Би хэрхэн ажилладаг вэ?   06 сарын 14, 2017

Би хэрхэн ажилладаг вэ? - Адмон Группийн Ерөнхий Захирал Р.Энхбат

Бид ярилцлагынхаа ээлжит зочноор “Адмон” группийн ерөнхий захирал Р. Энхбатыг урилаа. Тэрээр 1996 онд “Адмон” ХХК-ийг үүсгэн байгуулсан нь өдгөө “Адмон" хэвлэх үйлдвэр, “Монсудар" хэвлэлийн газар, “Интерном" номын сүлжээ дэлгүүрийг багтаасан, 150 орчим ажилтантай, Монголын хэвлэл, хэвлэн нийтлэлийн салбарын тэргүүлэх групп компани болж өргөжөөд байгаа билээ. Р.Энхбат гуай 1983 онд ХБНГУ-ын Лайпцигийн Ном хэвлэлийн дээд сургууль төгсөж, 1983-1996 онд Улсын гэрэл зургийн газар гэрэл зурагчнаас дарга хүртэл дэвшин ажиллаж байжээ. "Интерном" номын дэлгүүрээс "Зуныг номтой өнгөрүүлье" өдөрлөг зохион байгуулж буй энэ өдрүүдэд бид боловсролын салбарын хөгжил шинэчлэлийн тухай хамгийн зоригтой дуугардаг, ном унших, соён гэгээрэх тухай байнга сэнхрүүлж явдаг түүнийг уншигчидтайгаа уулзуулж байна.

Байршил: Монгол, Улаанбаатар
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: Адмон Группийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
Таны ажилладаг арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Багаас нь, энгийнээс нь эхлэх
Хэрэглэдэг гар утас: iPhone 7
Хэрэглэдэг компьютер: iMac
Сошиал хуудсууд: @Enkhbat_R (Твиттер)

ТАНЫ АЖЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Хүн эхлээд хийх гэж байгаа ажлаа сайн ойлгох хэрэгтэй. Тэгэх юм бол цаашаа ямар ч санаа оноо ургуулан гаргаж болно. Харин хийж байгаа ажлаа ойлгохын тулд хамгийн энгийнээс, багаас нь эхэлж хийхийг хичээдэг. Дургүй юмаа бол хүн ойлгохыг ч хүсдэггүй.

