Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   05 сарын 14, 2017

7 хоногийн тойм: 39 настай ерөнхийлөгч + Анхны 800 тэрбумын компани + Хамгийн эрэлттэй нэр

Шинэ ерөнхийлөгчид + Трамын гэнэтийн шийдвэр

Олон нийтийн анхаарлын төвд явагдсан Францын сонгуулийн 2 дахь шатны үр дүн гарч, 39 настай Эммануэл Макрон ялалт байгууллаа. Наполеоноос хойших Францын хамгийн залуу удирдагч болсон Э.Макроны ялалтыг зөвхөн Европ даяар төдийгүй дэлхий дахин талархан хүлээж авч байна. Жилийн өмнө байгуулсан En Marche намаасаа нэр дэвшин 66.06 хувийн санал аван ялалт байгуулсан түүнийг сүүлийн жилүүдэд ихээхэн тархаад буй популист үзэл санааны эсрэг эцсийн найдваруудын нэг хэмээн олон нийт дэмжиж байсан юм. Өөрөөсөө 24 насаар эгч эхнэртэй гэдгээрээ ихээхэн анхаарал татсан Макрон төрийн бүтцийг багасгаж, ажилгүйдлийг бууруулна хэмээн гол амлалтаа өгөөд байсан билээ. Өмнөх ерөнхийлөгчөө авилгал, ёс зүйн асуудлаар буруутгаж, огцруулж, бүр шоронд илгээсэн БНСУ-д явагдсан ерөнхийлөгчийн сонгуулийн дүн мөн гарлаа. Энэ удаагийн сонгуульд "Тобура" Ардчилсан намаас нэр дэвшсэн Мун Жэ Ин нийт сонгогчдын 41.1 хувийн саналыг аван ялалт байгуулжээ. Хүний эрхийн хуульчаар ажиллаж байсан, өмнөх сонгуульд өрсөлдөн ялагдаж байсан өдгөө 64 настай Мун шууд тангаргаа өргөн ажилдаа оржээ. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын багийг сонгуулийн үеэр ОХУ-тай харилцаж байсан эсэхийг шалгаж байсан гэгдэх Холбооны Мөрдөх Товчооны дарга Ж.Комиг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан явдал ихээхэн анхаарал татлаа. 10 жилээр сонгогддог ХМТ-ны дарга өмнө нь нэг ч удаа "халагдаж" байгаагүй бөгөөд шинжээчид үүнийг "улс төрийн" шинжтэй шийдвэр боллоо хэмээн Трампыг буруушааж байна.

BBC: Макроныг ялалтанд хүргэсэн 5 шалтгаан
Al Jazeera: БНСУ-ын шинэ ерөнхийлөгч хэн бэ?
358: Трамп яагаад Комиг халав?

Э.Макрон - Залуу, эрчтэй, амбицлаг төрийн тэргүүн

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Өнгөрсөн долоо хоногийн хамгийн технологийн салбарын хамгийн онцлох үйл явдал бол оны эхэнд нээлттэй компани болсон Snap сарын тайлангаа зарласан явдал байлаа. Энэ жилийн хамгийн эхний амжилттай IPO болж, араасаа "булган сүүлтэй" байсан Snap-ийн тайлан тун муу байсны улмаас хувьцааны үнэлгээ нь бараг 20 гаруй хувиар буурав. Жилийн өсөлт нь 36 хувиар, улирлын өсөлт нь 48 хувиар буурсан Snapchat 2.2 тэрбум долларын алдагдалтай ажиллаж байгаа ажээ. Энэ сарын 12-ны өдөр дэлхийн 99 улсыг хамарсан том хэмжээний кибер халдлага боллоо. "WannaCry" нэртэй вирусын улмаас Их Британийн Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэн хамгийн их хохирол амсаж, олон өвчтөн, эмчлүүлэгчид үйлчилгээ авах боломж хумигдсан байна. Үүнээс гадна Оросын үүрэн телефоны оператор "Мегафон"-ы сүлжээ, Германы төмөр замын тасалбар борлуулах сүлжээ, Италийн их, дээд сургуулиудын лабораториуд зэрэг төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллага энэ халдлагад өртжээ. Өнгөрсөн 10-р сард Элон Маскийн танилцуулсан SolarCity-ийн үйлдвэрлэх нарны эрчим хүч хуримтлуулах дээврийн урьдчилсан захиалга эхэлсэн байна. Та 1000 долларын барьцаа шилжүүлсний дараагаар байрны хэмжээ, байршил зэргээс хамааран өөрчлөгдөх "зардлын төсөв"-өө гарган захиалгаа өгөх боломжтой аж. Apple унталтын мэдээлэл цуглуулагч төхөөрөмж, апп бүтээгч Beddit-ийг худалдаж авснаа зарлалаа. 2007 онд Финляндад байгуулагдаж байсан тус компани 3.5 сая долларын хөрөнгө оруулалт босгоод байжээ. Фэйсбүүк ирэх сард анх удаа зохиогдох Communities Summit-ийн өмнө группд оруулж буй шинэ нэмэлтээ танилцууллаа. Одоо админууд группд шинэ гишүүн авахдаа урьдчилсан мэдээлэл цуглуулах буюу асуулт асуун оруулах эсэхээ шийдэх боломжтой болсон байна. VR технологи хөгжүүлэгч Их Британийн стартап Improbable нийт 502 сая долларын хөрөнгө оруулалтыг Softbank тэргүүтэй компаниудаас татсанаа зарлалаа. Ингэснээр тэдний үнэлгээ 1 тэрбумын босго давж байгаа бөгөөд хамгийн өндөр хөрөнгө оруулалт татсан Европ стартапуудын нэг болж байгаа юм. Apple өнгөрсөн лхагва гарагт зах зээлийн үнэлгээ нь 800 тэрбум доллар давсан түүхэн дэх анхны компани боллоо. Тэд 700 тэрбумын босгыг 2015 оны 2-р сард давж байжээ.


