Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   07 сарын 03, 2017

Онцлох бизнес: Reboot - Зөв хооллолт, эрүүл бие, саруул ухаан

Эрүүл амьдрах гэдэг улаанбаатарчуудын хамгийн тулгамдсан асуудал болоод удаж байгаа билээ. Агаарын бохирдол, хөрсний бохирдол, тоосжилт гэх мэт асуудлууд дээр хүмүүсийн өөрсдийн амьдралын хэвшил, буруу хооллолт нэмэгдэж, ингэснээр янз бүрийн өвчин, харшилд өртөмтгий байна. Биднээс хамаарахгүй асуудал олон байгаа ийм нөхцөлд өөрсдөөс хамаарах зүйлдээ анхаарч, өөрөөр хэлбэл эрүүл хооллож сурах нь нэн чухал. Ийм ч учраас бид өнөөдөр хүнийг нөхөн сэргээх амьд хоол - смүүдиг санал болгодог Reboot-тэй уншигч та бүхнийг танилцуулахаар шийдлээ.

Бизнесийн нэр: Reboot
Үйл ажиллагааны чиглэл: Амьд орцтой, амьд хоол смүүди
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016 оны 12-р сар
Үүсгэн байгуулагчийн нэр: Б.Энхзаяа, К.Арранд, Н.Батцэцэг
Хаяг: Салбар 1: СБД, Хүүхдийн 100, Seoul plaza баруун талд Dior сүрчигний дэлгүүрийн Б1 давхарт, Салбар 2: Emart их дэлгүүрийн 1 давхарт
Сошиал хуудсууд: UB Reboot (фэйсбүүк), ubreboot (инстаграм)

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Энэ бизнесийг эхлүүлэх болсон нь эргэн тойрон дахь үйл явдлуудаас үүдэлтэй. Ээжийн маань үеийн найзуудаас нь "тулай" өвчин тусах тохиолдол их гараад байсан юм билээ. Уг нь энэ өвчин баруунд бол жин ихтэй, бараг хөдөлгөөн хийдэггүй хүмүүст тохиолддогоос гадна дээр үе хаад ноёд, ихэс дээдсийн өвчин гэгддэг байсан нь ээжийн маань сонирхлыг татсан. Монголчууд угаас улаан мах их иддэг, өдрийн хэрэгцээний ногоо, жимсээ хэрэглэж чаддаггүй, гурил буюу нүүрс ус их хэрэглэдэг зэрэг амьдралын хэв маягтай шууд холбоотой. Дээрээс нь манай гэр бүлд чихрийн шижинтэй хүн байсан учир ээж маань яаж хоолны дэглэмээ, хоол хүнстэй холбоотой энэ хэв маягийг өөрчилж болох уу, эмчилж болох уу гэдгийг энэ чиглэлээр гадаадын сургалт, хичээлүүдэд суун судалсаар эмгүйгээр, амьд орцтой хоолны дэглэм буюу жимс ногооны смүүдигээр эмчилж сурсан юм.

Нөгөө талаар бид өөрсдөө хоол, хүнсний бизнест ажиллаж байсан болохоор, мөн зөвхөн ашиг, мөнгөний төлөө бус, эцэстээ үлдэцтэй, хожим бахархалтай бизнес эрхлэх хүсэлтэй маань нийцэж байсан учир энэ бизнесийг эхлүүлэхээр шийдсэн. Хүмүүс ч эрүүл хооллох хэрэгтэйгээ ойлгож, эмгүйгээр эрүүл байх юм сан гэсэн сэдэлтэй болсон өнөө үед цаг хугацааны дуудлага ч байсан гэж хэлж болох байх. Өнөө үед хоолны дэглэмтэй холбоотой хаанаас гарсан нь мэдэгдэхгүй олон ташаа мэдээлэл тарж, олон хүн түүнийх нь золиос болж байгаа учир зөв мэдээлэл, мэдлэг олгохыг гол зорилтоо болгож ажиллахаар шийдсэн дээ.

