийддэг. Уулзалтаас ямар ч шийдэл, боломж урган гарч магадгүй байдаг шүү дээ.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Гар утасны шинэлэг, хэрэгцээт аппуудыг байнга туршдаг. Ер нь технологийн мэдээ их уншдаг. Өмнө нь бид танай апп тойм буланд хэрэглэдэг аппуудынхаа талаар дэлгэрэнгүй ярьж байсан. Түүнээс хойш нэмэгдсэн гэвэл Dashlane гээд апп бий. Өнөө үед хүн бүр олон аккаунттай болсон. Имэйлийн, банкны, сошиал медиа дээрх гээд л. Тэгэхээр нууц үгээ мартах асуудал байнга гардаг. Энэ асуудлыг Dashlane-ийг хэрэглэн шийддэг болсон. Сайтууд дээрх нууц үгээ аппаасаа хялбар өөрчлөх, мартсан бол сэргээж болдог болохоор амар байдаг. Netflix бас их үздэг.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Мэдээж ажлаа зөв сайн төлөвлөвөл цаг хэмнэнэ. Би туршлагаасаа суралцаад л явж байна.

Миний хувьд аливаа зүйлийг өөрөө хийх гээд нухаад байдаггүй зантай. Хамт ажиллаж буй хүмүүстээ итгэж, урам зориг өгөхийг эрмэлздэг. Сагсан бөмбөгөөр хичээллэдэг байсны нөлөө ч байж магадгүй. Багийн спортод хүн ямар нэг үүрэг хүлээж, түүнийгээ л сайн биелүүлэхийг хичээдэг. Учка чи сайн хамгаалдаг, одоо сайн хамгаална шүү гэхэд үүргээ магадгүй 150 хувь биелүүлэхийг хичээнэ. Тэгэхээр хүчийг зөв хуваарилах нь үр дүнтэй.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Гар утасныхаа Reminders дээр юмнуудаа мартахгүй гэж тэмдэглэдэг. Мэдээж ажлаа төлөвлөх, жагсаалт гаргах гоё гоё апп бий л дээ. Гэхдээ ямар ч арга хэрэглэлээ гэсэн, түүндээ тууштай л байх нь үр дүнтэй. Супер апп дээр ажил төлөвлөлөө гээд ажил бүтнэ гэсэн үг биш. Үнэтэй фитнест явлаа гээд гэдэсний 6 булчин товойж гарч ирэхгүйтэй адил.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Хүнтэй харилцахдаа дажгүй сайн байх гэж боддог. Хүнийг аль болох сонсохыг эрмэлзэж, өөрийгөө тухайн хүнийн оронд тавихыг хичээдэг. Надтай уулзаад ямар нэг эерэг энергитэй үлдээсэй гэж хүсдэг. Мөн аль болох энгийн байхыг эрмэлздэг.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Skinny дээр бидний хийсэн ажлуудад үйлчлүүлэгчид дандаа л ам сайтай, сэтгэл хангалуун байдаг нь урам зориг өгдөг. Интерьер дизайны ажил гэдэг ажил, төсөл бүр нь өөр өөрийн онцлогтой, шинэлэг байдаг. Хийсэн ажлын үр дүн нь харьцангуй богино хугацаанд гардаг нь урамтай. Яахав, ажил дээр бэрхшээлүүд учирна аа. Тэр бүхнийг даваад л явах ёстой байх. Интерьер дизайныг ойлгох ойлголт бага багаар нэмэгдэж л байна.

