Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   07 сарын 20, 2017

Цахим засаглалын хөгжил буюу Эстони улсаар аялсан тэмдэглэл #1

Өнгөрөгч зургаадугаар сарын эхээр надад Эстони улсад зочлох завшаан гарсан юм. Таллинны Их Сургуулиас хэрэгжүүлдэг долоо хоногийн хөтөлбөрт Колумбаас хоёр, Ганагаас нэг, Йорданаас нэг, Монголоос би гээд бараг л таван тивийн таван залуу хамрагдаж, Эстонийн нийслэл, хамгийн том хот Таллинн-д буудаллаж, E-stonia гэгдэх болсон энэ жижиг улс цахим засаглалыг хэрхэн хөгжүүлж дэлхийд шагшигдах болсонтой танилцсанаа хуваалцъя.

ЭСТОНИ

Эстони гэхээр монголчууд Балтийн 3 улсын нэг гэж мэдэхээс өөрөөр нэг их сайн мэдэхгүй болов уу. Зарим нэг нь Skype төрж гарсан гэдгээр, сумо үздэг бол Баруто гэж сайн бөхтэй байснаар нь мэдэж магадгүй. Эстони улс Балтийн тэнгисийн эрэгт оршдог энэ улс зүүн талаараа Оростой, урд талаар Латвитай хиллэдэг. Финляндын нийслэл Хелсинкээс 80 км зайтай, усан онгоцоор 2 цаг л явдаг юм байна. Оросын эрхшээлд автаж Зөвлөлтийн нэг хэсэг явсан энэ улсад мэдээж Оросын нөлөө их бий, оросууд ч хүн амын 30 орчим хувийг эзэлдэг аж. Ердөө 1.3 сая хүнтэй гэхээр нэг сая нь л эстоничууд. Мөн Скандинавийн өндөр хөгжилтэй гурван улсын нөлөө их байдаг нь эргэлзээгүй. Албан ёсны хэл нь эстони ч хүмүүс нь англиар сайн ярих юм, сүүлийн үеийн хүүхэд л биш бол оросоор бас сайн ярьдаг байж таарна.

Хойшоо байрладаг учраас нэлээд хүйтэн бололтой. Биднийг очиход ч яахав зун эхэлж байсан, та нар дулаахан үеэр ирлээ гээд л сүйд. Өвөлдөө -20 арай хүрдэггүй гэсэн, гэхдээ далайн тэнгисийн чийгтэй хүйтэн ч бас чанга л даа. Ийм хүйтэн болохоор бид гэрээсээ гарахгүй гэж залхуураад цахим засаглалыг мундаг хөгжүүлчихсэн юм шүү дээ гэж хошигноно.

Юнеско-гийн өвд бүртгэлтэй Таллинны "Хуучин хот" ба шинэ хотын уулзварт орших зочид буудлын цонхоор

Энэ улсын газар нутгийн 48 хувь нь ой. Модон байшингийн араамын экспортоор дэлхийд нэгт гэж Таллинны Их Сургуулийн харьяа Балтик Медиа, Кино, Урлаг, Харилцаа Холбооны сургуулийн захирал Катерин Сакс хэлнэ лээ. Энэ "төмөр хатагтай" Хүн амын яамны сайдаар ажиллаж, Европын Парламентад улсаа төлөөлөн сууж явсан нэртэй улс төрч аж. Хүн бүхэн түүнийг мэднэ, хүндэлнэ. Бидэнд Эстонийн түүх хүүрнэж, юмны учрыг тайлбарлаж явсан. Шатдаг занар (oil shale), хоол хүнс, загас, модны экспортоор орлогоо олдог энэ улс сүүлийн жилүүдэд дэлхийд цахим засаглалийн хөгжлөөрөө гайхагдах болж. Энэ гайхамшигтай танилцах гэж бид эхний гурван өдрөө Tallinn E-Governance Conference-д 110 орчим орны хүмүүстэй хамт суув. Зохион байгуулагч e-Government Academy энэ жилийн конференцийг Африк, Кариб, Номхон Далайн Орнуудын Бүлэгтэй (ACP) хамтран зохион байгуулжээ. Тус академи өнгөрсөн хугацаанд 60 орчим оронтой ажиллаж, засгийн газарт нь зөвлөж, ямар нэг байдлаар хамтарч байсан гэнэ. Манайх ч бас харилцаа боломжийн байдаг бололтой. Өнгөрөгч 3-р сард академийнхан Монголд ирж сургалт хийсэн байна лээ.

