Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   05 сарын 20, 2017

Кал Ньюпортын "Гүн төвлөрч ажиллах нь" номын тухай

Жоржтауны Их Сургуулийн компьютерийн шинжлэх ухааны профессор, зохиогч Кал Ньюпортын бичсэн Deep Work бол бүтээлч сэтгэлгээ шаардсан ажилд гүн төвлөрч, илүү бүтээмжтэй ажиллах тухай өгүүлсэн ном билээ. Deep work буюу гүн төвлөрч ажиллах чадвар нь ярвигтай мэдээллийг сайтар боловсруулж, бага хугацаанд илүү сайн үр дүн гаргахад тустай бөгөөд хийж байгаа зүйлдээ улам гарших, ажлаасаа авах сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг байна. "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагад орохдоо Датакомын Д.Энхбат гуай "Цаг хэмнэх хамгийн сайн арга бол тухайн цагтаа нэг л ажилд төвлөрөх. Өдөр бүр хамгийн чухал ажилдаа тасралтгүй, анхаарал сарниулахгүй 90 минут гаргах хэрэгтэй" гэж захиж байсантай үндсэндээ агаар нэг. Энэ чадвар бол өнөөгийн өрсөлдөөнт, бас сатаарах зүйл ихтэй ертөнцөд супер хүч л гэсэн үг. Гэвч өдгөө маш олон хүн гүн төвлөрч ажиллах чадвараа нэгэнт алдаж, имэйл, сошиал медиад үнэт цагаа үрж байгааг та бид мэднэ. Зохиогч энэхүү номондоо сатаарах нь муу гэж үзүүлэхийн оронд гүн төвлөрч ажиллах нь ямар ач тустайг илүүтэй харуулж, практик зөвлөгөөнүүдийг өгчээ.

Тус номонд гүн төвлөрч ажиллах цаг гаргах хэд хэдэн арга байдгийг дэлгэрэнгүй тайлбарласныг өнөөдөр зохиогчийн үгээр товчлон хүргэж байна. Эдгээр аргуудаас өөрийн нөхцөл байдалд тохируулан аль тохирохыг сонгон авч, гүн төвлөрч ажиллавал гайхалтай үр дүн гарна гэдэгт итгэж байна.

The Monastic Philosophy - Бүрэн тусгаарлах арга

Доналд Кнутыг аваад үзье. Тэрээр компьютерийн шинжлэх ухаанд олон инноваци хийснээрээ алдартай. Салбарынхан дундаа тэр мөн имэйлд хэрхэн ханддагаараа нэртэй юм. Хэрвээ та түүний вэбсайтад зочилбол дараах тайлбарыг олж үзнэ:

Би 1990 оны 1 сарын 1-нээс хойш имэйл ашиглалгүй аз жаргалтай байж ирсэн. Би 1975 оноос хойш 15 жил имэйл ашигласан ба үүнийг нэг насанд хангалттай хугацаа гэж бодож байна. Имэйл бол аливаа ажлаас хоцрохгүй "дээр" нь явах ёстой хүмүүст бол гайхалтай хэрэгсэл. Харин ажлынхаа "гүнд" нь байх ёстой миний хувьд үгүй юм. Удаан хугацаанд анхаарлаа төвлөрүүлж суралцах нь миний хийдэг ажил.

Гэхдээ Кнут дэлхий ертөнцөөс бүрэн таслагдахыг зориогүй. Тэрээр ном бичихдээ олон зуун хүнтэй харилцах шаардлагатай байдаг, ингэхдээ биет шуудан ашигладаг гэдгээ хэлдэг. Түүний энэ аргыг би бүрэн тусгаарлах арга гэж нэрлэж байгаа юм.

Энэ аргыг сонгогчид нь голдуу том бөгөөд тодорхой зорилготой, амжилт нь нэг зүйлийг төгс сайн хийснээр хэмжигдэх хүмүүс байдаг. Ийм аргаар ажилладаг хүмүүсийн өөр нэг жишээ гэвэл шинжлэх ухааны зохиол бичдэг Нийл Степенсон байна.