Хэрхэн хамтрагчдаа сонгосон бэ?

Ээж маань хоол зүйч буюу nutritionist-аар ажиллаж байгаа юм. Монголд хамгийн анх түүхий кофег оруулж ирэн, гаалийн байцаагчдыг хүртэл сандаргаж байсан түүхтэй ээжийн маань кофе хэрэглээ, кофены соёлыг богино хугацаанд дэлгэрэхэд оруулсан хувь нэмэр, туршлага бидэнд их нөмөртэй байгаа шүү. 2008 онд анх кофены үрийг хуурч, үйлчилгээний газруудад нийлүүлж, улмаар Rosewood-ийг байгуулж байсан түүхтэй. Клифф маань өөрийн хариуцсан чиглэл болох хоол, хүнсний асуудлаа, би бизнесийн удирдлага, үйл ажиллагаагаа илүү анхааран ажиллаж байна даа.

Юугаараа онцлог, бусдаас өөр вэ?

Бид амьд орц бүхий смүүдиг бэлтгэдэг. Амьд орц гэдэгт нь жимс, ногоо, үр тариа орж байгаа. Амьтны гаралтай бус самарнаас гаргаж авсан сүү, коконатын ус мөн хэрэглэнэ. Бүх амин дэм, калори, шим тэжээлийг нь тооцсон учир хүмүүст хэрэглэхэд ч хялбар байдаг.

Мөн бид 10 хоногийн хоргүйжүүлэх хөтөлбөр буюу детоксийг мөн санал болгож байгаа. Нийт эрүүлжих сонирхолтой хүмүүсийн 70 хувь нь турах зорилготой байдгийг судалгаанаас олж мэдсэн. Гэхдээ турахаасаа өмнө эхлээд хороо гадагшлуулахгүй бол бие нь эрүүл биш болохоор хэчнээн тураах үйл хийгээд ямар ч үр дүн гардаггүй. Тиймээс 10 хоног детокс хийхэд биеийн хор бүрэн гадагшилна гэдэг онолын үндэслэл дээр тулгуурлан бид тусгайлан бэлтгэсэн смүүдиг хэрэглэгчдэдээ санал болгодог. Детокс хийсэн хүн дор хаяж 3-5 кг хаядаг болохоор ихэнх тохиолдолд цаашид жингээ улам сайн хасах эхлэл болдог. Хэрэглэгчид маань өглөө, өдөр, оройны хоолондоо зөвхөн смүүди ууна. Гэхдээ дундуур нь нэр заасан зуушаас бусад өөр янз бүрийн юм идэхгүй, кофе, вино зэрэг хор нөлөө үзүүлж болохуйц бүтээгдэхүүн хэрэглэж болдоггүй. Үр дүнд нь хэрэглэгчид маань илүү эрч хүчтэй болж, эрүүл хооллолтын ач холбогдол, учир шалтгааныг ойлгох учиртай.

Манай салбаруудад ирээд смүүди захиалбал орцоосоо хамаараад 2-4 минутын дотор гарна. Бусад үйлчилгээний газрууд смүүди гаргаж байгаа ч ихэнх нь эрүүл бус орцтой, зөвхөн таашаал өгөх зориулалттай байдаг юм билээ. Манайх бол орц, найрлага нь бүгд шинжлэх ухааны үндэслэлтэй, амьд хоолыг гаргаж байгаа. Мөн хөтөлбөрт хамрагдаж байгаа үйлчлүүлэгчдэдээ смүүдиг нь хүргэж өгдөг үйлчилгээтэй.

Бизнесийн алсын хараагаа хэрхэн, юу гэж тодорхойлсон бэ?