Recode: Snap-ийн сүйрэл дагуулсан тайлангаас анзаарсан гурван зүйл
ZeroHedge: Түүхэнд бичигдэхүйц халдлагад 57 мянган хэрэглэгч өртжээ

Группт орохыг хүсэж байна уу? Асуултанд хариулахдаа бэлдээрэй.

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Европын хамгийн том энтертэйнмент тэмцээнд тооцогдох Eurovision 2017 өнгөрөгч долоо хоногт Украйны Киев хотноо явагдлаа. 62 дахь удаагийн тэмцээнд ОХУ улс төрийн шалтгааны улмаас оролцохгүй хэмээн мэдэгдсэн нь ихээхэн шуугиан дэгдээгээд байсан. Өчигдөр болсон финалд өнгөрсөн жил өнжсөн Португал улсыг төлөөлөн оролцсон С.Собрал хэмээх уран бүтээлч хамгийн их санал авч түрүүлсэн байна. Болгар, Молдавын дуучид эхний 3 байрт орсон нь бүгдийнх нь хувьд түүхэн дээд амжилт болжээ. Нийт 42 улс оролцдог уг тэмцээнийг шууд үзэгчдийн тоо нь олимпийн наадмын нээлттэй дүйцэхүйц байдаг бөгөөд Супер Боулаас ч давдаг гэгддэг билээ. Энэ долоо хоногт альтернатив рок хөгжим сонирхогчдын хувьд баяртай өдрүүд өнгөрлөө. Энэ чиглэлийн топ хамтлагууд болох Vampire Weekend, Fall Out Boy, Fleet Fox нар шинэ цомгоо зарлан, шинэ видео, шинэ тоглолтын товоо олон нийтэд хүргэжээ. Сонирхуулахад, Америкийн Нийгмийн Халамжийн байгууллагаас жил бүр гаргадаг оны хамгийн эрэлттэй хүүхдийн нэрсийн жагсаалтын хамгийн эрэлттэй нэрээр Star Wars-ийн баатрын нэр Kylo тодорсон байна. Kylo гэх нэр хамгийн алдартай нэрсийн жагсаалтанд 2308 байр ахиж, 901-д бичигджээ. Game of Thrones-ийн Khaleesi, The Walking Dead-ийн Tyreese зэрэг нэрүүд томоохон үсрэлт үзүүлсэн байна. Харин хамгийн эрэлттэй нэрээр 19000 шинэ эцэг эхийн сонгосон Ноа гэдэг нэр тодорчээ.

