Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   08 сарын 19, 2017

"Та өөрөө старт-ап компани" номын хэсгээс: Танилын сүлжээгээ хэрхэн хүчирхэгжүүлж, тордох вэ?

Ажил бизнестээ амжилт олохыг хүссэн хүн бүхэнд лавтайяа тусалж чадах, сонирхолтой жишээгээр баялаг, ийм нэгэн шинэлэг бүтээлийг Арвис Паблишинг анх орчуулан хэвлүүлснээс хойш уншигчдын дунд эрэлт ихтэй байсан тул ийнхүү нягталж сайжруулан шинэчилсэн хэвлэлтээ эрхлэн гаргаж байна. Энэ хугацаанд энтрепренершип гэх ойлголт монголчуудад харьцангуй танил болж, старт-ап компанийг үүсгэн байгуулагчид олширсон нь “Та өөрөө старт-ап компани” ном хэвлэгдэн гарсантай тодорхой хэмжээгээр холбоотой болов уу. Нэг талаар карьерын зөвлөгөө өгөх ном, нөгөө талаар өөрийн бизнесийг хэрхэн үүсгэн байгуулж, хэрхэн амжилттай удирдахыг харуулсан бизнесийн энэ ном баялаг бүтээх чин эрмэлзэлтэй, дэлхийд өрсөлдөх чадвартай залуус, алсын хараатай бизнес эрхлэгчид, үр бүтээмжтэй компаниуд олноор бий болоход хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Танилын сүлжээгээ хэрхэн хүчигхэгжүүлж, тордох вэ?

Харилцаа бол амьд зүйл. Тэжээж, тэтгэж, анхаарал тавибал амьдарч, үл ойшоовол үгүй болдог. Энэ бол ямар ч түвшний, аль ч төрлийн харилцаанд үнэн. Харилцааг тэтгэх хамгийн шилдэг арга бол урт хугацаанд үргэлжлэх өгөх-авах хандлагыг эрчтэй эхлүүлэх явдал юм. Цаад хүнийхээ төлөө ямар нэг юм хий, тус хүргэ. Харин яаж?

Нэгэн сайхан жишээ татъя. Жак Дорсий Скуэрийг байгуулах үед (ямар ч ухаалаг утсыг кредит карт уншигч болгон хувиргаж, төлбөр шилжүүлдэг компани) олон хөрөнгө оруулагч түүнийг хоргоож байв. Хөрөнгө оруулагчид үнэхээр гайхалтай санаа гаргасан шилдэг энтрепренерийн төлөө өрсөлдөх нь ч жам. Энэ үед Дигг, Милк хоёрыг үндэслэсэн Кэвин Рөүс Скуэрийн төхөөрөмжийн анхны загварыг хармагцаа л жижиг бизнест хэрэглэж болох юм гэдгийг ойлгожээ. Тэгээд Жакаас эхний эргэлтийн хөрөнгө оруулалтанд хөрөнгө нэмэрлэх хүн хэрэгтэй эсэхийг лавлахад цаадах нь “Одоо өөр хүн шаардлагагүй болсон” гэжээ. Гэвч Кэвин туслахыг хүссэн хэвээр л байв. Тэр Скуэрийн төхөөрөмж хэрхэн ажилладгийг харуулсан видео вэбсайт дээр нь байхгүй байгааг анзаармагцаа өндөр дүрсний чанартай видео хийн Жакт үзүүлжээ. Видео нь ч Жакт гүн сэтгэгдэл төрүүлж, хэдийгээр эхний эргэлтийн хөрөнгө оруулалт нь бүрдээд байсан ч Кэвинийг хөрөнгө оруулаач гэж урив. Кэвин зүгээр л Скуэрт үнэ цэн нэмэх арга олж, видеог Жакт үзүүлсэн. Хариуд нь юу ч хүсээгүй. Жак ч түүний зүтгэлийг үнэлж, хариу барьсанд гайхах зүйлгүй юм.

Хэн нэгэнд тусална гэдэг нь хүнд туслах чадвартай гэдгээ өөртөө хүлээн зөвшөөрч буй хэрэг юм. Хүч султай, баян биш, туршлага багатай бол хүнд тусалж чадахгүй гэсэн буруу ойлголтоо таягдан хая. Хүн болгон бусдад хэрэгцээтэй дэмжлэг үзүүлэх, бүтээлч санаа гаргах чадвартай. Холбоотондоо туслах чадвар, туршлага танд бий бол та хамгийн хэрэгцээтэй хүн мөн. Гэмгүй нөхөрлөх сайхан л даа. Гэхдээ бусадтай сайтар холбогдсон мэргэжилтнүүд л холбоотондоо үнэхээр тусалж чаддаг. Ерөөс энэ нь мэргэжлийн сүлжээг бий болгогч хүчин зүйл билээ.