Удирдах ажилтны хувьд бол би угаасаа нэг их даргархаж сураагүй. Би өөрөө оффисоороо хэсэж яваад хүмүүстэйгээ уулзан шаардлагатай яриа хөөрөөгөө хийчихдэг гэх үү дээ.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Компьютерт, гар утсанд тийм сайн биш ээ. Хүнээр юм хийлгүүлсээр байгаад тийм болчихсон. Ойр зуур юм хийх түвшинд ашиглана.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Залуу хүмүүс амьдрал нь тэр чигээрээ өмнө нь байгаа учраас учиргүй их завтай гэж боддог. Тэр ч байтугай тэдэнд цаг хайран биш, хурдан өнгөрөөсэй л гэж боддог. Хүн 80 насалдаг юм аа гэхэд, 20 гаруй жил суралцана, дараа нь 5-10 жил бас амьдралд суралцана, тэгээд 30 жил хийж бүтээе гэж бодъё. Тэгээд л 60 гараад тэтгэвэрт сууж ач гучаа харна. Өөрөөр хэлбэл ерөнхийдөө яарах даарах зүйлгүй, цаг хамаагүй болчихно. Үр ачаа хараад, даалуу, хөзөр эргүүлсэн шиг, дорвитой хийж бүтээгээд байх юмгүй, цаг нарнаас хамааралгүй биологийн амьдралдаа буцаж орно гэсэн үг. Харин үхэн үхтэлээ зав чөлөөгүй, хийж туурвисаар дуусах амьдрал бол байгалийн амьдралаас өөр, тийм хүнд цаг бол үнэхээр хайран. Тиймээс би ч гэсэн үхтэлээ завгүй хийх юмтай явж байгаад дуусахыг боддог. Өөрөөр хэлбэл цаг хэмнэх хамгийн сайн арга бол юм унших.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Хийх ажил ихэнхдээ ургаж гарч ирдэг учраас бэлэн жагсаасан ажил гэвэл сар жилээр л тоймтой хэдэн ажил болдог. Нийгмээрээ эмх цэгцгүй, бүх юм тохиолдлынх болчихсон үед ажил төлөвлөх, ажлын жагсаалт гаргах нь ихэнхдээ бүтэлгүйтэлд хүргэдэг. Өглөө ажил дээр ирэхэд чинь хэн ч хүлээж байж магадгүй. Манайх чинь бас л айхавтар адал явдалтай нийгэм шүү дээ. Миний амьдрал олон хүнээс хамаардаг. Тэгэхээр нарийвчлан төлөвлөх хэцүү байдаг. Гэлээ ч төлөвлөсөн нь хавьгүй дээр.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Яг үнэнээ л хэлье. Маш гаргууд сайн хийдэг ажил надад байхгүй. Харин гаргууд сайн хийж чаддаг болох юм сан гэж боддог зүйлс их бий. Жишээ нь сайхан хоол хийж сурах юм сан гэж боддог. Ер нь бүх юмыг л хагас дутуу хийгээд байх шиг мэдрэмж төрдөг.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Байнга ном унших, унших уншихдаа маш нухацтай унших ёстой, уншсан номоо хэвлэж, түүгээрээ амьдралаа болгоод явах шиг ийм сайхан ажил энэ хорвоод цөөхөн байх. Бид номын анхны төрөлжсөн том дэлгүүрийг нээж, өдгөө 5 салбартай болсондоо баяртай байдаг.

Нөгөө талаас, хүн юу ч хүсэхгүй бол бэрхшээл гарахгүй, их зүйл мөрөөдөж хүснэ гэдэг бол ихээхэн бэрхшээлтэй учирна гэсэн үг. Нэгийг нь дурдъя. Бид хэлний асуудалтай байнга тулгардаг. Гадаадын сайн номыг орчуулъя гэхэд олон үгийг яаж монгол руу буулгахаа мэддэггүй. Монгол хэл маань сайн хөгжөөгүй байна. Саяхан л гэхэд, Хэрэндорфын "Чик" гэж Германд алдаршсан, дунд сургуулиудын заавал унших зохиолд орсон, кинонд нь монгол хүүхэд тоглосон тэр зохиолыг орчуулахад тун их бэрхшээлтэй тулгарсан.

Бид хоорондоо тун өнгөцхөн ойлголцдог. Ерөнхий, бүдүүн тоймоор л яриад байдаг болохоор бидний өдөр тутмын харилцаа, хэл оюун санааг тэлдэггүй. Харин ойлголтын гүнзгийрсэн түвшинд оюун санаа тэлж хөгжинө. Гэтэл оюутнууд их дээд сургуульд эх зохиол уншихгүй төгсөж байна. Ялангуяа нийгмийн ухааны ангиудад багшийнхаа энд тэндээс цуглуулсан эрээвэр хураавар юмсыг л уншсан болоод төгсөж байна. Зүй нь бол энэ хүн ямар санаа, онол дэвшүүлсэн, хэнийг юу гэж шүүмжилж гарч ирсэн бэ гэдгийг мэдэж байх ёстой л доо. Тэрнээс биш хэдэн онд төрөөд хэдэн онд нас барсан нь хамаагүй. Ийм байхад гүнзгийрсэн ойлголт авахгүй, мэдлэгтэй болохгүй. Тэгээд багшаасаа асуух гэхээр чи иймхэн юм ойлгохгүй байна гэж үү дээ гэсэн харцаар харвал хэцүү. Манай бүх хурал семинар дээр 50 минут нэг нь баахан юм уншаад, тавхан минут ярилцах боломж байхтай үгүйтэй. Уг нь 5 минут ярьж 50 минут учрыг нь гаргаж ярилцах ёстой. Манай боловсролын системд ЯАГААД гэж үнэнээсээ асуудаг болмоор байна. Энийг би ганцаараа ингэж бодоод байгаа биш, бүгд мэдэж байгаа ч чимээгүй байх юм.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Соён гэгээрэл, эх хэлний асуудал дээр л ажиллаж байна даа. Бид тайлбар толиуд дээр, нийгмийн ойлголтуудыг тайлбарлах, гүнзгий мэдлэг өгөх номууд дээр ажиллаж байна. Ер нь бол эх хэлний асуудлыг нэг компани шийдэж чадахгүй л дээ. Гэхдээ бид өдөр тутмын ажилдаа энэ бэрхшээлтэй тулгардаг тул зүгээр суухын аргагүй болдог.

