Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   04 сарын 20, 2017

Мэдүүштэй: Фэйсбүүк "бодлоороо бичиж", "арьсаараа сонсохыг" санал болгож байна

Жил бүрийн 4-р сард Фэйсбүүк хөгжүүлэгчдэд зориулсан F8 арга хэмжээг зохион байгуулж, шинээр эхлүүлж буй төслүүдээ танилцуулан, хамтран ажиллах боломж гарцыг хэлэлцүүлдэг уламжлалтай. Энэ жилийн F8 энэ өдрүүдэд Сан Хосе хотноо явагдаж, мессенжер, AR, камер зэрэгтэй холбоотой олныг гайхшруулсан цөөнгүй нэмэлтүүдийн танилцуулгууд хийгдлээ. Гэхдээ эдэн дундаас Фэйсбүүкийн "тархинд нэвтрэх" зорилго хамгийн онцлууштай, мэдүүштэй нь байв. Unread Фэйсбүүкийн хамгийн том амбицыг тайлбарлаж байна. 

Тархиараа бичиж, арьсаарааа сонсохуй

Урт имэйл биччихээд "Илгээх" товч дардаг үеэ март. Уулзалтын дундуур мессеж явуулах гэж бөөн нууц ажиллагаа хийдэг байснаа ч март. Компьютерын гаран дээрх үсгүүдийн байршлыг тогтоох гэж зүдрэх ч үе хэрэггүй болж. Фэйсбүүк таныг бодлоороо л бичүүлэхийг хүсч байна.

Хэрвээ та юу бичихээ зүгээр л боддог, тэр чинь бичигддэг, шивэгддэг бол ямар вэ?

Яг энэ технологи дээр ажиллаж байгаагаа Фэйсбүүк өнгөрсөн шөнө танилцуулав. Тэд минутанд 100 хүртэлх үг бичих боломжтой "чимээгүй яриа" нэртэй технологийг хөгжүүлж байгаа бөгөөд тархины долгионыг ямар нэгэн хагалгаа, чип суулгахгүйгээр барьж илрүүлэх зарчмаар ажиллах учиртай гэнэ.

"Бидний тархи секунд бүрт 4 HD киног уншуулахуйц хурдтайгаар ажилладаг. Гэвч хамгийн гол асуудал нь бид тэндээсээ мэдээлэл гаргахдаа 80-аад оны үеийн технологийг ашигласаар л байгаа нь юм" хэмээн Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг F8-ийн нээлтийн илтгэлдээ хэлсэн нь ч санаандгүй хэрэг биш байлаа. "Бид утсан дээрээ, лаптоп дээрээ бодлоо, үгсээ хөрвүүлдгээс тань 5 дахин хурдан ажиллаж чадах технологийг бүтээж байна. Бид энэ технологийг төхөөрөмж болгон олон нийтэд зориулан үйлдвэрлэх болно" хэмээн тэрээр хэлжээ.

Гайхалтай биш гэж үү?

Үүнээс гадна тэд арьсаараа сонсох буюу дуу авиаг мэдрэн тархинд шууд хүлээн авах боломжийг олгох технологийг бүтээж байгаа гэнэ. Ялгаатай долгионыг хүлээн авсан уг төхөөрөмж эдгээрээ хөрвүүлэн арьсаар дамжуулан шууд тархи руу бодол болгон хөрвүүлэх зарчмаар ажиллана. Энэ технологийн тусламжтайгаар хүмүүс хятадаар бодсон өгүүлбэрээ хажуугийн хүндээ испани хэл дээр ойлгуулах боломжтой болох аж.

Р.Дюган танд тархиараа бичихийг санал болгож байна

Фэйсбүүк хэрхэн энэ технологийг бүтээх вэ?

Фэйсбүүк өнгөрсөн жилээс Building 8 нэртэй судалгааны багийг байгуулж, "нууц төсөл" дээр ажиллуулж байсныг олон эх сурвалжууд баталж байв. Энэ багийг удирдаж буй Режина Дюган Фэйсбүүкээс өмнө Гүүглийн дэвшилтэт технологи хөгжүүлэлтийн багийг ахалж байсан туршлагатай нэгэн. Хэдий тэд хөгжүүлж буй технологи нь ямар шатан дээр явж байгаагаа тодорхой мэдэгдээгүй ч асар их хөрөнгө оруулалт, хүчин чармайлт гаргахад бэлэн байгаа нь илхэн байлаа. 400 гаруй тэрбумын зах зээлийн үнэлгээтэй компанид мөнгө бол асуудал биш.

