Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   05 сарын 23, 2017

Апп тойм: Audible - Ном сонсож оюунаа хөглө

Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд ном унших цаг маш бага гаргаж байгаадаа өөртөө тун сэтгэл гонсгор явсаар өнгөрсөн 4 сарын 3-нээс эхлээд долоо хоног бүр нэг ном ямар нэгэн байдлаар дуусгаж байх зорилт/сорилт өөртөө тавьсан юм. Анх бүтэшгүй юм шиг санагдаж байсан ч өдөр бүр 30 минутаас 1 цаг орчим хугацааг ном уншихад эсвэл сонсоход зарцуулаад байхад долоо хоногт нэг ном дуусгах бүрэн боломжтой юм гээч. Нэг сар хагас гаруй хугацаа өнгөрсний дараа би ямар ч байсан The Dip (сонссон), Option B (сонссон), Startup Nation (уншсан), Animal Farm (уншсан), Trump Never Give Up (уншсан), Alibaba: The House That Jack Ma Built (уншсан) гэсэн 6 номны ард гарчихсан дараагийн номнуудаа эхлүүлчихсэн явна. Харин энэхүү өөртөө тавьсан зорилт маань Audible хэмээх аппгүйгээр биелүүлшгүй байх байсан болов уу? Дуусгасан болон талдаа орчихсон яваа номнуудын маань бараг тал хувийг нь аудио ном эзэлж байна. Угаас аудио ном, подкастууд дэлхий даяар нэгэнт хүчээ аваад байгаа. Чухам яг энэнд л зориулагдан бүтээгдсэн Audible апп-ийг өнөөдөр онцолж байна.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Танд ном унших зав гарахгүй байвал, эсвэл уншихаар анхаарал чинь төвлөрөхгүй байвал мэдлэг мэдээллээ хүлээн авах өөр нэгэн хэлбэр болгон хэрэглээрэй. Эсвэл хаа явсан газраа шинэ ном сонсож, мэдээллээс үл хоцрон оюун санаагаа хөглөх хүсэлтэй байвал Audible танд тусалж чадна. Ер нь ном яг уншаад суух цаг зав гарахаа байсан шахуу одоо үед ийш тийш алхаж явахдаа ном сонсоод байх тун зүгээр шүү.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Товчхонд нь дүгнэвэл их цомхон апп л даа. Гэхдээ ном сонсох үндсэн зорилгодоо бол 100 хувь нийцдэг. Худалдан авсан номнуудаа өөрийн утсан дээр татан авч хүссэн үедээ хаа ч явсан сонсох боломжтой бөгөөд та дараа нь яг өөрийн зогссон хэсгээс үргэлжлүүлэн сонсох боломжтой. Sleep timer хэмээх боломж нь тун давгүй бөгөөд орондоо ном сонсон хэвтэж байгаад унтахад тун тохиромжтой. Аудио ном таны заасан хугацааны дараа өөрөө зогсох болно. Хэрвээ та унтаагүй байвал ахиад сунгачихна гэсэн үг. Аудио ном сонсож байгаад өөрт таалагдсан хэсгүүддээ bookmark хийх боломжтой бөгөөд сүүлд нь гүйлгэн сонсоход тун хэрэгтэй байдаг. Сонсоод байхаар Marathoner, Weekend Warrior гэх мэт цол өгөөд байдагт бас тэрүүхэндээ урамших маягтай. Апп дотроо подкаст маягийн булантай бөгөөд Audible Originals хэмээх цуврал ярилцлага, эргэцүүлэл, аудио нэвтрүүлгүүдийг байнга хүргэдэг нь нэг онцлог давуу тал нь гэхэд болно. Мөн шинээр бүртгүүлсний дараа нэг ном үнэгүй өгөх болно.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Миний өөрийн хэрэглэдэг туршлагаас үндэслээд дөрвөн дутагдалтай тал дурдаж болохоор байна. Гэхдээ зөвхөн миний л бодол юм шүү.

Нэгдүгээрт ер нь жаахан үнэтэй. Хамгийн хямд болох Gold гишүүнчлэлийн эрх нь сарын $14.95 бөгөөд нэг кредит буюу нэг ном авах эрх өгдөг. Гишүүнчлэлтэй болсноор зарим аудио номнуудыг хямдралтай буюу $4-5 үнээр татаж авах боломжтой болдог ч миний бодлоор энэ нь үнэтэйдээ орно. Бүх ном хямдралтай биш бөгөөд сүүлийн үед эрэлттэй байгаа номнууд хэвлэмлээр худалдаж авснаас үнэтэй байх тохиолдол олон. Хэрвээ та хурдан сонсож дуусгаад байж чадна гэвэл мөнгө хэмнэх нэг муу арга зааж өгье. Аudible дээр авсан номоо 1 сарын дотор буцаах боломжтой байдаг бөгөөд оронд нь өөр ном авч болдог. Та номоо авмагцаа маш хурдан сонсож дуусгаад өөр номоор сольж сонсох буюу нэг кредитээр хоёр ном сонсож "туулайчлах" боломж бий. Туршиж үзэх эсэх нь таны сонголт юм шүү.

Хоёрдугаарт хүссэн номоо аппаасаа худалдаж авах боломжгүй буюу заавал вэб руу нь хандаж орж байж худалдаж авдаг. Чухам ямар шалтгааны улмаас ингэдгийг нь сайн мэдэхгүй ч зарим үед тун түвэгтэй санагддаг. Аппаас зөвхөн "Wishlist"-дээ хийх боломжтой.

Гуравдугаарт утсан дээрээ хэрэглэж байгаа тохиолдолд ер нь их зай эзлэх гээд байдаг талтай. Үүнийг дутагдалтай тал гэж дүгнэхэд бас өрөөсгөл ч Audible ашиглан ном сонсоно гэвэл та нэлээн багтаамж ихтэй буюу 32GB-с багагүй утастай байхыг зөвлөж байна.

Дөрөвдүгээрт зарим номын зохиогч нь өөрөө уншсан байх тохиолдол бий. Ийм номнуудыг сонсоход тун уйтгартай, монотон санагддаг нь нууц биш. Бүх зохиолч биш л дээ, гэхдээ сайн бичдэг хүмүүс чихэнд наалдацтай уншдаг, гоё хоолойтой байх нь цөөн санагдсан. Энийг апп-н гэхээсээ илүүтэйгээр Audible платформын, компанийн анхаарах зүйл гэвэл зохих байх.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Таны оюуныг хөглөх Audible апп-д бид 7 оноо өгч байна.

Татаж авах

25835   4


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.