CNN: Eurovision-д анх удаа Португал түрүүллээ
AP: Америкийн хамгийн алдартай нэр

Португалын гэнэтийн ялалт Европыг байлдан дагуулав

Спортын ертөнцийн эргэн тойронд

Европын хамгийн их үзэгч, сонирхогчидтой хөлбөмбөгийн лигүүдийн нэг Английн Премьер лигийн аваргын нэр тодорхой боллоо. Өнгөрсөн жил Европын эрхээ ч авч чадаагүй Челси клуб Вест Бромвичийг 1:0-ээр хожсоноор 87 дахь оноогоо авч, 6 дахь удаагаа аваргалах болзлоо хангалаа. Тэд энэ улиралд 28 тоглолтонд хожоод байгаа юм. Ирэх улиралд Премьер лигээс 5 баг Аваргуудын лигт өрсөлдөх боломж хадгалагдсаар байна. Ж.Моуриньогийн удирдсан Манчестер Юнайтед Европа лигийн хагас шигшээд Сельтаг нийлбэр дүнгээр 2:1-ээр хожиж шигшээд үлдэв. Тэд Стокхольм хотноо Аяксын залуусыг хожиж чадвал Аваргуудын лигийн эрхээ өвөртлөх билээ. Энэ жилийн Аваргуудын лигийн финалд Монаког буулгасан Ювентус болон Атлетиког хожсон Реал Мадрид тунаж үлдлээ. Реал Мадрид Ювентусыг хожиж чадвал аваргаа хамгаалсан орчин цагийн анхны баг болох учиртай. Багамын арлуудад хуралдаж буй ФИФА-ийн жилийн чуулганаас байгууллага дахь авилгал, ёс зүйтэй холбоотой асуудлуудыг шийдэж байсан бие даасан зөвлөл болох "Ёс Зүйн Комисс"-ын мэргэжилтнүүдийг ажлаас чөлөөлсөн нь хамгийн онцлох мэдээ байлаа. Тус зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Герман мэргэжилтэн Х.Экертийн мэдэгдснээр 2015 оноос хойш тэд 200 гаруй хэрэг дээр ажиллаж байсан бөгөөд нэг алхам ухрах шийдвэр гарсанд харамсаж байгаагаа мэдэгджээ.
NYT: ФИФА ёс зүйн зөвлөлийн гишүүддээ чөлөөллөө
BBC: Челси хэрхэн Премьер лигийн аварга болов?

Челси 2 тойргийн өмнө аваргын болзлоо хангалаа. Тэднийг зогсоох баг энэ жил байсангүй.

Шинжлэх ухааны ертөнцийн эргэн тойронд

Бразил улс өнгөрсөн онд зохион байгуулсан олимпийн наадмын үеэр ихэд идэвхжиж, олон нийтийг сандаргасан "зика" өвчинтэй холбоотойгоор зарлаад байсан онц байдлаа албан ёсоор цуцалснаа мэдэгдлээ. Шумуулаар дамжин халддаг зика өвчний улмаас шинээр төрж буй хүүхдүүдэд microcephaly буюу тархины хөгжилд нөлөөлөх, жижиг толгойтой төрөх шинж тэмдгүүд илэрч байсан. Тэгвэл эрх баригчдын мэдээлж байгаагаар өнгөрсөн жилтэй харьцуулахад өвчний илэрц 95 хувиар буурсан гэнэ. Гэхдээ оны эхний 4 сараар 7000 гаруй өвчтэй хүүхэд төрснийг тэд сануулав. Үүнтэй зэрэгцэн Ардчилсан Конго улсад "эбола" вирусын шинж тэмдэг илэрч, хүний амь нас хохирсныг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага зарлалаа. Эбола өвчин хамгийн анх илэрсэн гэгддэг Конгод 4-р сарын сүүлээс эхлэн хэд хэдэн өвчтөн тодорхойгүй шалтгааны улмаас эмчлүүлж байсан бөгөөд лабораторийн шинжилгээгээр эбола вирус мөн гэдгийг баталж, онц байдал зарлажээ. Баруун Африкт сүүлийн жилүүдэд ихэд дэлгэрээд буй энэ вирусын улмаас 29000 мянган хүн халдвар авч, 11000 гаруй хүн нас барсан билээ. Англид хэвлэгдсэн ДОХ-ын өвчтэй хүмүүсийн дундаж наслалттай холбоотой тайлан ихээхэн сонирхолтой үр дүнг гаргасан байна. 1996-2010 оны хооронд эмчилгээ авч буй 88 мянган халдвартай иргэд дээр хийсэн судалгааны дүнгээс үзэхэд 15 жилийн дотор эрэгтэйчүүдийн наслалт 10 жилээр, эмэгтэйчүүдийнх 9 жилээр нэмэгдсэн гэнэ. Европ, Хойд Америкт амьдарч буй, 2008 оноос хойш эмчилгээ хийлгэж буй 20 настай хүний дундаж наслалт 78 байх тооцоог эрдэмтэд гаргажээ. Шинэ эмчилгээ, эмийн сонголт зэрэг нь үүнд нөлөөлж байгаа бөгөөд үүнээс үндэслэн иргэд ДОХ-ыг "эдгэшгүй", "үхлийн" өвчин гэж хүлээн авах хандлагаа өөрчлөөсэй гэж судлаачид найдаж байгаа ажээ.

TheVerge: Ардчилсан Конго эболагийн улмаас онц байдал зарлалаа
CBS: ДОХ-той хүмүүс энгийн хүмүүстэй ойролцоо наслах боломжтой

Эбола эргэж ирэв!

25970   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.