The Bimodal Philosophy - Хосмог арга

Энэ ном нэрт сэтгэл зүйч Карл Юнгийн түүхээр эхэлдэг. Тэрээр 1920-оод оны үед өөрийн ментор Зигмунд Фройдтой санал нийлэхгүй байгаа онол дээрээ ажиллахын тулд Боллинген хотоос зайдуу модод дундах тоосгон байшиндаа үе үе ажиллах болжээ. Тэнд Юнг өглөө бүр өөрийгөө жижиг өрөөнд түгжин, бичиж туурвих ажлаа саадгүй хийдэг байжээ. Дараа нь модон дунд алхан толгойгоо сэргээн алхаж, маргаашийн ажилдаа өөрийгөө бэлддэг байж. Энэ үе бол Фройд болон түүний дэмжигчидтэй хийх "оюуны тулаан"-д хүч үзэхүйц түвшинд хүрэхэд Юнг-д энэ арга тусалсан байна.

Гэхдээ энэ үед тэр Доналд Кнут, Нийл Степенсон нар шиг ажиллаж байгаагүй юм. Харин тэр ийн "лагерьт гарах" үедээ л бусад том жижиг бүх ажлаас өөрийгөө чөлөөлдөг байж. Харин Цюрих дэх амьдрал нь огт эсрэгээр байлаа. Тэр эмнэлэг ажиллуулдаг байсан ба орой шөнө хүртэл өвчтөнүүдийг үзэж, их сургуулиудад лекц уншдаг байжээ. Үндсэндээ Цюрихд байх хугацаандаа яг л өнөөгийн тек компанийн CEO-той зүйрлэхүйц байдлаар завгүй ажилладаг байв.

Юнгийг арга барилыг хосмог гэж нэрлэж байна. Энэхүү арга нь тодорхой хугацааг гүн төвлөрч ажиллахад зарцуулж үлдсэнийг нь нээлттэй орхино гэсэн үг юм. Жишээ нь долоо хоногт амралтын хоёр өдрөө, жилээр яривал нэг улирлыг гүн төвлөрч ажиллахад зарцуулж болох юм. Их сургуулийн багш нар бол зуныг ашигладаг. Үндсэндээ энэ арга нь гүн төвлөрөх шаардлагагүй бусад ажлуудыг бас хийхгүй бол болдоггүй хүмүүст тохирно. Жишээ нь Юнг амьдрах мөнгө олохын тулд эмнэлэгтээ ажиллахаас аргагүй байв. Орчин үеийн жишээ гэвэл Вартоны Бизнесийн Сургуулийн профессор, зохиогч Адам Грант байна. Тэр бүх хичээлээ нэг семестерт шахаж, үлдсэн хугацаанд гүн төвлөрч ажилладаг. Мөн сардаа нэгээс хоёр удаа 2-4 хоногийг бүрэн тусгаарлах аргаар ажиллаж, бусад бүх зүйлийг мартдаг байна. Ийм арга барилаар тэр их сургуулийн багшийн хувьд амжилттай ажиллахын сацуу Give and Take, Originals зэрэг шилдэг номуудыг бичиж амжжээ.

The Rhythmic Philosophy - Хэмнэл үүсгэх арга

Seinfeld шоуны эхэн үедээ Жерри Сэйнфэлд байнга аялан тоглодог завгүй инээдмийн жүжигчин байжээ. Тэр үед Брад Айзак хэмээх инээдмийн жүжигчин Сэйнфэлдээс зөвлөгөө авснаа дурссан байдаг. "Илүү сайн инээдмийн жүжигчин болох арга бол сайн хошигнолуудыг зохиох. Харин хошигнол зохиохын тулд өдөр бүр бичих хэрэгтэй. Би бол ханан дээрээ календарь зоогоод бичсэн өдөр бүр хэрээсэлдэг, ингэснээр хэдэн өдрийн дараа гинж үүсдэг. Гинжээ уртасгаж, таслахгүй байх нь гол даалгавар" хэмээн тэр зөвлөжээ. Өдгөө алдартай болсон энэ "гинжин арга" нь миний хэмнэл үүсгэх гэж нэрлэж буй аргын нэг жишээ юм. Өөрөөр хэлбэл байнга гүн төвлөрч ажиллах нэг арга бол үүнийг дадал болгох, хэмнэл үүсгэх юм.