Таллинны Цахим Засаглалын Чуулган

Чуулганы эхэнд Эстоничууд өөрсдийн туршлагаас хуваалцаж, үзэсгэлэнгийн танхимдаа аваачин технологиудтайгаа танилцуулав. Тэдний нэг онцлог нь төрийн цахим үйлчилгээнүүдээ төр өөрөө хийх гэлгүй мэргэжлийн компаниудаа дэмжин хамтран ажилладаг. Энэ үеэр E-Kool гэх мэт системүүдийг хийсэн хэд хэдэн компани презентац тавив. Чуулганы хоёрдугаар хагаст зочин улсууд өөрсдийн туршлагаас хуваалцаж, "Цахим засаглалыг хөгжүүлэхэд улс орнууд хамтарч ажиллах нь", "Цахим айдентитиг хөгжүүлэх нь" зэрэг хэд хэдэн сэдвээр панел хэлэлцүүлэг явсан юм.

Цөөн хүн амтай энэ жижиг улс үнэхээр зөв бодлого явуулж, гүйцэтгэл сайтай ажиллаж энэ түвшинд иржээ. 90-ээд оны дундуур энэ улсад амьдрах манайх шиг л хэцүү байж. Энэ үед АНУ-д элчин сууж байсан, хожмоо ерөнхийлөгч болсон эрхмийн санаалчилгаар дунд сургуулиудыг компьютерээр хангаж, интернэтэд холбох "Барын үсрэлт" гэх томоохон хөтөлбөрийг засгийн газар эхлүүлжээ. Ингэснээр мэдээллийн технологи хэрэглээг нэмэгдүүлж, хүүхдүүд технологийн мэдлэгтэй болж, мэдээлэл, харилцаа холбооны салбар хөгжих, цаашлаад цахим засаглалтай болох үндэс суурь болж өгчээ.

Төрийн цахим үйлчилгээнүүд

Удалгүй 2000 оноос, хөгжүүлсэн дэд бүтэцдээ дөрөөлөн төрийн цахим үйлчилгээнүүдийг нэвтрүүлж эхэлсэн байна. Засгийн газар E-Cabinet болж, цаасгүй хуралдаж, сайдууд холбогдох материалуудтай цахимаар танилцан, саналаа хаанаас л бол хаанаас илгээх болжээ. E-Tax Board системийг мөн 2000 онд танилцуулж, хүмүүс татвараа цахимаар мэдүүлэх болжээ. Одоо энэ улсын татварын харилцааны 99 хувь нь цахимаар явж, хүмүүс татвараа 5 минутанд мэдүүлж, татварын буцаалтаа 5 хоногт эргүүлж авдаг. 2002 оноос иргэн бүр ID Card буюу цахим үнэмлэхтэй, үүний хамт иргэн бүр өөрийн гэсэн албан ёстой имэйлтэй болжээ. Энэ имэйлээр засгийн газраас мэдээлэл илгээнэ. Миний өмнө Эстони явж байсан Ийгл ТВ-ийн Ж.Хулан, бид ч бас цахим үнэмлэхтэй болсон гэхэд "Та бүхэн ажлынхаа талыг хийсэн байна. Одоо дижитал орон болоход хоёр жил л шаардлагатай" гэсэн хариу өгсөн талаар нийтлэлдээ дурдсан байсныг санаад, манай засгийн газар цахим засаглалын тал дээр хийж байгаа ажлуудаа улам эрчимжүүлээсэй, үүний тулд иргэд ч бас шахах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрж байлаа.

2002 онд Эстони E-Kool буюу цахим сургуулийн үйлчилгээ хэрэгжиж эхэлсэн нь цахим хэрэглээг эрс нэмэгдүүлсэн биз. Сурагчид, эцэг эхчүүд дүнгээ интернэтээр үздэг, багш гэрийн даалгавраа өгдөг, шалтгалт, чөлөө авахтай холбоотой бүх л мэдээлэл цахимжсан байна. Гэхдээ Эстонийн боловсролын тухайд дараагийн нийтлэлдээ жич ярья.