Мөн бид энэ 7 хоногт ээлжит "Зуныг номтой өнгөрүүлье" өдөрлөгөө эхлүүлээд явж байна. Залуучууд ямар ном уншихаа мэдэхгүй байна, ном уншихгүйгээр болоод л байна ш дээ гэж хэлж байна. Тэгээд үүнд хариулт өгөхөөр зохиолч, орчуулагч, номын сонирхдог хүмүүсийг урьж олон цуврал яриа хэлэлцүүлэг хийж байгаа юм. Нэг л жишээ хэлэхэд, сүүлийн үед Латин Америкийн зохиолууд яагаад алдартай болчихов оо гэдэг асуултыг бид Монголд суугаа Германы Элчин Сайдын эхнэр, испани хэлээр зохиолоо туурвидаг хатагтай Алонсог урьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Харамсалтай нь үүнийг сонирхох зохиолч, шүүмжлэгч нэг ч байхгүй байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Ажиллаж байхдаа бол сонсохгүй. Ер нь сонгодог хөгжим рүү л яваад байгаа. Франц Шуперт надад арай ойрхон санагддаг. Гэхдээ хөгжмийн зохиолч гэхээс илүүтэй гоё л хөгжим байвал сонсоно. Хөдөө явж байхад бол уртын дуу зүгээр байдаг.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Өөрсдийн эрхэлж гаргах номуудаа л уншдаг даа. Дэвид Грэйбер гэх антропологич хүний Debt буюу өрийн тухай номоос орчуулах нэгэн эссэг уншиж байна. Хүн төрөлхтөний өр зээлийн түүх хийгээд мөн өр зээлдээ баригдсан улс оронд хэзээ ч шинэчлэл явагддаггүйг бичсэн байна. Эндээс ард иргэд муудаа өртэй болдоггүй, нийгмийн бодлого л хүмүүсийг өртэй болгодгийг олж харна. Жирийн иргэд өөрсдийн буруугүй зүйлийг өөрсдийн буруу гэж бодож үүрээд яваад байдгийг хүмүүс мэдээсэй гэж бодоод энэ эссэг орчуулж гаргах гэж байна. Мөн худал үнэн хоёрыг хольж яриад хүмүүсийн толгойг эргүүлээд сурчихсан зарим эрх баригчдыг ойлгоход дөхөмтэй Харри Франкбуртын "On Bullshit" номыг гаргана.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Нээлттэй, нээлттэй байсан нь дээр гэж боддог. Ядаж нэг нэгэнтэйгээ харьцахад амар.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Шөнө 12-01 цагийн хооронд унтаад дунджаар 8 цагийн дараа босно доо.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Би чинь гэрэл зурагчин хүн. Энэ мэргэжлийнхээ ачаар Монголыг бүтэн тойрч үзсэн. Очих газраа мэднэ, хаана юу сайхныг мэддэг болохоор явдаг хэдэн найзтайгаар хэд хоногоор хөдөө явах дуртай. Заримдаа мотоцикл унаад давхина. Хотод мэдээж гэр зуур л байна.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Ойр дотны хүмүүсээсээ, ажлынхнаасаа. Хийж байгаа ажил маань биднийг сэтгэл санаагаараа сайн ойлголцох хэмжээнд аваачдаг. За тэгээд бүх л гоё юмнаас урам зориг авна даа. Энэ хорвоод хоол унднаас эхлээд хүмүүсийн хийж бүтээсэн олон гайхамшигтай бүтээл, байгалийн үзэсгэлэн гээд сэтгэл сэргээх зүйлс бишгүй олон.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Хамгийн сайн зөвлөгөөг гэр бүл, ойр дотны хүмүүс л өгдөг. Надад таалагдахгүй байсан ч сүүлд бодоход хэрэгтэй зөвлөгөө байсан бол тэр сайн зөвлөгөө байх. Эхнэр "Телевизээр гарах дуртай байж наад нүүр амаа янзлаач, тос мос түрхээч" гэхэд тоолгүй орхичихоод дараа нь хэрэгтэй юм хэлжээ гэж бодох жишээтэй (инээв).