Туслах хэрэгтэй гэж бодсоныхоо дараа ямар тус хэрэгтэй бол гэж эргэцүүлэх хэрэгтэй. Дөнгөж танилцсан хүнтэй өдрийн хоол идэж суугаад, яриагаа “Би Нью-Йоркт ажил хайж байгаа” гэж эхэллээ гэж төсөөлье. Тэгтэл тэр сэрээгээ доош тавьж, амаа арчаад, нүд рүү тань эгцэлж харснаа “Би чамд яг тохирох ажлын байр мэднэ” гэж хариулав. Тэр танд тус болох уу? Үгүй л болов уу. Яагаад гэвэл тэр танд чухам ямар ажил тохирохыг сайн мэдэхгүй шүү дээ. Харин “Юу хийж чаддагаа, юу сонирхдогоо, ямар туршлагатайгаа жаахан дэлгэрүүлж яриач” гэсэн бол өөр хэрэг. Дан ганц сайхан сэтгэл гаргах нь хангалттай байдаггүй. Хэрэгцээтэй тус хүргэхийн тулд та найзынхаа үнэт зүйл, эрхэмлэдэг зүйлсийг мэддэг байх хэрэгтэй. Юу түүнийг шөнийн 2.00 цагт сэрүүн байлгадаг вэ? Тэр ямар авьяастай вэ? Түүний сонирхол? Дөнгөж уулзаад л “Чамд юугаар туслах вэ?” гэж асуух нь хэтэрхий түргэднэ. Эхлээд цаад хүнээ сайн тань.

Хэрэгцээ шаардлага, хүндрэл бэрхшээл, хүсэл сонирхлыг нь мэдсэнийхээ дараа түүнд ямар бяцхан бэлэг барьж болохыг бод. Энд бид Amazon.com-ийн бэлгийн карт юм уу хайрцаг навчин тамхины талаар биш, биет бус, танаас их зүйл шаардахгүй хэрнээ цаад хүндээ үнэ цэнтэй байдаг тийм зүйлийн тухай ярьж байна.Хэрэгцээтэй мэдээлэл өгөх, уншууштай нийтлэл дамжуулахаас эхлээд шинэ хүн танилцуулах, зөвлөгөө өгөх зэрэг нь иймэрхүү сонгодог бэлгийн жишээ юм. Хэтэрхий том бэлэг барих нь хахууль өгч буй мэт сэтгэгдэл төрүүлж, эсрэгээрээ үйлчилчих гээд байдаг. Хямд хэрнээ хэрэгцээтэй бэлэг л хамгийн зөв сонголт юм.
Ямар бэлэг өгөхөө бодохдоо бусдаас ялгарах туршлага, чадварынхаа талаар бодоорой. Нөгөө хүнд тань байхгүй юу танд байж болох вэ? Жишээ болгож жигтэйхэн том зүйл төсөөлье. Билл Гэйтсэд ямар бэлэг хэрэгцээтэй байх бол? Хэн нэгнийг танилцуулах лав биш, яагаад гэвэл тэр хүссэн хүнтэйгээ уулзчихаж чадна. Гэйтс сангийн тухай нийтлэл олсноо илгээх ч бас биш, учир нь тэр өөрөө ярилцлага өгсөн ч байж магадгүй. Түүнд мөнгөний хэрэгцээ байхгүй учир нэг төсөлд нь хөрөнгө оруулах ч оновчтой биш. Үүний оронд жижиг зүйл бодоод үз. Жишээ нь, та өөрөө юм уу сайн найз тань, ах дүү тань коллежид сурдаг бол та түүнд оюутнуудын дунд соёлын болон технологийн ямар хэрэглээ зонхилж байгаа талаар мэдээлэл илгээж болно. Шинэ үеийнхэн юу бодож, юу хийж байгааг мэдэх нь маш баян хүний хувьд ч олж мэдэхэд амаргүй зүйл. Танд байдаг хэрнээ нөгөө хүнд тань байдаггүй тодорхой зүйлс юу байна? Тэрхүү онцгой, жижигхэн бэлгийн нууц нь гагцхүү та л өгч чаддагт оршдог.

Эцэст нь хэлэхэд, харилцааг хүчирхэгжүүлэгч хамгийн сайн арга нь нөгөө хүндээ туслах явдал гэвэл, хоёр дахь сайн арга нь нөгөө хүндээ өөрт тань туслах боломжийг олгох явдал юм. Бэнжамин Франклины зөвлөсөнчлөн, хүнтэй найзалмаар байгаа бол өөрт тань туслах боломжийг түүнд үүсгээрэй. Тусыг эргэлзэж (Би ингэж тус хүртэхээр юу хийлээ?) юм уу, сэжиглэнгүй (Энэ нөхөр ямар учраас ингээд байна?) хүлээн авах хэрэггүй. Заримдаа учрыг нь тааварлаж байх хэрэгтэй ч, дандаа бүү тэгээрэй. Хүмүүс туслах дуртай байдаг. Хэрвээ хэн нэгэн хүссэн хүнтэй тань танилцуулахыг хүсвэл, эсвэл чухал сэдвээр туршлагаасаа хуваалцахыг хүсвэл тусыг нь хүлээн авч, зүй ёсны талархал илэрхийлээрэй. Хэн хэн нь баяртай үлдэж, та тэр хүнтэй илүү ойр болно.

Номын 99-101 дүгээр тал

"Та өөрөө старт-ап компани" номыг Интерном, Азхур, Билиг номын дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.

20737   1


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.