(Энд нэгэн монгол жишээ дурдъя. Монгол улсын гавьяат эмч, "элэгний" М.Шагдарсүрэн эмчийн завгүй ажлынхаа хажуугаар олон арван орчуулгын бүтээл туурвисан билээ. Түүний "нууц" нь өглөө бүр 5 цагт босож 2 цаг орчуулах ажлаа хийх хэмээн ярилцлагууддаа дурдаж байсан юм. Энэ бол гүн төвлөрч ажиллах цагийг өдөр тутам тогтмол гаргах энэ аргын тод жишээ юм. Д.Ганзориг)

The Journalistic Philosophy - Сэтгүүлчийн арга

1980-аад онд сэтгүүлч Уолтер Айзаксон 30 гаруй настай, Тайм сэтгүүлд тогтмол зэрэг дэв ахиж байв. Тэр үед Кристофер Хитченс түүнийг Америкийн сэтгүүлийн сэтгүүлчид дундаа шилдгүүдийн нэг хэмээж байв. Энэ үед тэр сэтгүүлчид дунд тогтсон бичигдээгүй хуулиар шилдэг гэдгээ батлахын тулд сайн ном бичих ёстой байв. Ингээд тэр нэгэн ярвигтай сэдэв сонгосон нь Хүйтэн дайны бодлогод ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн 6 эрхмийн талаарх намтар ном байжээ. Улмаар хамтран ажиллагч Эван Томастай нийлэн 864 хуудастай The Wise Men: Six Friends and the World They Made хэмээх бүтээлийг туурвисан юм. Үүнээс 10 гаруй жилийн дараа тэр Тайм сэтгүүлийн эрхлэгч болж, дараа нь Aspen Institute-ийн гүйцэтгэх захирал болж, Бэнжамин Франклин, Альберт Эйнштэйн, Стив Жобс нарын намтрыг бичсэн нь ихэд алдаршсан билээ.

Түүний эхний номоо хэрхэн бичсэн нь их сонирхолтой. Миний авга Жон Паул Ньюпорт тухайн үед Нью Йоркт сэтгүүлч байсан ба Айзаксонтой хамт нэг зун далай эргийн байшин түрээлсэлж байжээ. Авга маань түүний ажлын арга барилыг дурсахдаа:

Гайхалтай байсан шүү... Тэр биднийг далай эрэг дээр хөгжилдөж байхад өрөөндөө хэсэг хугацаанд орж номон дээр ажилладаг байв. Тэр 20 минут ч юм уу 1 цаг бичгийн машинаа тачигнуулна. Тэгснээ тун сэтгэл хангалуун гарч ирдэг сэн. Тэр цаг л гарвал өрөө рүүгээ баяртай нь аргагүй орж ажилладаг байсан.

Айзаксон цаг л олдвол гүн төвлөрч ажилладаг байжээ. Тэр улсын хамгийн том сэтгүүлийн сэтгүүлчээр ажиллахын хажуугаар бараг 900 хуудастай ном бичнэ гэдэг гайхалтай. Энэ аргыг сэтгүүлчийн арга хэмээлээ. Энэ бол сэтгүүлчид шиг хормын дотор л бичиж туурвих ажилд томилогддог, тэгж ажиллахаар бэлтгэгдсэн хүмүүст илүүтэй таарах арга барил болов уу. Энэ бол гүн төвлөрөх ажилд эхлэн суралцагсдад нэг их тохирохгүй. Энэ нь өөртөө итгэлтэй байдлыг, дадмаг байдлыг шаардана. Миний хувьд энэ номыг бичихийн тулд чөлөө зав л гарвал ажилладаг байсан болохоор энэ аргыг хэсэгчлэн ашигласан гэж болно.

26219   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.