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ?

"Худал амьдралаар олдож байгаа насаа битгий үр" гэвэл их л муухай сонсогдох байх даа. Өнөөдөр монголчууд худлаа юмыг мэдсэн мөртлөө тэрүүгээр амьдраад явж байна, байнга л нэгийгээ хуурч хулхидахыг илүүд үздэг болсон. Тэгээд үүнийгээ зах зээл гээд нэрлэчихсэн. Энэ хүмүүнлэг амьдрал мөн үү? Үнэн амьдралд үнэн нь ялдаг бол худал амьдралд худлаа нь ялдаг юм байна. Бидэнтэй хамтарч японы уран зохиол гаргаж байгаа Томоко гэж нэг япон бүсгүй бий. Тэр нэг удаа би Монголд ирээд муухай юм их сурч байна аа гэсэн шүү. Шударга биш нийгэмд шударга бус байх нь ашигтай байх шиг байна гэсэн. Хоёр намд л орохгүй бол бор зүрхээрээ амьдрахад хүрдэг. Ийм ялгавартай амьдрал хэцүү ш дээ. Хүмүүс аргаа бараад намд орж байна. Тэрнээс үзэл бодолдоо автаад бус, зарим нь бүр ядарсандаа энэ намууд руу чинь зүтгэдэг. Залуучууд улс төрчдийг дагаж маш бэртэгчин болсоор байна, тэрүүхэндээ аргалаад л, янз бүрийн юм горьдоод л явцгаана. Ийм амьдралын төгсгөл ямар аймшигтай болдгийг Толстойн "Иван Ильичийн үхэл" зохиолд маш гоё бичсэн байдаг. Өчигдөрхөн мэдээгээр Францын Ерөнхийлөгч болсон Макроныг хараад, ганцхан жилийн өмнө эхлүүлсэн улс төрийн хөдөлгөөнөө амжилтанд хүргэж өөрөө ерөнхийлөгч болсон төдийгүй, он удаан жил төр барьсан намуудыг шахаад ажилгүй болгож байна. Болдог л юм байна, сэтгэл сэргэмээр гоё санагдсан.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Хүн өөртөө таарсан ажлын арга барилтай байдаг бай. Тэгэхээр хэн нэгэн хүний ажлын арга барил гэхээс илүү хэн нэгэн хүний ямар нэгэн зүйлийн талаарх үзэл бодол нь сонин. Тийм хүнийг санал болгоё гэвэл жишээ нь жирийн нэг малчин ч юм уу, жирийн нэг багш хүн айж ичилгүй танай буланд санал бодлоо илэрхийлбэл сонин л байх.

Ярилцлагыг Д.Ганзориг
Гэрэл зургийг Б.Батзаяa (Зак)

37315   26


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.