Нэг ингээд эхэлсэн хүмүүс тэгээд ар араас нь угсруулах нь ойлгомжтой. i-Voting 2005 оноос нэвтэрч сонгуулийг цахимаар өгдөг болж. 2007 онд E-Police нэвтэрч, цагдаа автомашины дугаараар жолооч болон машины бүх мэдээллийг шалгадаг, 2008 онд E-Health нэвтэрч, иргэдийн эрүүл мэндийн түүх онлайнд тавигддаг болжээ. Эмчид үзүүлсний дараа эмийн санд цахим үнэмлэхээ уншуулаад л жорын дагуу эмнүүдээ авчихна. E-Court, E-Law, M-Parking (Mobile Parking) гээд явж өгнө. Ийм дэвшилтэт үйлчилгээнүүдийн ачаар иргэд нь энд тэнд оочерлож зогсохоо, хэн нэгэн албан тушаалтныг царайчлахаа больж, улс даяараа асар их цаг ба цаас хэмнэж, үр дүнд нь илүү аз жаргалтай амьдрах болжээ.

Цахим засаглалыг чухам яаж хөгжүүлэх юм бэ?

ОК, мундаг юм байна. Гэхдээ чухам яаж хөгжүүлсэн юм бэ гэж та асуух байх. Тэдний чухалчлан захиж байгаагаар бол, цахим засаглалыг хөгжүүлэхэд:
1. Бодлого, стратеги
2. Дэд бүтэц, технологи
3. Иргэдийг цахим хэрэглээнд сургах гэсэн гурван зүйлийг бодолцох хэрэгтэй. Цахим засаглал гэхээр шууд технологи л бодогддог, үүнд л их хөрөнгө оруулах ёстой юм шиг санадаг хандлага хаа ч байдаг. Хамгийн түрүүнд технологийг тавьчихаар урт хугацаанд тогтвортой байж чаддаггүй, технологи бол хүрэх газар биш, харин зам юм шүү гэдгийг тэд сануулж байсан. "Барын үсрэлт"-ээс хойш тэд 2002, 2009 онуудад хоёр ч удаа тус бүр 100 мянган иргэнийг хамруулсан, интернэт, компьютерийн хэрэглээнд сургах хөтөлбөр хэрэгжүүлсэн гэнэ.

Харин технологи, дэд бүтцээ дахиад задалбал дараах бүрдэл хэсгүүдийг анхаарах ёстой аж:

1. Access
2. Digital Data
3. Digital Identity
4. Interoperability (Бүх л цахим үйлчилгээнүүд нь тус тусдаа системтэй. Нийт 600 орчим ийм мэдээллийн систем байдаг гэнэ. Харин эдгээр нь хоорондоо чөлөөтэй мэдээлэл, өгөгдөл солилцдог. )

Оролцогч улсуудын туршлага дундаас, Серби улс барилгын зөвшөөрөл авахад маш хэцүү байсныг цахимжуулан хялбарчилснаа дурдсан нь хамгийн түрүүнд санаанд бууж байна. Анх барилгын компаниуд 20 орчим газраас гарын үсэг цуглуулж, ихээхэн хүнд сурталтай тулгардаг байсан бөгөөд "барилгын бизнес эрхлэх таатай орчин" гэх үзүүлэлтээр 189 орноос 186-д бараг л баян ходоод болж явжээ. Харин засгийн газар онлайнаар зөвшөөрөл өгөх үйл явцыг нэвтрүүлснээр энэ үзүүлэлтээр хоёр жилийн дотор 150 байр урагшилсан байх юм.

Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд мэдээж зөв бөгөөд тогтвортой бодлого, боловсролын түвшин нөлөөлсөн байна. Энэ жижиг улс бид яаж тэсэж үлдэх вэ гэдгээ маш зөв харж, зоригтой шалмаг хөдөлж чаджээ. Одоо тэд өндөр орлоготой "Балтийн бар" гэгдэж байгаа нь юутай атаархам. Тэдэнтэй ижилхэн цөөн хүн амтай, интернэт, ухаалаг гар утасны хэрэглээгээр дэлхийд дээгүүр орж буй манай улс яагаад ингэж хөгжиж болохгүй билээ гэж бодогдоод болохгүй байв. Бид ч гэсэн замын түгжрэлд таг зогсож, өвлийн хүйтэнд ажилд хөөцөлдөн даармаагүй байна.

Энэ хүрээд эхний нийтлэлээ өндөрлөе. Дараагийнхаар Эстонийн бизнес эрхлэлт, боловсролын салбарын хөгжил, бусад зүйлсийн талаар өгүүлнэ.

32340   8


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.