Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   04 сарын 03, 2018

Апп тойм: Stride - Багийн харилцаа холбооны шинэ шийдэл

Дөрөвдүгээр сарыг "Байгууллагын соёлын довтолгоо"-ны сар болгон зарласан бид компанийн соёл, харилцаа, ажиллах орчны талаарх нийтлэлүүдийг дараалуулан хүргэх юм. Апп тоймын энэ удаагийн дугаарт бид Trello-г бүтээгч Atlassian компаниас гаргасан харилцаа холбооны Stride чат апп-ийг танилцуулахаар сонголоо. Шилдэг чат аппуудын нэг болох Slack-ийг "халах"-аар гарч ирсэн уг апп-ийн давуу, сул талуудыг хамтдаа сонирхъё.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Багийн гишүүд тань мэдээллийн зөрүүтэй, бүгд хамтдаа хурдтай урагшилж нэг л чадахгүй байна уу? Эсвэл одоо хэрэглэж буй харилцаа холбооны тань хэрэгсэл санаанд нэг л нийцэхгүй байна уу? Эсвэл ажил хэрэг явуулах гэж хэтэрхий олон апп-ийг зэрэг хэрэглэх болж, түүндээ түүртэж байна уу? Хэрвээ та эдгээр асуултын аль нэгэнд тийм гэж хариулж байвал Stride-ийг туршаад үзээрэй. Trello хэмээх төслийн менежментийн шилдэг апп-ийг гаргасан компани муу бүтээгдэхүүн гаргахгүй нь ойлгомжтой. Stride-ийг өмнө нь Trello-гийн төлбөртэй хэрэглэгчдэд санал болгодог байсан тэд тусдаа үнэгүй бүтээгдэхүүн болгон гаргажээ.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Бусад аппуудад байдаггүй 3 онцлогийг танилцуулъя.

Нэгдүгээрт, хэт их мэдээллийг хураангуйлдаг горим. Жишээлбэл, зарим өглөө босоход чатад хэрэгтэй, хэрэггүй нь мэдэгдэхгүй баахан мессеж ирсэн байдаг шүү дээ. Тэдгээрээс өөртөө хэрэгтэй мэдээллийг, эсвэл ямар нэгэн чухал шийдвэр гаргасан эсэхийг олж мэдэхийн тулд багагүй цаг зарцуулдаг. Тэгвэл уг апп-ийн “focus” гэх горимын тусламжтайгаар таны нэрийг дурдсан, тантай холбоотой бусад чухал чатуудын хураангуйг завтай болсон үедээ харж болох юм.

Хоёрт, “video meeting, action, decision” гэсэн нэмэлтүүд. “Video meeting”-ын тусламжтайгаар багийнхантайгаа зүгээр видео дуудлага хийх бус хэнтэй ярих, ярихгүйгээ сонгох, дуудлагадаа нууц үг нэмэх, компьютер утасныхаа дэлгэцийг бусдад шууд харуулах боломжтой. Харин “Action”-ийг хэрэглэснээр чат бичиж байхдаа л хэн нэгэнд даалгавар өгч болохоос гадна тухайн даалгаврыг гүйцэтгэж дууссан эсэхийг мөн шалгах боломжтой. Түүнчлэн, “Decision” тусламжтайгаар чат бичиж байхад гарсан чухал шийдвэрийг тэмдэглэж болно.

Гуравт, хэрэглэхэд тун ойлгомжтой. Олон зүйлд та төөрөлдөхгүй. 21-р зуунд тренд болж буй минималист байдлыг ихэд бодолцсон гэдэг нь хэрэглэж эхэлсэн цагаас л тодорхой анзаарагдана. Наад зах нь гэхэд дэлгэц дээрээ 2 зүйлийг (чат болон хуваалцсан файл г.м) зэрэг хянах боломжтой тул бүтээмж, хурдыг нэмэгдүүлнэ. Мөн та өөрийн хүслээр 20 гаруй төрлийн апп-ийг чатдаа нэмэх боломжтой. Эдгээрт бидний сайн мэдэх Trello, Giphy зэрэг багтана.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Харьцангуй шинэ буюу нээлтээ хийгээд долоон сар болж байгаа тул зарим тохиолдолд гацах буюу зөв ажиллахгүй байх магадлал бий. Мөн үнэгүй хувилбар нь 5 GB багтаамж, 25 мянга хүртэл мессежийг архивладаг. Харин хязгааргүй багтаамж болон 25 мянгаас их мессеж архивлахыг хүсвэл мөнгө төлөх хэрэгтэй болно.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Уг апп-д дутагдалтай тал тун цөөхөн болохыг та анзаарах болно. Зах зээлд гараад удаагүй байгаа апп энэ зэрэгтэй явж байгаа нь тун сайшаалтай хэрэг учир Unread-ийн зүгээс 8 оноо өгч байна.


Нийтлэлийг бичсэн Д.Түшигт-Эрдэнэ

Татаж авах

11868   2


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Tushigt-Erdene D.
Buted O.




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.