Бид 2021 он гэхэд өөрсдөө удирдаж, үйл ажиллагааг нь явуулдаг 5 салбартай болохоор төлөвлөж байгаа. Яваандаа энэ чиглэлээрээ дагнасан франчайзинг болох зорилготой.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Мэдлэгт суурилсан үйлчилгээ бол бидний гол үнэт зүйл. Бид үйлчлүүлэгчдээ ямагт нэгт тавьж, тэдэнд зөв мэдээлэл, үнэн мэдлэгийг олгохыг эрхэмлэдэг. Үйлчлүүлэгчидтэйгээ үргэлж холбоотой байж, тэдний санал хүсэлт, сэтгэгдлийг сонсон, тэдний онцлогт тохирсон бүтээгдэхүүн гаргахыг эрмэлзэнэ. Фэйсбүүк хуудсаараа эрүүл мэндийн зөвлөгөөг тогтмол хүргэдэг маань ч үүнтэй холбоотой.

Манайд "өөрийнхөө хийж чадах юмаа л амла, тэгээд түүнийгээ сайн бас бардам хий" гэдэг зарчим үйлчилдэг. Бид өөрсдийн хийж байгаа зүйлдээ хамгийн сайн чанарыг, үр дүнг хариуцлагатайгаар санал болгож чадна. Үүнтэй зэрэгцээд бид өөрсдөө хийж чадахгүй, манайд байхгүй байгаа үйлчилгээг хийж байгаа бусад газруудыг өрсөлдөгчид гэж харалгүйгээр үйлчлүүлэгчдийг бэлдэж байгаа хамтрагчид гэсэн хандлагаар хардаг. Тиймдээ ч тэдний хаягийг үйлчлүүлэгчдэдээ зааж өгч, шаардлагатай бол санал болгоход ч бэлэн байдаг. Үйлчлүүлэгчид дундынх л учир, бүгд нэг зорилгын төлөө зүтгэж байгаа болохоор зах зээлээ хамтдаа тэлэх нь чухал гэж үздэг шүү.

Энэ салбарт ажиллахын эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй тал нь юу вэ?

21-р зуун гарчихаад байхад хаанаас гарсан нь мэдэгдэхгүй мухар сүсэг олон нийт дунд асар хүчтэй байсаар байна. Манайхан ам дамжиж сонссон зүйлдээ итгэж, эмчийн зөвлөгөөгүй шууд хэрэгжүүлэх гэж оролддог нь их хүндрэл учруулдаг. Гэхдээ нөгөө талаар бид энэ байдлыг өөрчилж, хүмүүсийн сэтгэлгээнд эерэг нөлөө үзүүлэх гэж хичээж байгаа нь эерэг тал байх. Хүмүүс эрүүл хооллох хэрэгтэйгээ ойлгож байна, харамсалтай нь зөв мэдээлэл авах суваг хангалттай биш байна. Бид энэ орон зайг нөхөх үүрэгтэй гэж ойлгож байгаа.

Мөн манай хийж байгаа зүйлс их амархан юм шиг харагддаг байж магадгүй. Зарим хэрэглэгчид хийж байгааг хараад тогтоох гэж оролдоно, зарим нь жорын зургийг аваад гэртээ хийх гэж үзнэ. Гэтэл үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй, нарийн тохируулж хийдгийг мэдэхгүйгээс янз бүрийн л асуудал гардаг. Саяхан манай хөтөлбөрт хамрагдаж байсан нэг хэрэглэгч зуслан руугаа явсан ч хөтөлбөрөө таслахгүй гэсэндээ өөрөө смүүди зохиож уугаад бие нь хямарч, харшил өгөөд баларсан байх жишээтэй. Жимс, ногоо бүрийг холиод л эрүүл болчихно гэж ойлгож болохгүй. Ямар жимсийг холих уу, хоорондоо яаж харшилдаг вэ, хэрхэн зохицож, ямар үр дүн гарах вэ гэдгийг нарийн судалсны үндсэн дээр жорыг гаргадаг. Хөтөлбөрийн аль өдөр нь ямар өөрчлөлт гаргах, ямар жимс, ногоо давамгайлсан смүүди өгөх вэ гэдэг ч бүгд учиртай.

Учирч байсан хамгийн том бэрхшээл, сургамж тань юу вэ?

