Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   07 сарын 11, 2017

Апп тойм: Uyach app - Моринд дуртай монголчуудад зориулав

Монгол түмний их баяр цэнгэл НААДАМ албан ёсоор нээгдсэн энэ өдөр бид саяхан, хөгжиж буй орнууд дахь гарааны бизнесийг дэмжих зорилготой Seedstars World тэмцээнд Монголоос оролцох стартапыг тодруулсан Seedstars Ulaanbaatar-д анхны танилцуулгаа хийсэн "Уяач" аппликэйшнийг танилцуулж байна. Уяачид болон уяа морьдын мэдээллийн нэгдсэн санг үүсгэх зорилготой Uyach бол моринд дуртай хүмүүсийн заавал сонирхох, сонирхдог нэгэнд заавал уламжлах апп юм.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Морин уралдаан бол олон зуун жилийн түүхтэй, дэлхийд гайхагдсан спорт/уламжлал билээ. Морь уяна гэдэг нарийн ухаан байдаг. Бас нэг талаар томоохон бизнес байдаг нь ч нууц биш. Энгийн иргэд бид наадмын өдөр барианы газар л уралдан орж ирэх морьдыг харан баясдаг боловч энэ бол морь уях, уралдах үйл явцын нэгээхэн өнгөн хэсэг нь л юм. Хэрвээ технологийг ашиглан, бүх л хурдан морьд, уячдыг бүртгэлжүүлэх юм бол морин уралдаан илүү сонирхолтой болох нь гарцаагүй.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Морь уях уламжлалт соёлыг орчин үеийн технологитой хослуулсан энэхүү апп-ийн тусламжтайгаар хэрэглэгчид хурдан морьтой холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээлэл, мэдлэгийг нэг дор авах бол уячдын хувьд хурдан морины хамгийн чухал мэдээлэл болох адууны удмын санг хөтөлж, уяа морьдынхоо зураг, биеийн шинж төрхийг тэмдэглэж, хурдан хүлгийнхээ уралдсан түүх, эзэлсэн байрыг он оноор бүртгэх боломжтой юм. Хэдэн айраг түрүүтэй ямар зэрэг цолтой уяач вэ гэдгийг нь профайл танилцуулга хэлбэрээр харуулна.

Мөн интернетгүй үед ч мэдээллийн сан руу нэвтрэх боломжтой хэмээн үүсгэн байгуулагчид нь онцолж байсан. Тэд аль хэдийн эхний шатны хөрөнгө оруулалтаа татсанаа шалгаруулалтын үеэр зарласан юм.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?


Апп-ийг бүрэн хөгжүүлж дуусаагүй учир одоогоор зөвхөн өөрийн морьдын танилцуулгыг л хийж болно. Мөн дөнгөж саяхан л санаагаа танилцуулсан учир апп-ийг уяачдад сайн түгээж таниулахад, ятган сэнхрүүлэхэд багагүй цаг орох болов уу. Энэ наадмаар л гэхэд үүсгэн байгуулагч залуус Хүй 7 худгийн дэнжид танилцуулгаа хийж байгаа юм билээ.

Мөн одоогоор зөвхөн iOS дээр л бий.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Нэг л өдөр зайлшгүй хийгдэх л ёстой, гүйцэтгэл нь сайн бол морин уралдааныг шинэ шатанд гаргаж чадах энэ апп-д бид 6/10 оноо өглөө.

Татаж авах

16709   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.