XMF-ийн тухайд энтертэйнмент салбар руу гэнэтхэн орсон. Хөгжмийн хамгийн шинэлэг, том шоуг хүргэх залууст зорилготой. Өнгөрсөн 3-4 сар үнэхээр зав чөлөөгүй ажиллаж, өнгөрсөн 7 хоногт шоу маань амжилттай болж өнгөрлөө. Шинэ болохоор бид бүх л зүйлийг хийж таарсан даа. Таван компани нийлж зохион байгуулах энэ формат маань тун зөв юм билээ. Маш чанартай, мэргэжлийн түвшинд ажиллах боломж бүрдсэн. Цаашдаа XMF өргөжин тэлж, монгол залуусыг дандаа баясгана гэдэгт итгэлтэй байна.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Skinny маань төлөвлөж байснаараа Workshop by Skinny тавилгын үйлдвэрээ нээсэн. Одоо үүндээ түшиглээд орон сууцны шинэ төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Сая манайхан XMF дээр завгүй ажиллалаа.

Одоо нэг төвлөрье гэж бодож байгаа зүйл хүүхдүүдийн хүмүүжил. Ажил ажил гэж явсаар байх хооронд хөвгүүд маань хурдан томорч байна. Би дөрвөн хүүтэй. Том нь энэ жил 5-р анги төгсөх шалгалт өгнө, дүү нь 1-р ангид орно гэх мэт. Цаг сайн гаргаж, зорилго тавьж анхаарах цаг үе нь ирчихээд байгаа.

Мөн саяхан Улаанбаатар Ротари клубийн удирдах зөвлөлийн гишүүн болсон. 2017-2018 онд олон нийтийн харилцаа хариуцаж ажиллана.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Хөгжмийн хорхойтон. Тэр дундаа хип хоп хөгжим сонсдог. Герман, Франц, Швед, Америк, Солонгос, Монгол зэрэг орны хип хопыг голлож сонсоно. Аль болох үгийг нь анхаарч, гадаад хэл сурахтай холбож сонсохыг хичээдэг. Би 10 жилдээ Австрид байсан юм. Анх тэнд очоод 2 жил огт дуугарахгүй явснаа гэнэтхэн германаар төрөлх хэл шигээ яриад эхэлсэн гэж багш нар хэлдэг. Хөгжим их сонссоны ач л даа. 10 жилдээ франц хэл нэлээн үзсэн, тэндхийн өнгөт арьснуудыг хамгийн авьяаслаг хүмүүс гэж боддог шүү. Шведүүдийн англи хэл маш сайн. Сүүлийн үед би солонгос хэлийг их сонирхож сурахыг оролдож байгаа. Солонгос маш хурдтай хөгжиж байна, хүмүүс нь орчин үеийн чиг хандлагыг тодорхойлдог болсон байна. Германаас Samy Deluxe, Америкаас J Cole, Шведээс Promoe зэрэг уран бүтээлчдийг нэрлэж болно.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Адам Грантын Originals гэх номыг уншиж байна. Сонирхолтой жишээ олонтой, анхдагч, оригиналь байх тухай бус, өөр олон шинэ санаа өгч байна. Гэхдээ гэртээ ном унших боломж хомс байдаг. Мэдлэг олж авах хэрэгцээгээ подкастаар аль болох нөхөхийг хичээдэг. Машинд явахдаа байнга сонсдог. Hidden Brain гэх подкастыг хүн болгонд санал болгоё. Сүүлийн үед анзаараад байхад хүмүүстэй ярилцахдаа подкастаас сонссон зүйлсээ ярих нь, жишээ авах нь ихэссэн байна лээ.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Нээлттэй хүн. Заримдаа хэт нээлттэй ч юм уу гэж санагдах нь бий. Нэг мэдэхэд л, ямар ч насны хүмүүстэй үеийн мэт болчихсон явж байдаг. Эцэг эхийн хурал дээр намайг хөвгүүдийн маань ах байна гэж бодох жишээний. Нээлттэй байлаа гээд алдах нь бага, хожих нь их байх гэж боддог. Ажил дээрээ ч гэсэн бусдадаа нээлттэй бай, юмаа ний нуугүй ярьж бай гэж зөвлөдөг.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Сүүлийн хэдэн жил нэг хэмнэл тогтчихоод байгаа. Орой 11.30 гэж унтаад шөнө 03.30 гэж сэрээд багыгаа угжаад, бусдынх нь хөнжлийг хучна. Сэрүүн унтдаг болохоор хучихгүй бол ханиад хүрчихнэ гээд. Эхнэр маань ар гэрийн ажлаа бүрэн даадаг тул би ийм үүрэг хүлээх ёстой л доо. Тэгээд 4 өнгөрөөж унтаад 6.45 гэж босоод дадчихсан.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Олон хоббитой. Сагс, хөлбөмбөг, туялзуур, сэлэм, гольф, фитнес тоглоно. Тийм болохоор аль нэг спортын заалнаас олох өндөр магадлалтай. Хүүхдүүдээ ч спортоор хичээллүүлж, спортоор дамжуулан хүмүүжүүлэхийг хүсдэг. Гэхдээ хүчлэх үү, харзнах уу гэдэг сонголтын өмнө тулчихаад байгаа юм. Хүчилбэл бас сонирхлыг нь бууруулчих юм биш байгаа гэж боддог.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Энгийн зүйлсээс эрч хүч, урам зориг авдаг. Гэр бүл, аав ээж бол хамгийн түрүүнд. Өглөө 06.45-д босож сурсан маань бас сонин түүхтэй. 10-аад жилийн өмнө л дөө. Аав ээж маань өглөө 7 гэж босоод ажилдаа яваад, олон зүйлийг амжуулаад байхад би залуу, илүү эрч хүчтэй хүн хэрнээ унтаж хоцроод байх нь зохимжгүй юм шиг санагдаад. Тэгээд л 06.45-д босож фитнест явж эхэлсэн.