Бэрхшээлтэй учрахаас илүү хэрэглэгчдээсээ, үйл ажиллагаанаасаа асар их зүйлийг сурч байна. Манайхан эрүүл мэндийн асуудлаа хамгийн дотны найзаасаа ч нуудаг учир шууд ач холбогдлоор нь ойлгомжтой байдлаар смүүдигээ нэрлэчихээр санаа зовдог, эсвэл эмзэглэдэг юм байна. Ядаж л яаж хөрвүүлж нэрлэх ёстой, хэрэглэгчдэдээ яаж хандах ёстой вэ гэдгийг ойлгож байна шүү. Манай бизнес өдөр бүр л сайжирч, дасан зохицон өөрчлөгдөж байгаа гэж хэлж болно.

Яг одоо ямар шинэ төсөл/үйл ажиллагаан дээр төвлөрч ажиллаж байна вэ?

Бидний санал болгож байгаа хоргүйжүүлэх хөтөлбөр үр өгөөжтэй үргэлжилж байгаа гэж үзэж байгаа. Сая л гэхэд 4 дэх өдрөө явж байгаа нэг хэрэглэгч маань орж ирээд "би кофегүй огт амьдарч чадахгүй гэж боддог байсан хүн. Гэтэл одоо кофегоо огт уухгүй байгаа ч өдрийн турш эрч хүчээр дүүрэн, өглөө бүр маш сайн амарсан байдалтай сэрж байна" гэж хэлээд гарлаа. Хүмүүс асуудал нь миний бие биш, би өөрөө, хэрэглээ маань юм байна гэдгийг ойлгож байгаад баяртай байгаа.

Эрүүл хооллолтоор нөлөөлж болох маш олон зорилтот бүлгүүд байна. Жишээ нь жирэмсэн эмэгтэйчүүд, шинэхэн ээжүүд. Би өөрөө бие давхар байгаа учир энэ тал дээр их анхаарч байгаа. Сүүлийн үед дэлхий дахинд төрөлтийн дараах сэтгэл гутралын асуудал их хүчтэй тавигдаж байгаа. Их ядардаг, жин нэмээд сэтгэлээр унадаг. Сүү орохгүй байна гээд хямардаг. Энэ бүхэнд бид мэдээлэлгүйгээсээ болоод янз бүрийн мухар сүсэг, зан үйлд автдаг тохиолдол их. Ерөөс ийм байдал бол хөдөлгөөн, хооллолтой л холбоотой шүү дээ.

Мөн тураах хөтөлбөр тусгайлан гаргахаар бэлтгэж байна. Өндөр ачаалалтай ажилладаг хүмүүст зориулсан энергиэ нөхөх хөтөлбөр ч гаргана.

Бид 2 дахь салбараа саяхан Emart их дэлгүүрт нээлээ. Үйл ажиллагааныхаа цар хүрээг илүү өргөжүүлэх, мэдээллийг бүх насныханд хүргэх шаардлагатай маань энэ байршил нийцэж байгаа шүү.

Хамгийн амжилттай болсон төсөл/бүтээгдэхүүнийхээ талаар, түүнийхээ нууцаас хуваалцана уу?

Манай меню саяхан шинэчлэгдсэн юм. Өмнө нь амьдралын хэв маяг, эрүүл мэндийн гэсэн ангилалтай байсан бол одоо 3 бүлэг, 15 төрлийн смүүди гарах болсон. Классик гэсэн ангилалд хамгийн их зарагддаг буюу хүмүүсийн хамгийн их авдаг дархлаа сайжруулах, жин бууруулах, гоо сайхны гэх мэт смүүди багтсан. Харин Healthy.lifestyle цэсэнд эрүүл мэндийн ач холбогдолтой, стресс тайлах, чихрийн шижингийн, ургийн хөгжилд зориулсан гэсэн смүүди бий. Мөн хүмүүсийн санал хүсэлтийн дагуу зөвхөн жимстэй буюу ногооны найрлагагүй смүүдинүүдийг гаргах болсон.

Гэрэл зургийг Д.Ганзул

44441   7


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.