Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   06 сарын 20, 2017

Апп тойм: Хэрэгтэй дадлуудыг өөриймшүүлэхэд туслах 5 апп

Саяхан The Power of Habit бюу "Дадал хэвшлийн хүч" номыг уншаад (habit-ийг дадал гэж орчуулах дуртай, зуршил гэхээр муу зуршил гэдэг санаанд ороод байдаг) ухаарлын өдрүүд эхэлж, ерөөсөө л хэд хэдэн сайн дадалтай болъё хэмээн энэ төрлийн апп-уудыг туршиж үзэв. Ингээд иймэрхүү апп-уудыг хэрэглээд үзтэл яах аргагүй л бүтээмж нэмж, эергээр нөлөөлж байна. Өдөр бүр тэмдэглэл бичнэ гэж төлөвлөчихөөд, завгүй өдрийн эцэст залхуураад унтах гэж хэвтсэн ч зүгээр л амжилттай өдрүүдээ таслахгүйн тулд 1 өгүүлбэр тавьчихаад унтах жишээтэй. Ер нь хэрэглээд яваад байвал хэрэгтэйн дээр зугаатай бололтой дог шүү. Ингээд энэ хайгуулаас юу юу олж мэдсэнээ өнөөдөр танилцуулъя.

HabitBull

Дадал үүсгэх, дадал мөрдөх аппуудад байдаг бүх л боломж энэ апп-д бий. Дадлаа үүсгэн өдөр бүр юм уу 7 хоног бүр гэх мэтээр давтамжийг нь тодорхойлж, мөн хэдий хэр хугацаанд, хэдэн хоног "хийсэн" тэмдэглэгээ тавьж байж бүрэн өөриймшүүлэхээ ч зоож өгч болно. Жишээ нь та "тамхи татахгүй байх" зорилт тавиад, 30 хоног татахгүй бол гарсан гэж үзнэ гэж оруулж болох юм.

Дадал бүрт сануулах хугацааг оруулж болно, дадлаа тоогоор илэрхийлж, эсвэл зүгээр л Тийм/Үгүй гэсэн хариултаар бүртгээд явж болно. Тоогоор илэрхийлнэ гэдэг нь 10,000 алхах гэсэн зорилго тавиад 9000 алхсан бол тэр тоогоо оруулж болдог гэсэн үг.

Явцаа календарь дээр болон график байдлаар харж, дүгнэж явдаг. Мөн урам зориг өгөх эшлэлүүдтэй, өөртэй чинь ижил зорилго тавьсан хүмүүстэй холбогдох форумархуу хэсэгтэй.

Татаж аваад бүртгүүлэх шаардлагагүйгээр хэрэглэж болдог. Үнэгүй хувилбарт нь 5 дадлыг "мөшгиж" болох ба энэ тоог 100 болгож, cloud дээр хадгалж, дата өөр газраас татаж оруулах боломжуудыг сарын 4 доллар төлөөд эдлэх боломжтой.

Татах: iOS, Android

Productive

Дээрх HabitBull-тэй нэлээд олон зүйлээр төстэй. Дадал, зорилтуудаа өглөө, өдөр, оройгоор нь хувааж болдог. Өөрөөр хэлбэл өглөө зөвхөн өглөөний дадлуудыг харуулна. Ингэж хуваахгүй байсан ч болно. Энэ апп-ийг би одоо хэрэглэж байгаа бөгөөд сонгосон шалтгаан нь дизайн, хэрэглэхэд маш хялбар байдал нь байсан. Дадал үүсгэх, хийсэн гэж тэмдэглэх зэрэг нь маш хялбар. Үнэгүй хувилбар нь мөн 5 дадлыг бүртгэдэг. Харин би бусад боломжуудыг нь нээх, давхар өөртөө сайн дадлуудыг суулгахад хөрөнгө оруулж байгаа шүү, тоохгүй орхив гэсэн сануулга өөртөө өгөх үүднээс сарын 4 доллар төлж эхэлсэн. Ингэхээр бүртгэх дадлын тоо нэмэгдэж, сануулах цаг уян хатан, мөн хэдэн хоног тасралтгүй гүйцэтгээд байгааг дэлгэцэн дээр, цааш орох шаардлагагүйгээр харуулдаг болсон. Харин нэг сул тал нь зөвхөн iOS дээр ажилладаг.

Татах: iOS

Habitica 

Аа харин, дадлуудаа арай зугаатай байдлаар бүртгэж явъя гэвэл Habitica байж болно. Тоглоом хэлбэрээр дадал үүсгэж, хийх ажлын жагсаалт хөтөлж явах боломжийг энэ апп олгоно.. Нэг дадал, зорилтын ард гарах тоолон оноо, цол авч, түүгээрээ "баатар"-аа хөгжүүлж явна. Өөрөөр хэлбэл цуглуулсан оноогоороо янз бүрийн зэвсэг, тоноглол авч явах юм. Түүнчлэн найзуудтайгаа холбогдож, хамтдаа мангасын эсрэг тэмцэлдэж болно. Хэн нэгэн л алдаа гаргахад хүн бүр шархдах нөхцөлд өөрсдийгөө оруулж, өөрсдийгөө хурцлах боломжтой. Үнэтэй хувилбар бас бий.

Татах: iOS, Android

Momentum

Жерри Сэйнфилдийн "Гинжийг битгий тасал" хэмээх арга дээр суурилсан энэ апп олон таван үйлдэлгүй, маш энгийн, минимал. Зөвхөн дадлын нэр, календарь харагдана. Гол нь тухайн дадлыг хэд өдөр тасралтгүй мөрдөж байгааг харуулах юм. Тухайн өдөр амжилттай болж ногооноор, чадаагүй бол улаанаар, харин өнжихийг хүсвэл цагаанаар харагдана. Хааяа үнэхээр боломжгүй үе гардаг шүү дээ, тэр үед өөрийгөө өршөөн өнжиж, гинжээ таслахгүй байж болох юм. Үнэгүй хувилбар нь 3 дадал бүртгэх боломжтой.

Татах: iOS, Mac компьютер

Habit Streak 

Энэ апп харин асуух формат ашигладаг. Та хувцсаа эвхсэн үү? гэх мэтээр. Өдөр бүр та өмнөх өдрийн "ажлаа" тайлагнах ёстой. Momentum-ийн адилаар тухайн дадал зорилтыг таслахгүй явахад төвлөрдөг. Үнэгүй хувилбар нь 3 дадал бүртгэнэ.

Татах: iOS, Android

38952   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.