Building 8-ийн ажиллаж буй технологи ердөө 6 сарын өмнө санаа төдий л байсан аж. Гэвч тэд одоо Калифорнийн Их Сургууль, Харвард, Стэнфорд, Жон Хопкинс зэрэг тэргүүлэх 17 сургууль, судалгааны институудтэй хамтран ажиллаж, ирээдүйн технологийг бүтээж байна. Сонирхуулахад, одоогоор нээлттэй байгаа 46 ажлын байрыг нь эндээс харж, материалаа явуулан, өрсөлдөж ч болох аж.

"Бидний толгойд эргэлддэг хязгааргүй их бодлоос та өөрийн хүссэнээ сонгож хуваалцах боломжийг бид эрмэлзэж байна. Бид тэдгээр үгсийг тайлах, хөрвүүлэх талаар ярьж байна. Дуу хоолойг, гарын хурдыг орлох технологийг бид авчрах болно" гэх Дюганы багт одоогоор 60 гаруй судлаачид, эрдэмтэд, хөгжүүлэгчид ажиллаж байгаа ажээ.

Зукерберг: Энэ цагийн хамгийн амбицтай хүн мөн үү?

Бид баярлах хэрэгтэй юу? Айх хэрэгтэй юу?

"Технологи бидний төсөөлж байснаас ч илүү олон давуу талыг бидэнд авчрах болно. Бодол хөрвүүлэх нь ердөө л эхний алхам" хэмээн хэлэх Зукербергийг үгс олон хүнийг гайхшруулсан ч цөөнгүй хэсгийг бодолд автуулан, эмээхэд хүргэв. Бид урдах төхөөрөмжүүдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй байхад аюулгүй байдал талаасаа энэ технологи үнэхээр хэрэгцээг хангаж чадна гэж үү?

"Бид таны бодол бүрийг, элдэв санаа бүрийг тань унших талаар огт яриагүй шүү" гэж Дюган ахин ахин сануулж байсан ч үл эргэлзэгчдийн санааг амрааж дөнгөсөнгүй. Бидний тархины мэдээллийг хуулж аваагүй, өөр тийшээ илгээгээгүй гэдгийг хэрхэн батлах вэ гэдэг асуулт үүнтэйгээр уялдан гарч ирэх нь зүй ёсны асуудал. Хүмүүүсийн хэрэглээ, зан төлөвийн датаг борлуулж ашиг олдог компаниуд ирээдүйд шууд бодлыг маань, бодлын түүхийг маань худалддаг болчих юм биш биз? Компаниуд биднээс асуухгүйгээр, биднийг ажиглахгүйгээр шууд нөлөөлж чаддаг болчихвол яах вэ?

Нөгөө талаас Фэйсбүүкийн хүсч буй төхөөрөмж бидэнд ирээдүйг төсөөлөх "шипи" өгч байгаа мэт. Компьютер хүний тархины нэг хэсэг эсвэл өргөтгөсөн хэсэг болон ашиглагдах цаг ойрхон ирсэн ч юм шиг. Бидний тархи өөрөө эргэн тойрон дахь ухаалаг төхөөрөмжүүд болох гар утас, компьютер, цаг зэрэгтэй шууд холбогдож, удирдах боломжийг олгох ч боломж харагдсаар. Бодлоороо ярилцдаг, бодлоороо төхөөрөмжүүд удирддаг зөгнөлүүд биелэх дөхсөөр. Өөр нэг энэ цагийн гол дүрүүдийн нэг Элон Маск ч тархи-компьютерийг холбохыг хүсч байгааг танд сануулъя.

Гэхдээ бид төхөөрөмжүүдтэйгээ нэгэнт тархиараа холбогдчихвол үнэхээр "салгагдах" боломжтой үлдэх болов уу?

25601   11


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.