Их ажилтай, стресстэй оройтож харих үед эхнэр, хүүхдүүд маань хаалга тайлж, гэрийн халуун дулаан уур амьсгал угтах үед эрч хүч ундарна даа.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Аав маань мөнгө чухал биш, харилцаа чухал шүү гэж бага байхаас л захьдаг байсан. Тухайн үед сайн ойлгодоггүй байсан, одоо ч бүрэн ойлгодог эсэхээ сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан манай үеийн залуучууд амьдралын үнэ цэн, үнэт зүйлсийнхээ өмнө байр, машин гэх мэт материаллаг зүйлсийг тавьчихаад байгаа нь элбэг байдаг. Аав маань байнга ингэж чихнээс хонх уядаг байсан нь надад нэлээн нөлөөлсөн юм шиг санагддаг. Хүн эцсийн эцэст эд баялагтай ярилцахгүй шүү дээ. Хүнтэйгээ л харилцана.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ?

Шинээр ажилд орж байгаа бол цалин мөнгө чухал биш. Эхлээд юу чаддагаа харуул, хүний итгэлийг даа гэж хэлмээр санагддаг. Тэгвэл бусад нь аяндаа ирнэ. Мөн энгийн бөгөөд эелдэг байгаасай. Баярлалаа, уучлаарай гэдэг үгийг байнга хэлдэг байгаасай гэж хүсдэг. Манайхан та гэдэг үгийг хэрэглэхдээ жаахан тааруу санагддаг. Юу юугүй чи, хөгшөөн болчих гээд л. Германд бол анх танилцаж, уулзаж байгаа бол 60 настай эмээ ч 6 настай хүүхдийг та гэдэг. Хүмүүс нь таныг чи гэж дуудаж болох уу гэсний дараа чи гэж дуудаж эхлэх жишээтэй. Би бол контейнер ном уншсан хүнийг гэхээсээ харилцаа сайтай, мэдрэмжтэй хүнийг ажилд авах байх.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Номин Холдингийн Ш.Баярсайхан захирлыг санал болгоё. Залуучууд болон шинэ үеийн трендүүдтэй хөл нийлүүлэн алхахыг зорьдог хүн юм шиг санагддаг. Тэгэхээр танай уншигчдад сонирхолтой байх болов уу.

Гэрэл зургийг Д.Ганзул

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

90205   7


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.